Дэгжин охид, дэрсхэн хөвгүүд орчин тойрноо чимж, багачуудын цовоо дуу, цолгиун инээд газар сайгүй цангинана.
Зүйл бүрийн амттан зүг бүхэнд эрийж, үлгэрийн баатрууд “амилан”, өхөөрдөм тоглоомууд цагийг эзэлнэ. Хамгийн чухал нь, хором бүхэнд өөртэйгөө, бусадтай ухаан сөхөөгүй уралдан, хурдлах томчууд завгүй хэмнэлээсээ түр завсарлага авч хүүхэд дээрээ бүрэн төвлөрнө. Бодлого тодорхойлогч, эрх баригчид ч энэ өдөр эх орны ирээдүй болсон багачуудын асуудлыг хөндөж, тэдэнд баяр хүргэн, хүндэтгэх нь бий. Ийн жил бүрийн зургаадугаар сарын 1 буюу 365 хоногийн ганцад нь хүүхэд “гол дүр” болдог. Уг нь томчуудын хайр, төрийн анхаарал тэдэнд өдөр бүхэн хэрэгтэй байдаг төдийгүй эрх нь зөвхөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дурсагдаад өнгөрөх бус хором бүрд хангагдах, хамгаалагдах учиртай. Харамсалтай нь, бид эрхийнх нь эл өдөр ч эрхээр нь хатааж, амттан, шимттэнд автуулахаас биш эрүүл, аюулгүй орчинд амьдрах, суралцах, хөгжих боломж нөхцөлд нь анхаарч, тэгш гарааг нь бэхэлж дөнгөхгүй байна.
Монголын Медиа Корпорацын “Eagle news” телевиз, “Үндэстний ТОЙМ” сэтгүүл, www.eagle.mn сайт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Бэлгээ бэлдье” аяныг санаачлан зохион байгуулж буй.
Хүүхдүүдэд, тэдний ирээдүйд ууттай чихэр, тоглоом бус эрүүл мэнд, боловсрол, тэгш боломж, аюулгүй өсөж торних орчин нэн хэрэгтэй. Тэдгээрийг зэхэх нь, хангагдаагүй эрхийг нь олж харж, өөрчлөлтийг эхлүүлэх нь жинхэнэ бэлэг байх юм.
Эрүүл ирээдүй бэлэглэе
Амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны эмгэг, гэмтэл бэртэл, дотор эрхтэн, арьсны өвчлөл гээд хүүхдүүдийг “мадалж”, отож буй өчнөөн өвчин бий. Тэдгээрийн дотор нийт хүүхдийн дунд хамгийн түгээмэл байгаа нь шүдний өвчлөл юм. Тоо сөхвөл, 18 хүртэлх насныхны 80 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байна. Нийслэлийн нэгдүгээр ангийнханд хийсэн эрт илрүүлгийн шинжилгээнд 40 гаруй мянган хүүхэд хамрагдсан бөгөөд шүдний үзлэгт 33246 хүүхэд шүдний үзлэгт оржээ. Ингэхэд, 26378 нь шүдний цооролттой, 6460 хүүхэд шүдний гажигтай, 27990 нь шүдээ бүрэн угаадаггүй болох нь тогтоогдсон байна.
ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10 хувь нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байгаа нь амны хөндийн эрүүл ахуй манайд ямар түвшинд байгааг илтгэж буй.
ЭМЯ-ны НЭМБГ-ын ХБӨХ-ийн амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Номин
“Шүд цоорох өвчний тархалт Монгол Улсын хэмжээнд 80 гаруй хувьтай байгаа. Бүх насны хүүхдийн хувьд дунджаар гэсэн үг. 10 хүүхдийн есийнх нь шүд асуудалтай, нэг нь эрүүл байна. Бие мах бодийн 200 гаруй суурь өвчлөл амны хөндий болон шүдний өвчлөлөөс шалтгаалдаг. Шүд нь цоорсон хүүхэд ирээдүйд хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдэлийг 70 гаруй хувиар нэмэгдүүлдэг тухай судалгаа ч бий. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхааръя гэвэл шүдний асуудлыг шийдвэрлэх шаардлага хэрэгтэй.”
