
Сүүлийн жилүүдэд Монголд хоёр бэт дэлгэрсэн. Нэг нь 1х бэт буюу бооцоот тоглоомын сайт. Нөгөө бэт нь засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч.
Засгийн газраас хууль санаачлан батлуулж олон гэр бүлийг санхүүгийн хямралд өртүүлж, өрөнд оруулсан, заримыг нь шоронд суулгаж, шороонд булагдахад хүргэсэн 1Х БЭТ бооцоот тоглоомыг хориглосон. Харин одоо олон аж ахуйн нэгжийг санхүүгийн хямралаас гаргах зорилготой БЭТ томилох зохицуулалтыг байхгүй болгож, хуулийг нь хүчингүй болгохоор болоод байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд онцгой дэглэм тогтоож БЭТ томилохдоо энэхүү хуулийг үндэслэн томилдог юм. Гэвч энэ хууль нь шинэ Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан БНМАУ-ын үеийн хууль. Монголчууд шинэ Үндсэн хуулиа “Эцэг хууль” гэж нэрлэдэг. Бусад бүх хууль “эцэг хууль”-ийн суурь зарчим, агуулгаас салбарлаж бий болсноос гадна энэ хуультай тэрсэлдэж зөрчилдөх ёсгүй.
Хүүхэд эцэг, эхээсээ өмнө төрсөн байж таарахгүй. Гэтэл БНМАУ-ын үед буюу шинэ Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан хууль одоо ч үйлчилсээр байгаа юм. 2019 онд энэхүү хуулийг ашиглаж “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноор БНМАУ-ын үеийн ийм хууль хүчин төгөлдөр үйлчилж байгааг анх олон нийт мэдсэн. 1991 онд Улсын бага хурлаас баталсан хууль одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байх юм гэж хэн санах билээ. Монголчууд нэг хэсэг “коммунизмын үлдэгдэл” гэдэг үгийг их ашигладаг байлаа. Харин цаг хугацаа урагшилсаар коммунизмаас үлдсэн зүйл гэж бараг байхаа болсон учир энэ үгийг ашиглахаа больсон. Гэтэл коммунизмын тогтолцооны эрэг шураг болсон нэг хууль одоо ч хүчин төгөлдөр байсаар байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа Улсын бага хурал энэ хуулийг баталсан ч агуулга нь төр бүгдийг шийддэг коммунист тогтолцооноос улбаатай.
Засгийн газар Үндсэн хуулиас ч өмнө батлагдсан хуулийн дагуу хамгийн анх шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосны дараа зарим хуульч уг шийдвэрийг нь хууль бус гэж үзэж байлаа.
Учир нь, энэ хууль Монгол Улс зах зээлийн харилцаанд дөнгөж шилжиж байсан үед буюу бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол гарч болзошгүй үеийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор гарсан.
Хуульч Б.Мягмардорж
БЭТ томилсон шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж үздэг. БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсон буюу БНМАУ-ын Засгийн газар гэж байхаа больсон. Иймд БНМАУ-ын Засгийн газарт тусгайлан олгосон аливаа эрх хэмжээ, онцгой эрх нь мөн адил хүчингүй болох учиртай. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль бүхлээрээ хүчингүй болсон.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулахдаа зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн уг хуулийг хүчингүй болгосноор төрийн өмчит компанийн засаглалд захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн зохицуулалт халагдаж, компанийн дотоод хяналт, хариуцлага, хувьцаа эзэмшигчийн ил тод хяналт бий болох ажээ. БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгохоос гадна дараах арга хэмжээнүүдийг авахаар төслөө боловсруулжээ.
Онцгой дэглэмийн хүрээнд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг Онц байдлын тухай хуульд тусгах;
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалд удирдлагын хариуцлагыг дотоод хяналтын тогтолцоо, ТУЗ-ийн хараат бус байдлаар хангах боломжийг бүрдүүлэх;
- Төрийн өмчит компанид хяналт хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, ТУЗ-ийн бүрэн эрхийн хүрээнд ажиллах зарчмыг баталгаажуулах.
Энэ бүх өөрчлөлтийг хийснээр төрийн оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх, компанийн удирдлагын бүтэц, ТУЗ-ийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд хяналт тогтоох, улс төрийн оролцоо, авлига, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх зэрэг эрсдэлийг бууруулна гэж хууль санаачлагч үзжээ.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулийн дагуу долоон удаа онцгой дэглэм тогтоож, зургаан БЭТ томилжээ.
Засгийн газар дараах газруудад онцгой дэглэм тогтоож БЭТ томилсон юм.
2019.03.06
“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоов.
2022.10.26
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож Ж.Ганбатыг БЭТ-өөр томиллоо.
2022.12.09
“Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож П.Сайнзоригийг БЭТ-өөр томилов.
2022.12.09
“Тавантолгойн төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Н.Мягмарыг БЭТөөр томиллоо.
2025.02.05
Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх БЭТ-өөр Ж.Батзанданг томилов.
2025.06.20
“ДЦС-3” ТӨХК-д онцгой дэглэм тогтоож Н.Тавинбэхийг БЭТ-өөр томиллоо.
2025.07.09
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож У.Бямбасүрэнг БЭТ-өөр томилов.
С.Цэнгүүн гишүүний өргөн барьсан хуулийн төслийг УИХ баталбал Засгийн газар БЭТ томилох эрхгүй болох нь.
Засгийн газар ингэж БЭТ томилж компанийн үйл ажиллагаанд шууд хяналтаа тогтоох нь буруу гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байгаа. Өөрөө БЭТ-өөр ажиллаж явсан П.Сайнзориг гишүүн ч энэ нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрч уг зохицуулалтыг хүчингүй болгох хууль санаачилж байгаагаа мэдэгдсэн. Харин С.Цэнгүүн гишүүн ижил агуулгатай хуулийн төслийг өрсөөд УИХ-д өргөн барьчихлаа. Коммунист тогтолцооны үлдэгдэл болсон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулийг УИХ удахгүй хүчингүй болгох биз ээ.