
“Хүн биш цэрэг л байна” гэж уг нь онигоо. Гэвч сүүлийн үед энэ үг онигоо бус бодит амьдралыг илтгэдэг боллоо. Учир нь, цэргүүдийг хүн гэж тоохоо болив. Тэд алга болж л байдаг, амиа алдаж л байдаг гэх ойлголт нийгэмд алгуухнаар байр сууриа эзэлж байна. Цэргийн албан хаагч, эрдэнэт хүний амь эрсэдсэн тухай мэдээнд цочрохоо байжээ. Хамгийн сүүлд, энэ сарын 19-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гарлаа. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 22-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг боомилж нас барсан хэрэг гарсан. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас сэтгүүлчид тодруулахад “Манай зэвсэгт хүчний анги салбарт тийм зүйл боллоо гэсэн мэдээлэл алга. Хилийн цэргийн анги салбарт үүрэг гүйцэтгэж байсан цэрэгт тохиолдсон зүйл гэж ойлгосон. Та нартай л адилхан мэдээлэлтэй байна. Үүнийг хариуцах газар нь ХЗДХЯ. Та хэд ялгаа заагыг нь олж, мэдэж байж асуух хэрэгтэй” хэмээн сэтгүүлчдийг загнасан бол ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Цэргийн албан хаагч амиа алдсан тухай мэдээлэл ирсэн. Хил хамгаалах ерөнхий газар мэдээлэл өгнө” гэж хэлээд зугтсан. Тэд эмгэнэл илэрхийлдэггүй юм аа гэхэд “Харамсалтай байна” ч гэж хэлээгүй. Д.Батлут сайд энэ удаад мэдэгдэл нэртэй эмгэнэл олон нийтийг улам бухимдуулав. Сайд нарын хандлага ийм байгаа нь үнэхээр гутармаар. Ийм байсаар л байвал тэд өөрсдөө удахгүй жинхэнэ утгаараа “Хүн биш сайд л байна” гэсэн үнэлэмжтэй болно.
Сар бүр л цэргийн ангиудад хүний эрх зөрчигдсөн, эрсдэл үүссэн, амь нас эрсэдсэн асуудал гардаг боллоо. Энэ сард Баянхонгор аймагт, өнгөрсөн сард Төв аймгийн Мөнгөнморьт суманд цэргийн албан хаагч амиа алдахаас сарын өмнө Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангийн алба хаагч мотоцикльтой малд яваад сураггүй болсон хэрэг гарсан. Азаар дөрөв хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Мөн үүнээс өмнө дотоодын цэргийн 05 дугаар ангид сарын зайтай хоёр асуудал үүссэн. Эхнийх нь цэргүүд нэгнээ зодсон хэрэг гарсан. Дараа нь мөн л цэргүүд нэгнээ зодож, гэмтэл авсан байлдагч эмнэлэгт хүргэгдсэн. Энэ мэтээр цэргийн ангиудад хүний эрх зөрчигдсөөр байна. Тэр болгонд цэргийн байгууллагын удирдлага, Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх, албан тушаалаасаа огцрохыг олон нийтийн зүгээс шаарддаг. Гэвч сайд, дарга нар нь ийнхүү хариуцлага ярихаар “Улстөржиж байна” гэж ойлгож хүлээж авдаг. Тийм ч учраас одоогоор цэргийн ангид хүний эрхийн зөрчил үүссэн, цэргийн албан хаагч амиа алдсанаас болж сайд огцорсон түүх үгүй. Хариуцлага хүлээх нь байтугай харин ч бүр асуудлыг өөрсдөөсөө холдуулах, өөр шалтгаантай хэмээн тайлбарлах оролдлого хийдэг. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Д.Батлут саяхан хүн итгэмээргүй тайлбар хийсэн юм.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Амьдралынх нь хэв маяг, хэрэглээнээс нь болоод цэргүүд жаахан ачаалал авахаар давсаг, гуя, бэлэг эрхтэн хавиар нь хавддаг байдал цэргийн анги бүрд нийтлэг тохиолдож байна. Энэ нь хүүхэд байхдаа стандарт бус живх хэрэглэснээс болох зэрэг олон шалтгаантай. Ийм цэргүүдэд цэргийн ангийн эмч нар эмчилгээ хийгээд шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлж байна. Тэнд эмчлүүлээд цэргийн албандаа буцаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ийм тохиолдол нэлээд хэд гарсан. Бүгд эмчлэгдсэн. Эрүүл мэндийн шалтгаан нь үнэхээр хүнд байгаа нөхцөлд цэргээс халдаг. Гэхдээ яг энэ шалтгаанаар цэргээс халагдсан тохиолдол гараагүй.
Д.Батлут сайд стандарт бус живх гэж ямар живхийг хэлж байгааг мэдэхгүй. Уг нь монголчууд хүүхдэдээ олон улсын стандарт бүхий живх хэрэглүүлээд удаж байгаа. Одоо цэргийн албанд очиж буй хүүхдүүд бүгд л олон улсын стандарт бүхий живхний хэрэглэгчид. Гэтэл ачаалал авахаараа л давсаг, гуя, бэлэг эрхтэн хавиар нь хавдаад байна гэнэ. Энэ нь бүр бүх цэргийн ангид нийтлэг үзэгдэл болж байгаа гэдгийг Д.Батлут сайд онцоллоо. Тамирчдаас эхлээд цэргүүд шиг, цэргүүдээс ч их ачаалал авдаг ажил мэргэжлүүд бий. Гэвч тэр хүмүүсээс ийм зүйл сонсож байсангүй. Эсвэл оношилж чадахгүй байсан өвчлөлийг нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут оношлоод өгч байгаа нь энэ үү? Ямар боловч цэргийн ангиудад сар дараалан гарсаар байгаа асуудлыг шийдвэрлэхээр лут ажиллаж байгаа гэдгээ Д.Батлут сайд хэлсэн. Тэрээр “Үүрэг гүйцэтгэх хуваарьт нь өөрчлөлт оруулж байна. Хагас, бүтэн сайнд өөрсдийнхөө дуртай цагтаа босож, хоббиныхоо дагуу урлаг соёлын болон спортын арга хэмжээ зохион байгуулах боломжийг нь нээж өгсөн. Камерын хяналтыг сайжруулж байна. Явуулын сэтгэл зүйн баг ажиллуулж байгаа” гэв.
Цэргийн ангиудад гарч буй зүй бус асуудлууд олон хүний санааг зовоодог. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Эрүүдэн шүүхтэй холбогдуулан ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Удахгүй төслөө өргөн барина. Энэ хууль батлагдсан тохиолдолд цэргийн ангиудад гарч байгаа гэмт хэрэг, нас баралт байхгүй болно гэж харж байгаа. Цэргийн ангиуд ХЭҮК-ын тухай хуульд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад байдаггүй учраас ийм хэргүүд гарч байгаа. Тиймээс ХЭҮК-оос урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад цэргийн ангиудыг оруулахаар хуулийн төслөө боловсруулсан.
ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу тус комисс дараах газруудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг байна.
- Хорих байгууллага,
- Цагдан хорих анги,
- Түр
болон албадан саатуулах газар,
- Сэтгэцийн эрүүл мэндийн төв,
- Хүүхдийн, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар,
- Сургуулийн дотуур байр,
-
Албадан эмчилгээний байр,
- Дүрвэгсдийн байр,
- Цэргийн сахилгын байр,
- Хилийн
шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байр.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн боловсруулсан хуулийн төсөл батлагдвал ХЭҮК дээрх газруудаас гадна цэргийн ангиудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг болох нь.