Шүд нь олон эрхтэн системд чухал нөлөөтэйгөөс гадна өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойгоороо онцлог. Гэвч монгол хүүхдүүд толгой дараалан сэргийлэх боломжтой энэ өвчлөлөөр өвчилж байна. Мөн сүүлийн жилүүдэд хүнсний хэрэглээ, дадал өөрчлөгдсөний улмаас шүдний асуудал цоорлоосоо ч халив. Хүүхдүүдийн чихрийн хэрэглээ нэмэгдэж, хатуу зүйл зулгаах, мэрэх дадал багасах болсны улмаас шүдний гажиг багачуудын дунд түгээмэл илрэх болжээ.
АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхмийн профессор, хүүхдийн нүүр амны эмч Б.Оюунцэцэг
“Эцэг, эхчүүдийн ихэнх нь шүдийг эрхтэн гэж ойлгодоггүй. Сүүлийн 10 гаруй жилд л үүнийг ойлгож байх шиг байна. Хүүхдийнхээ хөхөх, залгих, зажлах үйлийг зөв хийлгэх ёстой. Хүүхдээ анх амлуулахдаа л зөв амлуулчихвал зөв хөхөж, зөв залгина. Зөв залгидаг хүүхэд араа шүд нь шүдлээд зургаан сартай бор хоолонд ороод хоолоо идэх үед зөв зажилж эхэлдэг гэсэн үг. Энэ үед аливаа хоолыг тасалж, зулгааж, хазаад, зажлуулж сургах хэрэгтэй. Сүүлийн 10 жил мэдрэгдэж байгаа нэг зүйл бол хүүхдийн эрүүний бүтцэд өөрчлөлт орсон явдал юм. Хүүхдийн үүдэн шүднүүд бөөгнөрч ургах тохиолдол их болсон. Үүнийг дагаад эрүүний бүтэц жижгэрсэн. Монголчууд өвчин хэлж ирдэггүй гэж ярьдаг. Гэхдээ шүдний өвчнийг хэлж ирдэг гэж боддог. Тиймээс Хүүхдийн баяраар хүүхдэдээ бэлэг өгөх гэж буй бол эрүүл хүнс өгөх нь байна.”
10 гаруй хоногийн дараа хүүхдийн баяр болно. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн хэн бүхэн амттан, шимттэн зэхэж, багачуудаа баярлуулахыг мэрийх нь мэдээж. Байгууллагууд ч ажилчдынхаа хүүхдүүдэд ууттай бэлэг базааж таарна. Хүүхдээ баярлуулах гэсэн тэр сэтгэл, энэ зүтгэлийг буруутгах аргагүй ч эрүүл мэндэд нь тустай, илүү ухаалаг шийдэл ч бас бий. Эцэг, эхчүүд чихэр авч өгөхөөсөө амдаж шүдний эмнэлэгт үзүүлж, албан газрууд ажилчдынхаа багачуудад ууттай амттангийн оронд шүдээ үзүүлэх ваучер бэлэглэж болох юм. Ингэснээр тэдэнд эрүүл ирээдүй бэлэглэх боломжтой. Эрүүл монгол иргэн эрүүл Монгол Улсыг цогцлооно.

Хангагдаагүй эрх
Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд
- эсэн мэнд амьдрах,
- хөгжих,
- хамгаалуулах,
- нийгмийн амьдралд оролцох гэсэн үндсэн дөрвөн эрхтэй.

