

Сайд нь хэрхэн холхиж, хэд хувирч буйг дээрхээс харж болохоор ердөө нэг долоо хоногийн хугацаанд ганцхан асуудал дээр засгийн газар, салбарын байна.
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал ихэссэн. Уг асуудлыг ацаглах гарц нь ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг хязгаарлах гэж эрх баригчид үзсэн. Гэхдээ энэ шийдэл, тэр шийдвэр нь уялдаа холбоогүй, судалгаа, статистикт үндэслээгүй, олон нийтийн санаа бодол, нийгмийн сүлжээний уур амьсгалд тааруулсан аяс янзтай байгааг гэнэтийн мэдэгдэл, огцом мэдээллүүд нь бэлхнээ гэрчилнэ. Томуу, томуу төст өвчний тархалт аль сургуулийн, аль ангид өндөр байгаа нь, бага, дунд ангийн сурагчдын хичээл, сургалтыг цахимд шилжүүлснээр тоо, тохиолдол хэрхэн цөөрөхийг, ахлахаас бусад ангийн сурагчдыг хоёр долоо хоногийн турш цахимаар хичээллүүлнэ гэх сайдын мэдэгдэл яагаад гурав хоногийн дараа сөөлжүүлнэ гэж өөрчлөгдсөнийг иргэдэд хэн нь ч мэдээлсэнгүй.
Шулуухан хэлэхэд, шийдвэр гаргагчид өөрсдөө ч энэ агуулгыг гадарлахгүй байгаа. Тэд аливаа асуудалд хөнгөн хандаж, албажаагүй шийдвэрээ олон нийтэд мэдээлж, бид тэр авир, тухайн нөхцөлд нь ажил, амьдралаа тааруулах гэж зүтгэж бас зүдэрч явна.
Хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан
Бэлтгэлгүй, гэнэтийн байдлаар цахимд шилжих нь сургалтын үйл ажиллагааг үр дүнгүй болгодог. Эрүүл мэндийн салбар өвчлөлийн даац хэтэрлээ гээд галыг боловсролын салбарт өгч, манай салбарын сайд түүнийг нь хүлээж аваад, цахимд шилжүүлсэн. Энэ нь мэргэжлийн бус, судалгаагүй, хариуцлагагүй үйлдэл. Ер нь төрийн тогтолцоо, хариуцлага сул, доголдолтой, хоорондоо уялдаагүй байгаа нь харагдаж байна. Амьсгалын замын халдварт өвчин тархалттай ч эрсдэлийн түвшин бага. Мөн өнгөрсөн долоо хоногт Хувийн сургуулиудын холбооны гишүүн 44 сургуульд судалгаа явуулсан. Хамгийн өндөр өвчлөлтэй сургууль 10 хувьтай байсан. Ангийн 10 хүүхэд тутмын нэг нь өвдлөө гээд есөн хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй
Эрх баригчдын гаргаж буй шийдвэр энэ улсын гурван сая гаруй иргэдийн амьдрал, хувь заяа, одоо, ирээдүйтэй шууд холбоотой. Тиймээс аливаа тушаал, тогтоолыг шинжлэх ухаанд суурилж, судалгаа, нотолгоонд үндэслэн, салбар, байгууллагуудын уялдааг хангаж гаргах учиртай.
Манайд огцом, гэнэтийн, түр хугацаанд хэрэгжих бүүр түүр шийдвэрүүд алхам тутамд гарч байна.
Мөн гаргасан шийдвэр, мэдээлэл нийгмийн сүлжээний өнгө аяс, олон нийтийн санаа бодлоос шалтгаалан хормын дотор хувирч, буцах, болих нөхцөл бүр ужгирав. Үүний улмаас иргэд ямар нэг гэнэтийн зүйлд бэлэн байх шаардлагатай тулгарч, түгшүүр, айдас, бухимдал дунд амьдарч буй.
Үүнийг гэрчлэх олон жишээ бий. Тухайлбал, Цагаан сараар шинийн 1-3-нд бүх нийтээр амардаг хуультай. Гэвч өнөө жил шинийн 2, 3 амралтын өдөр таарч, даваа гарагаас ажил цугларах нөхцөл үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх шаардлагатай гэх байр суурь нийгмийн сүлжээнд өрнөсөн ч эрх баригчид тийм эрх зүйн боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байв. Гэтэл битүүний өмнөх өдөр даваа, мягмар, лхагва гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийх шийдвэрийг гэнэт гаргасан. Үүний улмаас байгууллагууд дотооддоо гэнэтийн зохицуулалт хийх шаардлагатай тулгарч, иргэд ч Цагаан сарын баяраа тэмдэглэх төлөвлөгөөгөө өөрчилж, зах, худалдааны төв олны хөлд дарагдан, орон нутгийг зорих гэнэтийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Цагаан сар анх удаа болоогүй. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд таарч байгаа нь ч гэнэт үүссэн асуудал биш. Иргэд, аж ахуйн нэгжийг төөрөгдөлд оруулах огцом шийдвэр гаргахгүй, эртнээс төлөвлөж, зохицуулах эрх хийгээд үүрэг нь Засгийн газарт байсан. Гэвч тэд тэгээгүй.
