2026 оны Элсэлтийн Шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлнэ. Тиймээс бэлтгэлээ зэхэж буй сурагчдад зориулан шалгалтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар 2025 оны Монгол хэл, бичгийн Элсэлтийн шалгалтанд 800 оноо авсан Э.Долгормаагийн зөвлөгөөг хүргэж байна.
Сэтгэл зүй хамгийн чухал. Чи чадах бүхнээ хийсэн. Одоо өөрийн хийдэг, чаддаг, мэддэг юмаа л шалгах цаг. Хэн ч чамайг шалгахгүй. Чи хэнд ч шалгуулахгүй. Зөвхөн өөртөө л найд.
Чи хэнд ч өргүй. Чи бол хэн нэгний өндөрт өргөх цом эсвэл одон медаль нь биш. Чи хэнд ч өндөр оноо авч өгөх өргүй. Олон нүд намайг харж байгаа гэдэг бодлоо хаяад нуруу тэнэгэр шалгалтдаа ороорой. Эцсийн эцэст энэ бүхэн чиний л шалгалт, чиний л амьдрал шүү дээ.
Өөрийгөө бүү дарамтал. Үнэндээ бусдаас ирэх дарамтнаас илүү өөрийн бодол өөртөө илүү дарамт болдог. Тийм учраас “Би заавал өндөр оноо авах ёстой, Би заавал энэ сургуульд орох ёстой” гэж өөрийгөө шахахын оронд “Би чадах бүхнээ хийсэн, одоо бол чадсан бүхнээ шалгах цаг” гэж бодоод орвол шалгалтын стресс, дарамт багасна.
Хүн дассан орчиндоо илүү тухтай байдаг. ЭЕШ эхлэхээс хэд хоногийн өмнө аль сургуулийн аль ангид хуваарилагдсан гэдэг нь мэдэгддэг. Шалгалтын өдрөөс өмнө ганц удаа ч болов тухайн сургуульдаа чадвал тухайн ангидаа очоод үзээрэй. Гэнэт шив шинэ газар шалгалтад орсноос хамаагүй дээр шүү.
Youtube, Facebook, Instagram гээд ихэнх хүмүүсийн ашигладаг флатформууд дээр Элсэлтийн шалгалттай холбоотой маш олон үнэгүй зөвлөгөө, зөвлөмж байдаг. Үнэхээр бодитой, оновчтой зөвлөгөө өгдөг хаягууд зөндөө бий. Түүнээс өөрт хэрэгтэй мэдээллээ авч, аливаад авах гээхийн ухаанаар хандаарай.