УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзаж, засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод долоо хонож байна.
Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ руу оруулж томилуулдаг. Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалт бий. Ерөнхийлөгч өөрт нь таалагдсан хүнийг тэр дор нь УИХ руу оруулж хэлэлцүүлнэ. 1996-2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди өөрт нь таалагдаагүй Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаад эрх баригч намаас сонгогдсон Ерөнхийлөгч ажиллаж байгаа учир тухайн үеийнх шиг улс төрийн зөрчил үүсэхгүй ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ойлголцол Засгийн газрын тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Ерөнхийлөгчтэйгөө ойлголцохоос эхлээд дараагийн Ерөнхий сайдыг хүлээж буй сорилт их.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлж УИХ-д танилцуулна. Засгийн газраа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх байхаар хуульд заасан байдаг ч өөрийнхөөрөө бүрдүүлэх боломжгүй. Ялангуяа хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд засагт хамтарсан намынхаа эрх ашгийг хангахаас өөр аргагүй. МАН-ын Бага хурал АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргаснаас бус ХҮН намыг гаргах шийдвэр гаргаагүй. Тэгэхээр зөвхөн ХҮН намтайгаа хамтарч Засгийн газраа байгуулах уу, нэмээд ИЗНН, “Үндэсний эвсэл”-ийг танхимдаа урих уу гэдэг нь удахгүй тодорхой болно.
МАН УИХ-д 68 суудалтай, ХҮН нам найман суудалтай. Хууль батлах босго 64. 42 суудалтай АН сөрөг хүчний ажлаа хийхээр болж байгаа үед эрх баригчид ч хүчирхэг байх шаардлага үүснэ. Тиймээс ХҮН намаас гадна үлдсэн нэг нам, нэг эвслээ Засгийн газартаа урих магадлалтай. Ингэснээр Засгийн газрын бодлого УИХ дээр унахгүй урагшлахаас гадна, тогтвортой байдалд нь тустай.
Хэн ч Ерөнхий сайд болж, ямар ч Засгийн газар байгуулагдсан өмнөх Ерөнхий сайдын хэлдэгчлэн “Амаргүй” нөхцөл байдал хүлээж байна. Ж.Эрдэнэбат шиг дефолт зарлахдаа тулсан, Л.Оюун-Эрдэнэ шиг цар тахлын аюулд өртсөн улс орныг хүлээж авахгүй ч экспортын орлого багасаж, төсвийн орлого нь тасалдсан улс орныг хүлээн авч байна.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч хамгийн гол түүхий эд болох нүүрсний ханш өнгөрсөн оны төгсгөлөөс унаж, экспортын хэмжээ саарснаар төсвийн орлого 1.4 их наядаар буураад байна. Цаашдаа нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Мөн валютын ханш тасралтгүй өссөөр ам.доллар 3600-гийн босгонд тулаад байна. Саяхан шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн худалдан авах чадварыг улам бууруулж байгаа гээд эдийн засаг, санхүүгийн байдал уруудаж байна. Тиймээс шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газрын хамгийн том сорилт нь төсөв, санхүү, эдийн засгийн асуудал байх нь гарцаагүй байна.
Нэг сайн мэдээ байгаа нь Засгийн газарт 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөх томоохон гадаад зээлийн өр төлбөр байхгүй. Тиймээс энэ хугацаанд шинэ Засгийн газар валютын ханшийн өсөлтыг тогтворжуулах, бууруулах шаардлагатай. Дараагийн Засгийн газрын хамгийн түрүүнд гол анхаарлаа хандуулах асуудал нь эдийн засаг, төсөв санхүүгийн асуудал байх учраас шинэ Ерөнхий сайд эдийн засгийн өндөр мэдлэг, боловсролтой байх шаардлагатай гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хэлж байлаа.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар
“Шинэ Засгийн газрын өмнө ямар асуудлууд тулгамдаж байна. Түүнийг яаж шийдэх вэ гэдгийг ярих хэрэгтэй. Манай эдийн засгийн байдал хүндхэн байна. Экспортын орлого нэлээд хувиар унасан, төсвийн орлого бүрдэхгүй, дутагдаж байгаа. Шаардлагатай байгаа, улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан, төсөв дээр суусан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болсон. Валютын нөөц багасаад байдаг. Ханшаа хүчээр барьж байна. Монголын эдийн засгийн тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал. Энэ бүхнийг яаж шийдэх вэ гэдгээс хамаарч хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулах вэ гэдгээ шийднэ.”
