Урьд нь бид хоёр цаг гаруй үргэлжлэх кино, жүжгийг хором сатаарахгүй шимтэж үздэг, лут зузаан боть номын мөр, догол бүрийг “хүлхэж” уншдаг байв.
Харин цаг хувьсаж, хүмүүсийн хараа, бодол, сонор, анхаарлыг татах элдэв эд хэрэгсэл нэмэгдэх хэрээр их хугацаа шаардах зүйлсээс нийтээрээ цааргалах болжээ. Энэ хэрээр бүтээлүүд ч чанараас гадна цаг хугацаа гэх чухал цензурт нийцэх шаардлагатай тулгарав. Улмаар хүмүүсийг залхаахгүй, анхаарлыг нь алдахгүй байхад уран бүтээлчид ч төвлөрч эхэлсэн юм. Энэ сиймхий, тэр өөрчлөлтөд нийцүүлэн цэцэглэж буй нэг сонирхолтой контент бол micro drama буюу бичил кино юм. Нэг анги нь 1-5 минутын хугацаанд үргэлжлэх тус бүтээлүүд сонирхолтой үйл явдал, хурдан эргэлтээрээ хүмүүсийг татаж, дэлхий даяар сая, сая үзэгчийг байлдан дагуулаад байна. Эхэндээ кино урлагийн салбарынхан энэ төрлийн контентыг уламжлалт кино, нэвтрүүлэг, шоутай эн зэрэгцэхгүй, ашгийн төлөө, мэргэжлийн бус зэргээр шүүмжилж, судлагдахууны хэмжээнд авч хэлэлцэхгүй байв. Харин сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээлүүд салбар, талбарт нь өөрчлөлт оруулж мэдэх хэмжээнд хүрч байгааг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Шинэ үеийн савангийн дуурь гэж нэрлэгдээд буй бичил драма нь БНХАУ-аас гаралтай. Нэг хэсэг нь 60-120 секунд үргэлжлэх, 50-100 ангитай богино контент 2018 оноос тус улсын нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн байна. Эхэндээ олныг хамарч, хүмүүсийн анхааралд тэр бүр орохгүй байсан ч цар тахал, хөл хорионы нөлөөгөөр хүрээгээ улам тэлжээ. Мicro drama гэх нэршил ч эндээс эхтэй. Сүүлдээ энэ төрлийн контент үйлдвэрлэдэг тусгай платформууд бий болж, бүтээгчид сая, сая ам.долларын ашиг хүртэх болов. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Reelshort”, “DramaBox”, “Goodshort” тэргүүтэй апп-уудыг жил бүр олон сая хэрэглэгч гар утсандаа татсаар байгаа юм. БНХАУ-ын бичил драмын орлого 2021 онд 500 сая ам.доллар байсан бол гурван жилийн дараа долоон тэрбум ам.доллар давсан байна. Харин өнгөрсөн оны байдлаар 10 гаруй тэрбум ам.долларын орлогод хүрсэн гэдгийг тус улсын хэвлэлүүд мэдээлээд буй. Ингэснээр бичил драмын орлого нь тус улсын кино театрын орлогоос давжээ. Энэ тоо 2030 он гэхэд 16.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Хамгийн сонирхолтой нь, энэ төрлийн контентыг 830 сая гаруй хүн үздэг бөгөөд тэдний 60 гаруй хувь нь үргэлжлүүлж үзэхийн тулд төлбөр төлдөг аж. Нэг бүтэн цуврал 90-180 минут үргэлжилдэг нь ойролцоогоор 1-2 уран сайхны кинотой дүйх хугацаа.
Хүмүүс уран сайхны киног тэр бүр тасралтгүй үздэггүй ч богино киног мөнгө төлөөд, шимтэж үздэг төдийгүй нэг удаадаа дунджаар 40-50 минутыг зарцуулдаг аж.
