
Бага насны хоёр хүүхэдтэй, 23 настай эмэгтэйг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХДХВ/ДОХ вирусийн халдвар авсан гэж худал мэдээлсэн нь эрчээ авч, эцэст нь бүсгүй уг шалтгааны улмаас эр нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан.
Нийгмийг цочирдуулсан энэ хэрэг одоогоос 24 жилийн өмнө гарч байв. Худал мэдээлэл, хуудуу гүтгэлэг ямар балагтайг бүсгүйн халуун амь, тэр бүлийн харуусал олонход ойлгуулсан юм. Хүний нэр төрийн халдашгүй байдал гэдэг зөвхөн алдар хүндэд хамаатай асуудал бус амь нас, эрүүл мэнд, ирээдүй, гэр бүл тэргүүтэй үнэт зүйлстэй нь нягт холбоотой. Харамсалтай нь, Монголд иргэдийн нэр төрийн халдашгүй байдал одоо ч хамгаалалтгүй хэвээр байна. Үүнийг сүүлийн өдрүүдэд, сүүлийн саруудад нийгмийн сүлжээнд өрнөж буй элдэв мэдээ, эрээвэр мэдээллүүд илхэн гэрчилж буй.
Уг нь манай улс хүний нэр төр, алдар хүндэд халдсан гүтгэх, доромжлох үйлдлийг 2002 оноос эрүүгийн гэмт хэрэгт тооцож ирсэн. Үүнээс өмнө буюу 1986 онд тус үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай агуулга хамгийн анх удаа сөхөгдөж байжээ.
Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
2002 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл
Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
2002 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл
Эндээс хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйн хүрээнд хамгаалах учиртайг 20 гаруй жилийн өмнөөс ойлгож, хэлэлцэж, хууль, дүрэмдээ тусгаж ирсэн нь харагдаж буй. Гэвч өнөөдөр уг байдлаасаа ухарч, бусдыг доромжлох, гүтгэх, нэр төр, алдар хүндэд халдах, худал мэдээлэл тараах нь гэмт хэргийн шинж агуулаагүй л бол гэмт үйлдэлд тооцогдохоо больжээ. Үүний учрыг дэлгэрэнгүй сийрүүлье.
2002 онд батлагдсан дээрх хуулиуд 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулиар хүчингүй болсон. Үүний дараа 2020 оны аравдугаар сард баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд “Худал мэдээлэл тараах”-ыг гэмт хэрэгт тооцох агуулгыг тусгасан юм.
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл
Ийнхүү Монгол Улс Эрүүгийн эрх зүйн түүхэндээ дахин нэг удаа хэн нэгний нэр хүндэд илт халдсан элдэв худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцох тухай асуудлыг сөхсөн нь энэ. Харамсалтай нь, өнгөрсөн жилээс тус хуулийн заалт хүчингүй болж, гүтгэлэг, доромжлол, худал мэдээллийг хазаарлах, хязгаарлах боломж дахин хумигдав.
Бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах учиртайг зохицуулсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь зохих шалтгаантай. Тодруулбал,
- худал мэдээлэл гэсэн нэр томьёо хэт ерөнхий;
- хүний нэр төр, алдар хүнд, худал мэдээлэл, илт худал мэдээлэл-ийн ялгаа
тодорхой бус;
- мэдээлэл тараасан этгээдэд хохирол учруулах зорилго байсан
эсэхийг шаардаагүй;
- бодит хохирол учирсан эсэхийг хангалттай тусгаагүй;
-
ямар хэлбэр, хүрээгээр тараасныг ялгалгүй олон нийтэд тараасан гэж үзсэн;
-
эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явц өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүчтэй
нөлөөлөх эрсдэлтэй;
- Иргэний эрх зүйн хамгаалалт нь хүний нэр төрийг
хамгаалахдаа эрүүгийн эрх зүйн аргаас бага хязгаарлалттай зэрэг шалтгаанаар хуулийг
хүчингүй болгох шаардлагатай гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн.
Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас 2025 оны есдүгээр сарыг хүртэл худал мэдээлэл тараах гэмт хэрэгт нийт 2402 хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тус тоон үзүүлэлт болон Цэцийн дүгнэлт нь уг зохицуулалт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд хязгаарлалт үүсгэх бодит эрсдэл байсныг харуулж буй. Тиймээс “Худал мэдээлэл тараах” тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар уг заалт хасагдсан юм.
Өмгөөлөгч Х.Чинбат
“Худал мэдээлэл тараахтай холбоотой шинэ зохицуулалтыг боловсруулна” гээд Ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 9-10 сарын хугацаа өнгөрч байхад шинэ хуулийн зохицуулалт батлагдаагүй л байна. Одоогоор Эрүүгийн хуульд хүний нэр төрийг хамгаалсан гэмт хэргийн бүрэлдэхүүн алга. Эрүү болон Зөрчлийн эрх зүйн хүрээнд худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэх явдлыг хариуцлагажуулах зохицуулалт байхгүй, эрх зүйн орон зай буюу вакуум үүсчихээд байна. УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай баталж, энэ эрх зүйн орон зайг нөхөхгүй бол иргэдийн нэр төр, алдар хүндийг хамгаалах явдал практик дээр асар үр дүнгүй байсаар байх болно.
