
Хүн нийгмийн амьтан. Бидний байгалийн амьтдаас ялгарах гол онцлог нь бие, биетэйгээ харилцаж, ярилцаж, нийгэмших төрөлх өгөгдөл юм.
Гэвч цар тахлын нөлөө, хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүний мөн чанарын хувьсал зэрэг олон хүчин зүйлийн улмаас ганцаардал гэх гачлант “өвчин” хүн төрөлхтнийг нөмөрч, бидний нийгэмших, харилцах, нэгэндээ түшиг, нөмөр болж хамтран амьдрах төрөлх инстикт хувьсаж буй. Энэ нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөө нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн бөгөөд зарим тохиолдолд амь насанд ч заналхийлж буй. Тиймээс ДЭМБ ганцаардлыг дэлхий дахины эрүүл мэндэд тулгамдаад буй асуудал гэж мэдэгдээд, уг асуудлын хүрээнд олон улсын комисс хүртэл байгуулсан. Тус байгууллагын мэдээлснээр насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг, өсвөр насны долоон хүүхэд тутмын нэгд нь ганцаардлын улмаас сэтгэл зүйн асуудал үүссэн байна. Ийн ганцаардал хүнийг дотроос нь “идэж”, хувь хүнд төдийгүй нийгэмд сүүдэр тусгаж байгааг мэргэжлийн байгууллагууд чимээлсээр буй. Гэсэн ч хүмүүс гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж, нийгмийн идэвхтэй харилцаанд орохоос цааргалж, амьдралыг нэг биеэрээ элээх сонголт хийсээр байна. Энэ нь нийгмийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн хэлбэр, хэрэглээний хэв маягийг өөрчилсөөр байгаа юм. Хамгийн сонирхолтой нь, үүний улмаас эдийн засгийн шинэ төрөлжилт бий болоод буй. Тодруулбал, ганцаардлын хүрээ тэлэх хэрээр энэ чиглэлийн бизнесүүд хөгжиж, дэлхий дахинд ганцаардлын эдийн засаг гэх ойлголт нутагшиж байна.
Энэ оны эхээр ганцаараа амьдардаг залууст зориулсан аппликэйшн БНХАУ-д шуугиан тарьсан. “Чи үхчихсэн үү” гэх содон нэртэй тус хэрэглүүрийн концепц тун энгийн. Хэрэглэгч хоёр өдөр тутамд нэг удаа аппликэйшнд амьд байгаагаа мэдэгдэж, ногоон товчлуур дарна. Хэрэв энэ баталгаажуулалтыг хийлгүй гурав хоновол аппликэйшн тухайн хүний бүртгүүлсэн дугаарт аюулгүй байдал нь алдагдсан байж болзошгүй тухай мэдээлэл илгээдэг байна. Тус аппликэйшн хамгийн их татагдсан төлбөртэй аппликэйшнаар нэрлэгдсэн төдийгүй хэрэглэгчийн дийлэнхийг залуучууд эзэлж байгаа нь олны анхаарлыг татаад буй. Уг үйл явдлын дараа Хятадад нийгмийн бүтэц өөрчлөгдөж, уламжлалт амьдралын хэв маяг улам алсарч байгаа талаарх өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн ганц бие хүнд чиглэсэн бүтээгдэхүүн эрэлттэй байгааг, ганцаардлын эдийн засаг эрчимжиж буйг ч олон нийтэд онцлох болжээ. Үүнээс гадна, Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Ай ни лаожи” гэх гарчигтай нийтлэлүүд шуугиан тарьсан бөгөөд энэ нь хамгийн хайртай, сайн найз болох өөртөө мөнгө зарцуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авлаа гэх агуулгатай акц юм. Өөрийгөө арчилж, өөрөө өөрийгөө эмчилж, өөрийгөө л хайрлах тухай агуулга ийн өргөн хүрээнд тархаж, ганцаараа амьдардаг иргэд олширч байгаатай холбоотойгоор тус улсад нэг хүнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Хоол үйлчилгээний газрууд ганцаараа хооллоход зориулсан хэсэг бий болгон, нэг хүний меню бэлтгэж, караоке, шөнийн цэнгээний газрууд ганц хүнд зориулсан өрөө, ширээ зэхэх болов. Мөн хүргэлтийн хоол бэлтгэдэг газар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг бүхий л субъект нэг хүнд чиглэсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнд онцгой анхаардаг болжээ.
