
Саяхан Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 64 жилийн ой тохиолоо. Тодруулбал, 1961 оны аравдугаар сарын 27-нд манай улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж байв. Ийнхүү НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь тусгаар тогтнол, энхийг эрхэмлэгч улс болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний илрэл. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ-ын гишүүн болж дэлхийн олон улс орноор тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх буюу ашиг хүртэхээс гадна тэр олон улсын зовлон бэрхшээлийг нь хамтдаа үүрэлцэх, дэлхий дахинд энх тайван, амар амгаланг цогцлооход гар бие оролцох үүрэг хүлээсэн. Үүнийхээ дагуу манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээж байгаа.

Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, зэвсэггүй цэргийн хоёр ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Түүнээс хойш давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Яг одоогийн байдлаар л гэхэд манай 896 цэнхэр дуулгатан энхийг сахиулж байгаагийн 14.2 хувь нь эмэгтэй алба хаагч байна. НҮБ-ын өмнө мандатаар хүлээсэн үүргээ биелүүлж энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй дэлхийн 121 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 19-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна.
НҮБ-аас баталсан олон зорилт, хөтөлбөрийн хүрээнд манай улс олон амлалт, хугацаатай үүрэг хүлээсэн. Тухайлбал, ядуурлаа арилгах нь бидний хүлээсэн нэг үүрэг. 2015 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэл хэрэгжүүлэх Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Үүгээр манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал болгон анхааруулж, хугацаатай даалгавар болгож өгсөн асуудал бол ядуурлаа арилгах.
НҮБ-аас авсан энэхүү үүргийнхээ дагуу манай улс ядуурлыг 2030 он гэхэд арилгаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч 15 хувьд хүргэж бууруулах бодлогын баримт бичиг баталсан. Одоо Монгол Улсад ядуурал хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 27.1 хувьтай байгаа. Үүнийг тавхан жилийн дотор 15 хувьд хүргэнэ гэсэн үг.
НҮБ ядуурлаа арилгах үүрэг өгсөн бол манай улс арилгах боломжгүй, бууруулах л боломжтой гэж үзсэн. Одоогийн нөхцөлөөс харвал буруулах ч боломжгүй байна.
Тэгэхээр манай улс НҮБ-ын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой.
Олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү
Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид. 2030 онд 15 хувьд хүргэх үү. Миний бодоход их тоо. Төрийн зүгээс нийгмийн хамгаалал гэсэн хэт том асуудлыг дэвшүүлдэг. Хөгжиж буй ядуу, буурай орнуудад чухал нь чухал. Гэхдээ Монголд тийм чухлаар тавигдсан уу. Би үгүй гэдэг дээр хатуу зогсдог. Угаасаа Монголын нийгэм тэр чигтээ халамжийн нийгэм. Популизм эдийн засаг, мөнгө бүтээхээсээ илүүтэй халамжийг хэтэртэл нь бүтээдэг. Улс төрд буруу бий. Ажил хийлгэж, амьдралыг нь өөд татуулах, ядуурлаас нь гаргах зөв оновчтой механизм байдаггүй. Бодлого бол бий. Уриалга нь бүр хэтэрчихсэн. Тэр нь уран сайханжаад цаашаа явж өгсөн.
Манай улстай адилхан үүрэг хүлээсэн олон орон бий. Тэр олон улсаас ялгаатай нь манайх өмнө нь хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, биелүүлэх боломжгүй байж шинээр, бүр сайн дураараа үүрэг хүлээсээр л байна. Үүний нэг нь 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих амлалт.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 23-нд НҮБ ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо тус чуулганы индэр дээрээс “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьсан байх болно” гээд амлачихсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид мод тарих, ном туурвих, үр хүүхдээ өсгөхийг гурван дээд буян гэж үздэг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд 2030 онд гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлнэ.
Ийнхүү Ерөнхийлөгч маань улсаа төлөөлөн есөн жилийн дотор нэг тэрбум мод тарих амлалтыг дэлхий дахинд өгсөн. Жилд 100 сая гаруй мод тарина гэсэн үг. Ерөнхийлөгчийнхөө энэ амлалтыг улс даяараа дэмжиж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн захиргааны байгууллагууд, хувийн аж ахуйн нэгжүүд салбар салбараараа нэгдэн “Төдөн мод тарина” хэмээн мөн л амлалтаа өгцгөөсөн. Манайхан ер нь дээр, дооргүй л чадах, чадахгүй нь хамаагүй амлалт өгөхдөө сайн улс. Үүнийгээ “бардам ам шалдан гуя” гэж буруутгадаг ч хий хоосон амлалтууд байсаар л байна. Ерөнхийлөгч НҮБ-д нэг тэрбум мод тарих амлалт өгсөн бол манайхан Ерөнхийлөгчдөө 1.5 тэрбум мод тарьж өгөх амлалт өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуйн нэгжүүд манлайлан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум мод тарих амлалт өгсөн.

Энэ бүх амлалт өгөх процесс 2022 онд өрнөсөн. Одоо бол ид амлалтаа биелүүлж байх цаг хугацаа. Амлах амархан, түүндээ хүрч хэлсэн амандаа эзэн болно гэдэг хэцүү. Хэцүү гэдэг нь тэрбум мод руу тэмүүлж буй одоогийн явцаас ч харагдаж байна. Уг нь бид чинь амласан ёсоороо бол жилд 100 сая гаруй мод тарих ёстой. Гэтэл яг одоогийн байдлаар, Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр бол 117 сая мод тарьж, ургуулж байгаа аж. Амлалт өгөөд дөрвөн жил болж байгаа ч нэг жилд тарих ёстой модоо л тарьжээ. Саяхан цахим орчинд “Машин нь шатахуунгүй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэггүй ч тэрбум модтой, “Монгол хаан” гэдэг гоё жүжигтэй” хэмээн улс орныхоо байгаа байдлыг ёгтолсон хүн их байсан. Гэвч тэрбум модтой ч болж чадахгүй бололтой. Ийм байхад улстөрчид минь дэлхий нийтийн өмнө битгий амлалт өгөөч, баян мэт харагдах гэж хичээгээч.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
Ирэх онд Монголд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын Бага хурлын 17 дугаар хурал (СОР)-д зориулан байр, байшин барих 35 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах санал гаргаж байна. СОР-ын хурлыг эх орондоо хийж байгаа нь сайн боловч бусад улс орны өмнө заавал баян болж харагдах гээд хэрэггүй. Зуны дэлгэр цагт хийж байгаа учраас асар майханд зохион байгуулаад аль болох бага зардлаар хийх боломжтой. Хэдүүлээ бусдын өмнө баян болж жүжиглээд яах юм.
Манай улс эдийн засаг, санхүүгийн хувьд амиа аргацааж өдөр хоногуудыг өнгөрөөж байгаа хэр нь дэлхий нийтийн өмнө том том амлалт өгч, түүнийгээ биелүүлэх гэж бүдчиж явна. Улстөрчид маань сонгуулиар иргэддээ юу хамаагүй амладаг шигээ дэлхий нийтийн өмнө ч амлаж болно гэж боддог бололтой. Томоохон хэмжээний, тоотой, хугацаатай амлалтуудаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсооно, хүлэмжийн хийг бууруулна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулна, авлигыг буруулна гэх мэт амлалт олон. Гэвч биелж байгаа нь нэг ч алга. НҮБ, дэлхийд тавьсан “өр” улам нэмэгдсээр л байна.