
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дорой байдлын хамгийн том шалтгааны нэг нь улс төрийн тогтворгүй байдал гэж үздэг.
Тиймээс тогтвортой байдал бий болгохын тулд Үндсэн хуульдаа ойр, ойрхон өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмсэн. Гэвч энэ бүхнээс эерэг үр дүн гарсангүй. Эсрэгээрээ тогтворгүй байдал улам тогтвортой хадгалагдсаар бүр хүрээгээ тэлсээр байна. Саяхныг хүртэл гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар л тогтворгүй ажилладаг байв. Харин сүүлийн үед нэмээд хууль тогтоох дээд байгууллага, УИХ тогтворгүй болов.
2024 оны УИХ-ын сонгуулиас хойш гурав дахь спикер бүрэн эрхээ хэрэгжүүлж, Байнгын хороодынхоо тоог байсхийгээд л нэмдэг, дарга нарыг нь сольдог боллоо. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг манай төр засаг дээр дооргүй суудал, гүйдлээ олохоо больсон нь олон жишээгээр батлагдаж байна.
Удахгүй дахиад л Байнгын хороод болон дарга нарын тоог нэмэх нь. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дөрвөн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах таван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн. Нэгтгэсэн энэхүү хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа бөгөөд удахгүй батлагдана. Ингэснээр одоо найм байгаа Байнгын хорооны тоо 12 буюу түүхэн дээд хэмжээндээ хүрэх нь. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш хамгийн багадаа тав, хамгийн ихдээ 11 Байнгын хороотой байсан юм. 2020 оны сонгуулийн дараагаас 11 Байнгын хороотой болоод байсныг 2025 оны долоодугаар сард найм болгон бууруулсан бол одоо 12 болгох гэж байна. Мөн Байнгын хороодын нэрийг олон удаа өөрчилсөн. УИХ Байнгын хороодын тоог нэмж 12 болгохыг гишүүдийн олонх нь дэмжсэн ч эсэргүүцэж буй гишүүд бас бий.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
Байнгын хороодын тоо болон нэрсээр дэндүү их тоглож байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр Байнгын хороодын нэрийг сольж байгаагаас гадна нэмж шинээр дөрвөн Байнгын хороо байгуулахаар болж байна. Одоо найман Байнгын хороотой байгаа. Тэгэхээр 12 Байнгын хороотой болно гэсэн үг. Ингэснээр нэг Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоо 75 гишүүнтэй УИХ-тай байснаас ялгаагүй болж байна. Тэгэхээр нөлөөллийн жин буурахгүй, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсны хэрэг гарахгүй нь байна шүү. Хоёрдугаарт, энэ олон Байнгын хороонд танхимын хүрэлцээ ч хомс. Гэтэл ингэж Байнгын хороодын нэр, тоог хүнд зориулан өөрчилдгөө болимоор байна. ХҮН намаас даргыг нь сонгохоор Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог байгуулсан. Гэтэл одоо буцаагаад нэрийг нь солиод, хоёр хуваах гэж байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болгох нэг шалтгааныг тайлбарлахдаа “Мэргэжлийн Байнгын хороодын хуралдаанд 10 гишүүн оролцож, зургаан хүний саналаар асуудал шийдэж байна. Энэ нь аливаа лоббид өртөх, сонирхлын бүлгүүдийн нөлөөнд автаж хүссэн шийдвэрийг нь гаргах эрсдэлтэй учир гишүүдийн тоог нэмэх нь зөв” хэмээн тухайн үед тайлбарлаж байлаа. Гэтэл одоо Байнгын хороодынхоо тоог нэмж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг үр ашиггүй болгож байгаагаас ялгаагүй үйлдэл юм. Мөн даргын тоо нэмэгдсэнээр ямар асуудал үүсэхийг УИХ-ын дарга учирлаж байлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт
Олон Байнгын хорооны даргатай болсноор өрөө тасалгааны асуудал үүснэ. Дамжиж ордог том өрөө олдохгүй шүү. Байнгын хорооны дарга болох гээд байгаа нөхөд “Би Байнгын хорооны дарга. Тиймээс дамждаг өрөө олж өг” гээд битгий өрөө нэхээд байгаарай. Эрх мэдэл гэхээр л нэмэх гээд зүтгэчихдэг, үүрэг хариуцлага гэхээр хойшоо суучихдаг байж болохгүй.

УИХ-д шинээр байгуулагдах дөрвөн Байнгын хорооны дөрвөн дарга шинээр тодрохоос гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг шинээр сонгох ёстой. Тус Байнгын хорооны даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон. Дарга нарыг шинээр сонгож, томилсноор УИХ-ын 126 гишүүнээс дарга хийж үзээгүй хүн ховорхон үлдэх нь. 2024 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүдийн хашсан болон одоо хашиж буй албан тушаалуудыг танилцуулъя.
