
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Наадмыг би монголчуудад жилдээ нэг удаа хийдэг соёлын дархлааны вакцин гэж ойлгодог. “Монгол хүн шүү би” гэдгээ дахин нэг санах, сэхээрэхэд нь туслах вакцин” хэмээн хэлсэн байдаг. Яг үүнтэй адил Цагаан сар бол монголчуудын өв соёлоо дээдлэх, ахмадаа хүндлэх, ураг төрлөө мэдэлцэхийн чухлыг сануулсан “вакцин”. Цаг хугацаа урсах тусам монгол ахуй, дэлхийн хаана ч байхгүй ондоошлоосоо холдож буй бидэнд ийм баяр байгаа нь талархаж, бахархууштай.
Хүмүүсээс Цагаан сарын баярынх нь дурсамжийг нь асуухаар бүгдээрээ л хүүхэд насныхаа тухай ярьдаг. Ялангуяа хөдөө өссөн хүн бүр хүүхэд насныхаа Цагаан сарыг хамгийн сайхан нь гэдэг. Энэ нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, хүүхэд насанд баяр бүхэн сайхан. Дээрээс нь чихэр жимс элбэг, айл болгоноос бэлэг авдаг баяр бүр ч сайхан санагдах нь дамжиггүй.
Хоёрдугаарт, жинхэнэ монгол ахуй, өв уламжлалыг гүн шингээсэн Цагаан сарын баяр хүүхэд байх үед л болдог байлаа. Харин одоо жилээс жилд, аажим аажмаар өв соёл бүдгэрч, монгол ахуйгаасаа монгол түмэн алсарсаар л байна. Хөдөө өссөн хүүхэд бүрийн дурсамжинд Цагаан сарын баяр хэрхэн үлдсэнийг сийрүүлье.
Малын тоо 50-60 саяд хүрч бэлчээр талхлагдаагүй учир ах дүүс айл хотлоороо өвөлжинө. Битүүний өмнөх өдрүүдэд айл хотлоороо ярилцан хуваарь гаргаж өрх бүр Цагаан сарын бууз банш, хэвийн боовоо хийх хоногоо товлоно. Нэг айлынхаа бууз банш, хэвийн боовыг хийх ажилд хонины ээлж таарсан хүнээс бусад нь цөм оролцоно. Зөвхөн ах дүү, хамаатан садан бус таньж мэддэг нутаг нугынхан бүгдээрээ зочилдог учир бууз баншны хэрэглээ их. Айл бүр хэвийн боов, хавсайгаа өөрсдөө хийхээс гадна, тавгийн идээнийхээ голд хийх, хүүхдүүдэд бэлэглэх боорцог гээд хийх боов боорцогны хэмжээ ч их. Тиймээс хот айлаараа нэгнийдээ цуглаж олны хүчээр бүгдийг базаана. Багачууд бид өдөржин бэмбийний гурил нухна. Нухаж буй гурилаа хутгаар зүсэхэд дотор нь хий хураасан нэг ч нүх байх ёсгүй. Нэг ч нүхгүй болсон цагт айл хотол дундаа хамгийн сайхан хэв дардгаараа тодорч зөвхөн хэв дарах ажлыг хариуцаж байгаа ахад бэмбийний гурилаа өгч дараагийнхаа нухна.
Хот айлынхнаа оролцуулахгүйгээр бэлтгэдэг ганц идээ шүүс бол ууц, өвчүү. Намраас хойш хэрэглээгүй бүрхээрээ гаргаж ууц, өвчүүгээ чанана. Хамгийн том тогоон дээрээ бүрхээрээ тавиад ууц, өвчүүгээ зүүж уураар жигнэж болгодог. Энэ бол эртнээс Цагаан сар, найр наадмын идээ шүүсээ бэлтгэж ирсэн уламжлалт арга.
Айл бүрийн галын хажууд, баганатай зэрэгцүүлээд хуучин дээл хувцсаар бүтээгээд тавьчихсан бөндгөр зүйл харагдана. Энэ бол исгэж буй бараашиг. Айл болгон өөр өөрийнхөө исгэж сурсан арга барилаар бараашгаа исгэнэ. Үзэмтэй, чавгатай, зун ойгоос түүсэн хад жимсээрээ исгэсэн гээд айл бүрийн бэлтгэсэн амтат ундаа өөр, өөр.
Айлын эхнэрүүд сум, аймгийн төв явж баяраар хүмүүст өгөх гарын бэлэг, тавгийн чихэр зэргээ зэхнэ. Мөн нөхөр, хүүхдүүддээ болон өөртөө дээл урлах их үйлийн ажил өрнөнө. Хүн бүр жил бүрийн Цагаан сараар шинэ дээл өмсөхийг эрмэлзэнэ. Үгүй ядаж л хурган дээлэндээ шинэ өнгө татна. Хурган дээлээ гаргаж хунгар цасан дээр гөвж, сэгсрэн өнгийг нь сэргээнэ.
