
Шатахууны хомсдол, агаарын бохирдол зэрэг манай улсын асуудал, зовлон, бэрхшээл зарим улс орны хувьд бизнесийн таатай орчин болж хувирлаа. “Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам баяжина” гэдэг шиг цахилгаан машин үйлдвэрлэгчдэд бидний дээрх зовлон бэрхшээл бизнесээ өргөжүүлэх таатай сайхан боломж олгож байна.
Шатахууны хомсдол, технологийн дэвшил нь хүссэн, хүсээгүй иргэдийн сонголтод нөлөөлж цахилгаан машины худалдан авалт нэмэгдэж байгаа. Манай улсад одоогийн байдлаар 3000-аад цахилгаан автомашин бүртгэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Зах зээлийнхээ зарчмаар цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Гэтэл нэмээд Засгийн газраас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх бодлогоо улам лавшруулсаар байна. Уг нь одоо хэрэгжүүлж буй дэмжлэг нь багадаагүй. Цахилгаан автомашин хөлөглөгчдөд төрөөс ямар дэмжлэг үзүүлдгийг танилцуулъя.
Цахилгаан автомашиныг ногоон буюу илүү хөнгөлөлттэй худалдаж, тусгай ногоон дугаар олгож бусад автомашинаас онцгойлон үздэг. Улаанбаатар хотод цахилгаан машин бүр дархан эрхтэй. Бусад автомашин долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцох эрхгүй, мөн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй бол цахилгаан автомашинууд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөж, нэгдүгээр эгнээгээр салхи татуулан давхих дархан эрхтэй. Түүнчлэн 2017 оны есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот цахилгаан автомашинаас зам ашигласны төлбөр, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татвар авахаа больсон. Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод ийм л дархан эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, агаарын бохирдлоо бууруулж чадахаа больсон манай эрх баригчид цахилгаан машинд бүр далай, даян, дархан эрх олгохоор шийджээ. Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрийн эхний хоёр цагийн төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг НИТХ-аар гаргуулна гэдгээ нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн юм. Нэмээд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэйгөө хамт үйлдвэрлээд гурваас дээш жил болоогүй цахилгаан автомашиныг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. УИХ Засгийн газрын энэхүү саналыг дэмжиж баталсан тохиолдолд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 2027, 2028, 2029 онд цахилгаан автомашиныг Монгол Улсын хилээр ямар ч татваргүй оруулна гэсэн үг. Орж ирсэн автомашинуудад дээрх дархан эрхийг бүгдийг нь эдлүүлнэ. Арай л “Цахилгаан машинтай хүмүүсийн машиныг үнэ төлбөргүй цэнэглэж өгнө” гэсэнгүй. Машинаа цахилгаанаар цэнэглэхээс бусад бүх төлбөрийг нь чөлөөлөх гэж байна. Хэрэв эрчим хүчний хомсдолгүй байсан бол төрөөс татаас өгч машинаа цэнэглэхэд нь дэмжлэг үзүүлэхийг ч үгүйсгэхгүй. Манай төр засаг нэг туйлшрахаараа ингэж л туйлширдаг. “Шатахууны хомсдолыг бууруулж л байвал бусад нь яахав” гэж бодож байгаа бололтой. Гэвч нөгөө талдаа татваргүй орж ирэх тэр олон машиныг цэнэглэх эрчим хүчний нөөц хангалтгүй. Сүүлийн үед томоохон орон сууцны хорооллуудын СӨХ болон цахилгаан автомашин эзэмшигчдийн дунд дулаан зогсоолдоо цэнэглэгч суурилуулна, суурилуулахгүй гэсэн маргаан түгээмэл гарах болжээ. СӨХ нь “Цахилгааны ачаалал үүсэж аюулгүй байдал алдагдана” хэмээн эсэргүүцдэг байна. Энэ мэтээр дэд бүтэц, эрчим хүчний хангалт муу үед цахилгаан автомашины хэрэглээг ямар ч хязгаарлалтгүй, бүр урамшуулалтайгаар нэмэгдүүлэх нь зөв үү?
Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр манай урд хөрш БНХАУ дэлхийд тэргүүлж байгаа. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн 2026 оны тайланд дурдсанаар 2025 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн цахилгаан автомашины 75 орчим хувийг БНХАУ үйлдвэрлэжээ. Тэр дундаа БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD Company Limited” компани 2025 онд 17 сая цахилгаан машин борлуулж АНУ-ын “Tesla”-г гүйцэж тэргүүлэв.
“BYD Company Limited” компанийн батарей хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн нар өнгөрсөн наймдугаар сард Монголд ирсэн. Тэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай наймдугаар сарын 13-нд албан ёсны уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “BYD-ийн хэрэглэгчид үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэдэнд ямар ч асуудал байхгүй. Танай зорилго болон манай бодлого хоорондоо үнэхээр уялдаж байна. Ялангуяа BYD нь асар их туршлагатай, гүйцэтгэл сайтай компани. Тиймээс бид Монгол Улсад ийм төрлийн технологийг нэвтрүүлэхийг ихээхэн сонирхож байна. BYD-ийн хувьд бүх давуу тал нь бидний алсын хараа болон бодлоготой бүрэн нийцэж байгаа” хэмээн БНХАУ-ын “BYD Company Limited” компанид тал зассан юм. Ийнхүү БНХАУ-ын нэг хувийн компанид Монгол Улсын төрийг төлөөлөн онцгойлон ач холбогдол өгснөөс гадна цахилгаан автомашины хэрэглээний талаар өмнө нь өөр байр суурьтай байсан нийслэлийн Засаг дарга дээрх уулзалтын дараа байр сууриа өөрчилсөн зэрэг нь “Хятад цахилгаан машины лоббинд автлаа”, “Хятад цахилгаан машины лобби хийж байна” гэх шүүмжлэл үүсэх шалтгаан болсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 2000 гаруй цахилгаан автомашин бүртгэгдсэн. Цаашид цахилгаан автомашин хэрэглэгчийн тоог 10 мянга болгохоор төлөвлөж байна.
2026.07.31
Одоо байгаа 2000 гаруй цахилгаан машиныг 2030 он гэхэд 50 мянгад хүргэснээр 300 сая литр шатахуун, 200 сая ам.доллар хэмнэнэ. “BYD Company Limited” компани дээр очоод үзэхэд машинууд нь нэг цэнэглэлтээр 1040 км явдаг болчихож. Машинаа хэдэн минутад цэнэглэж байна гээч, есхөн минутад цэнэглэж байна. Бид гар утсаа цэнэглэхээс ч хурдан. Цахилгаан машин бол бидний ирээдүй. Манай улаанбаатарчууд приус рүү асар хурдан шилжсэн. Үүн шиг одоо цахилгаан машин руу шилжиж байна.
2026.09.11
Цахилгаан автомашины тоог 10 мянгад хүргэнэ гэж төлөвлөж байсан нийслэлийн Засаг дарга “BYD Company Limited” компанийн удирдлагуудтай уулзсаныхаа дараа бодлоо өөрчилж 50 мянга хүргэх зорилт тавих болжээ. Мөн цахилгаан автомашины тухай ярих бүрдээ “BYD” хэмээн ганцхан үйлдвэрлэгчийг онцолж байгаа нь “Хятад машины лоббинд автлаа” гэсэн олон нийтийн шүүмжлэлийг улам батлах мэт.
Зөвхөн нийслэлийн Засаг дарга ч бус нийслэл, Засгийн газар гээд төрийн бүх түвшинд цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн бодлогоо улам лавшруулж, байж болох дээд хэмжээнд нь тултал хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь “Манай эрх баригчид хятад цахилгаан машины лоббинд үнэхээр автжээ” гэсэн хардлага төрүүлэхээс аргагүй.