
Улстөрчид иргэдийг баярлуулахаасаа илүү бухимдуулах нь олон. Үе үеийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа иргэд, сонгогчдынхоо сэтгэлд хүрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Үүнтэй маргах хэн ч байхгүй. Улстөрчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрнө. Учир нь, манай улсад ажлын байр, иргэдийн орлого дорвитой нэмэгдэж, ядуурал буураагүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, импортын хамаарал нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Олон жилийн турш ярьсан V цахилгаан станц, метро, дагуул хотууд, зэс боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк, арьс, шир боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, аялал жуулчлалын бүсүүд рүү чиглэсэн авто зам гээд томоохон бүтээн байгуулалтын төслүүд одоо болтол ашиглалтад ороогүй байна. Бүр ихэнх нь цаасан дээрээ үлдсэн. Сэрээнэ, сэргээнэ, эрс шинэчлэнэ, цэгцэлнэ гэдэг ч нүдэнд харагдаж, гарт баригдтал сэрсэн, сэргэсэн, шинэчлэгдсэн, цэгцэрсэн юм алга. Ярьсан бүхнээ бүгдийг нь хийдэггүй юмаа гэхэд талыг нь хийсэн бол иргэдийн төрдөө итгэх итгэл өөр байх байлаа. Гэвч ярихаас хэтэрдэггүй улстөрчдийн балгаар иргэдийн төрдөө итгэх итгэл сонгуулиас сонгууль, сараас сарын хооронд саарсаар байна.
Нийгмийн бухимдал өнөөгийн түвшинд хүрсэн нь ч улстөрчдийн чадамжтай шууд хамааралтай. Асар их байгалийн баялагтай, өргөн уудам нутагт тархан суусан, дотоодын үймээн самуун, шашин хоорондын мөргөлдөөнгүй амар амгалан 3.6 сая монголчуудыг элбэг хангалуун амьдруулах, нийгмээ сайн сайханд хөтлөх нь иргэдийн итгэлийг авч төрд сонгогдсон хүмүүсийн үүрэг. Энэ үүргээ биелүүлж чадаагүй улстөрчид иргэд сонгогчдыг хуурах, сэтгэл санааг нь тайван байлгахад л хамаг анхаарлаа хандуулж байна. Сонсоход таатай санагдаж олон нийтийн сэтгэлийг цатгах гоё, сайхан бүхнийг тодорхой хугацааны давтамжтайгаар ярьсаар л...
Ерөөс улстөрчид улс орондоо хэрэгтэй зүйлс хийж бүтээе гэхээс илүү эрх мэдэл, албан тушаалдаа удаан сууя гэдэгт л анхаарлаа хандуулах болсон. Үе үеийн эрх баригчдын хамгийн чухал асуудал нь PR байсаар ирлээ. Хамгийн гол нь гоё сонсогдох замаар сонгогдох.
PR гэдэг бол өөрийн нэр хүндийг бий болгох, хамгаалах, олон нийтэд эерэг ойлголт төрүүлэх стратеги гэсэн үг. Улстөрчдийн бодлого, үйл ажиллагаа нь хөрсөн дээрээ бууж бодит ажил хэрэг, бүтээн байгуулалт болж биежихгүй байгаа учир уран яруу үгээрээ олон нийтийг уярааж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Товчхондоо, олон нийтэд таалагдах ажил хийж чадахгүй байгаа учир таалагдах амлалтад л анхаарлаа хандуулсаар. Олон нийтийн сэтгэл зүй унаад ирэхийн цагт бүх хүнд таалагдах сэдвийг гэнэтхэн гаргаж ирээд ярих замаар иргэдийн сэтгэлийг хий хоосон зүйлээр түр зуур цатгадаг.
