Монгол Улсад 1950-иад оны дунд үеэс аялал жуулчлалын салбарын хөрс бэхлэгдэж, жуулчдад үйлчлэх анхны буудал, ресторанууд үүд хаалгаа нээж байсныг түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ.

Далаас илүү жилийн настай энэ салбар өдгөө улсынхаа эдийн засгийг солонгоруулж, олон тулгууртай, тогтвортой байдалд хөтлөх нэг гол багана, эх орноо олон улсад сурталчлах нэгэн том гүүр болтлоо өргөжиж, хөгжсөн байна. Өргөн уудам газар нутаг, өв соёл, өвөрмөц нандин байгалийн тогтоцоороо дамжуулан валют олборлоход бид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй анхаарч, жуулчид татах хүслийнхээ үзүүрт хүрч чадсаны илрэл энэ. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал, агуулгын гадна үлдэж, энэ салбарын алсын хараа, ойрын төлөвлөгөөнөөс ангид хоцордог нэн чухал хэсэг бол дотоодын аялагчид буюу монголчууд өөрсдөө юм. Шулуухан хэлэхэд, бодлого тодорхойлогчдоос эхлээд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их сургуулиуд, салбарынхан гээд цөм гаднын жуулчдад л зориулж бүтээгдэхүүнээ хөгжүүлж, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа боловсруулсаар иржээ. Үүний үр дүнд монголчууд Монголдоо хариуцлагатай, өгөөжтэй аялаж дасаагүй, дадаагүй байна. Наадмын амралтын өдрүүдэд голын зах барааддаг, хүн, хөлөөс зайдуу газар майхан зоогоод, махаа шараад идчихдэг, отоглосон газраа хогоо үлдээгээд, бохироо орхиод буцдаг байдлаа бид аялах, зугаалах гэж нэрийдсээр ирлээ.

Монгол Монголдоо

Манайд дотоодын аялагчидтай холбоотой, тэдний зан байдал, чиг хандлагыг анирдсан судалгаа ч тун ховор. Эндээс аялал жуулчлалын салбар хийгээд монгол аялагчдын хоорондын уялдааг харж болохоор байна. Харин “Медиа групп” ХХК “Хөдөө гаръя-2023” судалгаа хийсэн байдаг. Уг судалгаанаас монголчууд Монголдоо ямар аж байдалтай аяладаг болохыг харж болохоор юм. Судалгаанд нийт хүн амын талаас илүү нь амьдарч буй нийслэлийн иргэдийг хамруулсан байна. Ингэхэд иргэдийн 48 хувь нь наадмын урт амралт тааруулж аяллаа эхлүүлэхээр төлөвлөдөг болох нь тогтоогджээ. Харин зун аялахгүй гэж хариулсан иргэдийн 28.5 хувь нь аялах цаг зав гарахгүй байгаа, 23 хувь нь мөнгөгүй, мөнгөө аяллаас өөр зүйлд зарцуулна, 10.6 хувь нь өөр улсад аялахаар төлөвлөж байгаа зэрэг шалтгаан хэлжээ. Өөр нэг сонирхолтой өнцөг нь, судалгаанд оролцогчдын 7.3 хувь нь Монголд аялахад зардал өндөр гардаг гэсэн бол 6.6 хувь нь эх орондоо аялах нь зардалдаа таарсан сэтгэл ханамж өгдөггүй болохыг илэрхийлсэн байгаа юм. Түүнчлэн монголчуудын олонх нь ямар нэг тодорхой зорилгогүй аялалд гардаг байна. Зун аялна гэж хариулсан хүмүүсийн 82.7 хувь нь ердийн амралт, зугаалгын зорилгоор болон найз нөхөд, хамаатныдаа очих байдлаар аялна гэжээ. Харин маш бага буюу долоон хувь нь алхах, ууланд авирах, загасчлах, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох зэрэг тодорхой зорилгоор аялах төлөвлөгөөтэй гэдгээ хэлжээ. Эндээс Монголын аяллын компаниуд дотоодын аялагчдад чиглэсэн үйл ажиллагаа, эвент, хөтөлбөр боловсруулж, үнийн нөхцөлөө хөнгөрүүлэн, жуулчид татах шаардлагатай нь харагдаж байна.

