Монголын Улс төрд зүүн, барууны үзэл баримтлал гэж байхгүй. Уг нь МАН зүүны, АН барууны үзэл баримтлалтай гэдэг ч чуулганы танхимд зүүн, барууныг эзэгнэн суухаас өөр ялгагдах юм алга.

Уг нь зүүн нь зүүнийхээ, баруун нь барууныхаа үзэл баримтлалын дагуу байж хоорондоо өрсөлдөх учиртай. Өрсөлдөөд ялалт байгуулсан нь засгийн эрхийг барьж, ялагдсан нь сөрөг хүчнээ хийгээд явах Үндсэн хуультай. Гэвч баруун, зүүний үзэл баримтлалдаа үнэнч бус манай хоёр нам дангаараа засаглах бүрэн боломжтой ч баруун солгойгүй эвссээр, сөрөг хүчингүй ажилласаар ирсэн.

Харин УИХ-д 68 суудалтай МАН-ын Бага хурал хуралдаж хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэр гаргалаа. Ингэснээр стандарт бус гэж нэрлэгддэг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж МАН засаглаж, АН сөрөг хүчнээ хийж хяналтаа тавихаар болж байна. Товчхондоо, бүх зүйл байр байрандаа орох нь.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл

“Болдог юм болдгоороо болж байна. Бага татвар, жижиг төрийг эрхэмлэсэн, төрийн биш иргэний орон зайг эрхэмлэсэн барууны гэгддэг нам, өндөр татвар, их халамжийг эрхэмлэсэн зүүний гэгддэг хоёр өөр үзэл баримтлалтай намууд нэг тогоонд орчихоор бодлого, үзэл баримтлал юу болох вэ. Баруун, зүүний хоёр нам хоорондоо эвсэж болохгүй. АН цөөнх мөртлөө сөрөг хүчин хийж болохгүй байлаа. Харин одоо үндсэн байршилдаа ирж байгаа нь ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд их чухал. Тиймээс энэ бол зөв алхам.”

2012 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч олонх болж чадаагүй АН “Шударга-Ёс”, МАН-тай эвсэж бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. 2016, 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН дотроо хагаралтай байсны гороор УИХ-д сөрөг хүчин гэж байгаагүй. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнтэй болж 68 суудлыг нь МАН авч дангаараа Засгийн газраа байгуулах эрхтэй болсон ч 42 суудал авсан АН-тай эвсэх сонголтыг хийсэн юм. Ингэвэл Засгийн газар тогтвортой ажиллана гэж тооцсон ч жил хүрэхгүй хугацааны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө ялалтын үр дүнг үзэж чадсангүй. 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдохдоо одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ялалтын үр дүнг үргэлжлүүлсэн юм. 2024 оны сонгуульд намаа удирдаж сонгуульд оролцоод ялалт байгуулсан ч тогтолцоо өөрчлөгдөж, парламент 126 гишүүнтэй болсонтой холбоотойгоор дөнгөн данган дангаар засаглах эрхтэй болсон. Парламентын нийт суудлын 54 хувийг эзэлж Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хууль, тогтоолын төслийг нийт гишүүдийн олонхын саналаар баталдаг болсон нь хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүргэсэн. Одоо ч МАН дангаараа Засгийн газраа байгуулах хэцүү. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхын саналаар буюу 64 гишүүн батална. МАН-ынхан 68-уулаа. Тэдний 10 гаруй нь сайд болж “давхар дээл өмсөнө”. Тиймээс бүгд, 100 хувь хуралдаа сууна гэж байхгүй. Хуулиа баталж чадахаа больчихвол бүр ч хэцүү нөхцөл байдалд орно. Тийм ч учраас МАН-ын Бага хурлаас зөвхөн АН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасан. ХҮН намын гишүүн Ж.Золжаргал Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан ч ХҮН намыг АН-тай адилхан гэрээгээ зөрчсөн гэж дүгнэсэнгүй.