Олон нийтийн сэтгэлийг цатгасан сүүлийн үеийн мэдээллүүдийг нэгтгэн хүргэе. Дараах мэдээллүүдийг сонсоод олон нийтэд “Ашгүй дээ” гэсэн бодол төрнө. Гэхдээ цаанаа үл итгэнэ. “Хэлж байгаа хугацаандаа ашиглалтад орохгүй дээ”, “Чадах болов уу даа”, “Худлаа даа” гэсэн бодол хүн бүрийн толгойд эргэлдэнэ. Улстөрчид иргэдийнхээ итгэлийг ингэтлээ алдсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Манай яамнаас 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Нэмээд Засгийн газрын хуралдаанаас Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай тэмдэглэл гаргалаа. Шат шатны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулах санаачилга гаргасан. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээсээ сонгогддог ч иргэдээ ядуурлаас гаргах санаачилга гаргаж ажилладаггүй. Энэ санаачилгын үр дүнд 25-30 мянган айл өрхийг орлоготой болгоно гэж үзэж байгаа.
Засгийн газраас Улаанбаатар-Лүнгийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болгосон. Мөн уг замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томилсон юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар
Орон нутгийн замд гарч байгаа осол аваарын олон хувь нь Лүнгийн зам дээр гарч байна. Тиймээс Лүнгийн замыг шинэчлэх ажлыг энэ жил эхлүүлнэ. Энэ замын шинэчлэл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Хархорин хот байгуулах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зэрэгт чухал ач холбогдолтой дэд бүтцийн бүтээн байгуулалт. Лүнгийн замыг шинэчлэхдээ Дарханы зам дээр гаргасан алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Хуучин замыг нь хуулж хаячихаад дээр нь шинэ зам тавих биш, шинэ трассаар зургаан эгнээтэй зам тавина. Цаашлаад Хархорин хүртэл барих боломжтой.
Улаанбаатар-Лүн чиглэлийн хоёр эгнээ замыг дөрөв биш бүр зургаан эгнээ болгоно гэдэг үнэхээр сайхан мэдээ. Энэ мэдээнд баруун аймгийнхан, энэ замаар зорчдог жолооч нарын сэтгэл түр зуур цадсан нь лавтай. Гэхдээ энэ бол хуучин сэдэв.
Өмнө нь ч энэ тухай ярьж олон нийтэд түр ч болтугай итгэл төрүүлж байсан. Хэсэг хугацаад мартагдсаных нь дараа дахин ярьж байгаа нь энэ. Сонсоход таатай ч энэ жил бүтээн байгуулалтын ажил нь эхлэх эсэх эргэлзээтэй. Учир нь, санхүүжилт нь тодорхой бус. Улсын төсөвт энэ замыг эхлүүлэх багахан ч мөнгө тусгаагүй. 2025 оны төсвийн тухай хуульд ч Улаанбаатар-Лүн чиглэлийн замын төсөлд зориулсан төсөв суулгаж байгаагүй. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэх төслийн жагсаалтад оруулж байсан юм.
Уг тооцооллоор бол Лүнгийн замыг зургаан эгнээ болгох бүтээн байгуулалт энэ жил бус өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхэлчихсэн явж байх учиртай.
Энэ мэтээр Улаанбаатар-Лүнгийн замыг зургаан эгнээ болгох ажлыг цаасан дээр эхлүүлээд удаж байгаа. 2023 онд ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарласан. Түүнээс хойш санхүүжилтийг нь шийдвэрлэхээр ажилласаар ирсэн. Кувейтийн сангаас хөрөнгө оруулалт хүссэн ч “Дангаараа шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Харин өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк энэхүү төсөлд хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли
Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн судалгааны ажлуудтай яаралтай танилцаж, хамтран ажиллахад бэлэн.
Өнгөрсөн намар эхэлсэн шатахууны хомсдол өвөл хүртэл үргэлжилсэн. Иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан ч “Өнөөдөр төдөн вагон шатахуун орж ирлээ” гэж аргацаасаар хэвийн байдалд нь оруулсан. Иргэд одоо ч “Шатахуун тасрах вий” гэсэн байнгын айдастай амьдарч байгаа. Гэтэл манай улстөрчид “Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно” гэж хуурсаар, тайвшруулсаар л байна.
