Өнөөдөр Монголд болохгүй, бүтэхгүй олон асуудал бий. Энэ бүхий шалтгааныг хайвал явсаар ядуурал дээр очиж зогсоно.

Улс төрд, өрх бүрд өрнөж байгаа бүх хэрүүлийн шалтгаан нь ядуурал. Хэрэв ядуугийн зовлонгүй баян улс байсан бол өнөөдөр бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх нь зөв, буруу гэж хэрэлдэхгүй, эмч, багш нар цалингаа нэмүүлэх гэж жагсахгүй, айл өрх бүрийн орлого нь хүрч хангалуун сайхан амьдарч өрх гэр бүл бүр амар тайван амьдрах байлаа. Ер нь болохгүй, бүтэхгүй, муу бүхний шалтгаан нь ядуурал. Улстөрчид болон эхнэр, нөхрийн хэрүүлээс гадна олон асуудал ядуурлыг илэрхийлж байдаг. Хулгай, залилан, хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, өвчлөл, амиа хорлолт, мөрийтэй тоглоом, чанаргүй боловсрол гээд олон бэрхшээл, зовлон нь ядуурлаас л үүдэлтэй. Арай л ядуурлаас болж өлсгөлөн нүүрлэсэнгүй. Гэхдээ гэр хорооллын захаар байгаа задгай, хашаагүй айлуудад гэдэс нь хонхолзсон олон хүүхэд бий. Томчууд нь ч ялгаагүй. Ийм айлын хүүхдүүд зөвхөн үдийн цай уухын төлөө хичээлдээ явдаг гэсэн яриа бий.

Эдийн засаг муудаж, иргэдийн орлого багасахаар халаасны хулгай нэмэгддэг гэдэг статистик хэдэн жилийн өмнө байдаг байлаа. Одоо бол хүмүүс халаасандаа бэлэн мөнгөтэй явахаа больж, гар утсыг нь хулгайлсан ч ашиглах боломжгүй, баригдах эрсдэлтэй учир халаасны хулгай гэх ойлголт байхаа больсон. Харин үүний оронд залилах гэмт хэрэг газар авч байна. Иргэдийг бүхий төрөл, хэлбэрээр залилдаг болсон. Энэ нь мөн л эдийн засаг, иргэдийн орлоготой шууд хамааралтай. Орлого нь хангалттай хүрэлцдэг, хангалуун амьдралтай хэн ч бусдыг залилж өөрийгөө эрсдэлд оруулж, гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй.

Дутагдаж гачигдаж байгаа учраас л амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэж байгаа. Мөрийтэй тоглоом мөн ялгаагүй. Их мөнгө олох гэсэн орлого багатай хүмүүсийн л сонголт. Монголд Улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглохыг хуулиар хориглосон ч далд хэлбэрээр тоглосоор л байгаа. Мөрийтэй тоглоомыг хориглосон нь сайн ч энэ нь залилах гэмт хэргийг нэг төрлөөр нэмэгдүүлсэн байна. Мөрийтэй тоглоом нууцаар тоглохыг хүссэн хүмүүсийн хүсэл дээр нь дөрөөлж “1XBET-ийн дансыг нь цэнэглэж өгнө” хэмээн залилах гэмт хэргийн төрөл зүйл нэмэгджээ. Ийм гэмт хэргийн золиос болсон хүн өөрөө цагдаад хандах боломжгүй. Хэрэв хандвал өөрөө хууль зөрчиж мөрийтэй тоглох гэж байсан гэмт хэрэгт буруутгагдана. Тиймээс залилагчид үүнийг ашиглах болжээ. Ийнхүү иргэд нь өөрөөсөө болон нийгмээс шалтгаалсан ядууралд автаж, бүхий л шинж тэмдгээр өдөр тутамдаа ядуу гэдгээ мэдэрч байхад дарга нар амьдрал үргэлж сайхан байсан, сайхан байгаа мэт авирладаг.

Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр

Манай дарга нарын сошиалд тавьдаг рийл шиг бүх зүйл сайхан биш байна.

