Дөрвөн цагийн эргэлтэд таван хошуу малаа адгуулан гаршуулж ирсэн нүүдэлчин монгол түмний хооллох соёл арвин. Тэдгээр дотроос онцлох нэг төрлийн зоог бол бууз юм.
Соёл үүсэл талаас нь авч үзвэл, бууз яг ч монгол гарвальтай хоол биш. Тус хоолыг Евразид орших олонх орон бэлтгэж хүртдэг бөгөөд Хятадад баозы, Буриадад позы болон буузы, Японд жаозы хийгээд гёоза, Солонгост манду зэргээр нэрлэн хэрэглэдэг. Харин манайд урд зүгээс дамжин дэлгэрсэн байх магадлалтай гэж хүнс судлаачид үзэх нь бий. Юутай ч бууз хэмээх зоог зуун дамжин монголчуудын тэмдэглэлт баярын үндсэн хоолоор нэрлэгдэж ирсэн. Түүгээр ч зогсохгүй Монгол угсаатны онцлох баяр Цагаан сарын хүндэтгэлийн гол зоог юм. Бэлтгэхэд хялбар, болгоход амар учир бууз ийн гол баярын гоц гүнцэг болсон байж болох ч үүнд нөлөөлсөн өөр учиг ч бий.
Монгол хэлний их тайлбар тольд бууз бүтэх явцыг “Татсан махыг элдсэн гурилд боон чимхэж, жигнэн болгох” гэж тун тодорхой тайлбарласан байдаг. Эндээс буузны бүтэц нэн авсаархан болох нь харагдана. Мах, гурил байхад буузаа боочихно, болгоход ус л хангалттай. Хамгийн чухал нь, хөдөө аж ахуйн салбарт түшиглэн унд, уушаа зэхэж, базаадаг монгол түмэн буузны орцыг бүгдийг нь дотооддоо төхөөрөх боломжтой. Бууз түүхийн урт хугацаанд баярын ширээний үндсэн зоогоор нэрлэгдэж ирсний учир энэ ч байж мэдэх юм.
Уламжлалт сар шинийн баяр дөхөж өрх бүхэнд бууз өрөх чухал ажил эд өрнөж байна. Бууз өрөх нэг хэрэг. Монгол орон буузны орцоо төвөггүй базааж, айлууд мах, гурилаа түүртэхгүй зэхэж дөнгөх эсэх нь өөр чухал өнцөг юм. Тиймээс энэ агуулгыг хөндөхийн тулд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар руу өнгийе. Учир нь манай орны хөдөө аж ахуйн салбар мал аж ахуй болон газар тариалангийн дэд салбараас бүрддэг. Тиймээс буузны бүх орц тэндээс бүрэн хамаарна гэсэн үг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 31.7 хувийг, экспортын орлогын 5.6 хувийг бүрдүүлдэг. Мөн нийт ажиллах хүчний 45.3 хувь нь энэ салбарт хамаардаг бөгөөд улсын хэмжээнд 305 мянган малчин хөдөлмөр эрхэлж буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэгтэй тэнцэх дүн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны гуравдугаар улиралд манай улсын эдийн засаг 5.9 хувиар өссөний 3.4 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлсэн байна.
Хөдөө аж ахуйн өсөлт, өгөөжийг өгүүлэх эдгээр статистикийг салбар ахалсан сайд асан Ж.Энхбаяраас эхлээд төрийн ихэнх түшээ тархи, цээжинд хоногштол суваг бүрээр давтсан. Эндээс ямартай ч манайх ядаж л мах, гурилаа өөрсдөө бэлтгэж, дотооддоо зэхдэг мэт ойлголт төрдөг. Гэвч нэрэн дээрээ ийм ч нидэр дээрээ монголчууд буузны орцоо ч дотооддоо бүрэн бэлтгэж хүчирдэггүй бөгөөд хэдэн мянган жилийн өмнөөс малын мах голлон хэрэглэж ирсэн монгол түмний хувьд өнөөдөр мах тансаг хэрэглээнд тооцогддог боллоо.
