
Өглөө 06.00 цагт жингэнэх сэрүүлэгний чимээнээр зургаан настнаа сэрээлээ.
Хоёр цагийн дараа эхлэх хичээлдээ амжиж очихын тулд ийн өндийхгүй бол горьгүй. Гэрээс сургууль хүртэл дөрвөн км ч түгжрэлийн улмаас багадаа нэг цагийг автозам дээр өнгөрөөнө. Тиймээс ихэнх өглөө тайван суугаад, тавтай цайлах боломж гарахгүй. Хам хум хувцаслаад, хальт ариун цэвэр сахиад л хагас унтаа хүүхдээ дагуулаад харайна. Үүр цүүрээр гэрээсээ гараад, үүрэглэсээр хичээлдээ орох үрээ хараад үе, үе өрөвдөх ч өөр арга үгүй. Өдрийн турш хичээл, сонгон, өдөр өнжүүлэх дамжаад, орой ажил тарахтай зэрэгцээд түгжирч, түгжирч харина. Харих замдаа өглөөний адил сүүмэглэнэ, зүүрмэглэнэ. Оройн хоолоо хум идээд, орондоо орно. Тоглох, хөгжилдөх, гэр бүлээрээ тухтай суугаад хөөрөлдөх ч цаг гарахгүй.
Тийм боломж, тэр хугацаагаа хэрсэн түгжрэлд өнгөрөөнө.
Энэ бол олон монгол өрх, олон монгол хүүхдийн аж байдал, ахуй нөхцөл. Автозамын түгжрэл, сургуулийн хүртээмж тэргүүтэй томчуудын шийдвэрлэх учиртай нийгмийн асуудлын улмаас мянга, мянган хүүхэд аз жаргал, дурсамжаа суулиулан, хохирч байна. Гэтэл дэлхийн бусад оронд автозамын түгжрэл хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил, сурлагын чанар, суралцах бүтээмжид сөрөг нөлөөтэйг судалж, таниад багачуудаа түгжрэлээс ангид өсгөхөд гойд анхаараад буй.
Шанхайн Санхүү, эдийн засгийн их сургуулийн судлаачид Хятадын үндэсний судалгааны мэдээлэлд тулгуурлан хүүхдүүдийн сургуульдаа зорчих хугацаа болон сурлагын амжилтыг харьцуулжээ. Ингэхэд, сургууль руугаа явах болон гэртээ очих замдаа автомашинд тодорхой цагийг өнгөрүүлдэг хүүхдүүдийн сурлагын үзүүлэлт, шалгалтын оноо бусдаасаа доогуур байжээ. Мөн зорчих хугацаа урт байх тусам хүүхдийн сэтгэл зүйн сайн сайхан байдал буурдаг болохыг тогтоосон байна. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, нойр. Хүүхдүүд түгжрэлээс шалтгаалж эрт босож, оройтож сэрсний улмаас нойрны дутагдалд ордог байна. Үүний улмаас тархины мэдээлэл хүлээж авах чадвар суларч, бүтээмж бууран, анхаарал төвлөрөлт багасдаг байна. Сурлагын чанарт нөлөөлж, хүүхдийн эрүүл мэндэд ч сөрөг үр дагавар бий болгож буй дараагийн хүчин зүйл нь дотоод орчны агаарын бохирдол юм. Автомашинд урт хугацаа өнгөрүүлж байгаа хүүхдүүд дотоод орчны нарийн ширхэгт тоосонцроор амьсгалдаг бөгөөд энэ байдал өдөр бүр, тодорхой хугацаанд давтагдах нь тархины хөгжилд сөрөг нөлөөтэй.
Их засаг лицей сургуулийн бага ангийн багш Г.Сарангуа
Гэр нь хол хүүхдүүд ядарчихсан, өлсөж цангаад хичээлдээ ирдэг. Үүний улмаас хичээлдээ идэвхгүй оролцдог. Өглөө орж байгаа үед үүрэглээд, бүр унтах ч тохиолдол бий. Эдгээрийн улмаас сурлагын хоцрогдол үүсдэг. Нойр дутуу, хоол ундаа идэж амждаггүй, түгжрэлд удаан явдаг хүүхдийн ааш, зан ч бусдаасаа өөр болчихдог. Шаардлага хүлээж авах дургүй, эсэргүүцдэг. Ангийнхантай бухимдалтай, ширүүн харьцах нь ч бий. Түүнчлэн хоцролт, таслал зэрэг нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад их байдаг. Бага ангийн сурагчдын хувьд хүргэж өгөх хүнгүй учраас тасласан гэх шалтгаан хэлдэг. Энэ нь хичээлээс хоцрох бас нэг шалтгаан болдог. Харин гэр, сургууль нь ойр, түгжрэлийн улмаас стресст өртдөггүй хүүхдүүдийн хичээлийн идэвх сайн, цовоо цолгиун байдаг. Хүүхдийн сурлагын чанар, нийгмийн идэвхэд автозамын түгжрэл маш их нөлөөтэй.
“Сургуулийн насны хүүхэдтэй ээж, аавууд” гэх цахим группд хүүхэд нь ууртай, стресстэй, бүх зүйлд сэтгэл ханамжгүй байгаа тухай асуудал, асуулт ар, араасаа хөвөрнө. Ижил бэрхшээлтэй ээж, аавууд сэтгэгдэл эгнүүлэх бөгөөд хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд сэтгэл чилээж, гарц, шалтгаан эрнэ. Багш нар ч үүнтэй санал нийлэх төдийгүй энэ үеийн хүүхдүүд амархан бухимддаг, уур бухимдлаа шууд илэрхийлдэг болсон талаар өгүүлэх аж. Хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил төлөвшилд маш олон зүйл нөлөөлтэй. Эцэг, эх, асран хамгаалагч, багш, найз нөхөд гэхчлэн амьд бодгалиас гадна амьдарч буй орчин ч чухал.
