
Тохиолдол 1
Өглөөний 07.00 цагийн орчимд гэрээсээ гартал нэг үеийн гурван хөвгүүн байрны хажуугийн сааданд байгаа харагдав. Нэг нь найзынхаа өвдгийг дэрлэн, сандал дээр хөндлөн хэвтсэн байх агаад өөр нэг хөвгүүн толгойгоо гудайлган, явган суусан байв. Хажуугаар нь зөрөх зуураа ажтал хэвтэж байгаа хүү гараа сулбайлгаж, ухаан балартсан мэт харагдав. Ямар нэг гэнэтийн зүйл болж гэж санаад, туслах санаатай дөхөж очиход согтуу хүмүүс шиг аяглах нь тэр. Гайхаж орхив. Эргэн тойронд нь архины шил, пивоны сав байгаа эсэхийг нягталж зогстол газар сууж байсан хөвгүүн “Юу шиншилж яваа г**** вэ” гээд гараараа чичилж гарлаа. Айх, гайхах зэрэгцэн балмагдаж зогстол хөвгүүд хүн дуулахын эцэсгүй, хүүхдийн санаанд орохын аргагүй үгс чулуудаад “Амаа мэдэж яваарай” гэчихээд гуйвж, дайвсаар тэндээс холдов.
Тохиолдол 2
Сурагчийн дүрэмт хувцастай нэг үеийн дөрвөн охин насанд хүрсэн эр хүний амнаас ч амар гардаггүй хараалын үгс ашиглан өөр зуураа хөөрөлдөж байв. Тэдэнтэй хамт гэрлэн дохио хүлээж зогссон олны дотроос дунд эргэм насны эмэгтэй дуугаа аядаж, соёлтой байхыг санууллаа. Гэтэл цөм жуумалзаж, ногоон гэрэл асахтай зэрэг нэг нь жийрхэж, жихүүцэм өнгөөр “Халтар авгай” гэж чарлачихаад цааш зугтав. Хэн ч, юу ч хэлж чадсангүй. Магад хүмүүс юу хэлж, яах ёстойгоо ч ойлгож амжаагүй байх.
Хүүхдүүд бие биеэ дээрэлхэж, сургуулийн орчинд зүй бус авирлах болсон талаар өнгөрсөн хугацаанд хэн бүхэн хэлж, хэвлэл бүхэн мэдээлж ирсэн. Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгааг салбар яам ярьж, цагдаагийн байгууллага ч уг асуудлын эсрэг хэд, хэдэн удаагийн акц, аян өрнүүлсэн.
“Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” гэж лоозогносон нь үр дүнд хүрээгүйгээр зогсохгүй үе тэнгийн дээрэлхэлт даамжирч, дэлгэрсээр эцэстээ нийтийн, нийгмийн асуудал болж хувирчээ.
Энэ дүгнэлтийг зөвхөн өөрт тохиолдсон үйл явдал дээр тулгуурлаж гаргасангүй. Өсвөр үеийнхэн хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гэхчлэн нас, насны хүмүүстэй зүй бус харилцаж, насанд хүрсэн хүмүүсийн ч дөлж, халгадаг хорт зуршлыг өөрсдөдөө дадуулж байгаа талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд хөвөрч байна.
Нийгмийн сэтгэл зүйч Г.Уянга
Үе тэнгийн дээрэлхэлт хүрээнээсээ хальж, нийгмийн асуудал болжээ. Одоо л зогсоохгүй бол маш аюултай бүлэг гарч ирэхээр байна. Тоглоомын талбай дээр surron, scooter унасан бүлэг хүүхдэд шаардлага тавьсан юм. Гэтэл “Хүүхдийг чинь ямар дайрчихаа юу” гэж давшилж, хүүхдийг минь хөөж, айлгасан. Хараалын үгээр хэлж, доромжилсон. Үүний дараа ч тухайн хүүхдүүдийн халдлага зогсоогүй. Тэд өмнө нь ч хүүхдүүд дээрэлхэж байсан нь тогтоогдсон. Одоо бага насны хүүхэдтэй ээжүүдийг сорчилж дээрэлхдэг болсон байна. Үүнийг нийгмийн сүлжээнд мэдээлснээс хойш найм хоногийн турш нийгмийн сүлжээгээр дамжуулан надад “Амиа хорло, өөрийгөө дүүжил” гэх шахалт үзүүлж, ийм агуулгатай чат 100 гаруй ирсэн.
Өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэж, томчуудтай зүй бус харилцдаг болсны эх үндэс нь үе тэнгийн, сургуулийн орчны дээрэлхэлт. Манай улсад үе тэнгийн дээрэлхэлт аюулын хэмжээнд хүрсэн бөгөөд дэлхийн ихэнх орноос өндөр түвшинд байна. Тодруулбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн улс орнуудыг харьцуулахад манайд үе тэнгийнхэн дээрэлхэлт нэн өндөр түвшинд байгааг “PISA” үнэлгээнд онцолжээ. БНХАУ, БНСУ, Тайланд зэрэг хэд, хэдэн орноос хоёр дахин их, Камбож, Казахстан зэрэг оронтой ойролцоо түвшинд хүрсэн байна.
Монгол сурагчдын 22 хувь нь сургууль руу явах замдаа аюулгүй байдлыг мэдэрдэггүй гэдгээ илэрхийлсэн бол 12 хувь нь ангидаа, 24 хувь нь сургуулийн бусад газарт аюулгүй байдлаа хангуулж чаддаггүй тухайгаа мэдээлсэн байна.
Эдгээр нь цөм ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудын дунджаас өндөр үзүүлэлт юм. Өөр нэг сонирхолтой өнцөг нь, дээрэлхэлт хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж, сурлагын чанарт асар сөрөг нөлөө үзүүлж байгааг дээрх үнэлгээгээр тогтоосон байна. Дээрэлхэлтэд тогтмол өртдөггүй гэх хариулт өгсөн сурагчдын амьдрал дахь сэтгэл ханамжийн үзүүлэлт тогтмол дээрэлхүүлдэг гэж хариулсан сурагчдынхаас 0.8 оноогоор илүү байжээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх байдлын индекс нэг нэгжээр өсөхөд математикийн сорилын гүйцэтгэл 2.9 оноогоор буурч байгаа нь ажиглагдсан байна. Эндээс дээрэлхэлт нэг үеийн хүүхдүүдийн сурлага, хүмүүжил, сэтгэл зүй гээд бүхий л зан үйлд сүүдэр “тусгадаг” болохыг харж болохоор байна.
Иргэн Д.Эрдэнэчимэг
Манай хүү дүүгээ тэврээд явж байтал нэг хүү ирээд нүүр рүү нь цохисон. Намайг хараад зугтсан ч араас нь хүүхдүүд гүйлгээд барьж автал 14 настай хүү шал согтуу байсан. Би уурлаад, цагдаа дуудсан. Хувцаснаас нь бариад зогсож байтал хүү подволкоо тайлаад, зугтахыг оролдов. Өмднөөс нь бариад автал “П…. минь чамайг эмэгтэй болохоор зодмооргүй байна шүү” гэж хэлээд нүүр рүү хоёр удаа цохиод авав. Би дугтраад таттал өмдтэйгөө хамаад, хурууг минь хуга дарсан. “Би том, манай аав том, шоронд орсон ч гарч ирээд уулзана чамтай, ял эдэлдэггүй юм” гэхчлэн агсамналаа. Хамт явсан хүү нь аав руугаа залгаад “Аав эд нарыг ирээд алаад өг, шоронд хий эсвэл шороонд бул” гэхчлэн орилсон. Дараа нь манай хүү рүү “Хэн нь хохирч үлдэхээ харна” гэсэн утгатай чат бичсэн байсан.
Өсвөр насны хүүхэдтэй ээж, аавуудын хийгээд сургуулийн багш, ажилчдын хувьд энэ насныхны эв, аашийг олж, зөв зүг рүү чиглүүлнэ гэдэг “толгойн өвчин” болсныг тоо, судалгаа ч гэрчилнэ. Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж, ШШГЕГ-ын харьяа, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхэд олширч байгаа нь ч нэгийг илтгэнэ.
Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн 90 гаруй хувийг хулгай, дээрэм, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг эзэлдэг байна. Түүнчлэн хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 98 хувь нь санаатай, 1.5 хувь нь болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд насны хувьд 14-17 насныхан дийлэх хувийг бүрдүүлдэг аж.
Мөн одоогоос дөрвөн жилийн өмнө ШШГЕГ-ын харьяа, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад 30 орчим хүүхэд байсан бол өдгөө тус тоо 50 гаруй болж нэмэгдээд байна. Энэ бол цөөн хүн амтай улсад багадахааргүй тоо бөгөөд тус төвд ирэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албан хаагчид онцолдог.
Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, 110 дугаар сургуулийн захирал, хурандаа Ц.Хишигбаяр
Эрүүгийн хуульд өөрчлөлт орсноор хорих ял эдэлж байгаа хүүхдүүдийн тоо тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ирэх хүүхдүүд ер нь нэмэгдэх хандлагатай байгаа.
Хүүхдүүд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэж, элдэв хорт зуршилтай болж, өсвөр насныхан бэлгийн идэвхтэй амьдралаар амьдарч, бүр цөөнгүй нь БЗХӨ-нөөр өвчилж, өсвөр насны жирэмслэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тоо сөхвөл, 2024 онд өсвөр насны 1776 хүүхэд БЗХӨ-өөр өвчилжээ. Эдгээрээс 642 нь тэмбүү, 793 хүүхэд заг хүйтэн, 340 нь трихомониазаар өвчилсөн байна. Мөн жил бүр 7000-8000 охин жирэмсэлж, 60 гаруй хувь нь үр хөндөлтөөр дуусдаг бол үлдсэн охид нь хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээрээ ээж болдог гэдгийг “Үжин” төвөөс гаргасан судалгаанд дурдсан байна.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах
Миний санааг хамгийн ихээр зовоодог нэг асуудал байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ. 10 настай хүүхэд хүртэл жирэмсэлж байна. 14-18 насны охид БЗХӨ өөр өвчлөх тохиолдол нэмэгдэж, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотойгоор умай, үр дамжуулах сувгаа авахуулж байна. Янз бүрийн баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглээд бэлгийн хавьталд ордог. Үр дагавар нь үр хөндөлтөд хүргэдэг. Тиймээс зайлшгүй анхаарахгүй бол болохгүй байна.
Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна (ҮСХ). Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг нь өсвөр үеийнхэн гэдгийг харж болохоор байна. Түүнчлэн энэ үеийнхэн Монголын өнгөрсөн, одоо, ирээдүйн гол хэлхээ. Тэдний хүмүүжил, төлөвшил, хандлага, үзэл бодол, чиг зам ямар байхаас олон зүйл, олон үе шалтгаална. Наанадаж, манай улсад 15-64 нас буюу хөдөлмөр эрхлэх насны хүн амын тоо жил ирэх тусам тогтвортой өсөхөөр байгаа бөгөөд өсвөр насныхан тун удахгүй нийгэм, эдийн засгийн ачааллыг үүрэлцэж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. Түүнчлэн өсвөр насныхан ойрын 10 жилийн дотор насанд хүрч, Монголын дараагийн үеийг төрүүлж, өсгөн, хүмүүжүүлнэ. Тиймээс энэ насныханд чиглэсэн хөтөлбөр, бодлого боловсруулж, зөв монгол иргэдийн, зөв монгол ирээдүйг бэлтгэн, бэхлэх нэн шаардлагатай юм.
Дэлхийн бусад орон ч энэ өнцгийг чухалчилж, шинэ залуу үеийнхэн рүүгээ чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тухайлбал, аз жаргалтай орнуудыг тэргүүлдэг даничууд хүүхэд, чиглэсэн залуус руугаа тусгайлсан хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан хүргэдэг байна. Тэд технологид суурилсан өнөөгийн нийгэмд өрөвдөх, хайрлах, бусдадаа нинжин сэтгэл гаргах хүний төрөлх мэдрэмж буурч байгааг олж тогтоогоод 6-16 насны хүүхдүүдийн энэ төрлийн мэдрэмжийг хөгжүүлж, хөглөх чиглэлд анхаардаг болжээ. Энэ агуулгаа сургалтын хөтөлбөртөө тусгаж, сайхан сэтгэлтэй, хүнлэг, нинжин байх нь математикийн оноотой ижил чухал ач холбогдолтойг улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг аж. Үүний үр дүнд сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол маш бага гардаг бөгөөд залуус нь эерэг, хүнлэг зан суртахуунтай, хамт олонч болж торнидог аж. Энэ нь бусад хүнд ч нөлөөлж, улс нийтээрээ стресс, бухимдал багатай, аз жаргалтай амьдардаг байна.