С.Анхбаяр даргын хэлж байгаа үнэхээр үнэн. Амьдрал дарга нарын рийл шиг өнгөлөг бөгөөд хөгжимлөг биш. Гэвч тэд ард иргэдийнхээ амьдралд бус рийлэндээ л анхаарлаа хандуулсаар. Бүр дарга болгон дэргэдээ рийлчин хэмээх орон тооны ажилтантай болов. Харамсалтай нь рийл (reel), бодит байдал (reаl) хоёр дэндүү хол зөрүүтэй байна. Төр засгийг ээлж дараалан удирдаж ирсэн улс төрийн намуудын иргэддээ өгсөөр ирсэн амлалт нь улсаа хөгжүүлж, ард иргэдээ хангалуун сайхан амьдруулах. Гэвч ажил, амлалт хоёр нь хоорондоо алд дэлэм зөрж, өөрсдөө л зөөлөн сэнтийдээ шигдэж сайхан амьдрах, ашиг хонжоо олохыг хүсдэг нь сүүлийн өдрүүдэд улам бүр тод харагдаж байна. Ийм л учраас ядуурал сүүлийн 30 жил 30 хувиас гуравхан хувиар л буурлаа. Хамгийн сүүлийн судалгаагаар ядуурал 27.1 хувьтай байна. 30 хувийн ядуурлыг бууруулахад 30 жил хангалттай байсангүй. Гэтэл манайхтай ижил гараанаас гарсан, бүр хүндхэн нөхцөлд байсан улс орнууд эдийн засгаа улам тэлж, ядуурлаа бууруулсаар л байна.

Доктор М.Найданхүү

Вьетнам улс АНУ-д 140 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлогч улс болсон. Хагас зуун жил гаруйн өмнө хоорондоо байлдаж байсан орнууд эдийн засгийн ийм том дэвшил хийж чадсан. Нэгэн жарны өмнө вьетнам хүмүүс дэлхийн хамгийн улны үндэстэн байлаа. Бид яагаад дутаад байна вэ. Бид Вьетнам улсаас хүн амын хувьд 30 дахин цөөн. Газар нутгийн хувьд дэлхийд 18-д ордог. 70 гаран сая малтай, 110 сая га бэлчээртэй, 1.3 сая га тариалангийн талбайтай. Гол ус, ой модны нөөцтэй орон. Төрөөс нэг сая хүрэхгүй иргэдийнхээ цалин, тэтгэврийг 1000 ам.долларт хүргэх реформ хийх хэрэгтэй. Эдийн засгаа 20-30 тэрбум ам.долларт хүргэж тэлэх бодлого баримтлахгүй байна. Баян байж ядуу амьдардаг бодлогоосоо зоригтой салах цаг ирсэн.

Монгол Улс баяжих, хөрөнгө боломжтой чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжиж, дэлхийн олон оронтой худалдаа наймаа хийж байгаа ч ядуурлаа ямх хэмжээгээр л буурууллаа. Гэтэл 2030 он гэхэд ядуурлаа арилгах үүргийг НҮБ-ын өмнө хүлээчихсэн байдаг. Тодруулбал, 2015 онд НҮБ-аас зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Дэлхийн хамтын нийгэмлэгээс дээрх хөтөлбөрт нэр зааж манай улсад анхааруулж, хугацаатай даалгавар болгож өгсөн асуудал бол ядуурлаа арилгах. Манай улс НҮБ-ын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой.

Тавхан жилийн дараа тайлангаа тавина. НҮБ-ын өмнө нэгэнт биелүүлэх боломжгүй үүрэг хүлээснээс гадна “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтээ 2030 он гэхэд ядуурлыг 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт ч биеллээ олно гэдэгт итгэхэд бэрх. Харин иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй ч ядуурлыг хэрхэн хэмжих аргачлалаа өөрчилж бууруулсан дүр эсгэхийг үгүйсгэхгүй. Аргачлалаа өөрчлөх ажил ч эхэлчихсэн яваа юм билээ. Тодруулбал, Монгол Улс өөрийн Үндэсний олон хэмжээст ядуурлын индексийг боловсруулж эхэлжээ. Энэхүү индексийг боловсруулан хэрэгжүүлж эхэлснээр зөвхөн “Хэн ядуу вэ” гэдгийг бус, “Ямар шалтгаанаар ядуу байна вэ” гэдгийг тодорхойлох чухал хэрэгсэл болно гэж үзжээ. Олон хэмжээст ядуурлын индексийг анх 2010 онд Оксфордын Ядуурал ба хүний хөгжлийн санаачилга болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан бөгөөд хүний эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны байдлын гачигдлыг зэрэг хэмжих замаар ядуурлыг илэрхийлдэг байна. Одоогоор нийт 50 гаруй улс орон өөрийн нөхцөл байдал болон тэргүүлэх чиглэлд нийцүүлэн Үндэсний олон хэмжээст ядуурлын индексийг боловсруулжээ.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска

Ядуурлыг үр дүнтэй бууруулахад бид юуны өмнө ядуурал гэж юу болохыг үнэн зөвөөр ойлгож, хэмждэг байх хэрэгтэй. Олон хэмжээст ядуурлын индексийг ашиглах нь бодлого боловсруулах үйл явцад томоохон өөрчлөлт шинэчлэлийг авчирах болно. Өөрөөр хэлбэл, дундаж үзүүлэлтээс жинхэнэ бодит үзүүлэлт рүү, ядуурлыг бууруулах өргөн хүрээний бодлогоос зорилтот, нотолгоонд суурилсан шийдэл рүү шилжих боломжийг бүрдүүлнэ.

Ийнхүү НҮБ-тай хамтран Монгол Улс ядуурлыг хэмжих аргачлалаа удахгүй шинэчлэх нь. Уг нь аргачлалаа шинэчлэхээс илүү ядуурлыг бий болгож байгаа болон өөгшүүлсээр байгаа бодлого, тогтолцоогоо өөрчлөх нь чухал баймаар. Сүүлийн жилүүдэд “Халамжаас хөдөлмөрт” хэмээх гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярьсаар ирсэн ч яг хөрсөн дээр бууж бодитой өөрчлөлт гарсан зүйл алга.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ их хэмжээний орлогыг ашиглан нэмүү өртөг шингээсэн нэгээхэн ч үйлдвэр баригдаагүй. Гангийн үйлдвэр, Зэс баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийг бий болгох боломж бүрэн байсан боловч, улс төр, сонгууль, хэдэн эрх ашиг бүхий улс төр, бизнесийн бүлэг фракцуудын баялгийн хуваарилалт голлон явж ирсэн. Эцсийн үр дүн нь жил бүр хоёр орон тоотой инфляцтай, иргэдийн худалдан авах чадвар буурсан, ажилгүйдэл, ядуурал хүн амынхан дийлэнх хувийг эзэлсэн, баян хоосны ялгаа маш ихтэй, эрүүл, мэнд, боловсролын салбарын доройтол, цалин, мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд хуримтлагдсан ийм л ядуу хөгжиж байгаа орнуудын нэг хэвээр үлдсэн.

Төр өөрөө үйлдвэрлэл хөгжүүлж томоохон бүтээн байгуулалт өрнүүлэн ажлын байрыг олон тоогоор нэмэгдүүлж чадсангүй. Бас ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлээр дарамталж өсөж дэвжих боломжийг нь хязгаарласаар л байна. Дэлхийн зарим орон шиг дайны хөлд нэрвэгдэж, байгалийн гамшигт өртөж нийтээрээ нэгэн зэрэг ядуураагүй ч түүнээс ялгаагүй ядуурал байсаар л байна. Үүнд зөвхөн төр засаг гэхээсээ илүү хэнэггүй монгол хүн өөрөө ч буруутай. Ажил хийхгүй байсан ч өлсөөд үхдэггүй нүүдэлчний удам, хэнд ч захирагдахгүй дур зоргоороо амьдрах хүсэл, бэлэнчлэх сэтгэлгээ зэрэг нь үүнд хамгийн их нөлөөлж байгаа.

Халамж нэм, хишиг хувь хүртээ гэсэн жагсаал цуглаан л болж байснаас хоёр ажил хийх боломжоор хангаж өг, хөдөлмөрлөх эрхээ эдэлье гэсэн улс төрийн акц, тэмцэл нэг ч удаа болж байгаагүй.

Энэ бүхнээс үзвэл НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ядуурлаа арилгах байтугай нэг оронтой тоо руу оруулахыг нь харах гэж нэлээд олон жил хүлээх бололтой. Энэ цаг үед амьдарч буй хүмүүсийн нас хүрэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Ийм гунигтай нийгэмд бид амьдарч байна.