
Иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, бурууд нүд хурц, бусармагт чих соргог байна гэдэг ардчилсан нийгмийн амин чухал чанар.
Тиймдээ ч нийгмийн шүүмжлэл гэх агуулга судлагдахуун, соёл болтлоо хөгжиж, төрийн үйлийг төвшитгөх, нийгмийн хөгжлийг хурдасгах томоохон хөдөлгүүрт тооцогдож ирсэн. Гарал үүсэл талаас нь авч үзвэл, шүүмжлэл (Criticism) гэх нэр томьёо нь эртний Грекийн “Kritikos” буюу “ялгаж салгах, шүүн тунгаах” гэх утга бүхий үгээс үүдэлтэй. Алив юмсыг шууд хүлээн авч, итгэн үнэмших бус нарийн шинжилж, сайн, мууг ялган таних тухай уг ойлголт цагийн явцад урлаг соёл, утга зохиол, улс төр, нийгэм, шинжлэх ухааныг үнэлж, дүгнэх томоохон систем болтлоо хөгжжээ.
Монголын түүхийн бүхий л үед нийгмийн шүүмжлэл ил, далд хэлбэрээр оршиж ирсэн. Хаант засаглалын үед ноёдыг шууд шүүмжлэх эрх хаалттай байсан ч аман зохиолоор дамжуулан иргэд үзэл бодлоо илэрхийлж ирсэн нь ертөнцийн гурав, зүйр цэцэн үгс, үлгэр, тууж зэрэгт үлдсэн байдаг. Удаад нь сонин, хэвлэл бий болсноор нийгмийн шүүмжлэл албан ёсны талбартай болов. Уран зохиол, урлаг соёлын салбарынхан ч мөн бүхий л үед улс, нийгмийн алдаа, гажуудлыг өөр өөрсдийн тавцанд шүүмжилж ирсэн. Харин 1990 он гарч, ардчилсан хувьсгал ялснаар нийгмээ нийтээрээ шүүмжлэх эрх чөлөөг эрх зүйн хүрээнд олж авсан. Тодруулбал, Монгол Улс Үндсэн хуульдаа иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан юм. Ийн иргэд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, нөхцөл бүрдсэн нь тун сайн хэрэг. Гэхдээ тун таарвал эм, ихэдвэл хор болдгийн адил өнөөдөр нийгмийн шүүмж үндсэн зорилго, үүрэг, хүрээнээсээ хальж, гутаан доромжлол, эрүү шүүлт, бүр цаашилбал гэмт хэргийн түвшинд хүрээд байна.
Монгол Улс 2.93 сая интернэт хэрэглэгчтэй. Тэгэхээр манай улсын нийт хүн амын 90 орчим хувьд нь аливааг шүүлтүүргүйгээр шүүмжлэх боломж нээлттэй байна гэсэн үг. Энэ нь хэдийгээр ардчиллын том ололт, технологийн өндөр дэвшил ч нөгөө талдаа нийтээрээ хүртээлгүйд хүртэж, хамааралтгүй, хамааралгүй бүхий л асуудлыг шүүмжлэх донд автахад хүргээд буй.
Социологийн ухааны магистр, Мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзориг
Шүүмжлэл нийгэмд олон эерэг нөлөөтэй. Хяналттай, ил тод засаглал, хариуцлагатай байдлыг дэмжинэ. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэхдээ сөрөг үр дагавар ч бий. Хэт нэг талыг барьсан, зүй бус шүүмжлэл нь нийгмийг талцуулах, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй. Мөн бодитой биш шүүмжлэл хуурамч мэдээллийн төрөлд ч тооцогдоно. Тэгэхээр оновчтой шүүмжлэл чухал нөлөөтэй бол буруу шүүмж сөрөг үр дагавартай гэсэн үг. Шүүмжлэл бол иргэний нийгмийн хамгийн чухал үзүүлэлт. Тиймээс үүнийг маш зөв хөгжүүлэх нь ардчиллын чанар хэр бодитой байгааг харуулж байгаа бодит хэмжүүр. Харамсалтай нь, өнөөгийн нийгэмд, цахим орчинд өрнөж байгаа шүүмжүүд иргэдийн оролцооны үндсэн шалгуурыг хангаж чадахгүй байгаа. Нөгөөтэйгүүр, цахим орчинд нийгэм, улс төрийн шүүмжлэл элбэг байгаа нь улстөрчид, эрх баригчдад итгэх иргэдийн итгэл сул байгааг харуулж буй.
“Улаанбаатар марафон”-д оролцож, өөрийгөө ялж, эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө үйлдэл хийж буй иргэдийг, үдэш нь тоглолт үзэж, Төв цэнгэлдэхэд хурсан залуусыг, хотын төв талбайд ном уншиж буй эмэгтэйг гэхчлэн хараанд нь өртсөн юм бүхнийг, хүн бүрийг шүүмжилж, доромжилдог болжээ, бид. Ингэхдээ, нас, хүйс, үеэр нь тодотгож, үнэт зүйл, үзэл бодолд нь халдаж гутаана. Мөн буйдан дээрээс бүхнийг шүүмжлэх өөрийгөө бусдаас илүү мэт сэтгэж, шидэх далд санаа нь хэлсэн, бичсэнээс нь цухалзана. Энэ бол манай нийгэмд бүтээлч шүүмжлэл буюу “Constructive criticism” үгүй болж, өөрт нь хийгээд өрөөлд хүртээлгүй, сөрөг эсвэл хор хөнөөлтэй зүйл рүү нийтээрээ хошуурах болсны илрэл.
