Урь орж, улирал солигдон, сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэллээ. Уг нь уртын амралт бол биеэ чийрэгжүүлж, дархлаагаа дэмжин, өөрийгөө хөгжүүлж, хичээлийн хоцрогдлоо нөхөх гээд хамгийн чухал, хэрэгтэй цаг хугацаа. Боломж. Гэвч монгол хүүхдүүдийн, ялангуяа нийслэлийн багачуудын хувьд зуны амралт цоожтой хаалганы цаана эрсдэлтэй хамт үлддэг “гунигтай” үе байдаг. Сургууль цэцэрлэг амармагц хүүхдээ хөдөө явуулах боломжгүй, өөрсдөө гэртээ суугаад харах бололцоогүй эцэг, эхчүүд ах, эгчид нь дүүг нь даатгаад, хөргөгчинд нь идэж, уух ойр зуурыг зэхээд цоожилж үлдээх нь түгээмэл. Эндээс эрсдэл эхэлдэг. Түлэгдэх, өндрөөс унах, гар хөлөө бэртээх, шил, цонх хагалах гэхчлэн дурдаад дуусахгүй олон аюул тэднийг отож байна. Эдгээрээс гадна дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргийн хохирогч болох гэхчлэн чимээгүй аюул ч алгасахгүй отно. Түүнчлэн аав, ээжийн хараа хяналтгүй хөдөө орон нутаг руу явуулах ч олон аюул дагуулна. Эдгээрээс гадна асран хамгаалагч нь өөрсдөө дагаад гол ус бараадаж, аялах зугаалах нь ч багачуудын хувьд эрсдэлд дөтлөх нэг хэлбэг.  Тиймээс хүүхдүүдийн хичээл, сургууль амарсан үед эцэг, эх, асран хамгаалагч нар хараа, хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг гойд анхаарах нэн шаардлагатай. 

Үүнийг албаныхан ч анхааруулдаг. ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Анура "Ахуйн осол гэмтэлд долоо хүртэлх насны хүүхдүүд маш ихээр өртөж байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харах хүнгүй гэх шалтгаанаар ганц, хоёрхон насны зөрүүтэй, адилхан хүүхдэд даатгаж үлдээдэг, улмаар хүүхдийн анхаарал сарнисан хоромхон хугацаанд дүү нь бэртэж, гэмтэж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох тохиолдол бүртгэгддэг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг хүүхдээр харуулахаас зайлсхийж, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхад онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүүхэд гол мөрний усанд живэх дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газар, эмнэлэг, цагдаагийн байгууллагад ирсээр байгаа. Тиймээс гэр бүлээрээ гол устай газар очсон тохиолдолд хүүхдээсээ хараа хяналт салгахгүй байх шаардлагатай" гэжээ.

Албаныхан ийн анхааруулж байгаагаас гадна тоо, статистик ч дээрхийг нотолно. Тухайлбал, улсын хэмжээнд 2024 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.0 ногдож байна. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 460 тохиолдол буюу 57.9 хувь нь эрэгтэй, 334 тохиолдол буюу 42.1 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

Түүнчлэн 2024 оны эхний таван сарын байдлаа ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байжээ. Тэдгээрийн олонх нь сурагчдын амралтаар гэмтэж бэртсэн байна. Тухайлбал, өнгөрсөн өвлийн амралтын үеэр тус төвийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-450 үйлчлүүлжээ. Тэдгээрийн олонх нь хүүхэд байсан бөгөөд Ерөнхий боловсролын сургууль амарсан үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг тухайн үед ГССҮТ-өөс мэдээлж байв.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг хүүхдээр харуулах нь өөр гарцгүй шийдэл мэт санагддаг. Гэвч энэ "түр" шийдэл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, бүр амь насанд нь ч ноцтой аюул учруулж болзошгүйг дээрх баримтууд тодорхой харуулж байна. Нөгөөтэйгүүр, аав, ээжүүд өөрсдийн хүлээх учиртай үүрэг, хариуцлагыг биеэ дааж эхэлж байгаа ах, эгчид нь үүрүүлэх нь тэднийг сэтгэл зүй, зан төлөв цаашлаад ирээдүйд нь ч сөрөг нөлөөтэй. 

Тиймээс хүүхдээ амралтаар нь амрааж, өөрсдөө үүргээ ухамсарлах нь зүй.