50 сая малтай, 3 сая хүн амтай ч мах тансаг хэрэглээ: Монгол нийт хүн амын тооноосоо 17 дахин их малтай. Нэг хүнд ногдох малын тоогоороо ч дэлхийд дээгүүрт бичигддэг. Гэвч сүүлийн зургаан жилийн хугацаанд махны үнэ 137 хувь нэмэгдлээ. 2020 оны нэгдүгээр сард нэг кг үхрийн мах 10535 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ оны нэгдүгээр сард тус тоо 25000 болтлоо өсжээ. Харин улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг. Тэгэхээр сарын 2.7 сая төгрөгийн цалинтай иргэн бүтэн сар ажилласан хөдөлмөрийн хөлсөөрөө нэг үхрийн өрөөл мах ч авч хүчрэхгүй байна.
Буузны өртгийг тооцоолоод үзье. 2.7 сая төгрөгөөр 108 кг үхрийн мах авах боломжтой. Нэг ширхэг бууз 80 гр гэж тооцоолбол 108 кг махаар нийтдээ 1350 бууз бэлтгэнэ. Цагаан сараар нэг айл дунджаар 650 орчим ширхэг бууз чимхдэг бөгөөд нийтдээ 371 сая бууз улсын хэмжээнд бэлтгэдэг гэх тооцооллыг эдийн засагч, шинжээч Г.Батзориг хийсэн байдаг. Тэгэхээр айл өрхүүд үхрийн махаар буузаа хийлээ гэхэд хагас сарын цалингаа зөвхөн маханд зарцуулахаар харагдаж байна. Цагаар сараар улсын хэмжээнд 371 сая буузыг үхрийн махаар бэлтгэвэл үүнд 742 тэрбум төгрөг шаардлагатай. Үүн дээр гурилын өртөг нэмэгдэнэ. Гурилын асуудал бүр ч хүнд. Үнэ байтугай үйлдвэрлэл нь ч хэрэгцээгээ хангаж дөнгөдөггүй.
Гурил ба импортын хамаарал: Тоо сөхье. Монголчууд нийт гурилын хэрэгцээнийхээ ердөө 60 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь импортоор хангаж байна. 2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэсэн нь нийт гурилын хэрэгцээний 59.1 хувийг бүрдүүлсэн. Иймд үлдсэн 40.9 хувийг импортоор хангажээ. Харин 2025 оны байдлаар нийт ургац хураалт өмнөх оноос 40 хувиар буурсан байна.
Гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж чадахгүй учир иргэддээ хямд өртөгтэй гурил идүүлэхийн тулд УИХ импортын гурилын татварыг 2024 оны тавдугаар сард тэглэсэн. Гэвч энэ шийдвэр нь гурилын үнийг буулгах бус үйлдвэрлэлийг улам хумьсан. Импортын гурилын албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор тариаланчид улаанбуудайн тариалалтаа 15 хувь буюу 56 мянган га талбайгаар бууруулсан байна. 2023 онд 434 мянган тонн улаанбуудай хурааж авсан бол тус шийдвэр хэрэгжсэн жил 397.6 мянган тонныг хураасан юм. Харин импортоор оруулж ирсэн гурилын хэмжээ мөн үеэр 2.7 дахин өсжээ.
Иймд “бай”-гаа оноогүй тус хуулийг өнгөрсөн онд хүчингүй болгосон. Гэсэн ч баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл 0 байхаар шийдвэрлэсэн юм. Энэ нь байгаль, цаг уурын нөхцөлтэй холбоотой гэдгийг албаныхан мэдээлдэг. Эндээс гурилын үнэ, үйлдвэрлэл цөм гаднаас хамааралтай байгаа нь тодорхой харагдаж байна. Бүр гурилын нийлүүлэлт, олдоц ч хөрш орнуудаас шалтгаалж буй.
Ингэхээр Монгол Улс буузны орцоо дотооддоо хангаж хүчирдэггүй, айл өрхүүд нь буузаа санхүүгийн хүндрэлгүй зэхэж чаддаггүй болж таарав. Уг нь манай улсын хувьд, мах, гурил хоёр стратегийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн. Муугаар бодоход, ямар нэг геополитикийн асуудлын улмаас улс орнууд худалдаа, арилжаагаа зогсоолоо гэхэд монголчууд мах, гурилтайгаа байхад өлсөж, ундаасахын зовлон үзэхгүй байх учиртай. Гэвч яг өнөөгийн нөхцөлийг бодитоор тольдоход, тэнгэрт хадсан ханштай махаа иргэд худалдан авч дөнгөхгүй, тэнд үйлдвэрлүүлж дадсан гурилаа улс нь базааж чадахааргүй байна.

