
Хүсэж зорьсон зүйлийн зураглалыг харснаар тархи хүний эрч хүч, энерги, бодол санааг тухайн зорилго руу чиглүүлдэг байна. Ийнхүү чухал зүйлсийг далд ухамсарт суулгаж, ач холбогдолгүй зүйлсээс санаа бодлыг алсруулдаг аж. Тиймээс сүүлийн жилүүдэд хүмүүс жил бүрийн нэгдүгээр сард мөрөөдлийн самбар гаргаж, тухайн жилд хийхийг төлөвлөж байгаа зүйлсээ жагсаадаг болжээ. Гэхдээ өөрийн нөөц боломжоос хэт алс зүйл төлөвлөх нь бүтэлгүйтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд мөрөөдлийн самбар дахь хүслээ бодит болгох зөвлөгөөг хүргэе.
Самбар хийхээс өмнө 10–15 минут тайван сууж хэд, хэдэн асуултад хариулах шаардлагатай. Тухайлбал, ирэх жил би хаана, хэнтэй хэрхэн амьдрах магадлалтай вэ, ажил, орлого, карьераа ямар түвшинд байлгахыг хүсэж байгаа вэ. эрүүл мэнд, гадаад төрх, энергиэ аль хэмжээнд барих боломжтой вэ. юунаас татгалзаж, юуг бий болгохыг хүсдэг вэ гэхчлэн өөрийнхөө тухай хэсэг эргэцүүлэх нь оновчтой. Энэ нь мөрөөдөл бус зорилгоо тодорхойлоход чухал алхам байх болно.
Хүссэн бүх зүйлээ зураг болгож хэвлээд, энд тэнд нь эрээлжүүлж наах нь тийм ч тохиромжтой сонголт биш. Харин хувь хүний хөгжил, ажил, карьер, бизнесийн ахиц, санхүү, харилцаа, гэр бүл, эрүүл мэнд, аялал, туршлага зэргээр ангилж, зураглах нь зүй. Ингэснээр илүү эмх цэгцтэй, ойлгоцтой болох юм.
Чамин, ач холбогдолгүй, гял цял зураг, стикерт бүү автаарай. Харин өөрийн зорилго, хүслийг товч, тодорхой илэрхийлэх 10-20 зургийг самбартаа багтаах нь оновчтой. Мөн тус зураг нь алс холын мөрөөдөл гэх мэдрэмж төрүүлэх бус энэ хүсэл, тэр амьдрал руу би илүү ойртож байгаа гэх сэтгэгдэл төрүүлэхүйц бодит өгүүлэмжтэй байх нь чухал.
Мөрөөдлийн самбар зөвхөн зураг наахад зориулагдаагүй. Зураг бүрийн доор өөрийн гараар хүслээ бичих нь олон эерэг нөлөөтэй. Нэгдүгээрт, жилийн дараа самбараа гаргаад дүгнэх үед наасан зургаа тайлж, уншихдаа эргэлзэх, юун тухай хүсэж байснаа мартах тохиолдол элбэг. Харин өгүүлбэр, үгээр тодорхойлсон бол тийм эрсдэл үүсэхгүй. Мөн одоо цаг дээр, биелэж байгаа мэт өгүүлбэр шигтгэх нь хүсэл биелэхэд хүч болдог гэж зарим хүн үздэг аж.
Мөрөөдлийн самбарт зураг наагаад, тоостой шүүгээндээ хав дарах нь ямар ч үр дүнгүй. Харин өдөрт хамгийн багадаа нэг удаа нүдэнд үзэгдэх газар байршуулах шаардлагатай юм. Унтлагын өрөө, ажлын ширээ хамгийн тохиромжтой газар бөгөөд гар утасны дэлгэц дээрээ зураглах боломжтой юм.