Эдгээр эрхийг хангах үүрэг нь төрд хийгээд томчуудад бий. Гэвч бид хүүхдүүдээ эрүүл өсгөж, гэмт хэрэг, осол гэмтлээс хамгаалж, хөгжих, нийгмийн амьдралд оролцох боломжоор нь хангаж чадаж байна уу? Энэ асуултад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс урьтан хариулт эрье.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх
Уг эрхийн суурь үндэс нь өлсгөлөнгөөс ангид, эрүүл саруул байх явдал гэдгийг хуульд онцолжээ. Гэвч монгол хүүхдүүдийн эрүүл амьдрах эрх зөрчигдсөөр байгаа төдийгүй өнөө ч тураалтай, өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүд бий нь бид тэднийг өлсгөлөнгөөс ангид бойжуулж дөнгөхгүй байгаагийн илрэл юм. Тоо сөхвөл, 2024 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжлийн хяналтад нэг сая 761 мянган хүүхэд хамрагдсан байна. Тэдгээрийн 0.14 хувь нь туранхай, 0.12 хувь нь тураалтай, 0.14 хувь нь өсөлтийн хоцрогдолтой байжээ.
Хүүхдүүдийн эрүүл амьдрах эрх зөрчигдөж байна гэх нүсэр дүгнэлтийг төсөр гаргаагүйг нийтлэлийн энэ хэсэгт өгүүлье. Манай улсад хүүхдийн өвчлөлийн түвшин нэн өндөр бөгөөд амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгаанаар нэрлэгддэг. Гэмтэл, хордлого зэрэг гаднын шалтгаант эмгэг ч цөөнгүй бүртгэгдэж байна.
Хүрээлэн буй орчин эрүүл, томчууд хариуцлагатай, тогтолцоо зөв бол жил бүхэн мянган мянган хүүхэд эм тариагаар “угжуулж”, эмнэлгийн ор сахихгүй. Ядаж л агаарын бохирдлыг бууруулж чадвал хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, ханиад, хатгалгаагаар өвчлөхгүй бас уг шалтгааны улмаас эндэхгүй юм.
Монголын ирээдүйд заналхийлж буй том аюул бол агаарын бохирдол. Улсын хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг нийслэлээр хязгаарлагдахгүй, бусад хот, аймгийн төвүүдэд PM2.5, PM10 тоосонцрын агууламж ДЭМБ ын зөвлөснөөс 10, заримдаа хэдэн арав дахин их байсаар олон жил өнгөрч байгаа хэдий ч бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлж байгаа талаарх дүр зураг саяхнаас л тодорхой харагдах болов. Өдгөө Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД бөгөөд хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин үнэмлэхүй жин дарж байна. Агаарын бохирдлоос хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд гэдгийг энэ тоо тод томруун харуулна.НҮБ-ын хүүхдийн сан
Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд” төсвийн зарлагын шинжилгээний тайланд өгүүлсэн байна. Утаа гэх ганц асуудлыг шийдэж чадаагүйн улмаас жил бүхэн зуу, зуун хүүхэд амь насаа алдаж байгаа нь халаглах багадах асуудал юм. 2024 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 8.8 хувийг амьсгалын тогтолцооны эмгэг эзэлж байна. Бүр ч бэрх нь, агаарын бохирдлоос гадна томчуудын, тогтолцооны бусад буруугаас болж жил бүхэн олон зуун хүүхэд харамсалтайгаар хорвоог орхисоор байна. 2022 онд тав хүртэлх насны 1019 хүүхэд, 2023 онд 961 хүүхэд өвчин болон осол, гэмтлийн улмаас энджээ. Ийн хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах байтугай амьд явах эрх нь ч зөрчигдсөөр буй.
Хүүхдийн хөгжих эрх
Хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөх, оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах гэхчлэн олон зүйлийг хөгжих эрхийн хүрээнд зүйлчилсэн байдаг. Гэвч цаасан дээр бичигдсэн заалт амьдрал дээр хэрэгжихгүй л байна.
“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” сэдвийн хүрээнд харьцуулсан судалгаа хийжээ. Тус судалгаанд, 2023-2024 оны хичээлийн жилд 1-9 дүгээр 454 хүүхэд сургуулиас гадна байгааг дурдсан байна. Тэдний 231 буюу 50.8 хувь нь малчдын хүүхэд бөгөөд 62.3 хувь нь эрэгтэй юм.