1.Ж.Алдаржавхлан
(МАН-ын бүлгийн дэд дарга, ССАЖЗ-ын сайд)
2. О.Алтангэрэл (ХЗДХ-ийн сайд)
3. Н.Алтаншагай (Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга)
4. Д.Амарбаясгалан (УИХ-ын дарга)
5. С.Амарсайхан (Шадар сайд, ХЗДХ-ийн
сайд)
6. Ч.Анар (Инновац, цахим
бодлогын хөгжлийн дэд хорооны дарга)
7. А.Ариунзаяа
(МАН-ын бүлгийн дэд дарга)
8. Т.Аубакир
(ГБХНХ-ын сайд)
9. Х.Баасанжаргал
(Хүний эрхийн дэд хорооны дарга)
10. Ц.Баатархүү
(ЦХИХХ-ны сайд)
11. М.Бадамсүрэн
(ХХААХҮ-ийн сайд)
12. Э.Бат-Амгалан
(ХББОС-ын сайд)
13. Б.Батбаатар
(БОУАӨ-ийн сайд)
14. Д.Батбаяр
(Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга)
15. Ж.Батжаргал (МАН-ын бүлгийн дарга)
16. Д.Батлут (БХ-ын сайд)
17. О.Батнайрамдал
(Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга)
18. Ж.Батсуурь (ХББОС-ын сайд)
19. Н.Батсүмбэрэл (МАН-ын бүлгийн дэд дарга)
20. Б.Батцэцэг (ГХ-ны сайд)
21. Э.Батшугар
(ЦХИХХ-ны сайд, ЭМ-ийн сайд)
22. Ж.Бат-Эрдэнэ
(ТББХ-ны дарга, МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга)
23. Б.Баярбаатар (Ёс зүй, дэгийн байнгын
хорооны дарга)
24. Б.Бейсен
(БОХХААБХ-ны дарга)
25. Э.Болормаа
(Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга)
26.
Х.Булгантуяа (УИХ-ын дэд дарга)
27. С.Бямбацогт
(БХ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХын дарга)
28. П.Ганзориг (ХХНББХ-ны дарга)
29.
Л.Гантөмөр (Тэргүүн шадар сайд)
30.
Х.Ганхуяг (ТБХ-ны дарга, Шадар сайд)
31. М.Ганхүлэг (Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга)
32. Ц.Даваасүрэн (ТБХ-ны дарга, Халдашгүй
байдлын дэд хорооны дарга)
33. Г.Дамдинням
(МАН-ын бүлгийн дэд дарга, АҮЭБийн сайд)
34. Т.Доржханд (Шадар сайд)
35. Б.Дэлгэрсайхан
(Зам, тээврийн сайд)
36. Б.Жавхлан
(Сангийн сайд, ТББХ-ны дарга)
37.
Б.Жаргалан (АН-ын бүлгийн дэд дарга)
38. Б.Заяабал (ЭЗБХ-ны дарга)
39.
Ж.Золжаргал (ИЦББХ-ны дарга)
40.
С.Зулпхар (Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга)
41. Ц.Идэрбат (ХХААХҮ-ийн сайд)
42. Ч.Лодойсамбуу (АН-ын бүлгийн дэд
дарга)
43. С.Лүндэг (Тусгай хяналтын
дэд хорооны дарга)
44. М.Мандхай
(ХХАА-н дэд хорооны дарга, БОХХААБХ-ны дарга)
45. Л.Мөнхбаатар (МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайд, ХЗБХ-ны дарга)
46. Т.Мөнхсайхан (ЭМ-ийн сайд)
47. Б.Мөнхсоёл (Тогтвортой хөгжлийн
зорилгын дэд хорооны дарга)
48. З.Мэндсайхан
(Сангийн сайд)
49. Б.Найдалаа
(ХХНББХ-ны дарга, ЭХ-ний сайд)
50. Н.Наранбаатар
(ТБХ-ны дарга)
51. П.Наранбаяр
(Боловсролын сайд)
52.Ч.Номин
(ССАЖЗ-ын сайд, ЦХИХХ-ны сайд)
53. О.Номинчимэг
(ӨБХ-ны дарга)
54. Н.Номтойбаяр
(Шадар сайд)
55. Э.Одбаяр (Монгол
Улсын сайд, Хяналт, үнэлгээний хорооны дарга)
56. С.Одонтуяа (БОУАӨ-ийн сайд)
57.