Хивс олбог, ширдэг, дэвсгэрээ угаахыг нь угааж цас, мөсөн дээр гөвөхийг нь гөвнө. Шалны хулдаасаа ч шинээр солино. Айл бүрийн усны хэрэглээ нэмэгдэж голоос мөс хагалан, үхэр тэрэг, чаргаар зөөнө. Тусад орсон хамгийн бага хүүхдээ гэр дээрээ гарган цагаан бүрээснийхээ цас, тортгийг шүүрдүүлнэ. Ингэж л битүүн хүртэл хүн бүхэн өөр, өөрийн албанд томилогдон хэр хэрээрээ баяртаа бэлтгэдэг.
Эрчүүд Цагаан сараар унах хүлгээ морьд дундаасаа сорчлон барьж, дэлийг нь засна. Мориныхоо дэлийг өөрөө засдаг хүн ч бий, хамгийн гоё засдаг хүнээр засуулахаар дугаарлах нь ч бий. Эхнэрүүд гэрийнхнийхээ өмсөх дээл, хувцсыг гаргаж бэлдэнэ. Орны бүтээлэг, хөшиг, хатгамалаар гоёж гангалсан хөнжлийн уут, гэрийн хоолойвчоо гаргаж зүүнэ. Тос хайлж хайлмаг хийнэ.
Орой болж нар ханийн толгой руу гудайхад аав идээ шүүсээ байршуулж, тавгаа засаж, эхэлнэ. Ээж хэдэн өдрийн өмнө төвөөс авч ирээд биднээс нууж илүү гэр, амбаарт хадгалсан чихэр тэргүүтнээ гэртээ оруулж ирнэ. Тавгаа засах нь хүүхэд бидний хувьд хамгийн удаан хүлээсэн баярт мөч. Дөнгөж гаднаас оруулж ирсэн чихэр аманд ороод тас, тас хийн хагарах нь сонсогдоно. Тавгаа засаж, идээ шүүсээ бэлтгэх ажил хойморын авдар дээрх радиогоор явж буй бөхийн тайлбар, цаана нь эгшиглэж буй “Миний нутгийн үзэсгэлэн” дууны аяз дунд өрнөнө. Би аавын зааснаар гэрийнхээ тотгон дээр гурван мөс эгнүүлэн тавина. Битүүний орой Лхам бурхан айл бүрд зочилдог гэлцдэг. Тиймээс гэрийнхээ тотгон дээр гурван мөс тавьж Лхам бурхны хөлөглөн ирсэн луусыг ундаалдаг уламжлалтай.
Бүх зүйл жин тан болж ээж битүүний буузаа жигнэнэ. Буузны үнэр, бурханы өмнө уугиулсан арц, хүжийн үнэртэй хослон ханхлах нь хачин сайхан. Бүлээрээ цуглан буузаа идэж, бөхөө үзэцгээнэ. Дараагийн жигнүүр буузыг таваглан, маарлаар бүтээгээд хот айлынхандаа оруулж өгнө. Битүүний орой хот айлаараа буузаа солилцдог уламжлалтай. Бөхөө үзэж дуусаад хот айлынхаа хамгийн залуу айлд бүгд цуглаж битүүлцгээнэ. Буурай ээж минь
“Буурал морины маань мундаан дээрээ хө Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө Буурал аав ээжийн минь захиж хэлсэн үг Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө…” хэмээн дуулна.
Хүүхдүүд бараашиг, аав, ах нар хаа нэг олддог хатуу сархад тойруулна.
Шинийн нэгний өглөө аав, ээж хоёрын хуйхалж чанасан хонины толгойн эрүүг заах зан үйлийн чимээнээр сэрнэ. Аав, ээж хоёр босгоныхоо наана, цаана суугаад хуйхалж чанасан эрүү толгойг заадаг уламжлалтай. Ингэж заахдаа эрүүнээс нь ээж, толгойноос аав татаад
“Бүх юм дэлгэрлээ
Битүү юм нээгдлээ
Буур жил гарлаа
Ботгон жил орлоо” гэж хэлдэг ёстой.
Эрүүг нь зааж авсан толгойн хошуунд нь шар тос түрхээд, бурхныхаа өмнө зална. Эрүү толгой заах чимээнээр сэрээгүй бол ээж гал дээр цагаалаг, цай самрах чимээнээр сэрнэ. Бэлдэж хоносон шинэ хувцсаа өмсөөд, мөрөө гаргана. Гэртээ орж ирээд бурхандаа мөргөн аав, ээжтэйгээ золгож, цайгаа уун, идээ шүүсээ амсчихаад хот айлынхаа хамгийн ахмад айлд цуглаж золгоцгооно. Амар мэндээ мэдэлцэж, хүүхэд багачуудад ерөөлөө хайрлаж, өчигдөр, бүр сүүлийн хэдэн сар уулзаагүй хүмүүс шиг яриа дэлгэн сууцгаана. Тухайн айлд орохдоо жижиг тавагтай идээ, хийж бэлтгэсэн зул барьж ордог. Ээж тавагтай идээгээ гэрийн эзэгтэйд өгч, аав бурханых нь өмнө зулаа тавиад өргөнө. Тухайн айлаас гарахад гэрийн эзэгтэй тавагны идээг сэлбэж шинэчлээд буцааж өгнө. Хамгийн ахмад настай айлдаа золгосон хот айлынхан насных нь дарааллаар бусад айлууддаа орж шинэлцгээнэ.

