
Нүүдлийн мал аж ахуй бол Монгол орны гол ондоошил, омогшил, ялгарал юм.
Тиймээс эрдэнэт мал сүргээ адгуулан гаршуулж, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүн нэг бүр эх орны үнэт капитал. Харамсалтай нь, нийгэм, эдийн засаг, цаг үеийн өөрчлөлт, хотжилт, мал ахуйн салбарын өсөлт, хөгжил зэрэг үлэмж хүчин зүйлийн нөлөөгөөр мал маллан аж төрөх залуусын тоо жил ирэх тусам цөөрөх хандлагатай байна. Эдгээрээс гадна орон нутгийн ард иргэдийн амьдралыг адармаатай болгож, малчдыг суурин бараадахад хүргэж буй өөр нэг томоохон хүчин зүйл бол хүүхдийн суралцах хэрэгцээ.
Хүүхдүүд нь сургуулийн насанд хүрмэгц айл бараадуулах уу, аль нэг нь сум сууринд төвхнөх үү, гэрээсээ өөр орчинд хоног, хором байж үзээгүй бяцхан үрээ сургуулийн дотуур байранд оруулах уу гэх сонголттой малчин өрхүүд тулгардаг. Айл өрхийн дотоод асуудал мэт энэ нийтлэг бэрхшээл даамжирсаар нэн чухал нийгмийн асуудал болж хувирав. Учир нь үүний цаана гэр бүл салалт, араар тавилт, архидалт, хүүхдийн эрхийн зөрчил тэргүүтэй олон ээдрээ бий.
Манай улс 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн. Улмаар зургаан настнууд ерөнхий боловсролын сургуульд элсдэг болсон юм.
Үүний улмаас бага насны хүүхэдтэй малчин өрхүүд хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд өрх таслахаас өөрцгүйд хүрч буй.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин Б.Нямбаяр
Манайх нэг хүүхэдтэй, хүү маань хоёр настай. Хүүхдээ сургуульд орохоор төв сууринд амьдрахаар төлөвлөж байгаа. Малчин өрхүүдийн зарим нь хүүхдээ сургуульд орохоор нь айлд байлгадаг. Эсвэл эхнэр нь төвд амьдардаг. Эхнэр, нөхөр хоёр тусдаа байхаас аргагүй болдог нь их хүндрэлтэй байдаг. Уг нь 6, 7, 8 нас хүртэл нь хүүхдээ цахимаар сургах боломжтой санагддаг. Залуу гэр бүлүүдийн тухайд сургалтын материалаа аваад, багшийн удирдлага дор хүүхдэдээ хичээлийг нь өөрсдөө зааж болох байх.
Малчид өрхүүд хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд өрх дотроо дээвэр тусгаарлаж байгаа талаарх “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо хандлага” сэдэвт судалгааг өнгөрсөн онд МУБИС-ийн багш нар хийжээ. Тэд судалгааны түүврийн аргыг ашиглан Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн есөн сумын 255 эцэг, эхийг хамруулсан байна. Улмаар малчин өрхийн сургуульд суралцаж буй 6-7 настай хүүхдийн амьдарч буй орчин нөхцөлийг дараах гурван загварт ангилжээ.
- Ээжтэйгээ хамт суурин газарт шилжин
амьдардаг
- Төрөл садан, ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө амьдардаг
- Дотуур
байранд амьдардаг хүүхдүүд.
Ээжүүд хүүхдээ дагаад суурин газарт шилжин амьдрах нь хамгийн түгээмэл хэлбэр аж. Гэвч үүний балгаар гэр бүл, хосын харилцаа хөндийрөх, эмэгтэйчүүд мал аж ахуйн уламжлалт амьдралын хэв маягаас алсрах, архидалт гаарах зэрэг цөөнгүй сөрөг үр дагавар бий болж байгааг судалгааны багийнхан онцолжээ. Айлд болон сургуулийн дотуур байранд хүүхдээ байлгах нь мөн л сорилт. Зургаан настнуудын тухайд олон нийтийн харилцаанд орох, сургуулийн орчинд биеэ зөв авч явах, удаан хугацаанд сууж суралцах, гэрийн даалгавраа хийх зэрэг олон шинэ зүйлийг дадуулах шаардлагатай тулгардаг.
Мөн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь ч харилцан адилгүй. Тиймээс насанд хүрсэн хүний хараа хяналт зайлшгүй шаардлагатай. Гэтэл сумын төвийн дотуур байранд бүх хүүхдэд үйлчлэх үүрэгтэй нэг л багш бий. Зургаан настнуудад зориулсан багш, орон тоо аль ч газар байхгүй. Мөн орон нутгийн сургуулиудад хүүхэдтэй тулж ажилладаг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан мөн хангалтгүй. Айлд байлгах тухайд, нийгмийн өөрчлөлтийн нөлөөгөөр хүүхдээ хамаатан, садандаа үлдээх тоо, тохиолдол нэн цөөрсөн байна. Мөн зургаан настай хүүхэд биеэ даагаад, айлд байхад балчирддаг нь ч үүнд нөлөөлжээ.
МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа
Найман настай хүүхэд сургуульд сурдаг байхад ээж нь дагаж төв ордог байгаагүй. Харин зургаан настай сургуульд ордог болсноос хойш ээж нь хамт сууринд амьдардаг болсон. Үүний улмаас айлд амьдардаг хүүхдийн тоо цөөрсөн байна. Аав хөдөө, ээж төвд байснаар дэд гэр бүл үүснэ. Улмаар хоол хүнснээс эхлээд санхүүгийн нөөц хоёр хуваагдана. Энэ нь малчдын амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлнө. Мөн урт хугацаанд тусдаа байснаас үүдэн гэр бүл салалт нэмэгдэж байгаа гэх статистик бий. Цаашлаад малчин аавуудын насжилтад ч энэ үзэгдэл сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Малчин өрхүүд хүүхдэдээ боловсрол олгохын тулд амьдралын хэв маягаа эрс өөрчилж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ шаггүй хохирч байгааг анхаарахаас аргагүй. Иймд ирэх намраас малчин эцэг, эхчүүдэд хүүхдээ 10 нас хүртэл нь дэргэдээ сургах боломж олгоно гэдгийг салбарын сайд мэдээлэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Малчдын хүүхдүүд есөн нас хүртэл аав, ээжийнхээ дэргэд хосолсон сургалтын аргаар боловсрол эзэмших хувилбарыг энэ намар туршиж үзнэ. Ээж, аавууд хүүхдээ 8, 9, 10 нас хүртэл нь дэргэдээ сургана гэдгээ сонгоно. Үүнт тохирсон гурван сонголттой сургалтын тогтолцоо боловсруулна.
Сайн хэрэг. Мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд гэр бүлийн асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ сайдын хэлсэн битүү, тунтуу тайлбарт хийтэй өнцөг ч бий. Хэдийгээр тус ажлын төлөвлөгөө, хөтөлбөр батлагдаагүй, судалгааны шатандаа явж байгаа ч голч анхаарч, оновчтой хэрэгжүүлэхгүй бол боловсролын ялгаа гаарч, малчин өрхийн хүүхдүүдийн суралцах эрх зөрчигдөх эрсдэлтэй юм.
МУБИС, Монголын “Бага, дунд боловсролыг хөгжүүлэх холбоо”, “Community for International Cooperation in Education and Development” хамтран “Сургуулийн сайхан эхлэл, сайхан амьдрал” төслийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлжээ. Улмаар цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй таван настай хүүхдүүдийг эцэг эхийн оролцоотойгоор, гэр бүлийн орчинд нь сургуульд бэлтгэхийг зорьжээ. Төслийн хугацаанд нийт 5000 гаруй хүүхдийг гэр бүлд түшиглэсэн сургалтад хамруулсан бөгөөд хүүхдэд төдийгүй эцэг, эхчүүдэд зориулсан ном, сурах бичгээр хангав. Харамсалтай нь, хүүхдүүдийн 40 орчим хувь нь даалгаврыг огт хийгээгүй байна. Харин 23 хувь нь бие даан хийж чадсан бол 37 хувь нь бусдын тусламжтай гүйцэтгэжээ.
Түүнчлэн малчин өрхийн 5 настай хүүхдүүдийн
дунд,
- өөрийгөө илэрхийлэх
- дүрэм, заавар дагах
- даалгавар гүйцэтгэх
-
ургуульд сурах хүсэл илэрхийлэх зэрэг нийгмийн ур чадварууд дутмаг байгааг
төслийн багийнхан онцолжээ.
Эндээс малчдын хүүхдүүдийг гэрээр сургах нь амаргүй ажил болохыг харж болохоор байна. Цахим хичээл ч хотондоо байгаа хүүхдүүдэд ахиц үзүүлдэггүйг цар тахлын үеэр нийтээрээ харсан. Хөдөө орон нутагт цахим хичээлд холбогдох тогтмол цахилгаан, интернэт асуудалтай байдгаас гадна малчин өрхийн хүүхдүүдийн 67.2 хувь нь теле хичээл огт үзэж чадаагүй нь судалгаагаар тогтоогдсон. Үүний улмаас хүүхдүүдэд боловсролын хоцрогдол бий болсон юм. Тоо сөхвөл, цар тахлын үед цахим болон теле хэлбэрээр хичээллэснээс үүдэн 417 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд өртсөн байна. 1-3 дугаар ангийн хүүхдүүдийг баг, бригадад нь сургалтад хамруулж, гэрт нь ойр сургах хувилбар ч яригдаж буй. Олон улсын жишгээр бол энэ хамгийн оновчтой ч манайд хүний нөөц, барилга, байгууламж нэн хангалтгүй. Сумын төвийн сургуулиуд хүртэл багшийн хомсдолд орсон. Ийм байхад алслагдсан багт байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах боломж, нөөц, нөхцөл хангалтгүй.
Доктор, профессор Р.Бандий
Малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх, сургахдаа үйл ажиллагааг нягт уялдаа холбоотой оновчтой бодлого, стратеги, менежментээр удирдаж байхад анхаарах хэрэгтэй. Нүүдлийн гэр цэцэрлэг, сургууль, явуулын багш, холимог бүлгийн сургалт, зайн сургалт, зун, намар, өвөл, хаврын богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай. Мөн малчдын амьдрал, ёс заншил, өв соёл, бага насны хүүхдийг төлөвшүүлэх арга ухааныг сургуулийн өмнөх боловсролоос нь эрэмбэ дараатай эзэмшүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол бол ганц өрх, нэг хот айлын асуудал биш. Харин улсын ирээдүйтэй уялдах чухал агуулга юм. Хөдөө торниж байгаа хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй боловсрол олгохын тулд явуулын багш бэлтгэж, нүүдлийн сургууль зэхэж, улирлын сургалтын системийг туршиж, дотуур байрны шинэчлэл хийх зэргээр нөр судалгаатай, их ажил өрнүүлэх учиртай. Энэ ажлыг хийхэд салбарын сайдын хэлсэн “Намар туршина” гэх ганц өгүүлбэр нэн хангалтгүй.