
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын санаачилгаар 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан.
Үүний хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, сүр дуулиантай нээлт хийгээд амжсан. Тогтсон ажилтай, тодорхой орлоготой иргэдтэй болгох зорилготой тус ажлын хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар тус мөнгөний 87.8 тэрбумыг нь зарцуулсан гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс мэдээлсэн байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийн оролцоог сайжруулна гэдэг зүйн хэрэг. Гэвч уг ажил, тус мөнгө үр дүнд хүрсэн эсэх асуултад ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо хариулт өгөв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2026 оны эхний есөн сарын байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар нэмэгджээ. Он гарсаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэн 50 орчим мянгад хүрч, 34 мянга нь тэтгэмжээ авсан байна. Үүний улмаас ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар төсөвлөсөн 92 тэрбум төгрөг шавхагдаж, тэтгэмж тасалдах дээрээ тулжээ. Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголын үеэр 50 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Үүнд өөр ч шалтгаан бий.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
2026 оны сүүлийн гурван сарын ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Олон шалтгаантай. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгох шийдвэр гарч, өнөөдрийн байдлаар 6000 орчмыг нь цомхотгосон. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авна гэж тооцоолоогүй байсан хүмүүс бий болсон. Нөгөөтэйгүүр, 2025 онд нийт 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Үүнд төрийн бус байгууллагууд ч орно. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж ажилчдаа цомхотгож байгаа. Техник, технологи хөгжиж байгаа нь ч тодорхой нөлөө үзүүлж буй. Эдгээрийн улмаас ажилгүйдлийн тэтгэмж болгож олгохоор төсөвлөсөн 92 тэрбум төгрөг хүрэхгүй болсон. Тиймээс төсвийн тодотголоор 50 тэрбум төгрөг дахин төсөвлөж, энэ оныг дуустал ажилгүйдлийн тэтгэмжийг тасалдуулахгүй олгож чадахаар боллоо.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажил, зарцуулсан мөнгө бодит үр дүнд хүрсэнгүй гэх нүсэр дүгнэлт хийхэд ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо өссөн гэх ганц баримт хангалтгүй байж мэднэ. Тиймээс энэ онд ажиллах хүчний оролцоо хэрхэн хэлбэлзсэн талаарх тоо баримтыг сөхье. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан дүн юм. Мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар буурчээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүдээс харахад, ажилгүй иргэн өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар өссөн байна.
Тоо худал хэлдэггүй. Хөдөлмөр эрхлэлтийг оновчтой дэмжиж чадсан бол дээр дурдсан бүх тоо өөр утга илэрхийлэх учиртай. Гэвч ажилгүй иргэд олширч, ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүс элбэгшин, хөдөлмөр эрхлэлтийн хийгээд ажиллах хүчний оролцооны түвшин буурсан гэх тоон утга салбарын хийгээд сайдын ажилд дүн тавьж буй.

Ажилгүйдлийн тэтгэмж болгон олгох учиртай мөнгөн дүн оны төгсгөлд сох дутаж, төсвийн тодотголоор 50 тэрбум төгрөг суулгасанд өөр учир ч бий. Хэдийгээр нийгэм, эдийн засгийн нөлөөгөөр ажилгүйдэл нэмэгдэж, тэтгэмж авах иргэдийн тоо өссөн ч энэ нь дан ганц өнгөрсөн есөн сарын хугацаанд үүссэн асуудал биш юм. Харин сүүлийн жилүүдэд үүрлэсэн буруу бодлого, тооцоогүй үйлдэл, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн бодлогогүй шийдвэрүүдийн үр дүн. Тодруулбал, 2022 оноос ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага орлогоо үргэлж давсаар ирсэн бөгөөд зөрүүг сангийн үлдэгдлээс нөхөж иржээ. Ийн явсаар өнгөрсөн жил зөрүүг төлж чадахгүйд хүрч, оны төгсгөлд иргэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн байна. Тиймээс 2026 он гарч, тухайн онд зарцуулах учиртай санхүүжилт орж ирмэгц урд оны өрийг дарж, гал унтраажээ. Үүний улмаас энэ оны сүүлийн саруудад санхүүжилт дахин дутаж, төсвийн тодотголд суулгахаас өөр аргагүйд хүрсэн байна.
НДЕГ-ийн Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг
Ажилгүйдлийн даатгалын санд 2022 онд 52.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж сангаас 80.3 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2023 онд 62.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 111.0 тэрбум төгрөг зарцуулсан. 2024 онд 139.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 136.3 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 159.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 163.7 тэрбум төгрөг зарцуулсан. Орлого давсан зарлагыг сангийн үлдэгдлээс нөхөж ирсэн. 2025 оны төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдсэнтэй холбоотой дундаж тэтгэмж өссөн. Мөн төрийн албан хаагчийн орон тоог бууруулсан зэрэг шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдсэн. Үүний улмаас 2025 оны 9-12 сард олгох байсан 17.4 мянган даатгуулагчийн 50 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2025 онд олгоогүй. Тиймээс нэгдүгээр сард энэ оны төсвөөс олгосон. Улмаар 2026 оны төсвийн тодотголоор ажилгүйдлийн тэтгэмжийн зарлагын төсвийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталснаар одоо даатгуулагчдын ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоно.