Хүн төрөлхийн дайсагнах, эвдэн сүйтгэх шинж чанартай байдаг гэж Фрейдийн психоанализийн онолд тайлбарласан байдаг. Тэгэхээр өөлөх, муулах, шүүмжлэх нь магад хүний төрөлх чанар. Гэхдээ үүнийг зөв зүг рүү чиглүүлэхгүй бол стресст идэгдэж, элдвийг харлуулдаг өнөөдрийн өнгө хэтдээ хувирахгүй нь лавтай. Яагаад бид аливаа зүйлийн сайн, сайхан талыг олж харж чадахаа байчихав, юуны учир өөрөөсөө бусдыг өөлж, шүүмжилж, дотоод эгогоо тэтгэдэг болчихов гэдэг гогодох учиртай өнцөг. Үүний томоохон буруутан нь, өнөөх л нийгмийн сүлжээ. Сөрөг, уур бухимдал төрүүлсэн контент эерэг мэдээллээс илүү хандалт, сэтгэгдэл, түгээлт авдгийг судалгаанууд харуулдаг. Иймээс нийгмийн сүлжээний алгоритмууд маргаан, бухимдал, доромжлол агуулсан контентыг илүү түгээх хандлагатай байдаг. Энэ хэрээр муу мэдээлэл, сөрөг шүүмж олон хүнд тархаж, халдварлана. Мөн нийгмийн стресс, иргэдийн дотоод бухимдал, өөрийгөө голох, чамлах мэдрэмж ч үүнд чухал нөлөөтэй.
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн оновчтой, зөв шүүмжлэл иргэний нийгмийн нэг илрэл бол зүй бус шүүмжлэл асар хортой. Бид нийгмийн сүлжээнд хэн нэгний нэр төрд зүй бусаар, ямар ч цензургүйгээр халддаг болсон бөгөөд зарим тохиолдолд хуулиас урьтан эрүүдэн шүүж, “цахим шорон”-д хашдаг болов. Хамгийн аюултай нь, нийгмийн сүлжээ шүүхийн танхим, төрийн сэнтий мэт ажилладаг болсон ч тал бий. Тодруулбал, шүүх хийгээд төр олон нийтийн санаа бодол, ая талд нийцүүлж элдэв шийдвэр гаргасан тоо, тохиолдол цөөнгүй. Нөгөөтэйгүүр, иргэдийн цахим шүүмжлэл их байх хэрээр нийгмийн бодит оролцоо бага байдаг. “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо” судалгаагаар дөрвөн иргэн тутмын нэг нь орон нутгийнхаа хөгжил, иргэдийн амьдрал ахуйтай холбоотой асуудалд байнга оролцдог бол хоёр нь зарим үед, үлдсэн нэг нь ямар нэгэн байдлаар оролцохгүйгээ илэрхийлсэн байна.
Санал бодлоо байнга илэрхийлж, тогтмол оролцдог иргэдийн гуравны нэг нь аливаа шийдвэр, хийгдсэн ажилд хангалттай гэх үнэлгээг өгч байсан бол оролцооны идэвх багатай болон оролцдоггүй иргэд хангалтгүй буюу хариулж мэдэхгүй гэдгээ илэрхийлжээ. Эндээс иргэдийн бодит оролцоо бага байх тусам аливааг өнгөц харах, шууд шүүмжлэх магадлал өндөр байгаа нь илэрхий. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороо, дүүрэгт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын саналыг нийгмийн сүлжээгээр, нээлттэй явуулахад оролцох ёстой иргэдийн 50 хүрэхгүй хувь нь л санал өгдөг аж. Үлдсэн хэсэг нь нийгмийн сүлжээ ашигладаг ч орон нутаг, дүүрэг, хорооны асуудалд санал, сэтгэгдэл өгдөггүй, огт оролцдоггүй байна. Эндээс иргэд нийгмийн сүлжээнд бусдыг доромжилж, буруутанг шүүмжлэхэд идэвхтэй ханддаг ч өдөр тутмын амьдралд нь хамааралтай асуудалд алгуурлаж байгаа нь харагдана.
Дахин хэлэхэд, шүүмжлэл бол ардчилсан нийгмийн салшгүй хэсэг. Харамсалтай нь, өнөөгийн Монголын нийгэмд шүүмжлэл шүүн тунгаах соёлоосоо хальж, бухимдал, доромжлол, хийрхэл рүү хэлбийх болжээ. Бүтээлч, оновчтой, зөв шүүмжлэл нийгмийг урагшлуулдаг бол үндэслэлгүй дайралт, цахим цээрлүүлэлт нь итгэлцлийг эвдэж, нийгэмд талцал, хагарал бий болгоно.