Манайд дотоодын аялагчдыг нэг цэгээс аваад, автобусаар үйлчлэн, аялуулах тусгай хөтөлбөртэй аяллын компани нэн ховор. Үүний улмаас хүмүүсийн олонх нь компаниар дамжуулах бус хувиараа, хувийн унаагаараа салхинд гарахыг урьтал болгодог. Тоо сөхвөл, дээрх судалгаанд оролцсон иргэдийн 80.8 хувь нь өөрийн машинаар аялалд гарахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Хувийн унаагаараа хотоос гарсан иргэд автомашиныхаа ард майхан ачаад, таарсан газраа отоглох нь элбэг. Аялахаар гарсан иргэдийн 28.3 хувь нь майхан зөөврийн сууцанд, 29.8 хувь нь найз нөхөд, хамаатныдаа байрладаг бол 16 хувь нь зочид буудал, 13.3 хувь нь жуулчны бааз, 5.8 хувь нь түрээсийн байранд буудалладаг нь тогтоогдсон байна.

Амралтаа тааруулаад нийслэлээс гарсан иргэд голын зах бараадна. Майхнаа шовойлгоод, махаа хорхоглоод, архи, пиво хэрэглэнэ. Энэ нь бараг л бичигдээгүй дүрэм. Үүнийг ч дээрх судалгаанаас харж болохоор байна. Тодруулбал, аялагчдын 44.8 хувь нь “Миний хувьд хорхог, шорлог идээгүй л бол сайхан аялал болохгүй” гэх асуултад “Тийм” гэж хариулсан байна. Мөн хүмүүс аялахдаа согтууруулах ундаа их хэрэглэдэг эсэх асуулгатай 80 орчим хувь нь санал нийлжээ. Мөн 70 орчим хувь нь хүмүүс аялахдаа хог хаягдаг, байгалийн унаган төрхийг гэмтээдэг хэмээсэн байна.

Эндээс монгол аялагчид дотоодод аялахдаа аль нэг аяллын компанид хөрөнгө оруулалт хийдэггүй, байгаль орчин бохирдуулж, хор хохирол учруулдаг, өөрсдийн унаа хөсгөө хөлөглөж, эрсдэл бий болгодог гэхчлэн олон сөрөг нөхцөл байдлыг харж болохоор байна. Тун товчоор дүгнэхэд, монгол хүмүүс эх орондоо зугаалж, зугаацаж л чаддагаас жуулчны дүрээр аялж чадахгүй байна.

Монгол гадаадад

Монголчууд нүүдэлчин ард түмэн. Тиймээс таарсан, таалагдсан газраа отоглож, өөрсдөө хүнс, хоолоо төхөөрч амарч, аялах нь бидний цусанд байдаг чанар уу, эсвэл систем, дэггүйн улмаас эх орондоо л ийн зоргоор авирлаж байна уу гэдгийг нийтлэлийн энэ хэсэгт хөвөрдье. Сүүлийн жилүүдэд аялах зорилгоор гаднын улсыг зорих монгол иргэдийн иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсын 2.7 сая иргэн гаднын улсыг зорьсон гэх мэдээлэл бий. Тэдний нэг сая орчим нь хувийн журмаар хил давсан бол 351 мянган иргэн аялах зорилгоор явжээ. Энэ тоо 2022 онд 83 мянга байсан бол 2023 онд 230 мянга болж нэмэгдсэн аж. Гаднын улс руу аялагчдын олонх нь групп аялал буюу аяллын компаниас гаргасан тусгай хөдөлбөрийн дагуу, багаараа аялах хувилбарыг сонгодог байна.