Махаа хэрэглэгчдэд хямд нийлүүлэхийн тулд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх учиртай. Гурилыг дотооддоо бүрэн хангахын тулд газар тариаланг тэтгэх шаардлагатай. Үүнийг 1990-ээд оноос хойшх үе, үеийн эрх баригчид улиглаж ирсэн. Гэвч хөдөө аж ахуйн салбарын өсөлт хангалтгүй хэвээр байна. Энэ салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1996 онд Монгол Улсын ДНБ-ий 38.5 хувийг эзэлж байсан бол аажмаар буурч 2005 онд 19.8 хувь, өнгөрсөн оны байдлаар 31.7 хувьд хүрээд буй. Ийн өсөлт дорвитой нэмэгдэж, өөрчлөлт тодорхой харагдахгүй байгаа ч энэ салбарт улсаас зарцуулж буй мөнгөн дүн үлэмж нэмэгдэж, ийш чиглэсэн төсөл, хөтөлбөрийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм.
Зөвхөн 2010-2020 онд хөдөө аж ахуйн салбарт 1 их наяд 93.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна. Нийт дэмжлэгийн 62.8 хувь буюу 686.2 тэрбум төгрөг нь мөнгөн хэлбэрийн, 37.2 хувь буюу 407.1 тэрбум төгрөгийн мөнгөн бус дэмжлэг байна. Мөнгөн хэлбэрийн дэмжлэгт ноос, арьс шир, мах, сүү, ноолуур, улаан буудайн мөнгөн урамшуулал болон хүүгийн хөнгөлөлт хамаарч буй.
Тухайлбал, анх 2007 онд улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хэрэгцээг дотоодын улаанбуудайгаар үйлдвэрлэсэн гурилаар хангах зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн хураан авсан улаанбуудайн тонн тутамд 80.0 мянган төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс олгож эхэлсэн. Мөн 2011 оноос ноос, 2013 оноос нөөцийн мах бэлтгэл, 2014 оноос арьс, шир, 2020 оноос сүүний үйлдвэрлэлд тус тус урамшуулал улсын төсвөөс олгож ирсэн. Түүнчлэн 2020 онд малчид, мал бүхий иргэдэд бэлтгэсэн ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс мөнгөн шилжүүлэг хэлбэрээр олгосон. Үүнээс гадна 2020 оноос хойш “Шинэ хоршоо, Чинээлэг малчин” хөтөлбөр, “АТАР 4” хөтөлбөр, “Малчин өрхийг малжуулах” төсөр гэхчлэн улсын төсвөөс шаггүй татаас “салгасан” үр дүн нь тодорхойгүй олон төсөл, хөтөлбөр одоо ч хэрэгжсээр байна.
Ноос, арьс ширний урамшуулал нь малчдын орлого болон эдгээр түүхий эдээр хийсэн дотоодын боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээнд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа учир урамшууллыг эргэн харж, бодлогын шинэчлэл хийх шаардлагатай. Бодлого боловсруулахдаа шинжилгээ, судалгаа буюу нотолгоонд үндэслэх, тухайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглүүлэх нь зүй. Мөн дэмжлэг, урамшууллын хяналт шинжилгээ, мониторингийг хэрхэн хийх талаар нарийвчилсан аргачлал, зохицуулалтыг журамд оруулж, тогтмол хугацаанд үнэлгээ хийж, үүнд үндэслэн бодлого, хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй.
“Хөдөө аж ахуйн дэмжлэг, урамшууллын судалгааны тайлан”
Хөдөө аж ахуйн салбар хөдөлмөр их шаарддаг, уур амьсгалын өөрчлөлт, ган зудад өртөмтгий, эрсдэл өндөртэй учир төрийн оролцоо, зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Гэвч манайд тооцоо, судалгаа сул, төсөвт өртөг өндөр, үр дүн хангалтгүй төсөв, хөтөлбөрүүд шилээ даран, сонгууль угтаж хэрэгжиж дадсан. Улаанбуудайн урамшуулал л гэхэд тогтвортой газар тариаланг хөгжүүлж, байгалийн нөөцийг хамгаалахад сөрөг нөлөөтэй. Энэ чиглэлд хөрөнгө оруулахдаа эрх баригчид хөрс доройтуулахгүй байх, эдийн засгийн үр ашгийг урт хугацаанд нэмэгдүүлэх зэрэгт цогцоор нь анхаардаггүй.
