Улс төрд анх орж ирэхдээ улсаа Азийн хүлэг улс болгох хүсэлтэй гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүлэг нь улдаж, уралдааны замаас гарахдаа тулаад байна. Өнөөдөр түүний ирээдүйд хэн болохыг шийднэ. Итгэл хүлээлгэвэл тэр Ерөнхий сайдаараа үлдэж, эс бөгөөс сул гишүүн болж хувирна. Ямар боловч энэ бүхнээс өмнө тодорхой болсон зүйл бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа тэр алдлаа. Шударга ёс шаардсаар өнөөдрийн энэ суудалдаа очсон түүнээс шударга ёс нэхэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Иргэд

Олны итгэлийг хүлээсэн хүн олны итгэлийг алдах шиг амархан юм үгүй. Маш жижигхэн зүйлээс л үнэлэмж нь унаж, өөдөө гарах гэж зүтгэсэн он жилүүдийн хөдөлмөр нь нурдаг. Үүнийг нь ч өчүүхэн гэмээр зүйлээр хэмжиж болдог. Өнөөдөр Монгол Улсад “Бат-Эрдэнэ” нэр хамгийн түгээмэл байдаг. Яагаад гэхээр Дархан аварга Б.Бат-Эрдэнийг ид барилдаж байх үед энэ нэр монголчуудын дунд моданд орж, хүүхдээ тийн нэрлэж байсан гэдэг. Бээжингийн олимп зохиогдсон 2008 онд төрсөн хүүхдүүд дунд Түвшинбаяр, Бадар Ууган нэртнүүд олонтаа таардаг нь ч тийм учиртай. Товчхондоо монголчууд сайн яваа, алдар суугаа мандуулсан хүний нэрийг хүүхдэдээ өгөх дуртай. Тэгвэл иргэд Оюун Эрдэнэ гэдэг нэрийг хүүхдэдээ өгөх нь эрс багасжээ.

2015 онд 125
2016 онд 108
2017 онд 110
2018 онд 143
2019 онд 126
2020 онд 118
2021 онд 108
2022 онд 65
2023 онд 57
2024 онд 48
2025 онд 4

Жижигхэн гэмээр энэ тооноос л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд хэрхэн уруудаж байсныг харж болж байна. Тэгвэл одоо байдал бүр дордлоо. “Огцрох амархан” жагсаалын залуучууд түүнээс орлогоо нотлохыг шаардсанаар эхэлсэн эсэргүүцэл өдгөө Засгийн газрын хувь заяатай дүйж очиж ирээд байна. Ерөнхий сайдын хүүгээс эхэлсэн гэрийн хэрэг ийнхүү төрийн хэрэг болж томорсон нь цаанаа давхар улс төр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л иргэдийн эсэргүүцэл бол бодитой нь үнэн. Өдөр ирэх тусам өсөж буй валютын ханш, авдаг цалин нь цаас болж буйд бухимдсан иргэд нэг талаас инфляцад, нөгөө талаас татварын дарамт, нийгмийн даатгалын шимтгэлд туйлдаж гүйцсэн. Ард түмэн голоо тасартал бүсээ чангалж байхад улстөрчид болон тэдний гэр бүлийнхэн бүсээ тасартал “таргалж” байгаад бүгд бухимдаж байсан. Яг ийм хөрсөн дээр Ерөнхий сайдын хүүгийн тансаглал гал дээр тос асгахтай адил нийгмийн бухимдлыг асаасан хэрэг.

Нам

Ганцхан өөрт нь хамаатай асуудал байтал Ерөнхий сайд намын даргынхаа хувьд Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахаар боллоо. “Орлогоо нотол”, “Огцрох амархан” гэсэн залуусын бухимдлын буулт эцэстээ засагт хамтарсан АН-ын буруу болж хувирсан.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж энэ талаар тун чиг ёжилж хэлсэн байна лээ. “Би намынхаа сайд нараас “Та нар Ерөнхий сайдын хүүгийнх нь найз охинд цүнх аваад өгчихсөн юм уу” гэж асуусан, үгүй гэж байна лээ” гэсэн тайлбар хошин бөгөөд оновчтой байв. Эцэст нь, МАН-ын Бага хурлаас гаргасан АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрийг АН ч хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхээс үл хамааран сайд нараа татах боллоо.

АН-ын дарга Л.Гантөмөр

“Цаашид хамтрал байхгүй. Үүн дээр эргэлзээд хэрэггүй. Бүгд эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Дараагийн Засгийн газар байгуулагдахад АН Засгийн газраас гарна. Үүнд санаа зовох хэрэггүй.”

Засгийн газар

УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзвал Засгийн газар шууд огцорно. Итгэл үзүүлсэн ч Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж таарах нь. Ямартай ч АН Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдлээ. Улс орноо бодоод үлдэхээр шийдлээ гэхгүй л бол. Тус намын бүлгийн зарим гишүүн “Засгийн газраас гарвал хамтарсан гэрээний дагуу төрийн албанд томилогдсон 1000 гаруй хүн ажилгүй болно” хэмээн бухимдаж байгаа тухай мэдээлэл бий. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлээд, АН үнэхээр Засгийн газраас гарж гэмээнэ найман сайд шинээр томилох шаардлага гарна. Хэрэв УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй бол Засгийн газар бүхэлдээ огцорч дараагийн Ерөнхий сайд танхимаа шинээр бүрдүүлнэ.