Гэхдээ дээрх нөхцөлийг үгүйсгэх аргагүй ч гүжир, гүтгэлэг, доромжлолыг зохицуулсан хуулийн заалтыг бүр мөсөн үгүй хийх нь бас өрөөсгөл юм. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдах нь ардчилсан, эрх зүйт нийгмийн үндсэн зарчмуудын нэг. Тиймээс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хэтрүүлэн ашиглаж, хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдаж, худал, хуумгай мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг удирдах нь хувь хүнд төдийгүй нийгэмдээ шаггүй сөрөг үр дагавартай. Иймд худал мэдээлэл, зүй бус доромжлолыг зохих түвшинд зохицуулдаг хийгүй, чамбай тодорхой зохицуулалт манай улсад зайлшгүй шаардлагатай байна.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар
Хүний нэр төрд халдсан гэх агуулгатай гомдол ХЭҮК-д жилд 30 орчим ирдэг. Цагдаа болон бусад хууль хяналтын байгууллагад ирж байгаа энэ төрлийн гомдол, мэдээллийг нийлүүлбэл багагүй тоо гарах байх. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарахаас өмнө худал мэдээлэл тараасан үйлдлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, гэмт хэрэг гэж үздэг байсан. Харин одоо энэ зохицуулалтыг хүчингүй болгосон. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хандсан тохиолдолд шийдвэрлэх хуулийн гарцгүй, саармаг нөхцөл үүсээд байна. Хүний нэр төр, алдар хүндэд халдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгосон эрх зүйн зохицуулалтыг яаралтай бий болгох шаардлагатай гэж ХЭҮК үзэж байгаа. Монгол Улсын төр иргэний эрхээ хамгаалуулах боломжийг бий болгох үүрэгтэйг Үндсэн хуульд тусгасан байдаг. Хүний нэр төр, халдашгүй байдалтай холбоотой, хүний эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсантай холбоотойгоор тухайн иргэнд амьд явах эрхийн баталгаа алдагдахаас эхлээд хүний эрхийн олон ноцтой зөрчил үүсдэг.
Бусдын нэр төрд халдаж, гутаан, доромжлох үзэгдэл цахим орчинд бүр хэрээс хэтэрч, хэмжээ давсан. Нэр, нүүрээ нууцалж, хуурамч хаяг нээгээд хүссэн хүнээ санаанд орсноороо гүтгэх, гутаах бололцоо хэн бүхний атганд, алганд бий. Хамгийн халаглам нь, цахим орчинд өөрийн дүр, төрх, нэр нүүрийг нууж, хуурамч хаягнаас бусдыг доромжилж, тохуурхсан тохиолдолд ард байгаа эзнийг нь олж илрүүлэн, хариуцлага тооцох механизм манай улсад хангалтгүй байна. Тодруулбал, худал мэдээлэл тараасан субьект нь тодорхойгүй тул хохирогч буюу эрх ашиг нь хөндөгдсөн хүн Иргэний хуульд заасны дагуу хариуцагчийг тодорхойлох, хариуцагчийн хаяг, утсыг олж нэхэмжлэл гаргах бодит бололцоо хомс. Тоо сөхвөл, 2025 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийн хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эдгээрийн дийлэнх хувь нь шийдэгдээгүй хэвээр байна. Өмнөх онуудад бүртгэгдсэн энэ төрлийн 859 гомдол, мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан нь иргэдийн нэр төрийн халдашгүй байдал хангагдахгүй байгаагийн илрэл юм.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд
Холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээ, пактуудаар хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Үүний зэрэгцээ хүний нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоороо халдахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг, хариуцлага дагалддаг гэсэн үг. Гэвч цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчийн зүгээс бусдын нэр төр, алдар хүндэд зүй бусаар халдах явдал газар авч, энэ нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Цахим орчинд нэрээ нууцалсан хаяг ашиглан бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан тохиолдолд уг мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, мэдээллийн тархалтыг зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн боломж өнөөгийн байдлаар хомс байна. Эндээс үзвэл Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байгаа гэж дүгнэхээр байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй бөгөөд хүний нэр төрийг доромжлохыг хориглож, хувийн болон гэр бүлийн нууцыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 17-д “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” нь иргэн бүрийн журамт үүрэг гэж тусгасан. Гэвч худал мэдээллийн цар хүрээ, хүртээмж үлэмж нэмэгдсэн өнөөгийн нийгэмд иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх зөрчигдсөөр буй. Тун товчхондоо, монголчуудын, монгол иргэдийн нэр төр, гэр бүлийн халдашгүй байдал ямар ч хамгаалалтгүй байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нэр төрөө хамгаалуулахын аль, аль нь хүний эрх. Иймд хоёр эрхийн хооронд үүссэн том зайг дөтөлж, асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болжээ.