
Зургаан жил зурс хийх зуур өнгөрч жилийн дараа монголчууд ес дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцож, долоо дахь төрийн тэргүүнээ сонгоно.
Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж сонгуульд оролцоно. Энэ бол ямар нэгэн техникийн саадгүйгээр болоод өнгөрөх процесс. Харин иргэд саналаа өгөхөд техник технологийн хувьд хүндрэл үүсэх эрсдэл бий болжээ. Учир нь, санал тоолох автомат төхөөрөмж буюу олны нэрлэж заншсанаар хар машин халаагаа өгөх цаг нь болж хуучирсан.
Манай улс 2012 оны УИХ-ын сонгуулиас санал тоолох автомат төхөөрөмж ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш ээлжит болон, дахин, нөхөн 38 сонгуульд санал тоолох автомат төхөөрөмж ашиглажээ. Канадын “Dominion Voting” компанийн үйлдвэрлэсэн ICP1 санал тоолох автомат төхөөрөмжийг худалдан авч ашиглаж эхэлсэн юм. 2012 оны сонгуулиар АН ялалт байгуулсан. Сонгуулийн дараа “Хар машинаар сонгууль луйвардлаа” гэсэн шүүмжлэл сөрөг хүчин МАН-аас эхлээд жижиг намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас маш их гарсан. Харин 2016 оны сонгуулиар МАН ялж, АН ялагдсанаар хар машины хэлмэгдүүлэлт зогсож, цагаадсан юм. Түүнээс хойш улс төрийн намууд болон улстөрчид санал тоолох автомат төхөөрөмжид итгэх болсон. Харин одоо дахин хардаж, шүүмжлэх нөхцөл байдал үүсээд байна.
2012 оноос ашиглаж эхэлсэн санал тоолох автомат төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа хэдийнэ дуусжээ. Хамгийн анх 2018 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал тоолох автомат төхөөрөмжүүдийг үнэлээд “Анхны өртгөө нөхсөн байна. Тиймээс шинэчлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байдаг. Түүнээс хойш Сонгуулийн ерөнхий хороо бүрэн шинэчлэхээр Сангийн яам, Засгийн газар, УИХ-д хандаж санхүүжилтийг нь хөөцөлдсөөр иржээ. Гэвч тухай бүрд нь “Төсөв байхгүй” гэсээр өнөөг хүрсэн байна. Энэ хооронд нэг удаа ICP1 загвараас 250, ICP2 загвараас 507 ширхгийг худалдан авчээ. Бүрэн шинэчилж чадаагүй учир анх авсан хуучин төхөөрөмжүүдээ дахин үнэлүүлж ашиглалтын хугацааг сунгасан ч тохиолдол бий. Хамгийн сүүлд “2024 оны сонгуулийг дуустал ашиглах боломжтой” гэсэн дүгнэлт гаргуулжээ. Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны сонгуулиас хойш санал тоолох автомат төхөөрөмжүүдээ шинэчлүүлэхээр мөн л Сангийн яам, Засгийн газар, УИХ-д удаа дараа ханджээ.
3000 төхөөрөмж авахад сонгууль хэвийн явуулах боломж бүрдэнэ гэж үзсэн ч шаардлагатай санхүүжилт нь 41 тэрбум төгрөг. Гэтэл 2026 оны төсөвт 1000-ыг л худалдаж авах санхүүжилтийг нь тусгажээ. Гэвч энэ санхүүжилтээр нь 1000 бус 840-ийг л худалдан авах боломжтой болсон байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
Өнгөрсөн онд төсөв хэлэлцэж байх үед би “Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад бүх төсвийг ерөнхийлөн захирагчдын төсвөөс 0.03 хувийг танаад санал тоолох машиныг шинэчилье” гэж санал гаргасан боловч улаан лааз өргөөд унагачихсан. Одоо байгаа санал тоолох машинуудыг ашиглах боломжгүй. Хоёрдугаарт, ажилласан ч иргэд итгэхгүй. Сонгуулийн ерөнхий хороо байгаа санал тоолох төхөөрөмжөөрөө ирэх жилийн сонгуулийг зохион байгуулах итгэлгүй байгааг мэдэж байгаа.