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатар
“Эдийн засгийн байнгын хорооны даргаар удаан ажилласан, эдийн засагч хүний хувьд хэлэхэд улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулах чадвартай хүн дараагийн Ерөнхий сайд болоосой гэж хүсэж байна. Ард иргэдийн дунд худалдан авах чадвар үнэхээр эрс буурч, ам.долларын ханш өсөж байна. Экспорт өмнөх онуудтай харьцуулахад хамаагүй багасаж байгаа. Эдгээрийг шийдвэрлэсэн, том олон зүйл ярихаасаа илүү аж ахуйн ажил руугаа хандсан, хийж байгаа ажил нь харагддаг хүн байгаасай гэж бодож байна.”
Шинэ Ерөнхий сайд эдийн засгийн асуудлаа сайжруулахын тулд урсгал зардлаа танах, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх, данхар хэмээх тодотголтой болоод буй төрийн албаны бүтцээ цомхон болгох шаардлагатай. УИХ саяхан Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар заасан. Хэрэв МАН дангаараа Засгийн газраа байгуулбал бүтцээ цомхон болгох боломжтой. Харин бусад нам, эвсэлтэй хамтарвал цомхон болгоход амаргүй. Дангаараа засаглахад цомхон бүтцээр ажиллах давуу талтай ч Засгийн газар нь тогтворгүй байх, бодлого нь УИХ дээр унах сул талтай. Хамтарвал Засгийн газар тогтвортой байх хэдий ч бүтцээ цомхон болгож төсөв хэмнэх боломж хомс. Шинэ Ерөнхий сайдыг ийм зөрчилтэй хоёр зам хүлээж байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн
“Дангаараа эсвэл хамтрахаас шалтгаалаад Засгийн газрын бүтэц өөр байх ёстой. Дангаараа явна гэвэл данхар бүтцийг эрс багасгах хэрэгтэй. Ерөнхий сайд хэн дуртай нь хийдэг ажил биш. Улс эх орныг авч явдаг учраас Ерөнхий сайдад маш өндөр шалгуур байх ёстой. Нэгдүгээрт, санхүү эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн байх хэрэгтэй байна. Ард түмэн ч ингэж хүсээд байх шиг ажиглагдсан. Хоёрдугаарт, улс төрийн хувьд Ерөнхий сайдад бэлтгэгдсэн хүн байх ёстой. Уг нь намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэмтэй. Энэ удаа намын дарга биш хүн сонгох шаардлага үүссэн.”
МАН-ын Бага хурлын гишүүд энэ удаад зөвхөн шинэ Ерөнхий сайдыг бус давхар намын даргаа сонгох гэж байна. Бага хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хэлж байгаачлан намын дарга нь Ерөнхий сайд болдог дүрэмтэй ч одоо эсрэгээрээ Ерөнхий сайд нь намын дарга болох нөхцөл үүсээд байна. Энэ нь анхны тохиолдол биш юм. 2007 онд С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа намынхаа Их хурлын төлөөлөгчдөд хандан “Үүрсэн хариуцлагатай минь дүйх эрх мэдэл олгоно уу” гэж хэлээд намын дарга болж байсан түүхтэй. МАН энэ жил хүссэн хүсээгүй шинэчилсэн найруулгаар баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу Их хурлаа хийх ёстой. Тухайн үед намын даргын асуудал яригдана. Ерөнхий сайд болсон хүн намын дарга болох хүсэлтээ илэрхийлэх нь ойлгомжтой.