Харин АНУ-ын хэд, хэдэн хот өсвөр насныхны үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдийг оройн 10:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл гадаа гарахыг нь хориглодог болжээ. Харин БНСУ дээрэлхэлтийн хор уршгийг дэлгэцийн уран бүтээлээр дамжуулан илэрхийлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн тус улс зүй бус үйлдэл гаргасан хүүхдүүдэд хариуцлагаа оногдуулах чангаруулсан аж. Дээрэлхэлтэд холбогдсон хүүхдүүдийн дүнгийн хуулга дээр тэр тухай нь оруулдаг бөгөөд энэ тохиолдолд их, дээр сургуульд элсэн суралцах боломж нь шууд хаагддаг байна.
Сургалт, боловсролоор нь дамжуулж, хүүхдүүдэд хүмүүжил, ёс суртахуун олгох нь хамгийн шалгарсан арга болохыг дэлхий нийтээрээ танин мэдээд, энэ чиглэлд анхааран ажиллаж байна. Үүнээс гадна, ийм нөхцөл байдал юунаас үүдэлтэй болохыг олж тогтоон, асуудлыг эцэслэх нь бас нэг зөв гарц. Хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил асуудал дагуулж байгаа суурь шалтгаан нь томчууд, нийгэм. Үүнд гэр бүл салалт, ядуурал, боловсролын систем, нийгмийн тогтолцоо гэхчлэн олон асуудал, агуулгыг нэрлэж болно.
Манай улсад хүүхдийн ядуурлын түвшин 38.5 хувь, 10-14 насныхны хувьд 39-өөс дээш хувьтай байна.
Энэ нь хүүхэд, залуу үеийнхэнд тулгарах олон эрсдэлийн суурь шалтгаан болж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь” сэдэвт нөхцөл байдлын дүн шинжилгээнд дурджээ.
Ядуурлын циклийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол хүүхэд, өсвөр насныханд тохиолдох эрсдэл улам нэмэгдсээр насанд хүрсэн хойно нь ядуурал, ажилгүйдэлд хүргэдэг. Ядуурал, ажилгүйдэл нь нийгмээс тусгаарлагдах, архидалт, үүнээс үүдэлтэй хүчирхийлэл, үл хайхрах байдал, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн шалтгаан болдог.
“Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь” нөхцөл байдлын дүн шинжилгээ
Түүнчлэн 0-17 насны хүүхдийн 0.3 хувийг бүтэн өнчин хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд мөн насны таван хүүхэд тутмын нэг нь хамаатан садан дээрээ амьдардаг аж. Мөн хүүхдүүдийн 16 хувь нь ганц бие ээжтэйгээ, хоёр хувь нь ганц бие аавтайгаа амьдардаг аж. Харин 77 хувь нь аав, ээжтэйгээ амьдарч байгаа гэх судалгаа бий. Гэхдээ аав, ээжтэйгээ амьдардаг гэх хүүхдүүд дотор амьдралын шаардлагаар аав, ээжийнх нь аль нэг өөр аймаг, суманд, эсвэл гадаадад ажиллаж, амьдардаг хэсэг цөөнгүй бий. Тэр ч бүү хэл өсвөр насныхан өөрсдөө өрх толгойлон амьдрах, жилийн есөн сарыг дотуур байранд өнгөрөөх тохиолдол манай улсад цөөнгүй байгааг дээрх дүн шинжилгээнд мөн онцолжээ.
Хүүхэд нийгмийн хийгээд бидний толь. Тэд болохгүй байгаа бол бид өөрсдөө болоогүйн нэг илрэл. Тиймээс эцэг, эхчүүд миний хүүхдийг аль нэг нөлөөлөгч, ямар нэг эрдэмтэн, судлаач, аль эсвэл улс, улстөрчид сурган хүмүүжүүлж, зөв төлөвшүүлэх учиртай гэх бодлоосоо салж, хүүхдийнхээ, ирээдүйнх нь өмнө үүрэг, хариуцлага хүлээх шаардлагатай байна. Мөн төрийн түвшинд энэ насныханд онцгой анхаарч, сэтгэл зүй, харилцаа хандлагыг нь зөв зүг рүү чиглүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцөлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Өсвөр насны бүх хүүхэд буруу үйлдэл, уруу дадалтай байна гэж дүгнэх боломжгүй ч дээрэлхэлт, гэмт хэрэг, хорт зуршил энэ үеийнхний дунд нийтлэг ажиглагдах болжээ. Үүнийг нийтээрээ, нийгмээрээ анирдаж, анхаарах нь зүй.