
Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа буюу 2021 оноос хойш тасралтгүй өсөлттэй явж байгаа. Хамгийн харамсалтай нь энэ өсөлт иргэдийн амьдралд огтхон ч нэмэр болсонгүй. Эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөж дундаж давхаргын худалдан авалтад дарамт үүсээд удаж байна. Энэ байдлаараа улстөрчдийн нэрлэдгээр “улны иргэд”-ийн тоо улам нэмэгдэх нь. Дандаж давхарга нимгэрч, “ул” зузаарна гэсэн үг. Эдийн засаг өссөн жилүүдэд Ерөнхий сайдаар ажилласан улстөрчид бүгд л эдийн засгийн өсөлтийг “Хаалгаар нь оруулна”, “хаяглан хүргэнэ” гэх зэргээр өрх бүрд өгөөжийг нь хүртээхээ амлаж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан жил байх болно.
Шинэ жилийн мэндчилгээнээс
Ерөнхий сайд Г.Занданшатар
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг тоон үзүүлэлт төдийхнөөр хязгаарлахгүй, өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
2026 оны төсвийн төслийн танилцуулгаас
Ерөнхий сайд Н.Учрал саяхан 2027 оны төсвийн төслөө УИХ-д танилцуулахдаа “Эдийн засгийн өсөлтийг үнийн өсөлт идэж, өрхийн орлогыг хумсалж байна” гэлээ. Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох нь байтугай хаяагаар нь ч гарч явсангүй, бараа сураггүй байна.
Иргэдийн амьдралд наалдахгүй байгаа бас нэг өсөлт бол гадаад валютын нөөцийн өсөлт. Жилийн өмнө 5.8 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 8.9 тэрбумд хүрсэн гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцууллаа. Жилийн хугацаанд 3.1 тэрбумаар өсжээ. Ж.Энхбаяр сайдын хэлж байгаагаар бол оны эцэс гэхэд 10 тэрбумд хүрэх юм байна.
Өмнөх жилүүдэд Сангийн сайд Б.Жавхлан "Валютын нөөцийг ингэж өсгөлөө. Энэ бол түүхэн дээд хэмжээ. Өмнө нь хэзээ ч ингэж өсөж байгаагүй" хэмээн үе үе бахархалтайгаар мэдэгддэг байлаа. Гадаад валютын нөөцийн өсөлтийг ийнхүү Засгийн газрынхаа PR-т ашиглах болсон. Энэ Засгийн газар ч гадаад валютын нөөцийн өсөлтийг бас нэг бахархалаа болгон ярьж эхэллээ. Гадаад валютын өсөлт нь нүүрсний экспорттой шууд хамааралтай. Нүүрсний экспортын хэмжээ өсөхийн хэрээр гадаад валютын хэмжээ өсөж байна.
Гадаад валютын нөөцийг цаашид хэд хүртэл өсгөх вэ. Нөөц нэртэй ч уг нь "Нөөцлөөд л байх ёстой" гэсэн ойлголт байхгүй. Энэ нөөцийг дараах зорилгоор ашигладаг.
Манай улс сүүлийн жилүүдэд гадаад валютын нөөцөө дээрх зорилгоор ашиглаагүй гэхэд болно. Гэхдээ гадаад валютын нөөц өссөнөөр сүүлийн гурван жилд ам.долларын ханш нэг хувиар л савласан гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн. Гадаад валютын нөөц үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Тиймээс одоо гадаад валютын нөөцөөсөө дараах байдлаар ашиглаж яагаад болохгүй гэж.
1. Гадаад зээлээ төлөхийн тулд дахин зээл авахын оронд нэг удаа гадаад валютын нөөцөөсөө зарлагдах.
2. "Оюутолгойгоос авах ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг "Чингис хаан" үндэсний баялгийн санд хадгалахгүй эрчим хүчний төслүүдэд зарцуулна" гэж улс төрийн хэрүүл үүсгэхийн оронд гадаад валютын нөөцөөсөө 500 сая ам.доллар гаргаж шаардлагатай төслүүдээ зарцуулах.
Хоёр их наяд төгрөг гэдэг бол 500 гаруй сая ам.доллар. Тиймээс Оюутолгойн ногдол ашгийг хадгалдгаараа хадгалж, гадаад валютын нөөцөөсөө 500 саяыг зарцуулах нь улсын төрийн хэрүүл үүсгэхгүй байх, байгалийн баялгаа иргэддээ, ирээдүй хойчдоо хүртээх зарчмаа хадгалдах давуу талтай. Гэтэл Засгийн газар гадаад валютын нөөцийг өсгөөд л байх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Ямартай ч 10 тэрбум ам.долларт хүрэхийг нь үзэх нь. Ингэж хадгалж өсгөлөө гээд иргэдийн амьдрал сайжирч байгаа бол хэд ч хүргэсэн хамаагүй хадгалаад л байх ёстой. Гэвч нэгэнт үүргээ гүйцэтгэсэн энэ өсөлтийг хэд хүрэхийг нь харах гэж байгаа мэт өсгөсөөр байгаа нь ямар бодлого вэ?