
Бид амьдралынхаа туршид хамгийн олон давтамжтай хийдэг үйлдэл бол амьсгалах.
Судалгаагаар хүн өдөрт дунджаар 20000–25000 удаа амьсгалдаг гэж үздэг ч, бидний ихэнх нь өөрсдийгөө зөв амьсгалж байгаа эсэхээ тэр бүр анзаардаггүй байна. Ихэвчлэн хамар битүүрч, агаар дутагдах, дотор бачимдах тэрхүү таагүй мэдрэмж төрөх агшинд л цэвэр агаараар уушгиа дүүргэж амьсгалах нь ямар үнэ цэнтэйг ухаардаг.
Гэтэл амьсгал гэдэг зүйл зөвхөн амьд явахын тулд хийдэг агаар сорж гаргах төдий үйлдэл биш юм. Зөв амьсгалах нь зүрх судас, тархины үйл ажиллагаа хийгээд нойр, сэтгэл зүйд шууд нөлөөлж, улмаар амьдралын чанарыг хүртэл тодорхойлно.
Хүн төрөлхтөн ам болон хамрын алинаар нь ч амьсгалах физиологийн боломжтой. Гэвч агаарыг зөв боловсруулж, бие махбодод оновчтой дамжуулах үндсэн эрхтэн нь хамар. Хамар бол зүгээр нэг агаар нэвтрүүлэх хөндий биш, харин гаднаас орж ирэх агаарыг шүүж, чийгшүүлж, биеийн температурт тохируулан дамжуулдаг байгалийн “шүүлтүүр” юм. Ингэж шүүгдсэн агаар амьсгалын замаар дамжин уушгины цулцангуудад хүрэхэд хийн солилцоо явагдаж, хүчилтөрөгч цусанд шингэн, нүүрсхүчлийн хий (CO2) гадагшилдаг. Нэг үгээр хамраар амьсгалах нь амьсгалын гол булчин болох өрцийг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр уушгины доод хэсэг бүрэн тэлж, цусанд хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хамар нь уушгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хөшүүрэг болдог аж.
Харин амаар амьсгалах үед энэхүү механизм алдагдаж, хүйтэн, бохир агаар шууд уушгинд нэвтэрдэг. Үүний улмаас амьсгал гүн биш, харин цээжний дээд хэсгийг хамарсан өнгөц, түргэн болж өөрчлөгддөг. Энэ нь бие махбодод “аюул тулгарлаа” гэсэн дохио өгч, зүрхийг илүү ачаалуулж, биеийг байнгын түгшүүртэй, ядарсан хэмнэлд оруулдаг аж. Ялангуяа шөнийн цагаар амаараа амьсгалж унтах нь хурхирах, нойрон дунд амьсгал тасалдах үндсэн шалтгаан болдог төдийгүй дараагийн өдрийг нь эрч хүчгүй, сульдсан байдалтай угтахад хүргэх зэрэг маш олон сөрөг нөлөөг үзүүлнэ.
Чих, хамар хоолойн эмч М.Цэндсүрэн
Нойрон дунд амьсгал бөглөрөх гэдэг нь амь насанд аюултай нөхцөл юм. Амьсгал бөглөрөлт гэдэг нь 10 секунд болон түүнээс дээш хугацаагаар чөлөөт амьсгал саатахыг хэлдэг. Нойрон дунд амьсгал бөглөрөх нь зүрх судасны өвчний халгаат хүчин зүйлийг нэмэгдүүлж артерийн даралт ихсэх, ой ухаан муудах, анхаарал төвлөрөлт сарних, ажлын чадвар буурах зэрэгт хүргэдэг.
Судалгаагаар хамраар амьсгалах нь амаар амьсгалахаас хавьгүй илүү хүчилтөрөгчийг биед шингээх нөхцөлийг бүрдүүлдэг нь тогтоогджээ. Тухайлбал, дэлхийн бестселлер болсон “Амьсгал” номын зохиолч, шинжлэх ухааны сэтгүүлч Жэймс Нестор энэхүү гайхамшгийг өөрийн биеэр баталсан тухайгаа номдоо дэлгэрэнгүй дурджээ.
Тэрээр Стэнфордын их сургуулийн судлаачидтай хамтран, өөрийн бие дээр 10 хоногийн турш зөвхөн амаараа амьсгалах “хатуу” туршилт хийсэн байна. Туршилтын явцад түүний цусны даралт огцом ихсэж, зүрхний цохилтын хэмнэл алдагдан, нойрон дунд амьсгал тасалдах (апноэ) зэрэг эрүүл мэндийн олон сөрөг өөрчлөлтүүд маш богино хугацаанд илэрчээ. Харин Нестор хамрын таглаагаа авч, эргээд хамраараа амьсгалж эхлэхэд эдгээр бүх үзүүлэлт хэдхэн хоногийн дотор хэвийн хэмжээндээ оржээ.
