
“Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэж Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Зундуйн Дорж хэлсэн байдаг.
Гэтэл Монгол Улсын дархан хил шатаж, тусгаар тогтнолын дархлаа болсон эх хэл сэглэгдэж, нүүдэлчдийн өв соёл болсон мал сүрэг өвчнөөр хорогдсоор байна. Энэ бүхэн нь улс орныхоо үнэ цэнийг хайрлах, хамгаалах хүнгүй болж байгаагийн илрэл гэлтэй. Хил манах хүн алга, манаж байгаад нь эх орноо хайрлах сэтгэл алга.
Улсынхаа дархан хилийг манахаар цэргийн алба хааж буй залуус цаг бусаар амиа алдах явдал хэвийн үзэгдэл болсон. Жилд хамгийн багадаа нэг цэргийн албан хаагч амиа алддаг боллоо. Гэвч үүнтэй холбогдуулан арга хэмжээ авах, дахиж ийм зүйл гаргахгүй байх ажил хийдэггүй. Хариуцлага хүлээх албан тушаалтан олддоггүй. Өнгөрсөн хавар УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахыг шаардсан ч Ерөнхий сайд Н.Учрал гүрийсээр өнөөг хүрлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл
Хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол хэвийн үзэгдэл мэт болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ ноцтой хохирч, 46 цэргийн алба хаагч амь насаа алдсан байна. Гэвч энэ асуудалтай холбоотойгоор улс төрийн болон салбарын түвшинд хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Ийнхүү улсынхаа дархан хилийг манах, улс орноо хамгаалах ирээдүйн эзэд болсон залуус цэрэгт яваад гэртээ буцаж ирсэнгүй. Үүний нөлөөгөөр эцэг, эхчүүд хүүгээ цэргийн албанд явуулахаас татгалзах болов.
Хилээ манаж байгаа эрс нь эх орноо хайрласангүй. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Нөмрөгийн дархан цаазат газарт дур зоргоор нь нэвтрүүлсэн хүмүүсээс болж тусгаар тогтносон Монгол Улсын хилийн зурвас түймрийн голомт болж, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь шатав. Түймэр тавьсан хэргийн эздийн улсынх нь нийслэл Токио хотын газар нутгаас хоёр дахин том гэхээр ямар хэмжээний түймэр дэгдсэн нь ойлгогдоно. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Тэнд байсан ховор ан амьтад үхэж үрэгдэж, үлдсэн хэд нь урд хөрш руу буцаж ирэхгүйгээр амь зулбан зугтлаа.
“Люмино” хамтлагийн гишүүн Д.Тэмүүжин (МС)
Нөмрөгийн дархан газарт би хоёр удаа жуулчны шугамаар очиж байсан. Хил хамгаалахаас зөвшөөрлөө эхлээд авдаг. Тэгээд Халх гол сумын хилийн отрядаас бас дахиад зөвшөөрөл аваад Нөмрөгийн 0120-р ангид очиход “Яндангийн хажуу руу өвс орно шүү, тэгж ав, ингэж ав” гэж заавар зөвөлгөөг өгч, байлдагч нарыг дагалдуулан явуулдаг. Манай хилийн заставуудаас хамгийн сайн ажилладаг нь Нөмрөгийн дархан цаазат газрынх гэж бодож явдаг. Энэ удаад яагаад ийм алдаа гаргав. Мэдэхгүй хүмүүст төсөөлөл өгөхөд, өвдөг давсан өндөр өвсөөр хучигдсан хэдэн зуун Сүхбаатарын талбай шиг газар нутаг гэж ойлго. Гал алдах өндөр эрсдэлтэй гээд сүрхий заавар зөвлөгөөг өгдөг газар байсан даа. Маш их харамсаж байна.
Хүссэн хүн болгон дур зоргоороо нэвтрээд байдаггүй, нэвтэрсэн ч тодорхой дүрэм журам мөрддөг дархан цаазат газарт яагаад ийм зүйл болсон нь анхаарал татаж байна. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан гээд тодруулах, шалгах шаардлагатай олон асуудал бий. Эхний ээлжид Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцож, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсийг ажлаас нь чөлөөлөхөөр болов. Хариуцлагагүй хүмүүс тэднээр дуусахгүй. Хамгаалах ёстой дархан хилээ галдан шатаалгуулсан тэднээс гадна улсаасаа буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх үүрэгтэй хил хамгаалах, цэрэг цагдаагийн албан хаагчдын хариуцлагагүйгээс болж хил манах хөвгүүд, ирээдүйд ээж болох охид хар тахалд өртсөөр байна.
Манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч улс байсан бол хэрэглэгч статустай болоод арав гаруй жил болж байгаа. Үүнд хилээ манаж чадаагүй албан хаагчдын буруу их. Хар тамхины хэрэглэгч байсан залуу саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн үед дрон ашиглаж хар тамхийг хилээр оруулж ирдэг болсон. Галт тэргээр зорчиж байгаа бүх хүнийг шалгахгүй учраас ачаа тээшинд нууж оруулж ирдэг. Оросууд манай залуучуудаар оруулж ирсэн хар тамхиа савлуулж энд тэнд булуулах, эсвэл хилээр оруулж ирэхийг санал болгодог. Хилээр оруулж ирж байгаа хар тамхины арван тохиолдлын хоёрыг нь л цагдаа нар илрүүлдэг” гэв. Үүнээс үзвэл манай улсын хил гаалийг манадаг хүн гэж алга. Хэн дуртай нь хүссэн зүйлээ нааш цааш нь зөөж байна. Бүр амьд амьтан, ямааг унтуулж хайрцаг саванд хийгээд хилээр орууж ирсэн хэрэг гарсан. Хамгийн ноцтой нь үүнээс болж ямааны годрон өвчин гарсан гэж үзэж байгаа юм. Энэ хэргийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа.
Хилээ манах үүрэгтэй хүмүүс үүргээ сайн биелүүлж чадаагүйн улмаас ямааны годрон өвчин гарч эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа годрон өвчний улмаас ямаагаа устгалд оруулсан айл өрхүүдэд нөхөн олговор олгох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Хөвсгөл, Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг сумын 58 малчин өрхийн устгасан 26840 ямааны нөхөн олговорт нийт 5.3 тэрбум төгрөг олгохоор болов. Нэмээд ямааны годрон өвчний эсрэг вакцин худалдаж авна. Хэрэв хил манах хөвгүүдтэй, манаж байгаа нь эх орноо хайрлах сэтгэлтэй байсан бол эдийн засгаараа ингэж хохирохгүй байлаа.
Хил, хэл, мал гуравтайгаа байхад монголчууд баян ч хилээ манаж чадаагүйн улмаас малаа хоргодуулсаар байна. Бид малтайгаа байхад өлсөхгүй, бас үгүйрэхгүй. Нүүдлийн өв соёлоо тээн яваа малчид баянаас баян байх боломжтой. Малынхаа буяныг ходоодоо цатгах хэмжээнд хүртэх бус хөгжилд хөтлөх хэмжээнд ашиглах үйлдвэрлэл бий болгох нь Засгийн газрын үүрэг. Гэтэл малаа эрүүл байлгах анхан шатны зорилтоо хэрэгжүүлж чадахгүй, бүр сүүлдээ хилээр өвчтэй мал оруулж улсаа хорлодог боллоо.
Хилээ манаж чадаагүйн улмаас хэн дуртай нь хүссэн бүхнээ оруулж ирэхээс гадна гэмтнүүд гадагш зугтсаар байна. Гэм буруутай нь тогтоогдсон, шалгагдаж байгаа гэмтнүүдэд хилийн хориг тавиагүйн улмаас бушуухан гараад зугтчихна. Зугтаж гараад улс орноо дэлхий дахинд сөрөг байдлаар сурталчилдаг, төр, хууль шүүхийн байгууллагаа тавлан басамжлаад суудаг болов. Энэ бүхнээс үзвэл манай улсад хилээ манадаг, улсаа хайрладаг хүн алга. Тусгаар тогтносон Монгол Улсад хэн дуртай нь орж гарч, хүссэн бүхнээ нааш цааш нь зөөж, тонон дээрэмдэж, дархан газар нь таахалзаж суудаг болав. Хил манах хүн алга. Манаж байгаа удирдлагууд нь мануухайнаас ялгаа алга.