УИХ

УИХ-ын өнөөдөр гаргах шийдвэрээс бүх зүйл шалтгаална. Ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн ёс зүйтэй холбоотой асуудал Засгийн газрын тогтвортой байдал цаашлаад УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлөхөөр, парламентыг оролцуулахаар асуудал болов. Ерөнхий сайдын хүүгийн тансаглал АН-ыг Засгийн газраас гаргах асуудал болж хувирсан бол эцэстээ УИХ-д оруулж ирсэн итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийн агуулга нь асуудлыг улам ээдрээтэй болгож орхилоо.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

“Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн гурван үндсэн асуултыг УИХ-ын өмнө тавьж жонхууруулсан байна.1. УИХ-аас нэгэнт баталсан “Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу” гэх асуулт. Тодруулбал, “Баялгийн сан, 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжилийг дэмжиж байна уу” гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй.2. “Хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж байна уу” гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй бөгөөд УИХ-д олонхийн суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газар гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхийг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн. Ийм гурван асуултанд УИХ нэг хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв”

УИХ-ын энэ долоо хоногт Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Хэрхэн хэлэлцэх, итгэл хүлээлгэсэн, эс хүлээлгэсэн тохиолдолд юу болох талаар Үндсэн хуульд дараах байдлаар заажээ.

44.1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

44.2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Өнгөрсөн хугацаанд өрнөсөн дээрх бүх процесс олны өмнө тодорхой байсан. Харин одоо УИХ дээр энэ долоо хоногт юу болохыг хөшигний ард тооцоолж, зөвлөлдөж, бас зөрчилдөж байгаа. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг нийт гишүүдийн олонхийн саналаар шийднэ. Тэгэхээр Ерөнхий сайдад 64 гишүүний дэмжлэг хэрэгтэй. Санал хураалтыг ил эсвэл нууцаар явуулах эсэх зохицуулалт Үндсэн хууль болоод УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд алга. Ерөнхий сайдыг чөлөөлөх эсэх санал хураалтыг илээр явуулна гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан бол итгэл үзүүлэх тогтоолын санал хураалтын хэлбэрийг тодорхой зохицуулаагүй байна. Тиймээс хэн нэгэн гишүүн санал хураалтыг нууцаар явуулах горимын санал гаргаж дэмжигдвэл санал хураалт нууцаар явагдах нь. Санал хураалт ил эсвэл нууцаар явуулахад гарах үр дүн нь их ялгаатай.

Мөн Ерөнхий сайд чөлөөлөгдөх бус итгэл үзүүлэх эсэх санал оруулж ирсэн нь ч цаанаа нарийн тооцоололтой бололтой. Итгэл үзүүлэх эсэхийг нийт гишүүдийн олонхоор шийдэх бол чөлөөлөгдөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ.

100.1. Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.

100.2. Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 100.1-д заасан хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол баталсанд тооцно.

Дээрх хоёр хувилбар болоод УИХ-ын гишүүдийн санал өгөх байдлыг Ерөнхий сайд болон түүний эсрэг байгаа гишүүд тооцоолон суугаа. Энэхүү тооцоололд гол нөлөөгөө үзүүлэх хүмүүс бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар. Эрх мэдлийн хуваарилалтын хувьд тэд бол “Учиртай гурван толгой”. Одоо улс төрд өрнөж буй асуудлаас харахад, мөн улстөрчдийн тайлбараар бол Ерөнхийлөгчийн оролцоо маш өндөр байгаа гэх. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгээр ойр ойрхон мэдэгдэл гаргаад байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар тооцоолол хийсэн бол? Яагаад гэвэл аль ч намаас сонгогдсон бас Ерөнхийлөгч эцэстээ намтайгаа, газартайгаа УИХ, зөрчилддөг Засгийн бичигдээгүй хууль гэмээр юм бий. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн энэ замаар алхсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч энэ замаар явж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Бид энэ үгийг сүүлийн 15-16 жил хэлж байна. Ерөнхийлөгчийн суудал бол чөтгөрийн суудал гэж. Тэр суудалд очсон хүн болгон яагаад ийм эрх мэдэлд дуртай болдог юм бол. Яагаад өөрөө алх барингуут бусдыг хадаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол. Тэр нь АН байна уу, МАН байна уу ялгаагүй. Ерөнхийлөгч болсон хүн болгоны ард үүсдэг нэг ийм шунал байна. Эрх мэдлийн төлөөх шунал.”  

Саяхан хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш” гэж хэлсэн нь ил болсон. Мөн тэрээр Ерөнхий сайдын өмнүүр орж “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж буй залуусын төлөөллийг хүлээн авч уулзсан. Ямартай ч гурван толгойн нэгдэж чадсан хоёр нь илүү санал цуглуулах нь ойлгомжтой. 2024 оны УИХ-ын сонгуулиар энэ гурван хүн МАН-аас хэн хэнийг УИХ-д нэр дэвшүүлэхийг шууд шийдвэрлэсэн гэхэд буруудахгүй.

Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Тэд өөрсдийнхөө талд хэдэн кноп байгааг тооцоолон суугаа. Мөн сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдсэн ч сайд нарынхаа өргөдлийг өгүүлж зүрхлээгүй АН аль талд зогсохоос их зүйл шалтгаална. Ямартай ч энэ долоо хоногт “Учиртай гурван толгой” хэрхэн ажиллахаас улс төрийн нөхцөл байдал шалтгаалахаар байна. Юу болох нь тун удахгүй тодорхой болно.