
Монгол Улс олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгмийг сонгосноос хойш ҮАБЗ-ийн гурван гишүүнийхээ хоёрыг нь нэгэн зэрэг огцруулахаар УИХ-д санал өргөн барьсан тохиолдол гарч байгаагүй. Харин энэ удаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг огрцуулах саналыг УИХ-д өргөн бариад байна. Энэ түүхэн дэх анхны тохиолдол болов.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь хэлэлцэх хуулийн хугацаатай. Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэсэн заалт бий. Үүний дагуу УИХ өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн бол ирэх баасан гаригт багтаан шийдвэрлэх ёстой.
Харин УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхой бус байна. Ерөнхий сайдынх шиг төдөн өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн хугацаа байхгүй. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэхдээ "УИХ-ын даргын асуудал УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо цохогдож хэлэлцэх учиртай. Хуулиараа парламентын даргыг огцруулах үндэслэл бүхий саналыг нийт гишүүдийн талаас илүү нь ирүүлсэн бол хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын даргыг огцруулах саналыг даргын дэргэдэх зөвлөлд оруулсны дараа зөвлөлийн 17 гишүүн хуралдаж хурлын дараалалд оруулна. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын асуудалтай зэрэгцүүлэн хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ахин хуралдаж хурлын дараалалд оруулж болно. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг төд хоногийн дотор хэлэлцүүлж шийднэ гэсэн хуулиар тогтоосон хугацаа байхгүй. Гэхдээ хэлэлцүүлэх асуудлыг өргөн барьсан учраас асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Харин хэзээ хэлэлцэхийг одоо хэлэх боломжгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт 11:00 цагаас хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Тэр үед УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн бариагүй байсан. Хурлын дараа өргөн барьсан. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй" гэсэ юм.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлыг зэрэг буюу нэг өдөр хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар хэлэхдээ "УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь нэг өдөр хэлэлцэхийг шаардаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол намын асуудал явсаар төрийн асуудал болсон. Одоо бүр улс орны асуудал болох нь. Тиймээс энэ асуудлыг хамтад нь хэлэлцэж төрийн хямралыг арилгах хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед цөөнхөөс сонгогдсон дэд дарга буюу Б.Пүрэвдорж гишүүн удирдах ёстой. УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа байхгүй. 2028 он дуустал хэлэлцэхгүй байсан ч болно гэсэн үг. Тиймээс "Ерөнхий сайдыг огцруулах асуудалтайгаа хамтад нь хэлэлц" гэсэн шаардлага тавьж байгаа юм" гэв.
УИХ-ын тухай хуулийн 12.3-т "Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно" гэсэн заалт бий. Харин өргөн барьснаас нь хойш хэзээ хэлэлцэх тухай зохицуулалт байхгүй. УИХ-ын дарга болон түүний талд зогсож буй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын даргыг огцруулах саналыг яаран хэлэлцүүлэхгүй нь ойлгомжтой. Хэлэлцэх хуулийн хугацаа байхгүй нь ч тэдэнд далим болно. Харин АН-ын бүлгээс тавьсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэх шаардлага нь цагаа олсон алхам болов. АН-ын бүлгээс ийм шаардлага тавьж, шахалт үзүүлэхгүй бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байсаар л байхыг үгүйсгэхгүй.