Боловсролын яамнаас сургуульд элсэх хуулийн насандаа сургуульд ороогүй эсвэл сургуульд сурч байгаад завсардсан хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг нөхөн эзэмшүүлэх хөтөлбөрийг 2021 оноос хойш зохион байгуулж буй. Уг хөтөлбөрт 2021 онд 4963, 2022 онд 4981, 2023 онд 5095, 2024 онд 4422 хүүхэд хамрагджээ. Эндээс бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөх эрхээ эдэлж чадаагүй хүүхэд цөөнгүй байгааг харж болохоор байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энэ асуудал бүр ч хүнд. 2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээрийн 814 нь цэцэрлэгт, 1263 нь сургуульд хамрагдаж чадахгүй байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.
Ийн цөөнгүй хүүхэд тодорхой шалтгааны улмаас суурь боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаас гадна боловсролын байгууллагад хамрагдаж байгаа нь ч дэд бүтцийн дутагдалтай, стандарт, шаардлага хангахгүй орчинд суралцаж буй. Монгол сурагчдын 60-аас дээш хувь нь чанарын шаардлага хангахгүй сургалтын материал, дэд бүтцийн дутагдалтай орчинд суралцаж байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн орнууд (30-аас бага) болон Азийн улсуудаас (40-өөс бага хувь) мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн ихэнх монгол сурагчдын сурч байгаа сургуулиуд нь чанартай цахим сургалтын материал, хэрэглэгдэхүүний дутагдалтай байна. Энэ үр дүн нь мөн л ЭЗХАХБ-ын гишүүн орнууд (25 ба түүнээс бага хувь) болон Азийн улсуудаас (45 ба түүнээс бага хувь) мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм.
Хүүхдүүдийн олонх нь хөгжих, боловсрол эзэмших эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байхад цөөнх нь хэдэн арван саяар үнэлэгдэх төлбөртэй сургуульд суралцаж, хувийн багш хөлслөн суралцаж байна. Улмаар боловсролын салбар бизнесийн хамгийн ашигтай талбарт тооцогдож, үүний гороор нийгмийн тэгш бус байдал гаарч буй.
Хөгжих эрхийн суурь ойлголт бол чанартай боловсрол. Үүний араас оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвар зэрэг олон ойлголт шил, шилээ даран эгнэх учиртай. Гэвч бид хамгийн анхны суралцах эрхийг нь ч чанартай, хүртээмжтэй олгож чадахгүй байна.

Хүүхдийн хамгаалуулах эрх
Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие мах бодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Энэ агуулгыг Хүүхдийн эрхийн тухай хуульд тусгаснаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон Эрүүгийн хууль, Боловсролын болон Хөдөлмөрийн тухай хууль зэрэг 10 орчим хуульд нарийвчлан тусгасан байдаг. Манай улс энэ агуулгаар олон улсын гэрээ, конвенцод ч нэгдээд цөөнгүй жилийн нүүр үзсэн. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй, хүүхдийн эрх хангагдахгүй хэвээр байгааг олон тоо гэрчилнэ.
2024 онд прокурорын байгууллага хүүхдэд хохирол учруулсан 4013 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьжээ. Улмаар 4274 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 17 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хүүхдүүдийн,
- 1119 нь хулгайлах
-760 нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
- 675 нь хүчиндэх
- 354 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
- 227 нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
- 222 нь залилах
- 147 нь дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болсон байна.
Тэдний 63.3 хувь нь 14-17 насныхан байгаа бол 29.1 хувь нь 8-13, 7.6 хувь нь найм хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдийн 2165 нь эрэгтэй, 2109 нь эмэгтэй хүүхэд байна.
Жилд 4274, хоногт 11 хүүхдийн эрх эрх зүйн хэм, хэмжээг давахуйц хэмжээнд зөрчигддөг гэсэн үг.
