
Бүх зүйл цаг хугацаатай. Үүний нэг жишгээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэс багагүй хугацаанд шагшин магтагдаж байсан жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд яг одоо нүд үзүүрлэгдсэн байдалтай байна.
Иргэд, сонгогчид төдийгүй, бүр намын дарга нар нь тэднийг буруутгаж эхэллээ. Намууд сонгуулиар “Жагсаалтад салбар салбартаа тэргүүлсэн эрдэмтэн мэргэд, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл багтсан. Зөв хүмүүсээ намын жагсаалтад оруулсан” гэсэн PR хийсэн. Олон нийт ч үүнд нь итгэсэн. Гэтэл одоо тэр үед ярьж байсан шиг гайхалтай, мундаг, Монгол Улсыг хөгжлийн замд хөтлөх лидер гэдгээ харуулсан хүн алга. Харин ч бүр эсрэгээрээ улс орон, ард иргэдийн эрх ашиг бус жагсаалтад оруулж өгсөн даргынхаа эрх ашгийн төлөө л ажиллаж харуулсан. Тодруулбал, МАН-аас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь намын дарга Л.Оюун-Эрдэнийгээ Ерөнхий сайдаас огцруулахгүй, нам доторх нөлөөллийг нь бууруулахгүй гэж улаан хамгаалагч хийцгээсэн. Яг үнэндээ тэд олон мянган иргэдийг төлөөлсөн МАНын сонголт гэхээсээ илүү Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн сонголт байсан гэдэг нь харагдсан. Тэд одоогийн намын дарга Н.Учралдаа ч таалагдахгүй байгаа бололтой. Учир нь, тэрээр саяхан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллах үеэрээ 2028 оны сонгуулиар жагсаалтын нэр дэвшигчдийг тодруулахдаа өөр зарчим баримтална гэдгээ хэлсэн юм.
УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал
Зүүн гурван аймаг нь нэг бүс болсон учир энэ бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийн төлөө биш, нэг бүсийн хэмжээнд бодож, төлөвлөж, зорьж ажиллах хэрэгтэй. МАН-ын “Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг үг бол энэ нам ард түмнээсээ алсарсан байна. Одоо ард түмэндээ ойртож ажиллах ёстой гэсэн шаардлага, уриа юм. Тойроггүй, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн тухайд МАН цаашид хэнийг жагсаалтаар оруулах вэ гэдэг дээр онцгой анхаарна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтаар нэр дэвших хүмүүст намын анхан, дунд гээд бүх шатанд гурван жилээс багагүй хугацаанд ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлага тавина.
2024 оны сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн сонголт, нэр дэвшүүлсэн зарчим нь намаа ялуулахын төлөө анхан болон дунд шатанд идэвхийлэн зүтгэдэг үнэнч, тууштай гишүүдэд нь таалагдаагүйг Н.Учрал дарга мэдэрсэн бололтой.
Намын байгууллагад огт ажиллаж байгаагүй, олон нийт байтугай, намынх нь гишүүд ч танихгүй олон хүн МАН-ын “тооноор орж” нэр дэвшээд УИХ-д суучихсан.
МАН-ын дарга Н.Учралын ярианаас сонсвол ирэх сонгуулиар лав ийм зүйл давтагдахгүй нь.

Зөвхөн МАН-ын жагсаалтынхан л намын даргадаа гологдоод байгаа юм биш. АН-ын жагсаалтынхан ч мөн намын даргынхаа урмыг хугалсан. УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн хамтарсан Засгийн газрынхаа эсрэг ажиллаж унагахад хүргэсэн. Энэ нь тухайн үеийн намын дарга Л.Гантөмөрийн эгдүүцлийг төрүүлж орхисон юм. Тэрээр хамтарсан Засгийн газар огцорсны дараа дараах байр суурийг илэрхийлж байлаа.
АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр
Цаашид жагсаалт гэж юу юм бэ гэдгийг их бодмоор юм байна. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсийг парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Жагсаалт гэдэг чинь намынхаа нэрээр гишүүн болчихсон хүмүүс. Тийм байж намын бодлогоо сөрөөд ажиллана гэдэг буруу жишиг. Улс төрийн хүн зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг байх ёстой. Сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Жагсаалтын гишүүнээ намаас хөөлөө гэхэд тэр хүнийг их хурлаас яах вэ гэхчлэн олон асуудал байна.

УИХ-ын сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг. 2028 оны сонгуулийн өмнө мөн хуулиа өөрчилж таарна. Сонгуульд хэтэрхий ойртуулахгүйгээр эртхэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх хэрэгтэй гэдгийг АН-ын бүлгээс санал болгосон. Сонгуулийн хуулийг яаж ч өөрчилсөн 2028 оны сонгуулиар нам, эвсэл тус бүр 48 хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь тодорхой. Учир нь, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгасан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөггүй л юм бол 48 хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлсэн хэвээр л байна. Харин ямар хүмүүсийг жагсаалтаар нэр дэвшүүлэх ёстой гэдгээ сонгууль бүрийн дараа бага багаар ойлгож, улам төгөлдөржүүлэх бололтой. Ямартай ч ирэх сонгуулиар МАН хамгийн багадаа намдаа гурван жил ажилласан хүнийг нэр дэвшүүлэх нь. Энэ удаад лав л хэнийг ч намынхаа “тооноор оруулж” болохгүй гэдгээ ойлгож. АН-ын тухайд намынхаа бодлогыг эсэргүүцдэггүй, олонхын шийдвэрээ дагадаг хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэх ёстой гэдгийг ойлгох шиг боллоо.
Жагсаалтаар сонгогдсон гишүүдэд шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийн хэн нь ч тогтолцоогоо буруутгасангүй. Харин энэ тогтолцооны дагуу УИХ-д орж ирсэн хувь улстөрчдөд ямар шаардлага тавих ёстой вэ гэдгийг л ярьж байна.
Энэ бол тогтолцоогоо тогтвортой байлгах ёстой гэдэгт санал нэгдэж байгаагийн илэрхийлэл. Бүх тогтолцоонд сул тал бий. Гэхдээ дэлхийн олон оронд сонгуулийн энэ тогтолцоог ашиглаж байгаа. Манай улс ч өмнө нь (2012 онд) нэг удаа “туршиж үзээд” эцэст нь тууштай ашиглахаар Үндсэн хуульдаа тусгаад байна.