Энэ бол 100 хувь дангаараа засаглах амаргүй гэдгийг мэдэж байгаагийн илрэл. Удахгүй байгуулагдах шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ХҮН нам лав байх бололтой. МАН-ын 68 гишүүн дээр ХҮН намын найман гишүүн нэмэгдэхэд хууль батлагдахгүй байх эрсдэл бага. Хангалтгүй гэж үзвэл ИЗНН, “Үндэсний эвсэл”-д ч хамтрах санал тавьж болно. Ямартай ч УИХ АН гэсэн хүчирхэг сөрөг хүчинтэй болж байна. Сөрөг хүчний байрандаа ирсэн АН хүчирхэг сөрөг хүчин болох хэрэгтэй гэдгийг жирийн гишүүд нь ч хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл

“МАН шинэ Засгийн газраа байгуулахтай зэрэгцэн О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь манай намын бүлэг сүүдрийн Засгийн газар байгуулж “сайд” нараа зарлах хэрэгтэй. Засгийн газрын мэдээллийн цагийг Засгийн газар ба сүүдрийн Засгийн газрын мэтгэлцээний цаг болгох нь зөв.”

УИХ-ын түвшинд ингээд бүх зүйл байр байрандаа орох нь. Харин одоо Засгийн газар, УИХ-ын зааг ялгааг бас гаргах хэрэгтэй. Эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байхаас гадна Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Тэгэхгүй бол өнгөрсөн хугацаанд гурван нам Засгийн газарт хамтарч “Биднийг хэн юу гэх юм” гэсэн шиг зарим зүйл дээр дураараа авирласан. Засгийн газартаа хяналт тавьж ажиллах ёстой УИХ нь гүйцэтгэх засаглалтайгаа хутгалдаж өмнөөс нь ажлыг нь хийж өгөх тохиолдол ч гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах Засгийн газрын ажилд УИХ-ын гишүүд албан ёсоор орж ажилласан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ

“20 минутын хот” үндэсний хороон дээр Ж.Алдаржавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гээд байх юм. Хэний тушаал, ямар эрх зүйн актаар гүйцэтгэх засаглал дотор УИХ-ын гишүүн орчихсон явж байна гэж юу гэсэн үг юм бэ. Энэ юун бантан болоод байгаа юм бэ. Ийм юм гэж юу байсан юм. Хэн хариуцлага хүлээх үү. Засгийн газар хүлээх юм уу, Ж.Алдаржавхлан гишүүн хүлээх юм уу. Ийм байж болохгүй ээ. Энэ замбараагүй юмаа зогсоох хэрэгтэй.”

Р.Эрдэнэбүрэн сайдаар ахлуулан ажиллаж буй “20 минутын хот” үндэсний хороонд хоёр ч УИХ-ын гишүүн ажиллаж байна. Нэг нь ажлын хэсэг ахлан ажиллаж буй Ж.Алдаржавхлан, нөгөө нь Г.Лувсанжамц. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн засагт хамтарсан намууд ингэж “бантан зуурсан”. Өөр нэг “бантан” бас бий. Тэр нь Эрчим хүчний үндэсний хороо. Уг нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо гэж Засгийн газрын бүтцийн байгууллагууд бий. Гэтэл эрчим хүчний реформ хийх нэрээр Засгийн газар, УИХ-ын гишүүдээс бүрдсэн Эрчим хүчний үндэсний хороог байгуулсан. Энэ хороонд сайд нараас гадна УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Б.Найдалаа нар ажиллаж байгаа. УИХ, Засгийн газар хамтран ийм бүтэц бий болгоод зогсохгүй их хэмжээний мөнгө төсөвлөсөн нь шүүмжлэл дагуулж байгаа. 2025 оны нийт төсөв нь 8.1 тэрбум бөгөөд үүнийх нь 500 сая нь хэвлэл мэдээллийн зардал юм. Энэ мэтээр засагт хамтарсан нэрээр хяналтгүйгээр төрийн бүтцийг данхайлгаж, төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулах байдал газар авсан. Харин АН Засгийн газраас гарснаар хяналт бий болж бүх зүйл байр байрандаа орохын эхлэл болж байна.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 638-р дугаар (2025.05.26)