
Хүн бүхэн дахин давтагдашгүй, онцгой. Гэсэн ч бидэнд бие, биетэйгээ адилсах ч, ялгарах ч авир, араншин олон бий.
Зарим хүн бусадтай илэн далангүй харилцаж, олны дунд өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж, хүмүүсээр хүрээлүүлж байхдаа эрч хүч, баяр хөөрөөр цэнэглэгддэг. Харин зарим нь ганцаараа байхыг илүүд үзэж, олны хөл, түмний шуугианаас ангид байхдаа аз жаргал, амар тайвныг мэдэрдэг. Энэ төрлийн хүмүүсийг “ичимхий” гэж тодорхойлдог бол нөгөө хэсгийг нь “нүүрэмгий” гэж тодотгоно. Харин сэтгэл судлалын үүднээс хүний энэ зан төлөвийг интроверт болон экстраверт гэж нэрлэн, ангилдаг. Энерги, эрч хүчээ бусдад зарцуулж, тэндээсээ өөрийгөө сэлбэж байгаа нээлттэй ааш, аягтай хүмүүс экстраверт төлөвт тохирох бол бусдаас дөлж, ганцаараа байхыг чухалчилдаг хүн интровертэд тооцогддог. Хувь хүний зан төлөвийг онцлог шинжүүдээр нь ангилсан тус тодорхойлолтыг Швейцарийн нэрт философич, сэтгэл зүйч К.Г.Юнг анх гаргасан байна.
Түүний дараа буюу 1920-иод оны сүүлээр эрдэмтэн, судлаачид хүмүүс эсрэг, тэсрэг хоёр туйлд л хуваагдах боломжгүй гэх санааг дэвшүүлж эхэлжээ. Улмаар “саармаг бүс” болох амбиверт хүмүүсийн талаарх ойлголт сэтгэл судлалын шинжлэх ухаанд анхлан бий болсон байна. Гэсэн ч энэ агуулга олны анхаарлыг төдийлөн татаагүй бөгөөд хүмүүс ч өөрсдийгөө дээрх хоёр туйлд л хамаатуулж ирсэн. Харин 2013 онд АНУ-ын сэтгэл зүйч Адам Грант амбиверт авир араншинтай хүмүүс дасан зохицох чадвар сайтай, амжилтад хүрэх магадлал өндөр, харилцааны эв дүйтэй байдаг талаарх сонирхолтой судалгааг нийтэлсэн байна.
Улмаар “саармаг бүс”-ийг анхаарах хүний тоо эрс нэмэгдэж, судлаачид ч энэ агуулга руу хараа, сонороо чиглүүлэх болж. Энэ нь эрчээ авсаар сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний олонх нь амбиверт ангилалд хамаарна гэх мэдээлэл хөвөрч, энэ хэллэг нийтийн дунд түгээмэл хэрэглэгдэх болжээ.
Нэршлийн тухайд, “Ambi” нь хоёрдмол, хоёр талын гэх утгатай латин гаралтай үг бол “vert” нь хандлага, чиглэл гэх утга илэрхийлдэг.
Амбиверт хүмүүсийн гол онцлог нь интроверт, экстраверт хоёр туйлын зан чанарын аль, алийг агуулсан байдаг аж.
Тиймээс сэтгэл судлаачид энэ төрлийн хүмүүсийг хоёрдмол хандлагатай гэж үзэн, тийн нэрийджээ. Зарим хүн киног кино театр үзэхийг чухалчилдаг бол зарим нь ямар ч эргэлзээгүйгээр гэртээ шимтэхийг илүүд үзнэ. Харин амбивертүүдийн хувьд аль, аль нь сонирхолтой сонголт.
Тэд тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаасаа хамаарч сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд тухгүйтэж, эвгүйцэхгүй. Тиймээс тэд тодорхойлоход хамгийн амаргүй улс аж. “Саармаг бүс”-ийнхэн цэнгээний газар, үдэшлэг зэрэг олон нийтийн арга хэмжээ дээр бусдад гайхалтай мэдрэмж төрүүлж, бүх хүнтэй нээлттэй харилцаж чадна. Харин номын клуб эсвэл гэрт нь уулзахад дотогшоо, бага зэрэг хаалттай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн сонирхолтой нь, амбивертүүд ч дотроо янз, янз. Тэднийг ерөнхийд нь хоёр ангилдаг бөгөөд дотогшоо чигтэй амбивертүүд нь нийгмийн орчин, хүмүүсийн дунд таашаал авч, хөгжилдөх дуртай ч ганцаараа байж өөрийгөө “цэнэглэх” зайлшгүй хэрэгцээтэй. Тиймээс тодорхой хугацааг өөртэйгөө өнгөрөөхийн тулд нийгмээс, гэр бүлээсээ тусгаарлагдах нь бий. Өөр төрлийн амбивертүүд нь олны дунд байхыг урьтал болгодог ч экстраверт зан чанартай хүмүүстэй харьцуулахад өөрийнхөө талаар эргэцүүлж, дүгнэж, бусдын үзэл бодлыг сонсох чадвар нь арай өндөр байдаг аж. Тэгэхээр “саармаг бүс”-ийнхэн интроверт, экстраверт чанарыг эн тэнцүү агуулдаггүй. Аль нэг тал нь түлхүү байх ч магадлалтай байдаг аж.
