
Сонгуулиас сонгуулийн хооронд улстөржиж өдөр хоногийг өнгөрөөдөг монголчууд жил бүр сонгууль зохион байгуулж байна. Энэ жил ч сонгуультай.
Тодруулбал, ирэх зургаадугаар сарын 21-нд таван аймгийн ИТХ-ын есөн мандат, 33 сумын ИТХын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна. Нийтдээ 48 хүнийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгоно гэсэн үг. Нөхөн сонгууль болж л байдаг. Гэхдээ өнгөрсөн онд болсон, энэ онд болох нөхөн сонгуулийг болж л байдаг нөхөн сонгууль гэж харж болохгүй. Учир нь, үүнээс өмнө ИТХ-ын төлөөлөгч нь нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд л нөхөн сонгууль зохион байгуулдаг байлаа.
Харин өнгөрсөн жилээс УИХ-ын хариуцлагагүй байдлаас гэдэг нэг шалтгаан нэмэгдсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд УИХ-ын хариуцлагагүй байдлаас шалтгаалан 47 мандатад нөхөн сонгууль зохион байгуулсан. Харин энэ жил уг шалтгаанаар 15 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах гэж байна. УИХ-ын хариуцлагагүй байдал гэж юуг хэлж байгааг сийрүүлье.
УИХ 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан. Ингэхдээ ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэдэгт “Өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байх” гэсэн хязгаарлалт оруулсан юм. Тодруулбал, аймаг, сум эсвэл дүүрэг, нийслэлийн ИТХын төлөөлөгчөөр давхар ажиллаж болохгүй гэж хуульчилсан. Гэхдээ уг заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр заав. 2024 оны сонгуулиас өмнө Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж тооцон дээрх заалтад хэрэгжүүлэх хугацаа заасан нь энэ. Гэвч УИХ-ын гишүүд 2024 оны сонгуулиас өмнө өөрсдийнхөө л сонгуулийн хуулиа өөрчилснөөс бус орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөөгүй. 2023 оны намрын чуулганаар өөрчлөхөөр хэлэлцсэн боловч “Сонгууль болохоос жилийн өмнө батална” гэсэн хугацаанд нь баталж амжаагүй юм. Тиймээс 2024 оны орон нутгийн сонгуулийг хуучин хуулиар нь зохион байгуулсан. Ингэснээр орон нутгийн сонгуулийн хууль дахь нэг нэр дэвшигч аймаг, сумын болон дүүрэг, нийслэлийн ИТХ-д давхар сонгогдож болох заалт хэрэгжиж 78 нэр дэвшигч аймаг, сумын ИТХ-д давхар сонгогдов. Харин нийслэл, дүүргийн ИТХ-д ийм тохиолдол гараагүй.
Хоёр ИТХ-д давхар сонгогдсон тухайн 78 төлөөлөгчийн үйл ажиллагаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1-д заасан өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглосон заалтай зөрчилдөж эхэлсэн юм. УИХ төлөвлөсөн хугацаандаа орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлээгүйн улмаас хууль хоорондын зөрчил үүсэж давхар сонгогдсон 78 төлөөлөгч аль нэг ИТХ-аа сонгож орон гарсан 78 мандатад нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн юм.
Хэрэв УИХ хариуцлагатай байж орон нутгийн сонгуулийн хуулийг заасан хугацаанд нь өөрчилсөн бол 78 мандатад нөхөн сонгууль явуулж төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулахгүй байлаа. Үүнтэй холбоотойгоор ямар хүндрэл гарч байгаа талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.БатЭрдэнэтэй ярилцлаа.
-Аймаг, сумын ИТХ-д давхар сонгогдсон төлөөлөгчидтэй холбоотойгоор заавал нөхөн сонгууль явуулах ёстой юу?
