
Ерөнхий сайд Н.Учрал татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг дөрөвдүгээр сарын 7-оос нэг сарын хугацаанд нээснээ мэдэгдсэн.
Үүний дараа тусгай сангийн тухай хуулийг шинэчилж, зарим санг татан буулган, заримыг нь нэгтгэсэн юм. Ингэснээр олны хэл, нийгмийн гал намжиж, энэ тухай асуудал түүнээс хойш тэр бүр хөндөгдсөнгүй. Гэвч тусгай сан тусаа өгч, төсөв, мөнгө нь зориулалтын дагуу зарцуулагдаж, ажил чамбайрч, ахиц гарсандаа анхаарлаас алсарсан хэрэг биш гэдгийг аудитын дүгнэлт гэрчиллээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтээ өнгөрсөн сард танилцуулсан юм. Ингэхэд нийт 129.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Эндээс өнөө хэр нь ужиг, гажуу тогтолцоо бүрэн ховхроогүй, тэрбум, тэрбум төгрөг тэр сиймхийгээр урссан хэвээр байгааг харж болохоор байна.
Засгийн газрын тусгай сангууд дотроос онцлох нэг нь “Эрүүл мэндийг дэмжих сан” юм. Нийгмийн, нийтийн эрүүл мэндийг дэмжиж, иргэдийг өвчлөлгүй, зөв дадал, хэв маягтай болгох зорилготой тус сан бий болсноос хойш 20 жил өнгөрсөн байна. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад өвчлөлийн тоо тохиолдол тасралтгүй нэмэгдэж, олон өрх цаашлаад улс нийтээрээ өвчнөө эдгээхэд хөрөнгөө барж, хүүдийгээ сулладаг. Энэ нь Эрүүл мэндийг дэмжих сан иргэдийн эрүүл мэндийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх асуултад тун тодорхой хариулт өгч буй. Өмнө нь энэ сан хамгийн бага санхүүжилттэй, төсөв мөнгө хязгаарлагдмал байдгаас иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хүрэлцдэггүй гэх агуулгын салбарын сайдаас эхлээд хөндөж, гомдоллодог байв.
Харин одоо бол нөхцөл өөрчлөгдсөн. Архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилт бүрддэг болсон. Тоо сөхвөл, 2025 оны төсвийн төсөлд тус сангийн төсвийг 15 тэрбум 826 сая төгрөгөөр тооцож, дээд шатны төсвийн захирагчид хүргүүлсэн байдаг. Улмаар 9 тэрбум 711 сая төгрөгийн төсвийг баталжээ. Чамлахааргүй дүн. Зарцуулалт оновчтой, төсөл хөтөлбөр ил тод, нээлттэй, үр дүнгээ үнэн зөв тайлагнадаг бол энэ мөнгөөр нийтийн биш ч нэг хэсэг хүний эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой. Харамсалтай нь, үр дүнгүй төсөл хэрэгжүүлж, үргүй мөнгө урссаар байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгө үргүй зардал болж байгаа гэх нүсэр дүгнэлтийг төсөр гаргасангүй. Үүнийг нотлох таван асуудал, агуулгыг доор сийрүүлье.
Асуудал 1: Үргүй зардал, үр дүнгүй төсөл
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 16 төслийг ямар сонгон шалгаруулалтаар явуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд төслийн үр дүнг олон нийтэд мэдээлэхгүй байгааг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Улмаар төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, түүнээс гарсан үр дүнг цахимаар нээлттэй ил тод мэдээлж байх зөвлөмж хүргүүлжээ.
16 төслийн сонгон шалгаруулалт, гарсан үр дүнг цахимаар нээлттэй ил тод мэдээлэхгүй байгаа нь сонгон шалгаруулалтад оролцогчдод давуу байдал бий болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэлтэй байна.
ЭМДС-ийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас
Мөн эрүүл мэндийг дэмжих сангаас өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн хоёр төсөл санхүүжүүлжээ. Гэвч дэвшилтэт технологи нэвтрүүлнэ гэх агуулга бүхий тэдгээр төслийн үр дүнг мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулаагүй аж.
Асуудал 2: Хэрэгжээгүй төслийн авлага
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 онд “Алаг амьдрал” төслийг МҮОНРТ-тэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тус төсөлд 89 сая 600 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд урьдчилгаа болох 62 сая 720 мянган төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас мөн онд олгосон байна. Гэвч тус төсөл хэрэгжээгүй, бүр цаашид хэрэгжих боломжгүй болжээ. Тиймээс тус телевизийн “Эрүүл мэнд теле сэтгүүл” төслийг тодорхой дүнгээр нь санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн аж. Улмаар үлдэгдэл 35 сая 810 мянган төгрөгийг буцаад авах ёстой ч өнөө хэр нь аваагүй, өр үүссэн хэвээр байгаа юм. Уг асуудал 2024 оны аудитаар ил болж, төлбөрийн акт тогтоосон бөгөөд актыг барагдуулах тухай албан бичгийг МҮОНРТ-д хүргүүлсэн ч өнөө хэр нь тооцоо эцэслэгдээгүй аж.