Түүнчлэн энэ бол хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж, эцэслэгдсэн гэмт хэргийн тоо, мэдээлэл. Цаана нь нүд, чихнээс далд хэчнээн хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байгааг тооцоолоход бүр төсөөлж, таамаглахад ч бэрх юм.
Хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гаарч, тэр дундаа насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг тогтмол өссөөр байгааг ХЭҮК ч онцолж буй. Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг тус байгууллага Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ дурдсан байна. Илтгэлд өгүүлснээр, сүүлийн таван жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4161 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. Үүнээс 263 нь эрэгтэй, 3898 нь эмэгтэй хүүхэд байжээ.
Насны хувьд авч үзвэл,
0-6 насны 350 хүүхэд
7-13 насны 1395 хүүхэд
14-15 насны 1558 хүүхэд
16-17 насны 858 хүүхэд байгаа юм.
Мөн л хоногт 11 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, бие, сэтгэлдээ шарх авсаар байгаа нь монгол хүүхдүүдийн хамгаалагдах эрх огт хангагдахгүй байгаагийн тод илрэл юм.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан
“Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа гэмт хэрэг буурах бус өссөөр байгаа нь Монгол Улс хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэхэд хүргэсэн. Аливаа бодлого шийдвэр үр дүнд хүрэхгүй байна. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Хэрэг шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарах ёстой байтал одоог хүртэл гараагүй. Хүүхдийн асуудлыг томчуудаас шалтгаалдаг гэж харсан нь энэ нөхцөлд хүргэж байна.”
Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх
Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх бүрэн эрхтэй бөгөөд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох эрхтэй. Гэвч манай улсад хүүхдийн оролцооны эрх мөн л хангалттай хангагдахгүй байна. Үүнийг Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол Упс дахь төлөөлөгчийн газраас хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” сэдэвт судалгаанд онцолсон бөгөөд тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 87.4 хувь нь хүүхэд өөртөө хамаатай аливаа шийдвэрт санал бодол, дуу хоолойгоо хүргэх боломж хомс байдгийг илэрхийлсэн байна. Гэр бүл хөгжлийн газраас “Хүүхдийн оролцооны зураглал” сэдэвт судалгааг мөн гаргажээ. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 54.7 хувь нь гэр бүлийнхээ шийдвэр гаргалтад оролцдог гэж хариулсан бол 50.3 хувь нь сургуулийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог гэжээ. Хүүхдүүд гэр бүл болон сургуулийн орчны аливаа шийдвэр гаргалтад тодорхой хэмжээнд оролцож байгаа ч шийдвэр гаргах, бодлогын түвшинд тэдний дуу хоолой, үзэл бодол хүрэхгүй хэвээр л байна.
Монгол Улсад хүүхдийн эрх хэр хангагдаж, монгол хүүхдүүд ямар нөхцөлд өсөн, торниж байгааг хуульд тусгасан дөрвөн агуулгын хүрээнд авч үзэхэд л “халтай” гэх ганц үг утга дүйхүйц харагдаж байна.
Тиймээс зургаадугаар сарын 1-ныг багачуудыг баярлуулах өдөр төдий бус амьдарч буй нийгэм болон асран хамгаалах үүрэгтэй томчууд бид хүүхдэд ээлтэй байж, элэгтэй хандаж чаддаг эсэхийг анзаарч, анирдах учиртай 24 цагийн хүрд гэж харах нь зүй. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд, айдас, хүчирхийллээс ангид торних үндсэн эрхээ ганцхан өдөр бус өдөр бүхэн, өсөж өндийх хүртлээ эдлэх эрхтэй бас хэрэгтэй.
Үүнийг сануулахын тулд жил бүрийн эл өдөр хүүхдийн эрхийг дэлхий нийтээрээ дархалж, цэнхэр гарагийн ирээдүй болсон багачуудын асуудалд анхаарлаа хандуулдаг билээ.