Эндээс ажилгүйдлийг бууруулах зорилго олон жил үр дүнд хүрээгүйг харж болохоос гадна арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх боломжтой чилийсэн урт хугацааг дарга нар уриа, лоозон, уулзалт, форумд зарцуулсан байгааг анзаарч болохуйц байна.
Ажилгүйдлийн даатгалын сан гэдэг хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, орлогын эх үүсвэр тасалдсан даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, дараагийн ажилд орох хүртэлх хугацаанд амьжиргааны баталгааг нь хангах зорилготой сан юм. Өөрөөр хэлбэл, ажилтай байхдаа төлсөн шимтгэл ажилгүй болсон үед нь эргээд хамгаалалт болох ёстой гэсэн үг. Гэвч үүсээд буй нөхцөл байдал, буруу тогтолцоо, санхүүгийн чадамж зэргийг эргэж харахгүй бол иргэд даатгуулсан эрхээ эдэлж, нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүйд хүрч ч мэдэхээр байна. Үүнийг салбарын сайд ч хэлж, ирэх оноос шинэ журам хэрэгжүүлнэ гэдгээ мэдээлсэн юм.
Сайд Т.Аубакир “Зарим иргэн захиралдаа очиж халах тушаал гаргуулаад ажлаа үргэлжлүүлэн хийсээр тэтгэмж авдаг. Мөн улирлын чанартай компаниуд өвөл ажил зогсоход ажилчдаа халж, хавар буцааж авдаг бөгөөд энэ хооронд ажилчид нь тэтгэмж авдаг нь судалгаагаар тогтоогдсон. Хууль бусаар тэтгэмж авахыг бууруулах зорилгоор шинэ журам баталсан” гэв. Үүнийг болон үүсээд байгаа нөхцөл байдлыг цэгцлэх зорилгоор нэгдүгээр сарын 1-нээс шинэ журам хэрэгжинэ. Энэ салбар, тэр талбарт шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байгаа нь маргах аргагүй үнэн. Гэвч иргэдийн, тэр дундаа даатгуулагчийн эрхийг зөрчих замаар өөрчлөлт хийхээр зэхэж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм.
Тодруулбал, одоо хэрэгжиж буй журмаар есөн сар ажилласан хүн 76 хоногийн тэтгэмж авах эрхтэй байгаа бол шинэ журмаар 12 сар ажилласан хүн 55 хоногтой тэнцэх тэтгэмж авдаг болно.
Ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлага чангарч, авах хоног нь багассанаар ажлаасаа гарсан иргэн бүрийн авах мөнгөн дүн эрс өөрчлөгдөж, нийгмийн баталгаа нь сулрах эрсдэлтэй. Түүнчлэн 55 хоногийн дотор иргэд дараагийн ажилдаа орж чадах эсэх нь нэн эргэлзээтэй.
Үнэхээр салбарын сайдын хэлсэнчлэн иргэд ажлаа хийж цалингаа авч байгаа хэр нь ажилгүйдлийн тэтгэмж давхар авдаг, компаниуд ажилчдадаа сул зогсолтын мөнгө олгохгүйн тулд тэтгэмж авахыг санал болгодог асуудал бодитоор бий болсон бол асуудлыг ингэж шийдэхийг буруутгах аргагүй. Гэвч судлагдаж, батлагдаагүй сураг, цуу яриагаар иргэдийн тэр дундаа татвар төлөгчдийн нийгмийн баталгааг сулруулах шийдвэр гаргаж байгаа бол энэ хөндөх учиртай чухал өнцөг. Бид уг асуудлыг тодруулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн албатай холбогдож, сайдын мэдэгдэлд дурдагдсан судалгаатай танилцахыг хүссэн юм. Ингэхэд “Нийгмийн даатгалын ерөнхий газар уг асуудлыг мэднэ. Бидэнд энэ төрлийн судалгаа байхгүй” гэх хариулт өглөө. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас хяналт чамбай, хариуцлага өндөр байдаг тул иргэд хууль бусаар тэтгэмж авах боломжгүй гэх хариулт өгсөн юм.
НДЕГ-ийн Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу олгох, үндэслэлгүй тэтгэмж олголтоос урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тухайлбал, ажлаас чөлөөлсөн үндэслэл, тушаалыг холбогдох хууль, баримт бичигтэй тулган шалгана. Даатгуулагчийн ажилласан хугацаа, шимтгэл төлөлт, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулган баталгаажуулна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэнээр бүртгүүлсэн эсэх, ажил идэвхтэй хайж байгаа нөхцөлийг мөн хянана. Мөн нэг ажил олгогчоос олон ажилтан богино хугацаанд ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн зэрэг эрсдэлийн шинж тэмдгийг илрүүлдэг. Эдгээрээс гадна үндэслэлгүй олгогдсон тэтгэмжийг тогтоож, хуульд заасан үндэслэлээр санд буцаан төвлөрүүлдэг.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэж зарлах нь, ажилгүйдлийн даатгалын санд өндөр төсөв хуваарилах нь, аль эсвэл ажилгүй болсон иргэдэд олгох тэтгэмжийн хувь хэмжээг багасгах нь ажилгүйдлийг шийдэх гарц биш. Иргэдийн нийгэм, эдийн засгийн оролцоо бага, ажилгүйдэл өндөр байх нь улс орны анхаарах учиртай амин чухал ажил. Гэвч энэ чухал зүйлд өнгөц, хөнгөн хандаж, өөрчлөлт, шинэчлэл нэрийн дор татвар төлөгчдийн эрхийг зөрчиж байгаа нь учир дутагдалтай юм.