У.Отгонбаяр (МАН-ын бүлгийн дэд дарга)
58. Л.Оюун-Эрдэнэ (Ерөнхий сайд)
59. Б.Пүрэвдорж (УИХ-ын дэд дарга)
60. Ц.Сандаг-Очир (ТББХ-ны дарга, БОУАӨ-ийн сайд)
61. Р.Сэддорж (ЭЗБХ-ны дарга)
62. Ц.Туваан (АҮЭБ-ийн сайд)
63. Б.Тулга (Боомтын сэргэлтийн үндэсний
хорооны дарга)
64. Б.Түвшин (АН-ын
бүлгийн дарга)
65. Х.Тэмүүжин (АН-ын
бүлгийн дэд дарга)
66. Г.Тэмүүлэн
(АБГББХ-ны дарга, ХЗДХ-ийн сайд)
67. А.Ундраа
(УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга)
68. Ч.Ундрам (БСШУСБХ-ны дарга, ССАЖЗ-ын сайд)
69. Н.Учрал (ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд, УИХ-ын дарга, Ерөнхий
сайд)
70. Б.Уянга (Тогтвортой
хөгжлийн зорилгын дэд хорооны дарга)
71. Б.Хэрлэн
(Ёс зүйн дэд хорооны дарга)
72. Дав.Цогтбаатар
(Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга)
73. Дам.Цогтбаатар (ХЗБХ-ны дарга)
74. О.Цогтгэрэл (АН-ын бүлгийн дарга)
75. Ж.Чинбүрэн (ЭМ-ийн сайд)
76. Б.Чойжилсүрэн
(ЭХ-ний сайд)
77. Л.Энх-Амгалан
(ГБХНХ-ын сайд, Боловсролын сайд)
78. Б.Энхбаяр
(ХЗДХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга)
79. Ж.Энхбаяр
(ХХААХҮ-ийн сайд, Тэргүүн шадар сайд)
80. Л.Энхнасан
(НББХ-ны дарга)
81. С.Эрдэнэболд (Хүний эрхийн дэд хорооны дарга)
82. Р.Эрдэнэбүрэн (“20 минутын хот”
үндэсний хорооны дарга)
126 гишүүний 82 нь УИХ-ын гишүүнээр ажиллахаас гадна дээрх байдлаар ямар нэгэн бүтцийн даргаар ажиллаж “давхар дээл” нөмөрчээ. 2028 оны сонгууль хүртэл даргаар сонгогдох, томилогдох УИХын гишүүдийн тоо 100 давах бололтой.
Манай улсад дарга нарын тоо ихэдсэн үү гэхээс багадаагүй. “Миний эх орон даргын эх орон юм билээ” гэж уулга алдахаар олон дарга биднийг удирдаж байгаа. Гэвч энэ бүхэн хангалтгүй байгаа бололтой. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл “Байнгын хороодыг дэд даргатай болгох ёстой” гэв. Тэрээр өмнө нь “16-хан метр квадрат өрөөнд туслахтайгаа суух хэцүү байна. Ганцаараа суумаар байна. Үүнийг УИХ-ын дарга шийдэж өгөх хэрэгтэй” хэмээн шинээр сонгогдсон УИХ-ын дарга С.Бямбацогтод гомдол мэдүүлж байлаа. Манай УИХ-ын гишүүд ийнхүү эрх ямбанд л шунахаас бус ёс зүй, сахилга хариуцлагаа дээшлүүлэх санал санаачилга огт гаргадаггүй. Гаргасан ч хэлэлцэхээс, дэмжихээс татгалзаж хариуцлагаас зугтдаг. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж буй дээрх хуулийн төсөлд “Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган болон аль нэг Байнгын хорооны хуралдааныг шалтгаангүйгээр тав болон түүнээс дээш удаа тасалсан, эсвэл тав болон түүнээс дээш удаа санал хураалтад оролцоогүй УИХ-ын гишүүний нэг сарын цалинг царцаана” гэсэн заалтыг гишүүд дэмжилгүй унагав. Ирцээ бүртгүүлсэн ч чуулганы танхимдаа сууж санал хураалтдаа оролцдоггүй гишүүн олон. Тэд ирцээ бүртгүүлчихээд Төрийн ордны хаа нэгтээ байгаагаа ажлаа хийж байна гэж боддог. Уг нь тэдний үндсэн ажил нь хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцох. Гэвч ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтадаа оролцдоггүй гишүүдээс болж УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүд унадаг, асуудал гацаж уддаг, ард иргэдийн амьдралтай холбоотой асуудал шийдэгддэггүй. Үүнийг засаж гишүүдийг хариуцлагатай болгохоор шалтгаангүйгээр таван удаа хурлаа тасалсан болон таван удаа санал хураалтад ороогүй бол нэг сарынх нь цалинг олгохгүй байх дээрх заалтыг оруулсан ч гишүүд дэмжсэнгүй. Харин “Ажлын хэсгийн хурлаа хоёр удаа тасалсан тохиолдолд ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлнө”, “Чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн дарааллаараа асуулт асууж, үг хэлнэ”, “Өглөө эрт ирсэн гишүүд УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын суудлаас бусад хүссэн суудалдаа сууж болно” гэх мэт аахар шаахархан заалтуудыг л дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн тус, тусдаа өргөн мэдүүлсэн 4-5 хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа ч гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг журмаа сайжруулах дорвитой зохицуулалт орсонгүй. Тийм ч учраас зарим гишүүд “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.