Амбиверт хүн олон давуу талтай. Тухайлбал, экстраверт хүмүүс их ярих хандлагатай байдаг бол интровертүүд ярихаас илүү сонсохыг чухалчилж, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр учир дутагдалтай. Харин амбиверт хүн ярих үедээ өөртөө итгэлтэй, сонсох үедээ гүн төвлөрч чаддаг. Тун товчхондоо тэд хэзээ ярьж, хэзээ сонсохоо хамгийн сайн мэддэг хүмүүс. Мөн үзэл бодлоо хуваалцахаасаа өмнө дотроо эргэцүүлэх нь элбэг. Тиймдээ ч тэд хамгийн сайн маркенг, борлуулалтын ажилтан болж чаддаг. Мөн энэ төрлийн хүмүүс ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартайгаас гадна сэтгэл хөдлөлөө хамгийн тэнцвэртэй түвшинд барьж чаддаг. Хамгийн том ур чадвар нь, хоёр үүргийн хослол. Тодруулбал тэд маш сайн манлайлагч болж чаддагаас гадна багийн гишүүн, гүйцэтгэгчийн үүргийг ч гаргууд биелүүлдэг. Мөн “саармаг бүс”- ийнхэн төрөлхийн итгэлцэл үүсгэх, итгэл даах чадвартай байдаг аж. Хэт нээлттэй биш, хэтэрхий хаалттай ч биш зан чанар нь хүмүүст аюулгүй, тэнцвэртэй, итгэж болохуйц мэдрэмж төрүүлдэг учир амбивертүүд бусадтай амархан учраа олж, урт хугацааны эерэг харилцаа үүсгэх магадлал өндөр. Хосолмол хувилбарт амьдрах нь дээр дурдсанчлан олон давуу талтай.
Амбивертүүдэд тохирох мэргэжил
Борлуулалт,
маркетинг
Харилцааг
эхлүүлэх, хэрэглэгчийг анхааралтай сонсож хэрэгцээг нь ойлгох чадвартай.
Удирдлага,
төслийн менежмент
Багийг
идэвхжүүлэх, чиглүүлэх, гишүүдийн санал бодлыг сонсож, тэнцвэржүүлэх
өгөгдөлтэй.
Хүний
нөөц, зөвлөх үйлчилгээ
Итгэлцэл үүсгэх, итгэл даах, сонсох чадвартай.
Сэтгүүл
зүй, контент бүтээгч
Ярилцах, эх сурвалжтай харилцах, баримт шалгах төвлөрөх өгөгдөлтэй.
Хуулийн
салбар
Шүүн
тунгаах, илэрхийлэх, баримттай ажиллаж, судалгаа хийх чадвартай.

Гэхдээ сул тал ч бий. Нийгмийн ядаргаа буюу social fatigue-д хамгийн их өртдөг хүмүүс бол амбивертүүд юм. Учир нь олонтой харилцах, нийгэм, нийтийн дунд байх үед нь ганцаараа байх төрөлх хэрэгцээ нь сүүдэр шиг дагаж явдаг аж. Улмаар олны хүлээс, хүрээллээс алсрах үедээ маш их ядарсан байгаагаа анзаарах нь элбэг. Мөн өөрийн зохист хувилбарыг хүмүүст тааруулж амьдардаг учир дотоод зөрчил үүсэх нь элбэг. Өөр нэг бэрхшээл нь, тодорхойгүй байдал. Бусад хүмүүс нээлттэй, эсвэл хаалттай гэх тодорхойлолтынхоо хүрээнд, тодорхой амьдарч болдог. Харин “саармаг бүс”-ийнхнийг бусад хүмүүс онож тодорхойлоход амаргүйгээс гадна тэд өөрсдийнхөө учрыг олоход ч багагүй энерги зарцуулдаг байна. Мөн амбивертүүд нөхцөл байдлыг олон талаас нь хардаг. Тиймээс шийдвэр гаргах чадвар сул, эргэлзэх нь элбэг.
Бидэнд ижил хийгээд ялгаатай тал олон бий. Хүн, хүний дотор орших, байгалиас заяасан төрөлх өгөгдөл бүхэнд давуу хийгээд сул тал ч бий. Хамгийн чухал нь өөрийн онцлогийн таньж, ондоошлоо тордох юм.