БНХАУ-ын бичил кино бүтээгчид контентоо дэлхийн зах зээлд гаргаж чадсан. Түүгээр ч зогсохгүй хэд, хэдэн орны уран бүтээлчид ижил төрлийн бүтээл үйлдвэрлэж, хүргэсээр байгаа нь нөлөөллөө халаа болгож дөнгөсний нотолгоо. Хятадаас гаднах дэлхийн бичил драмын зах зээл 2024 онд 1.4 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд 2030 он гэхэд 9.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг “Statisa” тэргүүтэй судалгааны байгууллагууд онцолж буй.

Хайр дурлал, гүйцэтгэх захирлын түүх, өшөө авалт, хойд ээж, дагавар охины үл ойлголцол, хадмуудын ээдрээтэй харилцаа зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд өрнөх бичил уран бүтээлүүд нь үйлдвэрлэлийн зардал бага, хүмүүст хүргэх, түгээх боломж арвин, өртөг хямд зэрэг олон онцлогтой. Тэгсэн хэр нь ашиг, орлого нь уламжлалт кино урлагийг ч давж мэдэх хэмжээнд хүрсний улмаас мэргэжлийн, чадварлаг найруулагч, зохиолч, кино жүжигчид байраа сэлгэж, бичил контент үйлдвэрлэл рүү орох болжээ. Ийнхүү эхэндээ кино урлагийн салбарт хараахан хөл тавьж, байр сууриа олж амжаагүй мянга, мянган жүжигчин, зохиолч, найруулагчдад ажил, орлоготой байх боломж олгож, өөрийгөө хөгжүүлэх бололцоогоор хангаж байсан зах зээл одоо шинэ төгсөгч, туршлагагүй уран бүтээлчдээр хязгаарлагдахаа больсон байна. Энэ нь бүрэн хэмжээний кино, уран бүтээл дээр ажилласнаас бага ачаалалтай, өндөр цалинтай байдагтай холбоотой аж. Бичил драмыг уламжлалт кино урлагийн салбарыг сүйтгэж байна гэж шүүмжлэх уран бүтээлч, мэргэжилтнүүд олон. Учир нь, чанарт бус хэрэглээнд тулгуурлаж бүтээдэг нь уран бүтээлийн гүн, утга санаа, дүрийн хөгжил тэргүүтэй урлагийн өндөр цензуртэй зөрчилдөж буй.

Бичил драма үзэгчдийг хуйлруулж байгаад олон шалтгаан бий. Нэгдүгээрт, хүмүүсийн нэг зүйлд анхаарах хугацаа жил ирэх тусам богиноссоор буй. Дунджаар хэрэглэгч нэг зүйлд 8-12 секунд анхаарч байгаа бөгөөд энэ хугацаанд үзэгчдийг тогтоож чадвал цаг хугацаа, анхаарлаа тухайн зүйлд төвлөрүүлэх магадлал өндөр аж. Богино драма яг энэ ойлголт дээр тоглолт хийдэг. Контент эхлэх цөөн хоромд хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь тасалж харуулах байдлаар хэрэглэгчийг татна. Улмаар эхний 5 орчим ангийг төлбөр төлөхгүй үзүүлж, төгсгөл хэсэгт нь хамгийн сонирхолтой өрнөлийг шигтгэдэг. Дараа нь үргэлжлүүлж үзэхийг хүссэн хүнээс багахан мөнгө шаардана. Мөн нэг анги нь урт хугацаанд, тасралтгүй үргэлжилдэггүй, 9:16 харьцаатай босоо байдлаар цацагддаг зэрэг нь ч хэрэглэгчийн анхаарлыг барих чухал “түлхүүр” аж. Нэн сонирхолтой нь, энэ төрлийн контент хүний тархинд богино хугацааны хүчтэй допамин ялгаруулснаар донтолт үүсгэдэг байна. Анги бүрийн төгсгөлд үлдэж буй сэтгэл хөдлөл нь дараагийн ангийг үзэх сэдэл болдог бөгөөд үзсэний дараах мэдрэмж нь допаминд хөтөлнө. Энэ байдал дахин, дахин үргэлжилж зан үйлийн давтамж болж цаашлаад донтолт үүсдэг байна. Эндээс бичил драм нь зөвхөн контент биш хүмүүсийн анхаарлыг аргамжиж, мөнгө болгодог бүхэл бүтэн систем гэдгийг харж болохоор байна.