Анх ярьж байснаар нь бол энэ үйлдвэр аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх байлаа.
Саяхан Ерөнхий сайд намынхаа Бага хуралд оролцохдоо “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шатахууны хамаарлыг бууруулна. 2027 оны зургаадугаар сар гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна” гэсэн юм.

Залуучуудын анхдагч хэрэгцээний нэг, бүр заримынх нь амьдралын хамгийн том зорилго нь орон сууцтай болох. Гэтэл орон сууцны хөнгөлөлттэй зээл хүссэн болгонд нь олддоггүй. Санхүүжилт нь хангалтгүйн улмаас олголт нь зогсдог, зээлийн шалгуур өндөр гэх мэт олон бэрхшээл бий.
Үргэлж иргэдийн анхаарлын төвд байдаг энэ сэдвээр улстөрчид үе үе сонгогчдыг өөртөө, намдаа, засагтаа татаж байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлээр таваас дээш байр авсан 12 мянган иргэн бий. Найман удаа ипотекийн зээл авсан иргэн ч байна. Эдгээр хүмүүсийн мэдээллийг удахгүй ил болгоно” гэж иргэдэд таалагдах оролдлого хийсэн.
Мөн Ерөнхий сайд “Бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжих бус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид орон сууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Орон сууцны банк байгуулна. Нийслэлийн утааг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэ. Орон сууцны асуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал биш, энэ бол үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыг давхар шийдэх цогц шийдэл юм” гэсэн.
Улстөрчид 2024 оны сонгуулиас өмнө л татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай ярьж эхэлсэн. Тэдний зарим нь эрх баригч болсон. Гэтэл өнөөдөр УИХаар хэлэлцүүлж байгаа нэг ч төсөл алга. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг иргэн, аж ахуйн нэгжүүд шаардсаар л байгаа. УИХ-ын гишүүд “Татварын дарамтыг арилгаж, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна” гэж олон нийтийн сэтгэлийг түрхэн зууртаа амраасаар бүрэн эрхийн хугацааныхаа талтай золгох гэж байна.
Удахгүй эхлэх хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шийдвэр гаргалаа ч тэр дороо хэрэгжих боломжгүй. Хамгийн ойрдоо ирэх оноос л хэрэгжиж эхлэх боломжтой.
Үе үе ярьж иргэдийнхээ сэтгэл санааг түрхэн зуурын хугацаанд амраадаг дээрх мэдээллүүд нь бүгд ирээдүй цаг дээр бичигдсэн байгааг анзаарсан байх. Харин өнгөрсөн цаг дээр бичигддэг нэг сэдэв бий. Энэ бол гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа тухай мэдээлэл. Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг удирдаж байгаа бүх сайд, дарга нар гадаад валютын нөөц нэмэгдсээр байгааг үргэлж ярьж, түүгээрээ омогшдог.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 6.8 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч манай улс гадаадад бонд гаргаж ам.доллар зээлсээр л байна. Хамгийн сүүлд 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гаргаж өмнөх бондуудынхаа өрийг дарлаа.
Үнэхээр л гадаад валютын нөөц нэмэгдээд байгаа юм бол гадаадаас зээл авч өрийг өөрөөр дарахын оронд хамгийн бага дүнтэй нэг гадаад зээлээ ч болтугай зээл авахгүйгээр төлж болохгүй гэж үү. Байнга зээл аваад төлөөд байгааг бодоход болдоггүй бололтой.
Үүнээс үзвэл 2023 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 6.8 тэрбумд хүрсэн ч зарцуулж болохгүй, энэ өсөлтийг зөвхөн улс төрийн PR-д л ашиглах зориулалттай ч юм шиг.
Энэ мэтчилэн улстөрчид сэтгэл цатгах сэдэв шидэж, үүнд нь ч ард түмэн түр зуур “амсхийдэг” болоод уджээ. Яг л хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг…