
Одоогоос хоёр жилийн өмнө Бангладешийн залуус засгийн газрынхаа эсрэг жагсаж, 20 орчим жил улсыг нь удирдсан Шейх Хасинаг суудлаас нь буулгасан.
Төрийн албаны ажлын байрны квотыг өөрчлөх шийдвэр нь залуусыг “өрдөж”, эсэргүүцлийг өдөөсөн юм. Цөөнгүй хүн амиа алдаж, олон мянган хүний эрх чөлөөг үгүй хийсэн тус жагсаалын үеэр Ерөнхий сайд Шейх Хасина эх орноосоо дүрвэсэн. Тусгаар тогтнолын баатрын үргэлжлэл, улсынхаа тулах цэг гэгдэж ирсэн түүнийг шинэ үеийнхний эсэргүүцэл бүрэн буулгаж авсан юм.
Мөн Непал улсын эрх баригчид фейсбүүк, инстаграм, юүтүб тэргүүтэй сошиал медиа платформыг хаахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр залуусын эгдүүцлийг хүргэж, улс даяар жагсаал өрнөсөн. Жагсагчид дээрх шийдвэрээс гадна улс төр дэх авлигын сүлжээ, хууль бус томилгоо, тохиролцоог эсэргүүцэн тэмцсэн юм. Улмаар эрх баригчдын гэр, орон сууц руу дайраад зогсохгүй парламентын ордноо ч галдан шатаав. 70 гаруй хүний амь эрсдэж, цөөнгүй иргэн эрүүл мэндээрээ хохирсон энэхүү гашуун үйл явдлын дараа Ерөнхий сайд Шарма Оли Засгийн газрын хамт огцорсон билээ. Тэрээр 2008 онд Непал хаант засаглалаа халснаас хойш тус улсыг удирдаж ирсэн юм. Түүнийг огцорсны дараа авлигын эсрэг хатуу байр суурьтай гэдгээрээ зартай, тус улсын Улсын дээд шүүхийн тэргүүнээр ажиллаж байсан Сушила Каркиг Ерөнхий сайд болгох саналыг залуу тэмцэгчид гаргаснаар түүхэндээ анх удаа эмэгтэй удирдагчтай болов. Сушила Карки Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа иргэдэд хандаж үг хэлэхдээ “Бид цаашдаа Gen Z үеийнхний сэтгэлгээний дагуу ажиллах ёстой. Тэд авлигагүй, сайн засаглал, эдийн засгийн эрх тэгш байдлыг шаардаж байна” гэж тодотгосон нь олны анхаарлыг татсан.
Түүнээс хойш дэлхий даяар залуучуудын тэмцэл эрчимжиж, идэр насныхны эсэргүүцлийн жагсаал энд тэнгүй өрнөв. Мадагаскар, Марокко, Парагвай, Малайз, Перу зэрэг улсад болж буй жагсаал цөм авлига, хээл хахуулиас ангид нийгмийн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбар дахь шударга бус, бугшсан асуудлыг халах ижил шаардлагатай байгаа юм. Мөн бага болон дунд орлоготой ихэнх оронд Z үеийнхэн хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа ч тэдний төлөөлөл шийдвэр гаргах түвшинд хамгийн цөөхөн байгаа нь эсэргүүцлийн томоохон шалтгаанд тооцогдоод буй. Орон орны жагсагчдын хүсэл, зорилго ойролцоо байгаагаас гадна хэлбэрийн хувьд ч төстэй.
Тэдний дийлэнх нь нийгмийн сүлжээнд “Generation Z 212”, “Залуусын дуу хоолой”, “Gen Z хөдөлгөөн” зэрэг элдэв хаштаг бүхий зураг, бичлэгээ хуваалцаж, улс орондоо төдийгүй дэлхий нийтэд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэж буй. Ийн медиа зуунд төрж өссөн анхны үеийнхэн улс төр судлаачдын хийгээд улс орны эрх баригчдын анхаарлыг татаж эхэлжээ. Шийдвэр гаргагчид энэ насныхны эсрэг, өдөр тутмын амьдралын хэв маягт нь сөрөг нөлөө үзүүлэх элдэв тогтоол, тушаал гаргахаас болгоомжлоод зогсохгүй тэдэнд таалагдах нь улс төр дэх “насжилтыг” нь уртасгана гэж үздэг болсон аж. Ялангуяа, хүн амын олонхыг нь залуус бүрдүүлж буй улс орны бодлого, шийдвэр залуучууд руу чиглэх хандлагатай байгааг олон улсын судлаачид өгүүлжээ.
Манай улсын сонгогчдын тоо хоёр сая 230 мянга бөгөөд үүний 15.8 хувь нь 18-25 насны залуус. Гэтэл энэ насны төлөөлөл УИХ, Засгийн газарт нэг ч алга. Энэ нь залууст чиглэсэн бодлого, шийдвэр оновчтой, голч гарахгүй байгаагийн нэг шалтгаан аж. Монгол залуус ч авлигагүй нийгэм, айдасгүй орчин, тэгш, хүртээмжтэй нийгмийн үйлчилгээ, татварын оновчтой бодлого, хүний эрх зэрэг нийгмийн суурь, шударга байдлыг нэхэж хэд, хэдэн удаа жагссан. Тэд Засгийн газраас ажлаа хийхийг шаардаж, Монголдоо сайхан амьдармаар байгаагаа илэрхийлж жагсахдаа барьсан лоозон, тавьсан шаардлага, зохион байгуулалт, эмх цэгц зэргээрээ үлгэрлэсэн юм. Үзэл санаандаа ч үнэнч байсан. Одоогоос хэдхэн жилийн өмнө өрнөсөн “Ажлаа хий” жагсаалын үеэр цагаан морин жил жагсаж явсан Да.Ганболд “Залуусын жагсаал Монголд шинэ либерал үзэл гарч ирж байгааг харууллаа” гэсэн нь үнэнд дөхнө. Тэд хэн нэгэнд худалдагдаагүй. Жагсаал хийх нэрийдлээр бусдыг турхирч, бусармаг авирлаж, архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчил өдөөгөөгүй. Түүгээр ч зогсохгүй залуусын жагсаалын дараа төв талбайд ширхэг хог үлдээгүй нь энэ үеийнхний үзэл санаа, хандлага тэс өөр байгааг нийгэмд, нийтэд илэрхийлж чадсан юм.
Дэлхий нийтээрээ Gen Z үеийнхнийг улс төр сонирхдоггүй, улс төрийн оролцоо багатай, залхуу, хойрго мэтээр ойлгож, шагширч ирсэн. Сонгуулийн ирц, намын гишүүнчлэл, элдэв хурал зөвлөгөөнд оролцсон статистик ч дээрхийг нотолдог.
Сүүлийн жилүүдэд энэ үеийнхэн улс төр сонирхдоггүй биш улс төрд хандах хандлага нь өмнөх үеэсээ өөр гэдгийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Тодруулбал, залуучуудын уламжлалт хэлбэрийн улс төрийн оролцоо олон улсын түвшинд буурч байгаа аж. Харин институцийн бус оролцоо эрчимтэй нэмэгдэж, улс төрийн нөлөөллийн шинэ хэлбэр бий болоод буй. Хуучин шиг аль нэг намд элсэж, намын элдэв уулзалт, зөвлөгөөнд оролцож, албан ёсны байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо илэрхийлэхээ тэд больсон байна. Энэ нь шийдвэр гаргагчдад хийгээд улс төрийн намд итгэх итгэл нь суларсантай холбоотой. Мөн сонгуульд саналаа өгөх нь амьдралын чанарыг, нийгмийн асуудлыг өөрчлөхгүй гэх итгэл үнэмшлээс нь улбаатай аж. Харин энэ үеийнхэн үзэл бодлоо жагсаал, эсэргүүцэл, сошиал медиа, кампанит ажил зэргээр илэрхийлэх хандлагатай байна. “Government at a Glance 2025” тайланд дурдсанаар, 18-29 насныхны улс төрийн сонгуулийн оролцоо 50-аас дээш насны иргэдээс 21 нэгж хувиар бага байжээ. Мөн залуучууд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад улстөрчидтэй холбоо тогтоох, танилцах хүсэлгүй байдаг нь тогтоогдсон байна. Олон нийтийн зөвлөлдөөн, хуралд оролцох оролцоо нь ч ахмадуудаас бага байдгийг өгүүлжээ. Энэ үзэгдэл манайд ч бий. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс гаргасан “Олон нийтийн санаа бодлын судалгаа”-нд оролцсон 18-35 насны иргэдийн 52 хувь нь “олон нийтийн мэдээллийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх”, “эсэргүүцлийн жагсаалд оролцох” байдлаар улс оронд гарч буй шийдвэрт нөлөөлдөг гэдгээ илэрхийлжээ. Харин 11 хувь нь “сонгуульд санал өгөх”, нэг хувь нь “улс төрийн намд элсэх”-ийг улс төрийн оролцоо гэж боддог аж. Мөн “Z үеийн залуусын улс төрийн оролцоо” судалгаанд оролцсон иргэдээс сонгуульд оролцдоггүй шалтгааныг нь асуухад “Сонгуульд оролцох зав гараагүй”, “Итгэл хүлээлгэх нам, улстөрч байгаагүй”, “Улстөрчид, намууд шударга биш”, “Миний саналаас үл хамааран сонгууль болдгоороо болно” зэрэг хариултууд өгчээ. Эндээс монгол залуучууд ч улс төрийн уламжлалт оролцоог чухалчлахгүй байгаа нь харагдаж байна.
Z үеийнхэн бусад насныхнаас олон зүйлээрээ ялгаатай. Эцэг, эхчүүд нь тэдний боловсролд мөнгө харамгүй зарцуулсан учир одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа хамгийн өндөр боловсролтой үеэр зүй ёсоор нэрлэгддэг. Тиймээс улстөрчдийн худал амлалтад амар итгэдэггүй бөгөөд үйлдэл хийдлийг нь айдасгүй шүүж, шүүмжилж чаддаг аж. Түүнчлэн олны танил, нөлөөлөгчдийн үгэнд итгэх итгэл бусад насныхнаас бага. Илүү шүүлтүүртэй ханддаг болсон тул улстөрчид “Түүнийг дэмжээрэй” зэрэг агуулга бүхий сурталчилгааг урлаг, соёлынхноор хийлгэхээс татгалзаж эхэлсэн байна. Энэ мэтээр шинэ үеийнхэн улс төрийн соёл, улстөрчдийн аж байдал өөрчлөгдөхөд хүргэж, өөрсдийн дүрмийг тогтоогоод буй. Цаашид залуусын түрлэг улам өргөснө. Тэд илүү өнөр болно. Хэрсүү, боловсролтой, үзэл бодол нь үе үеийнхнээс ондоо залуус дэлхийн улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх нь дамжиггүй.