Мөн гадаадад аялахдаа шаггүй мөнгө зарцуулдаг. Монголчуудын гадаадад аялж зарцуулсан мөнгө, гадаадын жуулчдын Монголд оруулсан орлогоос гурав дахин өндөр байна. Тоо сөхвөл, 2024 онд манай улс жуулчдаас 592 сая ам.долларын орлого олсон бол өөрсдөө гадагш аялахдаа нэг тэрбум 617 сая ам.доллар зарцуулсан байна (Монголбанкны төлбөрийн тэнцлийн үзүүлэлт).

Эндээс дотоодынхны “голсон” монгол аялагчдыг гаднын улсууд татахыг мэрийж, тэднээс шаггүй мөнгө сугалдаргалж байгааг харж болохоор байна.

Гадаад Монголд

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар гадаад жуулчдыг татах чиглэлд анхаарч, хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэн, төсвөөс багагүй мөнгө энэ чиглэлд “хаяж” байгаа. Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мэргэжлийн холбоог үүсгэн байгууллаа. Гадаадын жуулчдад НӨАТ-ын буцаан олголт, гарааны компаниудад татварын хөнгөлөлт ч үзүүлэхээр болов. Сүүлийн жилүүдийг дараалан Монголд зочлох жил болгон зарлаж, CNN, Netflix, HBO, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг мөн хийлээ. Гэвч одоогоор Монголд ирсэн жуулчдын тоо болон тэндээс “шүүрдэж” буй мөнгөн дүн бүдэг, бадаг байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улс жуулчид даллахын тулд хэчнээн төгрөг зарцуулсан талаарх албан ёсны тоо, мэдээлэл хаана ч алга. Түүнчлэн энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт өнөө ч үргэлжилж буй. Өнгөрсөн тавдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын компаниудад дөрвөн их наяд төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан юм. Тус зээлийг зургаан жилийн хугацаанд олгох бөгөөд зургаан хувийн хүүтэй байна гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд мэдээлсэн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Номин

“Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох цаашлаад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж Засгийн газрын тогтоол гаргалаа. Энэ тогтоолоор зургаан жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй зээл олгохоор боллоо. 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилт тавьж байгаа. Ингэснээр ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлнэ. Ингэхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулах ёстой. Ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хувийн хэвшилд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгох бөгөөд тогтвортой 5-6 жил олгож байж үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. Энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. 50 орчим хувь нь дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно.”

Ийн улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт дөрвөн их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр зарцуулах нь нэгэнт тодорхой болов. Түүнчлэн цаашид жуулчид татахад 11 орчим их наяд төгрөг шаардлагатай гэдгийг салбарын сайд онцолсон юм. Харин өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгөн дүн өмнө өгүүлсэнчлэн бүрхэг хэвээр.

Тиймээс аялал жуулчлалын салбар цаашид гаднаас валют олборлоход анхаарахаас гадна дотоодын мөнгийг монгол жуулчдаар дамжуулан гадагш урсгахгүй байх чиглэлд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд дотоодын аялагчид руу чиглэсэн хөтөлбөр, эвент, үйл ажиллагаа зохион байгуулж, тэдний анхаарал, сонирхолд нийцэх сурталчилгаа, мэдээлэл хүргэх гэхчлэн олон ажил арга хэмжээг зохион байгуулах нь зүй. Мөн аялал жуулчлалын салбарт улсаас зарцуулж буй мөнгөн дүн, олж байгаа орлого зэргийн зөрүүг ч олон нийтэд ил, тод мэдээлж, бодит үр дүнг тодорхой болгох шаардлагатай. Нэг талд гадаадаас жуулчид татна гээд шаггүй мөнгө зарцуулдаг, нөгөө талд гадаад руу жуулчин болж зорчоод багагүй мөнгө зарлагаддаг, жуулчдын манайд оруулсан хөрөнгө оруулалт сурталчилгаа, хөтөлбөрийнхөө төсөвт дүйж байгаа эсэх нь бүрхэг нөхцөлд өнөөгийн аялал жуулчлалын салбар дэнжигнэж байна.