Түүнчлэн “Эрүүл мэнд теле сэтгүүл” төслийн бодит үр дүн ч тодорхойгүй байгаа юм. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр мөнгөө он дамжин төлдөггүй тохиолдол нийтлэг. Аль 2021 онд эрүүл мэндийг дэмжих сангийн 13 сая төгрөгөөр “Эрүүл мэндийн боловсрол олгох” төслийг “Ай ёо доктор” ХХК хэрэгжүүлэхээр болсон. Улмаар урьдчилгаа болох 6.5 сая төгрөгийг олгосон ч тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Үүний улмаас тус мөнгийг санхүүгийн тайландаа он дамжин авлагаар бүртгэсээр байжээ.
Асуудал 3: Эрсдэлийн улаан гэрэл
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийг дэмжих сан, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд авлигын эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Ийн авлигын эрсдэлийг тодорхойлохдоо сангийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц, төсөв санхүү, сангийн хөрөнгийн захиран зарцуулалт, үр дүн, мэдээллийн хүртээмж, ил тод байдал, хариуцлагын механизм гэхчлэн маш олон үзүүлэлтэд үндэслэсэн байна.
Ингэхэд дээрх сангууд авлигын эрсдэлийн үнэлгээгээр 20.8-21.2 оноотой буюу маш өндөр эрсдэлтэй гарчээ. Тиймээс АТГ-аас Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдад есөн асуудал бүхий зөвлөмж хүргүүлсэн аж.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Энхмэнд
Эрүүл мэндийг дэмжих сан, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд эрсдэлийн улаан гэрэл ассан гэж хэлж болохоор байна. Авлигын эрсдэл үүсэж байгаа суурь шалтгаан нөхцөл нь Засгийн газрын тусгай сан хариуцсан төрийн захиргааны байгууллагын хүний нөөц, ажил үүргийн хуваарилалт, албан хаагчдын даргадаа итгэх итгэл сул, үйл ажиллагааны нээлттэй бус байдал, дотоод хяналтын тогтолцоо сул зэрэг нь нөлөөлж байна. Мөн хөндлөнгийн аудит болон хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авдаггүйгээс шалтгаалдаг.
Асуудал 4: 84 иргэн ба 3.9 тэрбум төгрөг
Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндийг хамгаалах гарц шийдэл олж, хүмүүсийн насжилт, амьдралын чанарыг дээшлүүлэх арга замыг судалж, сурталчлах гол зорилготой. Гэтэл сангийн төсвийг зориулалтын бусаар зарцуулсаар байна. Үүний нэг жишээ бол Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдэд эмчилгээний зардал олгосон явдал юм. Тодруулбал, гадаадад эмчлүүлэх шаардлагатай 84 иргэнд 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг өнгөрсөн онд Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвөөс олгосон байна. Нэг ч гэсэн монгол хүн аюулт өвчнөөс ангижирч, эрүүлжсэн бол сайн хэрэг. Зүйд ч дөхнө.
Гэхдээ эх орондоо эмчлэгдэх боломжгүй, санхүүгийн асуудлаас болж гаднын улсыг зорьж чадахгүй мянга, мянган иргэн манай улсад бий. Гэтэл энэ тоог цөөлж, эрүүл монгол иргэдийг элбэг болгох учиртай сангаас 100 хүрэхгүй хүнд санхүүжилт өгсөн нь учир дутагдалтай юм. Хамгийн гол нь ямар төрлийн өвчтэй иргэдэд, ямар шалгуураар тус мөнгийг олгосон нь, иргэд эрүүлжсэн эсэх нь одоо хэр нь тодорхойгүй байна. Энэ нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй.
Асуудал 5: Хяналтаас ангид
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт сангийн хөрөнгийг тусган, зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй аж. Өнгөрсөн жилийн тухайд эхний хагас жил нь Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан, сүүлийн хагаст нь Ж.Чинбүрэн ажилласан. Гэвч тэд Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавьж, дотоод аудит хийлгээгүй байна. Тодруулбал, Эрүүл мэндийг дэмжих сангийн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас Эрүүл мэндийн яамны аппаратын 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй гэдгийг Үндэсний аудитын газар тайландаа онцолжээ. Түүнчлэн Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд www.shilendans.gov.mn цахим хуудсанд шаардлагатай мэдээллийг оруулсан байх үүрэгтэй. Гэвч шилэн дансны цахим системд батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.
Хүн бүр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл, чийрэг байх нь хувь иргэнд төдийгүй айл өрхөд цаашлаад улс орон нэн чухал, эн тэргүүний асуудал. Тиймээс нийгмийн, нийтийн эрүүл мэндийг дэмжихээс аргагүй. Гэхдээ гоё нэр, ганган уриа дор улсын мөнгө, татварын орлогыг урсгаж хэрхэвч болохгүй. Мөн төсвийн мөнгө үргүй зарцуулагдаж, төсөл хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог, өртөг мөнгийг үнэн тооцоолдог эрүүл механизм манайд нэн шаардлагатай байна.