Канадын “Dominion Voting” компанитай ирэх есдүгээр сарын 30- ны дотор санал тоолох 840 төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Сонгуулийн ерөнхий хороо тус компанид хандан нэг мөсөн 3000 ширхгийг үйлдвэрлэж худалдан авахад бэлэн байлгах хүсэлт гаргаад байгаа аж.
Сангийн яам, Засгийн газар, УИХ-д удаа дараа хандаж аргаа барсан Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл ханджээ. Учир нь, ирэх жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийг сонгох сонгуультай. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Сонгуулийг маргаангүй зохион байгуулах бүх талын арга хэмжээг авах ёстой” хэмээн заасан байдаг. Ийнхүү Сонгуулийн ерөнхий хороо боломжит бүх газарт хандаж дэмжлэг хүссэн ч тусыг эс олжээ.
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ
2012 оноос хэрэглэж эхэлсэн санал тоолох автомат машины санал унших толгойн хэсэг нь бохирдоод саналын хуудсаа татахаа больчихдог. Хүүхэд байхад приставканыхаа бохирдсон толгойг спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлэдэг байсан шиг арчиж цэвэрлэж, хуучин хэдээрээ сэлбэж ажиллуулсаар 2024 оны сонгуулийн ард гарсан. 2027 оны сонгуулийг санал тоолох хуучин төхөөрөмжөөрөө зохион байгуулбал эрсдэлтэй. Гацаад эхэлнэ. Дараагийн загвар буюу ICP2-оос өмнө нь 507-г авсан. Ирэх намар 840 ирнэ. Ер нь нийтдээ 3500 шинэ төхөөрөмжтэй байхад сонгууль зохион байгуулахад хүндрэл үүсэхгүй. 3500 гэдэг нь сонгогчийн тоотой уялдуулж гаргасан тоо. Нэг хэсэгт сонгогчийн тоо 2000-аас илүү, 200-гаас бага байж болохгүй гэдэг хязгаартай. Ингээд тооцохоор санал авах хэдэн хэсэгтэй байх тоо нь гараад ирдэг. Ачаалал ихтэй учир Улаанбаатар хотын хэсгийн хороодын 80 хувьд нь санал тоолох хоёр төхөөрөмж тавьдаг. Ачааллаа тооцоод үзэхээр 3500 төхөөрөмжтэй байвал ойрын хоёр циклийн сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсэхгүй.
Ирэх жилүүдийн сонгуулийг зохион байгуулахад санал тоолох 3500 автомат төхөөрөмж шаардлагатайгаас намар ирэх 840-ийг оруулан тооцвол 1347-г нь шинэчлээд байна. Хэрэв 2026 оны төсөвт тодотгол хийж сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ихэнх нь хуучирч муудсан санал тоолох автомат машин ашиглах нь. Эртхэн төсөвт тодотгол хийж энэ асуудлыг шийдэхгүй бол санал тоолох автомат машиныг шинэчлэх нь хугацаа шаардсан ажил. Учир нь, санал тоолох автомат машин нь угаалгын машин шиг дэлгүүрт бэлэн байдаг бүтээгдэхүүн биш, захиалгаар үйлдвэрлэдэг. Тийм ч учраас Сонгуулийн ерөнхий хороо “Манай улс нэмж авах нь тодорхой. Захиалсан 840-аас гадна нэмээд үйлдвэрлэж байгаач” гэсэн хүсэлтийг “Dominion Voting” компанид хүргүүлсэн юм билээ. Тэгэхээр төсвийг нь шийдсэн ч үйлдвэрлэгчээс манайд нийлүүлэх хүртэл багагүй хугацаа зарцуулна гэсэн үг. Дээрээс нь хүлээн авсан санал тоолох автомат машиндаа программ уншуулах, турших, хүмүүсээ сургахад багагүй хугацаа зарцуулна гэдгийг СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Ийм л учраас төсөвт нэн яаралтай тодотгол хийх шаардлагатай байна. Хэрэв санал тоолох автомат төхөөрөмжөө шинэчилж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа маргаан үүсэж, будилаан гарах магадлалтай. Монголчууд санал тоолох хар машины “хэргийг” 10 жилийн өмнө цагаатгасан ч хуучирч муудсан гэдэг шалтгаанаар дахин ял оноохыг үгүйсгэхгүй. Тэр цагт Засгийн газар, УИХ-ын гишүүд “Төсвийг нь шийдэж өгөөгүй бидний буруу” гэх нь юу л бол.