Энэхүү туршилт нь бидний хэрхэн амьсгалж байгаагаас хамааран бие махбодын эрүүл мэнд, дотоод тэнцвэр ямар богино хугацаанд өөрчлөгдөж болдгийг бодитоор харуулсан нэгэн жишээ болсон юм. Үүнээс гадна зөв амьсгал гэдэг зөвхөн дадал зуршлаас гадна хүний нүүрний ясны бүтэц, эрүү болон хамрын хөндийн хэлбэртэй шууд холбоотой байдаг аж.
Антропологийн судалгаагаар эртний хүмүүсийн гавлын яс нь өнөөгийн бидэнтэй харьцуулахад илүү өргөн, зөв хөгжилтэй байсан нь ажиглагджээ. Тухайлбал, тэдний шүд, эрүүний бүтэц нь гажиггүй, тэгш байрлалтай байснаас гадна хамрын хөндий нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх уужим зайтай байсан байна.
Энэхүү ялгааг судлаачдын нэг хэсэг тэдний идэж байсан хатуу хоол хүнстэй холбон тайлбарладаг бол зарим нь үүнийг тэдний амьсгалын зөв хэв маягтай шууд холбоотой гэж таамагладаг.
Гэтэл орчин үеийн хүмүүсийн хувьд зөөлөн, хэт боловсруулсан хоол хүнс хэрэглэж дадсанаас болж эрүүний булчингуудын хөгжил муудаж, улмаар эрүүний яс жижгэрэн, хойшоо шахагдсан буруу хэлбэртэй болж хөгжих эрсдэл түгээмэл бий болж буй. Үүний улмаас амьсгалын суваг шахагдаж, агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх боломж хязгаарлагдан шөнийн цагаар амаа ангайж унтах, хурхирах, улмаар бие махбодоо хүчилтөрөгчийн дутагдалд оруулах гол шалтгаан болдог байна.
Иймээс сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүмүүс “зөв амьсгалах” тухай ойлголтыг илүү судалж, энэ тал дээр эрчимтэй анхаарах болжээ.
Орчин үед хүмүүс уг буруу зуршлыг засахын тулд амны наалт (mouth tape) нааж унтах зэргээр эрүүл мэнддээ онцгойлон анхаарч эхэлсэн. Түүнчлэн, мэргэжлийн хүмүүсээр амьсгалын дасгал заалгаж, яг л иог, фитнесийн тамирчин шиг зөв амьсгалахад дэлхий нийтээрээ анхаарч, зөв амьсгалах техникт суралцаж буй. Сонирхолтой жишээ дурдахад, Британийн дуурийн театрын дуучид астма болон “Long Covid”-той хүмүүст амьсгалаа хэрхэн зөв удирдах, “Box Breathing” техникийг хөгжмөөр дамжуулан зааж, эмчилгээний нэгэн хэлбэрийг нэвтрүүлж байна. Үүнээс гадна “амьсгалагч” гэх шинэ нэршил бий болж хүмүүс мэргэжлийн тамирчид адил амьсгалыг яг л булчин шиг дасгалжуулдаг болоод буй. Тэд амьсгалаа зөв удирдаж, амьдралын чанараа сайжруулахын тулд дараах аргуудыг хэрэгжүүлдэг аж. Үүнд,
Хамраараа
амьсгалж хэвших:
Өдөр тутамдаа амаараа бус, зөвхөн
хамраараа амьсгалахыг өөртөө сануулах замаар зөв дадлыг бий болгодог. Ингэснээр
хамар агаарыг боловсруулах үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэх боломжтой болно.
“Box
Breathing” буюу хайрцагласан амьсгал:
4 секунд амьсгал
авах, 4 секунд түгжих, 4 секунд гаргах, 4 секунд түгжих. Энэхүү дөрвөлжин
хэмнэлээр дасгал хийх нь мэдрэлийн системийг агшин зуурт амрааж, тархийг
хүчилтөрөгчөөр бүрэн тэтгэдэг.
Амны
наалт (Mouth tape):
Шөнө унтахдаа амаараа амьсгалдаг
бол зориулалтын наалт ашиглаж, хамрын амьсгалыг идэвхжүүлэх нь нойрны чанарыг
эрс сайжруулдаг болох нь олон судалгаагаар нотлогдсон. Энэ нь өглөөг ядарсан
бус эрч хүчтэй угтах хамгийн хялбар арга аж.
Өрцөөрөө
амьсгалах:
Цээж бус, хэвлийн хэсгээрээ гүн амьсгал авч
сурах нь хүчилтөрөгчийн шингээлтийг дээд цэгт нь хүргэдэг. Өрц идэвхтэй
ажилласнаар уушгины багтаамж нэмэгдэж, биеийн тэсвэр хатуужил дээшилдэг байна.
Эцэст нь, зөв амьсгалж сурна гэдэг бол ямар нэгэн үнэтэй эм тарианаас илүүтэйгээр өөрийнхөө дотоод нөөц бололцоог ашиглан эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Ийм ч учраас дэлхий нийтээрээ өдөр бүр давтдаг ухамсаргүй зуршлаа ухамсартайгаар засаж, эрүүлжихийг эрхэмлэх болжээ.