Хүүхдээ цэцэрлэгт эрт өгөх нь сайн, муу гэсэн хоёр талд эцэг эхчүүд хуваагддаг. Ер нь хүүхдээ нийгэмшүүлэх хамгийн тохиромжтой нас хэд юм бэ гэдэг асуултыг “Little Merlion” сингапур цэцэрлэгийн Үүсгэн байгуулагч О.Уянгаас тодрууллаа. 

Цэцэрлэгт орох насыг яг тэд байх ёстой гэсэн стандарт бий юу? Гуравтай орох нэг нас хагастай орохын давуу болон сул талыг та бүхэн хэрхэн тайлбарлах вэ? 

Хүний тархины 87 % нь 0-3 насанд бүрэлдэж байдаг. Мөн тархины холбоос тогтох хурд насанд хүрсэн хүнийхээс хэд дахин хурдан байдаг. Энэ бол батлагдсан судалгаа. Тэгэхээр энэ алтан үеийг нь ашиглаж чадах эсэх нь томчууд бидний гарт байна. Хүүхэд энэ насандаа гэртээ уйдаж, дэлгэцээс хамааралтай болж байгаа тун харамсалтай. Хүн бүрд боломж байвал хүүхдийг хөгжүүлэх олон янзын үйл ажиллагаа явагддаг бүтээлч багштай хамт тоглуулж, мэргэжлийн тогоочийн олон янзын орц найрлагатай хоолыг амтлуулж,  насан туршийнх нь хооллох дадал зуршлийн багаас нь тавих нь зөв юм. 

Аливаа хүүхэд эрт цэцэрлэгт явах тусмаа олон хүнтэй харилцаж сурна, хэл яриа хурдан хөгждөг, нөгөө талдаа эцэг эх ажил төрөлдөө эргэн орж, энгийн хэмнэлдээ түргэн шилжих боломжтой. Нэг хүүхдэд оногдох багшийн тоо, анхаарал халамж зэргээс хамаарч улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэгүүдийн цэцэрлэгт анх хамруулах нас харилцан адилгүй байгаа. Манай цэцэрлэг гэхэд 1.5 настайгаас эхлэн авч байгаа. Улсын цэцэрлэгүүд 3 настайгаас авдаг. 

Хүүхдээ цэцэрлэгт эрт өгөхийн сул талын тухайд, эрт орсон хүүхэд эхний үед стресс өндөр байх талтай. Нөгөө талаар дархлаа сул үед өвчлөлд өртөх нь амархан байдаг. Тиймээс бид улирлын томуугийн вакцинд хамрагдахыг зөвлөдөг. 

Сингапурын сургуулийн өмнөх боловсролын онцлог, бусад орноос юугаараа ялгаатай вэ? Монголд энэ арга барил тохирох уу? 

Хүүхдүүд маань хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхийд хөгжин дэвжиж ирээдүйн сорилтод бэлэн байх, 21-р зуунд амьдрах чадамжуудыг бүрэн эзэмшсэн байх учиртай. Сингапур өөртөө итгэлтэй бие хүнийг бэлтгэхийн төлөө хайрцаглагдахгүйгээр сэтгэх, тасралтгүй сурч хөгжил хүсэл эрмэлзлэлийг онцгойлон анхаардаг. Нөгөө талаар хувийн зохион байгуулалт сайтай, мэдэхгүй зүйлээ асууж лавлахаас эмээдэггүй, соёл болон үзэл санааны өөр өөр түвшний хүмүүстэй ажиллах чадвартай, сайн хамтрагчийг бэлтгэхэд анхаардаг. 

Иймдээ ч хүүхэд бүрийн сурах арга барил өөр өөр байдагийг хүндэтгэн түүнд тохируулж арга зүй, орчин, багш нарыг бэлддэг онцлогтой. Энэ нь монгол хүнд тохирсон хамгийн зөв арга зүй гэж бид итгэдэг.

Өөрийгөө зөв илэрхийлдэг, хичээнгүй, талархах сэтгэлтэй, шинийг санаачлагч, сониуч, идэвхи оролцоотой монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хамгаас чухал гэж манай хамт олон үздэг. 

Цэцэрлэг хүүхэд хардаг газар гэж ойлгодог монгол хүн олон байдаг гэдэгтэй санал нэгдэх үү? Хүн бүтээдэг хөгжлийн төв гэдгийг та бүхэн ямар жишээгээр тайлбарлах вэ? 

Хэрэв бие хүний онцлог 0-6 насандаа бүрэлдэн тогтдог гэж үзвэл цэцэрлэг ХҮН БҮТЭЭДЭГ газар юм. Насан туршийнх нь дадал, хандлага, зан чанарын суурь цэцэрлэгт бүрэлдэн тогтдог байх нь. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдийнхээ цэцэрлэгийг анхааралтай сонгох нь зөв юм. 

6 настай хүүхэд цэцэрлэгээ төгсөхдөө анги даасан багшийнхаа ерөнхий хандлага,  дадал зуршлыг яг хуулбарласан байгааг анзаарах боломжтой. Монголчууд бид томоотой хүүхэд хэмээн сайшаан магтдаг. Гэтэл томоотой хүүхэд хамгийн азгүй хүүхэд гэдгийг ойлгодоггүй. 

Хүүхэд цэцэрлэгтээ дуртай байгаа нь юугаар хамгийн тод илэрдэг вэ? 

Өглөө сэрээд хүүхэд "Цэцэрлэгтээ явъя" гэж байгаа бол, орой авахаар ирэхэд тань "Намайг тоглож дуусахаар эргэж ирээд аваарай" гэж хэлдэг бол, эсвэл багшийнхаа эелдэгээр хэлсэн үгийг сонсож, түүнд оролцоотой байгаа бол хүүхэд цэцэрлэг дээрээ эрх чөлөөтэй, жаргалтай байж чаддаг гэдэгт аав ээжүүд итгэж болно.  Хүүхэд өөрийг нь сонсож ойлгож, хүндэлж байгаа газрыг маш сайн мэдэрдэг.