
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг жил бүрийн гуравдугаар сарын 15-нд нээх хуулийн зохицуулалттай. Хэрэв энэ өдөр нь амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр нь нээдэг. Тиймээс энэ удаагийн хаврын чуулган ирэх даваа гариг буюу 16-нд нээнэ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж байгаа төсөл нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл болоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд:
УИХ-ын гишүүд “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг юм. Энэхүү тангараасаа няцвал эгүүлэн татагдах нь.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой, төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, албан томилолттой холбоотой, шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой, сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах зэргээр хэд хэд ангилан тодорхой заасан байдаг. Энэхүү ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татахаар хуулийн төсөлд заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан байна. Мөн энэ тохиолдолд УИХ дээр санал хураалт явуулахдаа илээр явуулна гэдгийг хууль санаачлагчийн зүгээс онцолж байлаа. УИХ-ын гишүүдийн олонх нь тухайн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжвэл Цэцэд хүсэлт гаргах тухай тогтоол батлагдах юм. Цэц УИХ-ын тогтоолыг хянаад эцсийн шийдвэрийг гаргана.
Мөн УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Хуулийн энэ шаардлагыг хангахгүй УИХ-ын гишүүн цөөнгүй бий. Өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд УИХ-ын чуулган 11 удаа хуралдахад Д.Амарбаясгалан, Д.Батлут, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, М.Нарантуяа-Нара, Л.Оюун-Эрдэнэ нар 11, Х.Баттулга 10, Ж.Баясгалан, Б.Тулга нар ес, О.Амгаланбаатар, Ш.Бямбасүрэн нар найман удаа тасалсан юм.
УИХ-ын гишүүд бүрэн эрхээ амь шигээ хайрладаг. Тиймээс энэ хуулийн төсөл тийм ч амархан батлагдахгүй. Батлагдлаа ч олон нийтийн хүсэж байгаа шиг УИХ-ын гишүүд шууд л эгүүлэн татагдахгүй. Цэц дээр очтол олон процесс өрнөнө. Бас эгүүлэн татах болзол нэмэгдсэнээр УИХ-ын гишүүд улам хянуур болно. Дээр нь тэд нэгнээ хамгаалаад л үлдээдэг. Батлагдсан тохиолдолд айхгүй ч аягүй гэгчээр ядаж л хуралдаа сууж ирц сайжирна. Эцэстээ энэ төслийн зорилго ирц сайжруулах болж хувирна.
Мөн хуулийн хууль буцаж үйлчлэхгүй бөгөөд батлагдсан өдрөөсөө мөрдөгдөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр, М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нарын өмнөх ёс зүйгүй үйлдлүүд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Харин хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш урт хэл хүзүү ороож эхлэхийг тэд санах хэрэгтэй.