Манай улсад нийтээрээ амарч тэмдэглэдэггүй тэмдэглэлт өдөр олон.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Эх орончдын өдөр буюу МАН-ыг үүсгэн байгуулсны 105 жилийн ой тохиолоо. Монголчууд ХХ зууны эхэнд Манжийн дарлалаас гарч тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Гэвч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байв. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж МАН-ыг байгуулах шийдэлд хүрчээ. Улмаар 1921 оны гуравдугаар сарын 1-нд тус бүлэг нууцаар хуралдаж С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, МАН-ыг албан ёсоор байгуулсан түүхтэй. Энэ өдрийг 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тэмдэглэлт өдрөөр оруулж жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм. Эх сайхан Монгол орноо хайрлаж, тусгаар улс байхын үнэ цэнийг ойлгож, ирээдүй хойчдоо өвлүүлэхийн төлөө их үйл хийсэн анхны долоог (Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол) эх орончид хэмээн үзэж эл өдрийг Эх орончдын өдөр хэмээн нэрлэсэн юм
Тэгвэл өнөөдрийн эх орончид хэн бэ. Анхны долоогийн байгуулсан намын нэрээр эх орноо удирдаж буй эрх баригчид уу. Тэднийг өнөөдөр эх орончид гэж хэлэхэд хэцүү. Эх орныхоо хөгжлийг хойш нь татсан, боломжийг нь хулгайлсан хүмүүс энэ намд анхны долоо шиг цөөхөн биш. Тэдний тоо 70 руу дөхнө. Улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж амладаг ч Монгол Улс байрандаа байсаар л. Бүр авлигын индексээр ухарсаар л байна. Өнгөрсөн 2025 онд л гэхэд 10 байраар ухарлаа. Улсаа ингэж удирдаж байгаа хүмүүсийг хэн ч эх оронч гэж нэрлэхгүй. Тэд ч өөрсдийгөө ийн нэрлэж зүрхлэхгүй.
Харин өөрсдийгөө эх орончид хэмээн нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүс бий.
Тэд бол жагсаал цуглаан хийж, уул уурхайн томоохон төслүүдийг эсэргүүцэж байгаагаа эх орноо хайрлаж байгаа нь энэ гэж ойлгодог улс. Яг үнэндээ тэд эх орноо хайрлах бус хорлож байгаа. Тэдний нөлөөгөөр хөрөнгө оруулагчид Монголоос дөлж, хөгжилд хөтлөх томоохон төслүүд гацдаг.
Хулхи эх орончид хөдөө, хотгүй жагсаж тэмцэж Монгол орноо “хайрлана”. Хамгийн сүүлд Ховд аймагт ажиллаж Халзанбүрэгтэй төслийг гацааж эх орондоо “хайртай”-гаа нотлоод ирсэн. Орон нутгийн удирдлагууд ч тэднээс айж зааврынх нь дагуу бөхөлзөж, өөгшүүлсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь л Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байлаа. Бусдаар бол сум орон нутгийн удирдлагууд тэднээс айсан маягтай. Бүр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тохиолдол ч бий. Уг нь тэд хулхи эх орончдын өмнө хулхиа буулгахын оронд иргэдээ зөв мэдээллээр хангаж улсын хөгжлийг урагшлуулах томоохон төслүүдийг ахиулах ёстой. Ингэж чадахгүй байгаа учир хулхи эх орончид мэдээллээс хол, тухайн төслийн тухай үнэн бодит мэдээллийг нэгдсэн байдлаар авч үнэн мөнийг нь ялгаагүй малчдын айдсаар тоглож зорилгоо биелүүлсээр байна.
Үүндээ улам эрдэж бардсан хулхи эх орончид эх орноо хайрлаж хамгаалж байгаа нэрээр өөрсдөө хөлжих болов. Хөдөөгүүр том машин хөлөглөн давхиж, хотод өргөө гэр нь өнгө нэмж гэр хорооллоос гэнэтхэн тансаг сууц руу нүүж байгаагаас нь харвал “эх оронч” хэмээх ажлын байр нь ашиг ихтэй.
Эх орноо хамгаалж байгаа нэрээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэж, зогсоосныхоо төлбөрийг тухайн төслөөс ашиг хонжоо хайсан өөр хэсэг бүлэг хүмүүсээс авна. Хулхи эх орончдын зарим нь гадаадын байгууллагатай хамтран эх орныхоо эсрэг ажилласан нь тогтоогдож шүүхээс хорих ял сонссон. Ашигтай учраас ийм эрсдэл тээж эх орончийн дүрд тоглон томоохон төслүүдийг зогсоож, гацааж, нийгмийг талцал хуваагдалд хөтөлж явна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр
Төлбөртэй жагсагчдыг иргэд мэддэг болсон. Одоо энэ хүмүүсээс татвар авдаг болох хэрэгтэй. Төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан бол одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг боллоо. Энэ хүмүүсээс татвар авч, хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглүүлдэг болъё. Ард түмний нэр барьж жагсаж тэмцээд тэрбумтан болоод байна.