Улаанбуудайн тариаланчдад олгож буй татаас нь тогтвортой хөдөө аж ахуйн туршлагыг нэвтрүүлэхэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна. Энэ нь хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн тулд өнөөгийн татаасын бодлогод өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг харуулж байна. Улаанбуудайн үйлдвэрлэлийг зөвхөн талбайг нэмэгдүүлэх замаар биш тариаланчдын тогтвортой туршлага, хөрсний ашиглалтыг сайжруулж, бодлогын дэмжлэгтэй уялдуулан сайжруулах шаардлагатай.
“Farmer’s Perception, Agricultural Subsidies, and Adoption of Sustainable Agricultural Practices: A Case from Mongolia” судалгааны өгүүллээс
2011 оноос хойш олгож ирсэн ноосны урамшуулал ч үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үндсэн зорилгоо биелүүлж дөнгөхгүй л байна. Ноосны урамшуулал олгож эхэлснээс хойш ноосоор хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Арьс, ширний урамшуулал ч ялгаагүй. Арьс, ширний урамшууллын хувь үйлдвэрт боловсруулсан арьс, ширний тоо хэмжээтэй төдийлөн хамааралгүй байгааг “Хөдөө аж ахуйн дэмжлэг, урамшууллын судалгааны тайлан”-д өгүүлжээ.
Хөдөө, аж ахуйн салбарт төр үргүй зардал гаргаж, “урт насгүй” хөнгөлөлт, урамшуулал удаа дараа олгодгийн сонгодог жишээ 2020 оны ноолуурын урамшуулал. Энэ ажилд төсвөөс нийт 180.0 тэрбум төгрөг зарцуулсан. 174.9 тэрбум төгрөгийг иргэдэд урамшуулал хэлбэрээр өгсөн бол ноолуур бэлтгэлд зориулан аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт хэлбэрээр 5.1 тэрбум төгрөг олгосон юм.
Малыг төрөлжүүлэн өсгөх, бэлчээрээ хамгаалах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэвч төрөөс тооцоо, судалгаагүй малчдад, иргэдэд “тал засаж”, сонгуулийн хундамаа цутгасан дээрх төрлийн шийдвэр гаргасаар л байгаа. Энэ нь Монголын хөдөө аж ахуйн салбарыг улам хүндрүүлж, иргэдийн сар шинээр идэх буузны тоог цөөлж, өртгийг өсгөж буй суурь шалтгаан юм.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг нуруундаа үүрч, гол ажлыг нь нугалж буй субъект бол элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр улсын төсвийг улайлгаж, ганган индэр дээрээс чамин үг “чулуудаж” зогсоо сайд, дарга нар биш. Мах, сүү, гурилын үйлдвэр босгох нэрээр улсаас татаас салгаж, татвараа хөнгөлүүлж, хүүгүй зээл хүртэж суудаг төрийн түшээд ч биш. Харин хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, хүнд хүчрийг үл хайхран хөрсөн дээрээ хөдөлмөрлөж буй малчин, тариаланчид юм.
Тэдэнд түр хэрэгжих хөнгөлөлт, чөлөөлөлт, нэг удаагийн мөнгөн дэмжлэг чухал биш. Харин бүтээсэн баялгийг нь, хичээсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх оновчтой, голч систем хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр, дэлхийн нөгөө бөөрөнд хоол, хүнс хүртэх нь ч, бэлтгэх нь ч шинжлэх ухааны түвшинд өндөр хөгжиж буй. Гэвч бид XXI зуунд ч буузны цаадхыг харж чадахгүй, бүр буузаа ч төхөөрч дөнгөхгүй л аж төрж байна. Хүндтэй зочноо дайлдаг, үндэсний баяраараа хүртдэг бууз гэх зоог үнэн хэрэгтээ манай улсын нийгэм, эдийн засгийн аж байдал, нийтийн хооллох дадал, үүх түүх, үндсэн чанарыг шунхгүй илтгэнэ.