
Баасан, бямба гаргийн орой хотын төвийн ойролцоох хоол үйлчилгээний газрууд, караокед суудал, өрөө олдохгүй багширч, шөнө дөлөөр хөлчүү залуус хаа сайгүй холхино.
Эдгээр өдрүүдэд байр, сууцандаа ч амгалан амрах арга үгүй. Халамцаж, бүлэмцсэн нөхөд дээвэр, тааз цөмлөх шахаж, цагдаагийн албан хаагчид шөнийн турш элдэв дуудлага хүлээн авч, согтуу хүмүүсийн учрыг эрнэ. Энэ аж байдал манайд нэн хэвийнд тооцогдох болов. Иргэдийн олонх нь амралтын өдрийн өмнөх хоногийг шоу, цэнгээнд зориулагдсан мэт ойлгож, цаг хугацаа, цалин мөнгөө энэ зүйлд зарцуулж даджээ. Мөн ганц юм олж ууна гэсэн ганцхан зорилготой өдөр хоногийг өнгөрөөж буй хүн ч манай улсад цөөнгүй бий. Үүний гороор гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж, согтууруулах ундааны улмаас амь нас, эд хөрөнгөөрөө хохирох иргэдийн тоо ч өссөөр байна.
Архины улмаас цаг бусын нас баралт дэлхийн дунджаар 100 000 хүн амд 37 байдаг бол манай улсад энэ тоо 123 байна. Мөн дэлхий нийтэд архины хэрэглээнээс үүдсэн эмгэг нийт өвчлөлийн 1.4 хувийг эзэлж байхад Монголд 6.2 хувиар өндөр байгааг “Эрүүл монгол хүн” төслийн багийнхан танилцуулжээ. Тоо сөхвөл, өнгөрсөн онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас осгож нас барсан иргэн гэхэд л 103 байж. Үүнээс гадна архины хордлогоор, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас, осол гэмтлээр гээд хөлчүүгийн балгаар амь насаа алдсан иргэд цөөнгүй бий.
Нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж үзнэ гэх стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байдаг. Гэвч энэ тоо манай улсад гурав дахин өндөр байна.
Тодруулбал, насанд хүрсэн нэг монгол хүнд жилд 21.9 литр архи ногдож байгааг НЭМҮТ-өөс мэдээлжээ.
Мөн манай улсын насанд хүрсэн иргэдийн талаас илүү хувь нь согтууруулах ундаа тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг төдийгүй хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй. СЭМҮТ-д хандаж буй архинд донтох эмгэгтэй хүмүүс жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд эмнэлгийн хүчин чадал, эмч, мэргэжилтний хүрэлцээнээс хол давсан байна. Тус эмнэлэгт жилд дунджаар энэ төрлийн эмгэгтэй 2000 гаруй хүн ханддаг ч тасгийн орны тоо 46-аар хязгаарлагддаг болохыг албаныхан мэдээлдэг.
СЭМҮТ захирал Г.Анхболд
СЭМҮТ-ийн донтолтын тасаг ердөө 46 ортой. Тиймээс улсын хэмжээнд эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Аймаг, дүүргүүдэд сэтгэцийн кабинетуудыг өргөжүүлэх, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг байгуулах шаардлагатай. Манай төвд архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, улсын хэмжээнд хүн амын 6 хувь нь архины хамааралтай байна гэсэн тооцоо гарсан. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эсрэг олон төрлийн аян, хурал, сурталчилгаа зохион байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Архи ахмадуудын, аавуудын хэрэглэдэг идээ байхаа нэгэнт больсон нь хамгийн том аюул.
Тодруулбал, согтууруулах ундааг хүүхэд, эмэгтэйчүүд элбэг хэрэглэдэг болжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн “Сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-нд Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа 51 сургуульд суралцаж байгаа 8-12 дугаар ангийн 3311 сурагч оролцжээ. Уг судалгааны үр дүнгээр хүүхдүүдийн 43 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн нь тогтоогдсон байна. Эндээс хоёр хүүхэд тутмын нэг нь 14 нас хүрэхээсээ өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байгаа нь харагдаж байна. Мөн 10 сурагч тутмын нэг нь сүүлийн 30 хоногт согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэсэн гэдгээ илэрхийлжээ.
Үүнээс гадна судлаач Б.Батчимэг нар өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ, донтолтын өнөөгийн байдлыг тандсан “Нууцлаг үйлчлүүлэгч” тандалт судалгааг явуулжээ. Улмаар 15-24 насны 1000 гаруй хүүхэд, залуусаас судалгаа авахад 13 хувь нь согтууруулах ундааны эрсдэлтэй хэрэглээтэй байжээ. Түүн дотроо 15-17 насныхан 6.2 хувийг эзэлж байна.
Хүүхдүүдээс гадна эмэгтэйчүүдийн дунд ч архидалт өндөр байгаа юм. Олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн дунд архины тархалт 13 хувьтай байдаг аж. Тэр дундаа төв Азийн улсуудад 11 хувьтай байдаг. Харин манайд 15-39 насанд 25 хувьтай байгааг Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын багийнхан танилцуулжээ. Эндээс өрх бүлээрээ, улс нийтээрээ архи гэх идээг хүртэж, хэрэглэх болсон аюулт нөхцөл байдлыг харж болохоор байна.
Монгол Улс архитай, архидалттай зүйл бүрээр тэмцэж ирсэн. Сүүлийн жилүүдэд эрх зүйн хүрээнд ч хэд, хэдэн шинэчлэл хийж, зохицуулалтыг нь сайжруулсан. Архины хатуулгыг бууруулж, савлагаанд нь ч анхаарсан. Согтууруулах ундааны үнийг нь нэмж, архины хамааралтай иргэдийг албадан эмчлэх асуудал ч яригдаж байв. Гэвч архидалт дорвитой буурсангүй. Бүр хүүхэд, өсвөр үеийнхэн ч дараагийн асуудал болж өндийж байна.
Архи гэх агуулга, асуудал ажилгүйдэл, ядууралтай шууд холбогддог. Олон улсад ч ийм жишигтэй. Хүн амын дийлэнх нь ажилгүй, ядуу орон архидалт хамгийн өндөр байдаг. Тиймээс уг асуудалтай тэмцэх хамгийн чухал хөрс нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах явдал юм.
Мөн манайд залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх газар нэн ховор. Найз нөхөд, хамт олноороо цагийг өнгөрөөх зохимжит орчин нь кино театр, караоке, кафе, шөнийн цэнгээний газраар хязгаарлагддаг. Амралтын газрууд ч архи, согтууруулах ундаагаар төрөлжсөн үйлчилгээ үзүүлж дадсан. Энэ орчин, нөхцөлийн хомсдол нь иргэдийн архидах нэг том хөшүүргэ юм. Соёл талаасаа ч бид аливаа баяр, тэмдэглэлт өдөр, чөлөөт цагийг согтууруулах ундаагүйгээр төсөөлж чадахгүйд хүрсэн билээ.