-Аймаг, сум болон нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвших эрх нь хуулиар нээлттэй боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүрэн эрх нь баталгаажих учраас хоёуланд нь сонгогдсон тохиолдолд аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Хууль нь байгаа учраас хоёуланд нь зэрэг нэр дэвшихийг хориглох боломжгүй. Хоёуланд нь сонгогдсон төлөөлөгч аль нэг ИТХ-аа сонгоод нөгөө ИТХ-ынхаа бүрэн эрхийг дуусгавар болгож түүнд нь нөхөн сонгууль явуулах шаардлага гарсан. Тиймээс СЕХ-ноос давхар сонгогдсон төлөөлөгчтэй ИТХ-уудад нөхөн сонгууль явуулах зөвлөмж өгсөн. Гэтэл зарим давхар сонгогдсон төлөөлөгч аль нэг хурлынхаа бүрэн эрхээс одоо болтол чөлөөлөгдөхгүй байгаа. Өнгөрсөн жил 47 нь чөлөөлөгдөж нөхөн сонгууль зохион байгуулсан. СЕХ-ноос чөлөөлөгдөх ёстой гээд шахалт үзүүлж байгаа боловч ИТХ нь шийдвэр гаргадаг учраас үр дүн багатай байгаа. Энэ жил 15-д нь л нөхөн сонгууль явуулахаар болоод байна. Цаана нь үлдэж байгаа 16 төлөөлөгч аймаг, сумынхаа ИТХ-ын аль алинд нь суугаад явж байгаа гэсэн үг.
-Тэгэхээр энэ хүмүүстэй холбоотойгоор дараа жил дахиад нөхөн сонгууль явуулах уу?
-Дараа жил нөхөн сонгууль явуулахгүй. Яагаад гэвэл, ээлжит сонгуультай жил нөхөн сонгууль явуулдаггүй юм. Тиймээс “Энэ жил нөхөн сонгууль явуулах ёстой шүү” гээд манайхаас уг нь шахалт үзүүлсэн.
-ИТХ-ын нэг тойрогт нөхөн сонгууль явуулахад ямар хэмжээний зардал гардаг вэ?
-Орон нутгийн ИТХ-ын нэг тойрогт нөхөн сонгууль явуулахад аймаг, сум болон хэдэн хэсэгтэйгээсээ шалтгаалаад 30-60 сая төгрөг зарцуулдаг. Энэ жилийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 800 сая төгрөг дутаж байгаа. Өнгөрсөн онд төсөв батлахад манайх “Нөхөн сонгуулийг 4.1 тэрбум төгрөгөөр зохион байгуулна” гэж Сангийн яаманд саналаа өгсөн юм. Гэтэл УИХ хасаад 2.1 тэрбум болгож баталсан. Үүнтэй холбоотойгоор одоо хамгийн багаар тооцоход 800 сая төгрөг дутаж байгаа. Хасаж болох бүх зардлаа хасаад тооцоход 800 сая. 670 сая нь сонгуульд ажиллах төрийн албан хаагчдын урамшуулал. Энэ хүмүүс саяхнаас ажлынхаа хажуугаар давхар ажиллаж эхэлсэн. Бараг улсын наадам хүртэл ажиллана. Энэ хугацаанд ганцхан удаа л урамшуулал олгоно. Дутаж байгаа энэ санхүүжилтийг УИХ, Засгийн газар шийдвэрлэж өгөх байх. Бид хүсэлтээ өгчихсөн байгаа.
УИХ хуулиа цаг хугацаанд нь өөрчилсөн бол олон тойрогт нөхөн сонгууль зохион байгуулж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрэхгүй байв. Дунджаар нэг тойрогт 50 сая төгрөг зарцуулж 78 тойрогт нөхөн сонгууль явууллаа гэхэд 3.9 тэрбум төгрөг.
УИХ-ын хариуцлагагүй байдлаас болж өнгөрсөн онд 47, энэ онд 15 тойрогт нөхөн сонгууль явуулж 3.1 тэрбумыг салхинд хийсгэх нь. Алдсан цаг хугацаа, алдаатай шийдвэр ийм үнэ цэнээр хариугаа авч байна.