
Манай улсын эрүүл мэндийн салбар иргэдийг өвчлөхөөс нь урьтаж сэргийлэхэд бус өвдсөн хойно нь эмнэхэд төвлөрдөг тогтолцоотой. Үүнийг гэрчлэх үйл явдал саяхан болж өрнөв. Тодруулбал, дотоод орчны агаарын бохирдлын улмаас хүүхдүүд хорт хавдраар өвчлөх болсон тухай тун ноцтой асуудлыг нэр бүхий шийдвэр гаргагч хөндсөн. Харамсалтай нь, тус асуудалтай холбоотой шийдлээ танилцуулахдаа Монгол Улсад хүүхдийн хавдрыг эмчилдэг эмнэлэг барих шаардлагатай гэх агуулгыг онцолсон юм. Өвдсөн хүүхдүүдийг эх оронд нь, зардал багатай эмчлэх нэн чухал асуудал мөн. Гэхдээ өвдөхөөс нь урьтаж сэргийлэх, хавдар үүсгээд буй суурь нөхцөлийг арилгах агуулгыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Өнгөрсөн хугацаанд бид ийн өвдөхгүй байхад биш өвдсөн хойноо яаж эрүүлжихэд анхаарч ирсний улмаас төрийн түвшинд ч, түмний дунд ч эрүүл амьдрах тухай ойлголт нэн сул байна. Энэ гороор нийт хүн амын дунд өвчлөл тун өндөр.
Судалгаагаар манай улсын нийт хүн амын 96 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй нь тогтоогдсон гэдгийг Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан ярилцлагадаа онцолсон байна. Тамхи татдаггүй, архи уудаггүй, хоол хүнсээ зөв тохируулж иддэг, артерийн даралтаа хэмждэг, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаардаг, халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл багатай хүн ам ердөө дөрөвхөн хувь. Мөн эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 1.6 сая иргэний 1.4 сая нь ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна. 0-17 насны хүүхдийн 78 хувь нь шүдний цооролтой байсан төдийгүй нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан
Эрүүл мэндийн салбар гол хоёр тулгууртай. Нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу өвдсөн хүмүүсийг яаж эмчлэх тухай бол нөгөөх нь урьдчилан сэргийлэх буюу нийгмийн эрүүл мэнд. Нийгмийн эрүүл мэнд бол хүмүүсийг яаж өвтгөхгүй, эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, эрүүл орчныг нь хэрхэн бүрдүүлэх вэ гэхчлэн том тогтолцоо байдаг. Манай улсын тухайд эмнэлэгт түшиглэсэн буюу өвдсөн хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлд илүү анхаардаг. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо хараахан хөгжөөгүй байна. Энэ чиглэлийн хүний нөөц хангалтгүй, санхүүжилт бага учир цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.
Эрүүл байхын чухлыг хувь хүн төдийгүй улс нийтээрээ огоорсноор өвчлөлд хүчээ тарамдаж, өрх бүл цаашлаад улс нийтээрээ хөрөнгөө барж буй. Гуравхан сая хүн амтай Монгол Улс хавдрын өвчлөлийн түвшингээрээ дэлхийн 45 дугаарт эрэмбэлэгдэж, хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаа нь ч тод нотолгоо.
Манай улс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийнхээ дийлэнх хувийг шинэ эмнэлэг барьж, элдэв тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулаад, өвдөхгүй, урт хугацаанд эрүүл амьдрах чиглэлд нь багахан төгрөг хялайлгадаг. Энэ нь ажилчдын цалин, вакцин зэрэгт л зарцуулагддаг байна. Бүр “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн мөнгө ч нийгмийн эрүүл мэндээс гадуур, тодорхойгүй байдлаар зарцуулагдаж иржээ. Уг нь “Эрүүл мэндийг дэмжих сан” нь архи, тамхи, эм, эмийн бүтээгдэхүүний импорт дээр онцгой татвар ногдуулаад тэр мөнгөөрөө иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зориулалттай сан юм. Өөрөөр хэлбэл, борлуулагдсан тамхи бүрийн үнийн дүнгийн хоёр хувь нь та бидний эрүүл мэндэд зарцуулагдаж байх учиртай. Харамсалтай нь, энэ мөнгөний зарцуулалт нь ил тод бус, гарсан үр дүн нь тодорхойгүй байна. Харин дэлхийн бусад орон нийгмийн эрүүл мэндийн салбартаа эрүүл мэндийн нийт санхүүжилтийнхээ 20 орчим хувийг төсөвлөдөг аж. Гэтэл манайд 10 хувьд ч хүрдэггүй.
НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр
Эрүүл мэндийн сайдын төсвийн 6.4 хувийг нийгмийн эрүүл мэндийн салбар эзэлж буй. Үлдсэн мөнгө нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байна. 2026 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн гэдгийг албаныхан мэдээлээд байна. Гэвч энэ мөнгөний ихэнх хувийг эмнэлэг барихад л зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, өвдсөн хойно нь төсөв, мөнгөө зарцуулна гэсэн тогтолцоотой байна гэсэн үг. Энэ оны улсын төсөвт нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, төслийг санхүүжүүлэхээр ойролцоогоор 240 тэрбум төгрөгийн санал өгсөн. Гэвч 50 хувь хасагдаад, 120 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 50 хувь нь тогтмол хийдэг вакцин болон ХӨСҮТ, ЗӨСҮТ тэргүүтэй байгууллагуудын ажилчдын цалингийн зардалд зарцуулагддаг.
Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь өнгөц харахад хувь хүний эрүүл мэнд, насжилттай холбоотой асуудал, агуулга мэт боловч өргөн утгаараа улсын эдийн засаг, ажиллах хүч гэхчлэн нийгмийн голлох үзүүлэлттэй нягт холбоотой. Нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, үр дүнтэй ажилласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 20 гаруй хувь буурах боломжтой гэх олон улсын жишиг бий. Мөн хүн амын дийлэнх хувь нь эрүүл байснаар өвчлөл багасаж, эрүүл мэндийн салбарын ажилчдын ачаалал ч буурна. Нөгөөтэйгүүр, нийт ажиллах хүчний оролцоо нэмэгдэж, улсын хөгжил урагшилдаг учиртай. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд манай улсын нийгмийн эрүүл мэндийн салбар тун урагшгүй явж ирсэн. Хамгийн бага төсөв энэ чиглэлд хуваарилагдаж, маш цөөн хүн энэ талбарт ажиллаж байна. Тогтолцооны хувьд ч өнөө хэр нь бүрэн төлөвшиж, бүтэн бэхлэгдээгүй л байгаа юм. Нийт эрүүл мэндийн салбарын 44 мянган ажилчдын гурав хүрэхгүй хувь нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ажилладаг бөгөөд ажилчдын ур чадвар, мэдлэг ч чамлалттай. Мөн ажилчдаа мэргэшүүлэх, гаднын сургалт, хөтөлбөрт хамруулах боломж, бололцоо хангалтгүй байдаг аж.
НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр
Нийгмийн эрүүл мэндийн салбарт тогтолцоо болон хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа. Хүний нөөцийн чадамж ч чухал асуудал. Энэ салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудал олон жил орхигдсон. Гадаад, дотоодын сургалтад хамрагдах, олон улсын мэргэжлийн зөвлөгөөнд оролцдог байдал НЭМҮТ дээр байхгүй гэж хэлэхэд болно. Мөн дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд бэлтгэгдсэн хүмүүс байдаггүй. Ихэвчлэн өөр мэргэжлийн хүмүүс. Өөр мэргэжлийн хүн ажиллаж болох ч тухайн чиглэлээр мэргэших, суралцах нь нэн чухал. Харамсалтай нь, тэр боломж нь олон жил орхигдсон.
1.4 тэрбум хүн амтай БНХАУ иргэдээ эрүүл, чийрэг байлгах зорилгоор сүүлийн 10 орчим жил нийгмийн эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх шат дараатай хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Шаггүй төсөв, мөнгө ч энэ чиглэлд зарцуулах болсон. Улмаар хот, тосгон бүрийн ард иргэдийн амьдралын хэв маяг, хооллолт, дадалд суурилсан тусгай хоолны цэс боловсруулж, бялдаржуулах төвүүдийг нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор улсаас дэмжиж, гүйх, алхах, дасгал хөдөлгөөн хийх зориулалт бүхий зам, талбайгаа тохижуулжээ. Мөн хүмүүст идэх хоол, унтах нойр тэргүүтэй дадал зуршлаа хэрхэн зөв удирдахыг суваг бүрээр сурталчлан таниулж, осол гэмтэлд өртөх эрсдэлт хүчин зүйлийг ч багасгаж, хянаж эхэлсэн. Ингэснээр илүүдэл жинтэй, халдварт бус өвчинд өртөх эрсдэлтэй иргэдийнх нь тоо жил ирэх тусам цөөрсөөр байгаа юм. Дан ганц Хятад бус өндөр хөгжилтэй дэлхийн ихэнх орон иргэдээ эрүүл амьдралын хэв маягт дадуулахад анхаарч, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулж буй. Манай улсад гуравхан сая хүн амыг эрүүлжүүлэх боломж бий. Өвдсөн иргэдээ эмнэхэд их наядаар хэмжигдэх мөнгө зарцуулдаг шигээ иргэдийг эрүүл байлгах чиглэлд ч энэ хэртэй анхаарах шаардлагатай.