
Хоёр дахин хямд өртгөөр кофе худалдаж авах боломж хорин алхмын наана байхад хэрэглэгч өндөр өртөг зарцуулж илүү үнэтэйг сонгоно.
Учир нь, тэрээр аяган доторх шингэнийг бус, амт, чанар, хэмжээг ч биш ердөө орчин, үйлчилгээ, үнэр, мэдрэмжийг чухалчилж, үнэ харамлахгүй, өртөг гамнахгүй зарцуулж буй нь тэр. Энэ бол мэдрэмжийн эдийн засаг. Өмнө нь хүн төрөлхтөн эд хэрэгсэлд л ач холбогдол өгч, мэдрэмж, дурсамж зэргийг огоордог байв. Аяга кофе уухад тансаг орчин, тавтай нөхцөл, таатай уур амьсгал чухал биш гэж үзэн, тэр сэтгэхүйгээр худалдан авалт, сонголтоо хийдэг байлаа. Энэ хэрээр бизнесийн амжилтыг бүтээгдэхүүний чанар, борлуулалтын тоо, хэлбэр хийцээр нь хэмждэг байв. Одоо харин эд хэрэгсэл, тоо баримтад тулгуурласан зах зээл халаагаа өгч, өөр эрин ноёлж эхэлжээ. Бизнесүүд ч хувьсаж буй энэ хандлагын дагуу хөдөлж буй. Үүний сонгодог жишээ Starbucks. Тэд зөвхөн кофе борлуулдаггүй. Харин мэдрэмж, дурсамж, үнэ цэнэ, үйлчилгээ, харилцаа арилждаг. Үйлчлүүлэгчийн нэрийг бүтээгдэхүүний аяган дээр бичиж, нийгмийн сүлжээндээ нийтлэх хэмжээний үйлчилгээ, тав тух, үнэ цэнийг бий болгодгоос гадна уух зүйлийнхээ орц, найрлагыг өөрсдөө сонгож, онцгой амт бүтээх боломж олгодог. Эдгээр нь хэрэглэгчийг оролцогч болгож, тэдэнд дотно, тансаг, таатай мэдрэмж төрүүлэн, дурсамж бүтээх тактик юм. Ийнхүү худалдан авалт хийх гол “түлхүүрийг” нь атгадаг байна.
Мэдрэмж, туршлагын эдийн засаг буюу “Experience Economy” гэх ойлголт 1990-ээд оноос эхтэй. Тухайн үед “The Experience Economy” номын зохиолч B. Joseph Pine II, James H. Gilmore нар энэ ойлголтыг дэвшүүлж, хүмүүс бүтээгдэхүүнээс илүү мэдрэмжийг чухалчилж байгаа талаарх санааг олон нийтэд хоногшуулахыг мэрийсэн байна. Тэд эдийн засгийг дөрвөн үе шаттайгаар тайлбарлажээ. Эхнийх нь анхны бүтээгдэхүүн буюу кофены үр. Удаах нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох кофе бол дараагийнх нь чанасан кофе. Харин сүүлийнх нь мэдрэмж буюу орчин, оролцоо, дурсамж, үйлчилгээ.
Зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд хамгийн өртөг өндөртэй нь мэдрэмж байж таарна.
Кофег гэр эсвэл ажил дээрээ чанах, өндөр зэрэглэлийн кофе шопд уух хоёрын хамгийн том ялгаа нь үнэ өртгөөс гадна орчин, мэдрэмж, дурсамж юм. Тэгэхээр хүмүүс гарт баригдахгүй энэ зах зээл рүү их хэмжээний хөрөнгө урсгаж мэдэхээр байгааг тэд олж харж, онолыг нь боловсруулсан байна.
Цаг эргэх хэрээр энэ зах зээлийн эзлэхүүн улам бүр тэлсээр байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Хамгийн гол шалтгаан нь хүмүүсийн материаллаг хэрэгцээ ханаж эхэлжээ. Товчхондоо, хүн төрөлхтөн эд, хэрэгслээс таашаал авахаа больж, өөрт нь таатай, хангалуун мэдрэмж, дурсамж бий болгох элдэв зүйлийн эрэлд хатах болсон аж. Мөн бараа, бүтээгдэхүүн элбэг, зах зээл дээр өрсөлдөөн ихтэй, олдоц арвин, эрэл хайгуул хийх шаардлагагүйгээр өөрийн болгох боломжтой болсонтой ч холбоотой юм. Түүнчлэн дэлхий даяар хотжилт эрчимжиж, хүмүүсийн нийгмийн стресс хэрээс хэтэрсэн. Энэ хэрээр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт тэлж, сэтгэлээ тордож, мэдрэмжээ услах нь амьдрах гол утга учир гэдэгтэй олон хүн санал нийлдэг болжээ. Улмаар гарт баригдахгүй арилжааны үнэ цэнэ, утга учир, өртөг зардал үлэмж нэмэгдэж буй.