Өөрсдийгөө эх оронч хэмээн нэрлэж, эх орон, газар шорооныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан хүмүүсийн алдар хүнд, эх оронч хэмээх үгийн утга, үнэ цэнийг алдагдуулж буй хүмүүс мөн иргэдийн жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн үнэ цэнийг үгүй болгосон. Жагсана гэдэг бол сэтгэлийнхээ дуудлагаар эвлэлдэн нэгдэж нийтийн эрх ашгийнхаа төлөө тэмцэхийн нэр. Гэвч төлбөртэй жагсагчид жагсаалын энэ утгыг алдагдуулаад удаж байна. Монголчууд ямар нэгэн нам, бүлэглэл, төлбөртэй жагсагчдын дуудлагаар бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар жагсаал цуглаан хийхээ больсон. Олон нийтийн жагсаал цуглаан гэдэг бол асуудлыг шийдэх тэмцлийн хамгийн сүүлчийн арга хэлбэр. Гэтэл хулхи эх орончид юм л бол жагссаар жагсаал цуглаан болж л байдаг арга хэмжээ гэсэн ойлголтыг нийгэмд бий боллоо. Үүний үр нөлөөгөөр төр засгийн зүгээс жагсаал цуглаан, иргэдийн суултыг үл тоох болов. Үүгээрээ хулхи эх орончид улс орноо аажим аажмаар хорлосоор байна. Тэд иргэдийн нэрийг барьж, эх орноо хайрлаж, эх орныхоо төлөө тэмцэж байгаа дүрээр өөрсдөө ашиг хонжоо олсоор байна.

Банк, хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, жижиглэн худалдаа эрхлэгчид, томоохон гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлөх, уул, усаа хамгаалах нэрээр уран, уул уурхайн төслүүдийг гацаах, орд газраа төр мэдэлдээ авахыг дэмжих, бас эсэргүүцэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх, шатахууны үнийг буулгахыг, эмч, багш нарыг цалинг нэмэхийг, УИХ-ын дарга, Засгийн газрыг огцрохыг шаардах гээд бүх жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцдог хэсэг бүлэг хүмүүс бий. Тэнд мэдэхгүй, оролцохгүй сэдэв, тогтсон үзэл бодол, үнэт зүйл гэж байхгүй. Үүнийг уншиж байгаа танд ямар хүмүүсийг хэлж байгаа нь маш тодорхой ойлгогдож, бүр тэдний дүр төрх нүдэнд чинь харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Жагсдаг, тэмцдэг, эсэргүүцдэг хүмүүс гэхээр олон нийтэд нэлээд хэдэн хүн төсөөлөгдөнө.
Бүхий л жагсаал цуглааны тэргүүн эгнээнд явдаг тэднийг монголчууд андахгүй таньдаг болсон. Зүсийг нь танихаас гадна дотор хүнийг нь ч бас аль хэдийнэ таньсан. Тийм ч учраас иргэд, сонгогчид тэднийг сонгууль бүрээр гудамжинд нь үлдээдэг. Тэдний туйлын хүсэл нь төрийн жолоо атгалцах. Энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө янз бүрээр үзэж байгаа.
Шударга, үнэний туйлын дүрээр нам байгуулж сонгуульд оролцоод ч амжилт олоогүй. Үнэхээр л эх орончид мөн байсан бол аль хэдийнэ иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдох байлаа. Гэвч тэднийг олон нийт хулхи эх орончид гэдгийг нь мэдэхийн дээдээр мэднэ. Яг үнэндээ өнөөдөр эрт цагийнх шиг эх орон, газар шороогоо хамгаалан тэмцэж байгаа эх оронч гэж байхгүй. Ийм эх оронч гадаад, дотооддоо томоохон маргаангүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туурга тусгаар Монгол Улсад хэрэггүй. Харин олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангаж, итгэл найдварыг нь тээн нэг зүгт чиглүүлэн, манлайлж улсаа хөгжүүлэх лидер хэрэгтэй байна. Өнөө цагт ийм л хүнийг жинхэнэ эх оронч гэж нэрлэхийг хүснэ.
Бүх цаг үед эх орончид байдаг гэвэл өнөөдөр Монголд байгаа эх орончид нь баялаг бүтээж, татвар төлж буй хувийн хэвшлийнхэн. Төрийн жолоог атгаж буй хүмүүс улсаа хөгжүүлэхээр бүтээн босгож байгаагаа ам уралдуулан ярьдаг ч тэр бүхнийг хийх мөнгийг нь татвар төлөгчид бүрдүүлдэг. Ажлын байр олноор нь бий болгож, үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр өнөөгийн Монгол Улс оршин тогтнож байна.
Гэтэл улсаа удирдаж буй хүмүүс аж ахуйн нэгжүүдээ дэмжихээс илүү төрийн нэрээр бизнес хийж өрсөлдсөөр, татвар, шимтгэлийг бууруулна гэж хуурсаар л явна.
Эрх баригчид сонгуульд оролцохдоо л аж ахуйн нэгжүүдийн үүрч буй татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулна гэж амласан. Түүнээс хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл өнөөдөр УИХ дээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хэлэлцэж эхэлсэн нэг ч хуулийн төсөл алга. Харин ч эсрэгээрээ татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нь хааж дарамталсан. Төрөөс татвар төлөгч аж ахуйн нэгжүүддээ ингэж л хандаж байна. Ийм байтал ажилчид болоод улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зүтгэсээр л байгаа хувийн хэвшлийнхэн жинхэнэ эх оронч тодорхойлолтод бүрэн нийцэх буй за.