Хот айлын шинэлгээний дараа хол, ойр байгаа өвөө, эмээ, ах дүү, хамаатан садан, нутгийн ахмад настангууддаа очиж золгоцгооно. Хүүхдүүд бид айлд тухалж суухгүй, бушуухан бэлгээ аваад дараагийн айлаа хэсэхийг л бодно. Аав, ээжтэйгээ айл хэсэж дуусаад насаар ойролцоо авга, нагац, үеэлүүдтэйгээ морио унаад айл хэснэ. Ингэж айл хэсэхэд хамгийн бага нь байх хэцүү. Айлын шон дээр буугаад морио уяахаас эхлээд ах нараасаа үргэлж хоцорно. Нэг л хоцорсон бол тэр айлаас гарах хүртлээ л хоцордог. Айлд ороод бурханд нь мөргөж хүмүүстэй золгоод суухад яг л орж ирсэн дарааллаараа сууж таарна. Хамгийн доор суусан би цагаалаг, чамрын гурил, тавагтай идээ гээд бүгдийг дээш нь айлын ширээ рүү зөөж тавина. Хамгийн дээр суусан ах битүүлэгнээс хөндөж өгөхдөө надад заавал том өөх авч өгнө. Шоглож байгаа нь тэр. Айлын эзэгтэй дээрээс нь эхлэн бэлгээ өгнө. Намайг бэлгээ авч амжаагүй байхад л дээр суусан ах нар гарахаар босоцгооно. Би хамгийн сүүлд бэлгээ авч, хамгийн сүүлд айлаас гарч яаран мориндоо мордоно. Нохойтой айл бол хамгийн сүүлд орж гарч байгаа надад тун амаргүй. Айлуудын бэлгэнд өгсөн боорцогноос харж байгаад зүс таарууг нь нохойд хаяж өгнө. Гэсэн хэдий ч Цагаан сарын дараа хүүхэд бүр 25 кг-ын шуудай дүүрэх шахсан их боорцогтой болсон байдаг. Айлын нохойд хаяж өгсөн өнгө муутайгаас ч муу, амт муутай боорцог таарах нь цөөнгүй. Учир нь, тариа буудайгаа хураах, гурил үйлдвэрлэх, гурилаа тээвэрлэх арга технологи одоогийнх шиг хөгжөөгүй байсан учир бензин, царван амтагдсан бооцог мэр сэр таарна.
Цагаан сар нь өвлийг өнтэй давсны баяр төдийгүй хаврын урт, чанга өдрүүдийн бэлтгэл гэлтэй санагддаг байв. Мал төллөхөөс эхлээд малчдын ажил жинхэнэ ундарна. Хаврын урт өдрүүдийг бэлгэнд ирсэн боорцгоо цайнд дэвтээж идсээр туулна шүү дээ. Мөн хот айлынхаа хүүхдүүдтэй бэлэгнийхээ жигнэмэг, чихэр зэргийг бооцоонд тавьж хөзөр тоглоно. Бэлтгэхээсээ эхлээд бэлгээ идэж дуусах хүртэл хүүхэд насны Цагаан сар хамгийн сайхан нь. Одоогийн хүүхдэд ч хамгийн сайхан баяр санагддаг байж таараа. Гэхдээ бид монгол ахуйгаасаа улам л холдсоор байна. Сүү хөөрүүлж цагаалаг бэлтгэхийн оронд бэлэн тараг, үйлдвэрт боловсруулсан аарцаар цагаалаг хийж, идээ шүүс, таваг засах бүхнээ худалдан авч байна. Уг нь энэ бүгдийг өөрсдөө хийх нь хамгийн сайхан дүрсамж бүтээдэг, монгол өв соёлоо хүүхэд багачууддаа таниулдаг ач холбогдолтой байлаа. Мориныхоо дээлийг засаж гоёод айл хэсэх бус мотоцикль, машин хөлөглөөд айлаар бууж байна. Техник технологийн дэвшлийг ашиглаж, орчин цагтайгаа хөл нийлүүлэн амьдрах нь зөв ч энэ болгонд бид монгол ахуй, өв соёлоосоо улам алсарсаар л буй. “Гүн гүнзгий ахуй соёл маань дурсамжинд минь үлдэж дээ” гэж бодохоор харамсмаар ч юм шиг. Гэхдээ бид ийм сайхан баяраа үеийн үе, үрийн үрд өвлүүлэн, тэмдэглэсээр байгаа нь сайхан.