Шинэ Ерөнхий сайд өөрийн бодлогоо тодорхойлохоос гадна өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлсэн бодлогыг ч үргэлжлүүлэх учиртай. Л.Оюун Эрдэнийн Засгийн газар муу ажилласандаа огцроогүй. Уран, хил холболтын төмөр замаас эхлээд томоохон төслүүдийг урагшлуулсан. Дараагийн Засгийн газар эдгээр төслүүдийн хөрөнгө оруулагчдад ямар нэгэн эргэлзээгүйгээр төслөө үргэлжлүүлэх итгэл өгөх хэрэгтэй.
Дараагийн Засгийн газар гадаад түшнүүдийнхээ итгэлийг олохоос гадна дотоодынхоо аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ хүсэлтийг биелүүлэх шаардлагатай. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хүсэлт, шаардлагыг Засгийн газарт тавиад удаж байгаа. Засгийн газар ч хүсэлтийг нь биелүүлнэ гэдгээ амласан боловч амжилгүй огцорсон. Гэхдээ Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг танилцуулсан.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан
“Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь, 800 мянгаас дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас чөлөөлнө. 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлснөөр иргэдийн нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. НӨАТ-ын шаталсан энэ тогтолцоо руу шилжсэнээр НӨАТ-т хамрагдалт нэмэгдэнэ. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 800 мянган төгрөг хүртэлх цалин нь татвараас 100 хувь чөлөөлөгдөнө.Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбарчилсан горимоор татвараа тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгоно. Ингэснээр үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босго зургаан тэрбум төгрөг байгааг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгож бууруулна гэсэн үг.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.”
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
“Ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хүртэлх хувь, иргэний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хязгаарыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарласан. Аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн хязгаар байгаагүй. Тиймээс адилхан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарлана. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажилчиддаа өндөр цалин олгосон ч их шимтгэл төлөхөөргүй болж байна.Хөлсөөр, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй.Ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 2.5 хүртэлх хувиар хөнгөлнө. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 5.6 их наяд. Үүнээс ажил олгогчдын төвлөрүүлж байгаа орлого 2.7 их наяд байдаг. Үүний 500 тэрбумыг нь хөнгөлнө гэсэн үг. Энэ бол 4000 айлыг орон сууцны зээлд хамруулах хэмжээний мөнгө.Оюутнууд, ахмад настнууд ажил хийвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгоно. Хэзээ орлоготой байна, тэр үедээ төлөх боломж олгоно.”
Шинэ Засгийн газарт төсвийн орлогоо тасалдуулахгүйгээр дээрх өөрчлөлт шинэчлэлтүүдийг хэрхэн сорилт тулгарна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэ өөрчлөлтийг маш ихээр хүлээж байгаа. Энэ асуудал өмнөх Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болоогүй ч суурь шалтгаан болсон нь ойлгомжтой. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтад өртөж, худалдан авах чадвар нь муудсан иргэдэд Ерөнхий сайдын хүүгийн тасаглал маш эмзэг туссан. Товчхондоо, нийгмийн бухимдал шүдэнз зурахад дүрэлзэн асах галтай адил байлаа. Засгийн газар огцорч, дараагийн засаг байгуулагдлаа гээд энэ бухимдал арилахгүй. Тодорхой шийдэл олтол байсаар л байна. Тиймээс дараагийн Засгийн газар иргэн, аж ахуй нэгжүүдийнхээ хүлээлтийг арилгаж, харилцан итгэлцэлд хүрч чадвал амжилттай засаглах болно. Ингээд тоочоод байвал шинэ Ерөнхий сайдыг арга эв, итгэлийг нь олох, аргалах, зохицуулах олон сорилт хүлээж байна. Хэрхэн даван туулах, эсвэл хугацаанаас өмнө бүдрээд унахыг цаг хугацаа харуулах биз ээ.