Дахин нэг жишээ. Автозамын түгжрэлийг бууруулахын тулд импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг хязгаарлана гэх мэдэгдлийг нийслэлийн удирдлага нэг л өглөө гаргасан. Найман шалгуурын хүрээнд шинэ автомашинд улсын дугаар олгож, иргэдэд өмчлөх, хэрэглэх боломжийг нь олгоно гэх огцом шийдвэрийг олон нийт эсэргүүцэж эхэлсэн. Үүний улмаас шалгуураа цөөлж, зургаа болгосон. Энэхүү гэнэтийн шийдвэрийн улмаас автомашины дугаартай холбоотой далд бизнес цэцэглэж, тээврийн хэрэгслийн үнэ огцом нэмэгдсэн. Иргэдэд багагүй чирэгдэл учруулж, шаггүй бэрхшээл үүсгэсэн энэ шийдэл автозамын түгжрэл бууруулах үндсэн зорилгодоо хүрсэн эсэх нь одоо ч тодорхойгүй байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөсөн гэнэтийн шийдвэр иргэдэд хэрхэн чирэгдэл учруулсан тухай цухас сийрүүлэхэд ийм байна. Эдгээрээс гадна НӨАТ-ын сугалаа, хүүхдийн мөнгө, шөнийн гэрэлт гудамж, ахин барьсан Андлалын хөшөө гэхчлэн төрийн түр, гэнэтийн шийдвэрийн улмаас төсвийн мөнгө урсаж, иргэд хохирсон тохиолдлыг тоочиход цаг ч, цаас ч багадна.
Эрх баригчид асуудалд ийн хөнгөн, хуумгай хандах хэрээр төрд итгэх иргэдийн итгэл улам суларч, үл хүндлэл үүрлэж, үзэн ядалт гаарсаар байна. Мөн төрийн бодлого үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байгаа нь шунхгүй үнэн. Үүнийг одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа анхааруулж, төрийн аливаа шийдвэр нотолгоонд үндэслэсэн, оновчтой байх шаардлагатай гэдгийг ч тодотгож байв. Гэвч өнөө хэр нь эрх баригчид огцом, гэнэтийн шийдвэр гаргасаар л буй.

Улс төрийн аливаа шийдвэрийг эрдэмтэд, эксперт, судлаачдын тооцоо, судалгаа бус олон нийтийн сүлжээ удирдаж байгаагаас гадна улстөрчид ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө цахим орчинд ил, далд мэдээлэл түгээж, иргэдийн хандлага, ханыг хардаг жишиг бүр тогтжээ. Ийн эрх баригчид нийгмийн сүлжээнд өрнөж буй агуулгад хөтлөгдөн шийдвэр гаргадаг болов.
Түүгээр ч зогсохгүй нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх алгоритм манай нийгэмд бий болов. Тухайлбал, автомашины албан татварыг нэмэх, хилээр орж ирэх тээврийн хэрэгсэлд дугаар олгох шалгуур, шаардлагыг чангатгах, автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж, орлогоос нь чангаах аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө түгжрэл нэмэгдсэн тухай мэдээ, мэдээллийг суваг бүрээр цацдаг. Зохиомол түгжрэл үүсгэдэг гэх хардлага ч бий. Ингэж хүмүүст түгжрэл бууруулахын тулд өөрсдөө ямар нэг алхам хийхээс өөр аргагүй юм байна гэх мэдрэмж төрүүлээд араас нь элдэв шийдвэр, шийдлээ танилцуулдаг. Тэр нь албаждаг.
Хичээл, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлах асуудал ч энэ алгоритмаар ажилласан. Томуу, томуу төст өвчний тоо, тохиолдол нэмэгдсэн, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон тухай мэдээлэл Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хаягаас эхлээд суваг бүрээр цацагдсан. Ингэмэгц иргэдийн дунд зохиомол айдас бий болж, хүүхдүүдийн хичээл, сургуулийг хаахыг нийгмийн сүлжээнд уриалж эхлэв. Түүгээр ч зогсохгүй хүүхдийнхээ хичээлээс шалтгаангүй чөлөө авах тохиолдол ч нэмэгдсэн байна. Энэ талаар Хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан “Ханиад томууны тохиолдол ихэссэн сургаар хүүхэд нь өвдөөгүй асран хамгаалагчид ч хичээл, сургуулиас нь чөлөө авч эхэлсэн” гэж мэдээлсэн юм.
Ингэж нийгмийн сүлжээ олон нийтийн санаа бодлыг төдийгүй төрийн шийдвэрийг удирдаж байна. Нөгөөтэйгүүр, эрх баригчид нийгмийн сүлжээгээр дамжуулан нийтийн санаа бодолд нөлөөлж, аливаа шийдвэрийг албажуулж дадлаа.
Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Х.Батцэнгэл
Богино хугацаанд гал унтраах маягаар гаргадаг шийдвэрийг улс төрийн огцом шийдвэр гэж нэрлэдэг. Манай улсын хувьд огцом шийдвэр алхам тутамд гарч байна. Гэнэтхэн нэг өглөө босоод л шийдвэр гаргачихдаг. Ард түмэнд хамгийн хүнд тусдаг. Ард түмнийг алмайруулж байгаад шийдвэрээ гаргачихдаг. Зайлшгүй ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй юм байна гэж бодоход хүргэдэг. Нөхцөлийг зориуд бүрдүүлдэг. Хор уршиг нь хожим гардаг учраас тэр үед эрх баригчид хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн огцом шийдвэр бол хариуцлагаас зугтах хамгийн том арга гэж хэлж болно.
Улс төрийн аливаа шийдвэр гаргахдаа мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын олон талын байр суурь, судалгаа, мэдээлэлд үндэслэх нь олон улсын жишиг. Гэвч манайд нийгмийн сүлжээ, цахим орчин эрдэмтэн, экспертүүдийн байр суурийг эзэлж, тоо, тооцоолол, үр дагавар орхигдсоор байна. Үүний горыг иргэд хийгээд улс амсана. Сөрөг нөлөө нь өнөөдөр биш ч ирээдүйд гарна. Гарсаар ч ирсэн. Төрийн шийдвэр төв, голч, онч байж түмэн амгалан, түвшин байх учиртай.