Түгжрэл тэргүүтэй нийгмийн стрессийн улмаас тоглох, найз нөхөдтэйгөө харилцах, гэр бүлийнхэнтэйгээ чанартай цаг өнгөрөөх боломжоо хумслуулж буй хүүхдүүдийн хүмүүжил, зан төлөв өдрийн ихэнх хугацаанд эерэг байх бараг л боломжгүй. Энэ үеийн багачуудын сэтгэл зүй, хүмүүжил түгжрэлээс бүтэн хамаарч байна гэж дүгнэх нь өрөөсгөл ч уг асуудал тодорхой нөлөө үзүүлж байгаа нь лавтай. Энэ талаарх судалгааг Корнеллийн их сургуулийн (Cornell University) орчны сэтгэл судлаачид хийсэн байдаг. Ингэхэд, замын хөдөлгөөний байнгын дуу чимээтэй орчинд ордог хүүхдүүдийн кортизолын түвшин өндөр, стрессийн хариу урвал хүчтэй байдаг нь тогтоогдсон байна. Үүнээс үүдэн асуудлыг тэсвэрлэх чадвар сул, аливааг үүрэг, даалгаврыг гүйцэтгэхдээ амархан шантардаг болох нь ажиглагджээ.
“Гэгээрэл” сургуулийн багш, сэтгэл зүйч, “Цаглашгүй оношилгооны төв”-ийн зөвлөх М.Ганцэцэг
Гэр, сургууль нь хол хүүхдүүд өглөө эрт сэрээд, ихэнх цагаа автомашинд өнгөрөөдөг. Эрт гарч байгаа хүүхдүүд нойр дутуу байдгаас гадна өглөөний цай уухгүй байх нь элбэг. Эдгээрийн улмаас хүүхдүүдэд нойрмоглох, анхаарал сулрах, уурлаж, бухимдах зэрэг сэтгэл зүйн олон асуудал бий болдог. Ээж, аавуудын тухайд жолоо барьж байхдаа анхаарлаа сарниулахгүйн тулд хүүхдэдээ утсаа үзүүлэх нь элбэг. Хичээл, сургалтад хамрагдахаасаа өмнө дэлгэц харсны улмаас анхаарал төвлөрөл сарнидаг. Урт хугацаандаа тархины ядаргаа үүсгэх эрсдэлтэй. Нийслэлийн иргэдэд хамгийн их стресс бий болгодог нийгмийн хүчин зүйл нь түгжрэл болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ хүүхдүүдэд ч ижил. Мөн түгжрэлийн улмаас ээж, аавууд стресстэж, түүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд гадагшлуулах нь элбэг. Машин дотор маш давчуу орон зайтай байдаг. Ийм орон зайд ээж, аавын гаргаж буй хандлага, харилцаа уужим орчинд байхдаа гаргаж буй үйлдлээс илүү хүүхдэд нөлөөлдөг. Тэгэхээр аав, ээжүүд хүүхэдтэйгээ машинд хамт байхдаа үг, үйлдлээ хянаж харилцах шаардлагатай.
Сүүлийн 11 жилийн хугацаанд манай улсад жилд дунджаар 76 мянга гаруй хүүхэд шинээр төржээ. Үүний 35 мянга гаруй нь буюу шинэ төрөлтийн 46 хувь нь Улаанбаатар хотод төрсөн байна. Тэгэхээр монгол хүүхдүүдийн тал хувь нь түгжрэл дунд өсөж байна. Үүний улмаас бие, сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч, сурлагын чанар, амжилт зэргээсээ чангаалгасаар буй. Харамсалтай нь, манайд нийслэлийн хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд түгжрэл ямар нөлөө үзүүлж буй талаарх дотоодын судалгаа ховор. Гэхдээ нийслэлд амьдарч байгаа хүүхдүүд өөрсдийн алтан цагаа түгжрэлд суулиулж, амжилт, бүтээмжээ алдаж байгаа нь дамжиггүй. Учир нь Улаанбаатарын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулдаг бөгөөд өдөр бүр 110 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ автомашинаар зорчдог гэх тооцоолол бий. Иймээс нийслэлийн олон хүүхэд өглөө, оройн оргил үед өдөр бүр хэдэн арван минут, зарим тохиолдолд хэдэн цагаар зам дээр өнгөрөөж байгаа нь тодорхой байна. Түүнчлэн НЗДТГ-аас гаргасан судалгаагаар бага сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 35 хувь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургууль, цэцэрлэгтэй явдаггүй байна. Тэд цөм гэрээсээ алс сургуульд суралцаж, өдөрт багагүй цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн үг.
Эдгээрийн цаана сургуулийн хүртээмж, боловсролын чанар, автозамын хүрэлцээ, дэд бүтэц тэргүүтэй олон асуудал бий. Урт хугацааны төрийн урвуу бодлогын хар гайгаар өнөөдрийн нийгэмд амьдарч буй хүүхдүүд тоглох, хөгжилдөх, хийцгүйрэх ч цаг, завгүй хоног, өдрийг өнгөрөөж байна. Үүнийхээ улмаас бухимдалтай, сэтгэл зүйн асуудалтай, сурлага, хүмүүжлийн хоцрогдолтой, дэлгэцийн хамааралтай болж торниж буй. Гэтэл манай улсад түгжрэлийг хүүхдэд хэрхэн нөлөөлж, ямар сөрөг үр дагавар авчирч байгааг анхаарч, анзаардаг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, судлаачид, шийдвэр гаргагчид нэн ховор байна.