Нийгмээс тусгаарлагдан, ганцаараа амьдарч байгаа хүмүүсийг онилсон зах зээлийн эрэлт дан ганц урд хөршид бий болоогүй. Дэлхийн ихэнх улсад энэ төрлийн бизнес эрэлттэй байгаа бөгөөд ганцаардалд хань болохуйц хиймэл оюун ухаант төхөөрөмжийн хөгжил ч чинээндээ тулаад буй. Энэ үзэгдэл орон сууцны зах зээлд ч тодорхой нөлөө үзүүлж байна. Өмнө нь том хэмжээтэй, олон хүний багтаамжтай сууц эрэлт ихтэй байсан бол одоо эсрэгээрээ. Нэг хүний хэрэгцээг тов хийтэл хангадаг барилга, байгууламжийн эрэлт гаарч, барилгын компаниуд энэ хэрэгцээнд нийцүүлж жижиг хэмжээтэй, зөв зохион байгуулалттай байр барьдаг болжээ.
Ганц бие хүн санхүүгийн зарцуулалттай холбоотой шийдвэрээ бие дааж гаргадаг бөгөөд орлогоо зөвхөн өөртөө зарцуулдаг учир эдийн засгийн хувьд гэр бүлтэй хүмүүсээс илүү эрх чөлөөтэй байдаг аж. Тиймээс л ганц бие хүнд чиглэсэн бизнесийн хүрээнд их хэмжээний мөнгө эргэлддэг болохыг шинжээчид онцолжээ. Мөн тэд сэтгэл зүйн хувьд олон хүн дээр төвлөрч, түмнээр хүрээлүүлж амьдардаг хүмүүсээс ялгаатай.
Материаллаг хэрэгцээ, ухаалаг төхөөрөмж, амттан зэргээр сэтгэл зүйн хоосон орон зайгаа нөхөхийг мэрийдэг бөгөөд үүндээ өндөр өртөг зарцуулдаг нь бизнесийн салбарынхны хэрэгцээтэй огтлолцдог аж.
Монгол Улсад ч ганц бие залуусын тоо түүхэн дээд хэмжээнд хүрээд буй. Тоо сөхвөл, 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7 хувь, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй байна. Мөн гэр бүл зохиох нас ч алсарч, 30 хүртлээ ганц бие байх нь хэвийн үзэгдэлд тооцогдох болов. Залуучууд гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохыг чухалчилахаа байж, аав, ээж байхаас амжилт, карьерыг нэгдүгээр эрэмбэлдэг болжээ. Түүнчлэн эхнэр, нөхөртэй болох хүртлээ ээж, аавтайгаа амьдардаг цаг ч улирсан байна. Хөдөлмөрийн зах зээл дээр гармагц ганц, нэгээрээ тусдаа гардаг болсон бөгөөд үүний улмаас 1-2 гишүүнтэй өрхийн эзлэх хувь өсөж, 34.6 хувьд хүрчээ. Харин 3-4 гишүүнтэй гэр бүл 30.4, 5-6 гишүүнтэй өрх 25.3, 7-оос дээш ам бүлтэй айл 9.7 хувийг эзэлж байна.
Монголчууд ганц хүн гал болдоггүй, ганц мод айл болдоггүй гэх уламжлалт хандлагатай. Тиймээс өмнө нь нас биед хүрмэгц гэр бүл зохиож, хамтаараа амьдардаг байлаа. Мөн айл, хотлоороо эв, эетэй байж, хамтач нийгмийг цогцлоож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хотжилт эрчимжиж, хүмүүсийн хандлага, үзэл бодол урьдынхаас хувирсан. Үүнийг дагаад дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал манайд л бий болоод буй. Улмаар ганц, нэг хүнд чиглэсэн бизнесийн төрөл, хэлбэрүүд ч Монгол Улсад бий болжээ. Хоол хүргэлтийн үйлчилгээнүүд нэг хүний порц санал болгож, кофе шоп үйлчилгээний газрууд ганцаараа суух орон зай үүсгэж эхэлсэн нь дээрхийн нотолгоо. Мөн такси үйлчилгээнд “Чимээгүй аялал” буюу жолоочтой харилцан яриа үүсгэхгүй байхыг урьдчилж сануулдаг тохиргоо бий болсон зэрэг нь харилцах, ярилцах хүсэл, хэрэгцээнээс алсарч байгаагийн тод илрэл юм.
Ганцаардал хэзээ ч эдийн засаг, бизнесийн зам, жим байгаагүй. Харин одоо энэ зүйл рүү чиглэсэн зах зээл дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байна. Гэхдээ анхаарах учиртай гол өнцөг нь, ганц хүн рүү чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ганцаардах мэдрэмж, агуулгыг засахгүй. Харин ч дасан зохицоход чухал нөлөө үзүүлнэ.