Үүнд аялал, бясалгал, иог, үзвэр үйлчилгээ, хоол, амттан, өөрийгөө хөгжүүлэх сургалтууд, боловсролын үйлчилгээ, элдэв клуб гэхчлэн маш олон зүйл хамаардаг. Тоо сөхвөл, “Europe’s Experience Economy is One for the Bucket List” судалгаанд оролцсон иргэдийн 32 хувь нь энэ жил аялал тэргүүтэй мэдрэмж хөглөж, дурсамж зузаалах үйл явдалд мөнгө зарцуулахаар төлөвлөж байгаагаа хуваалцжээ. 20 орны 15 мянган хүнийг хамруулсан тус судалгаанд хамрагдсан залуучуудын 48 хувь нь дурсамж бүтээх ямар нэг шинэ зүйл туршина гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ аялах, амттай хоол идэх, үзвэр үйлчилгээ үзэх, эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарах зэргээр эрэмбэлжээ.
Сүүлийн жилүүдэд туршлагын эдийн засаг илүү дэвшилтэт, илүү ухаалаг хэлбэрт шилжиж, бизнесийн талбарт шинэ чиг хандлага бий болоод байна. Ялангуяа, 2026 онд энэ трэнд дэлхийн ихэнх оронд дэлгэрэх төлөвтэй байгаа аж. Энэ үзэгдлийг “Experience Economy 2.0” гэж нэрлэж байгаа бөгөөд компаниуд ч тус чиглэлд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж эхэлжээ.
“Experience Economy 2.0”-ын гол санаа нь технологийн хөгжил, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг улам нэмэгдүүлж, мэдрэмжийг хөглөн, үйлдлийг багасгах аж.
Мөн нэг удаагийн таашаал бус урт хугацааны таатай мэдрэмж, тавтай нөхцөлийг худалдан авагчдад өгөхийг зорьж байгаагаараа өмнөхөөсөө ялгаатай юм. Тухайлбал, өмнө нь “Starbucks” хэрэглэгчийн оролцоо, мэдрэмжийг тухайн мөчид л өдөөж, цөөн хормын таатай сэтгэгдэл төрүүлэхэд төвлөрдөг байжээ. Харин одоо хөгжүүлэлтээ дараагийн түвшинд хүргэж, технологийн тусламжтайгаар урт хугацааны эерэг сэтгэгдэл үүсгэхэд анхаарч байгаа аж. Үүний тулд тэд “Starbucks” апп хөгжүүлж, хэрэглэгчдийн захиалгын архив үүсгэн, уух дуртай бүтээгдэхүүнийг нь хадгалах, тухайн бүтээгдэхүүнд чиглэсэн оноо, урамшуулал зарлах байдлаар ажилладаг болсон байна. Мөн “Nike” брэнд хэрэглэгчдийн хичээллэдэг спортын мэдээллийг цуглуулж, зөвхөн өөрт нь зориулсан, онцгой мэдрэмж төрүүлэхүйц бүтээгдэхүүн санал болгож байна. Аялал жуулчлалын салбар ч хөгжлөө энэ хандлага руу чиглүүлж буй.
Тухайлбал, тодорхой маршрут, тогтсон цагийн хуваарийн дагуу аялал зохион байгуулахаас илүү тухайн аялагчийн сонирхол, онцлогт тохирсон үйлчилгээг санал болгож эхэлжээ. Ингэхдээ хэрэглэгчийн өмнө нь аялаж байсан туршлага, сонирхол, сэтгэгдэл, нийгмийн сүлжээгээ хөтөлсөн байдал зэрэгт нь үндэслэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар тусгай хөтөлбөр боловсруулдаг аж. Мөн өмнө нь аялагчдад хоноглох зориулалт бүхий зочид буудал л санал болгодог байсан бол одоо дэлхий даяар airbnb experiences хөгжиж, тухайн бүс нутгийн айл өрхийн аж байдлыг харуулахуйц гэр буудлуудыг аяллын цэсэнд нэмдэг болжээ.
Ийнхүү хүмүүсийн хүсэл, сонирхол, хөрөнгө санхүү мэдрэмж, туршлага, дурсамж дээр төвлөрч байна. Үүний улмаас брэндүүд мэдрэмжийн зах зээлд төвлөрсөн хөгжүүлэлт хийж, хиймэл оюун ухаан ч хүний мэдрэмжийг хөглөх чиглэлд хүчээ дайчилж эхэлжээ.