
Сая, сая ам.долларын орлого олж, хэдэн зуун сая үзэгч төвлөрүүлж, өөрсдийн нэрийн брэндийг хүртэл бий болгож, дэлхий дахинд танигдсан цахим нөлөөлөгчдийг “Forbes” сэтгүүл жил бүр эрэмбэлдэг уламжлалтай.
Тус сэтгүүлийн нэрлэсэн хамгийн их хандалттай, өндөр орлоготой, үзэлт сайтай контент бүтээгч, цахим нөлөөлөгчдийн дотор хүүхдүүд тогтмол багтдаг. Эндээс нийгмийн сүлжээ гэх зах хязгааргүй орон зайд багачууд насанд хүрэгчидтэй эн тэнцүү, заримдаа бүр илүүрхэн өрсөлдөж байгаа нь тодорхой харагдана. Тухайлбал, 2025 оны байдлаар, тус жагсаалтын 21 дүгээр байрт өдгөө 14 настай Ryan Kaji жагссан байна. Тэрээр гурван настайгаасаа контент хийж, Youtube-д байршуулж эхэлсэн бөгөөд “Ryan’s World” сувгаа бизнес болгон өргөжүүлсэн нэгэн. Түүний жилийн орлого нь ойролцоогоор 35 сая ам.доллар. Тэрээр 2018-2020 онд насанд хүрсэн нөлөөлөгчдийг ардаа орхиж, тус жагсаалтыг тэргүүлж байжээ.
Мөн орос гаралтай Анастасия Радзинскаягийн “Like Nastya” суваг удаа дараа дээрх жагсаалтад багтаж байв. Жилийн орлого нь 30 сая ам.долларт шүргэсэн тэрээр дэлхийд танигдсан контент бүтээгч юм. Эдний адил бага наснаасаа нийгмийн сүлжээнд танигдаж, өдөр тутмын амьдралаа, өөрийн хийдэг, чаддаг бүхнээ олон нийтэд сурталчилж, нөлөөллөө бататгаж, энэ хэрэглэгдэхүүнийг орлогын эх үүсвэрээ болгосон хүүхэд манай гараг дээр сая, саяараа бий.
Хүүхдүүд цахим платформ дээр алдарших энэ үзэгдэл сүүлийн 10 жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ийм төрлийн контент бүтээгчдийг “Kidfluencer” гэж тодотгодог болжээ. Тэд насанд хүрэгчдийн адил цахим орчинд тоглоом, хувцас, гоо сайхан, хоол, аялал, өдөр тутмын амьдрал, challenge, unboxing зэрэг контент бүтээж, зар сурталчилгаа, хамтын ажиллагаа, брэндийн маркетинг зэргээс ашиг, орлого олдог болжээ. Сонирхолтой нь, контент бүтээгч хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад амархан танигдаж, богино хугацаанд алдартай болдог байна. Учир нь, Youtube ашиглаж байгаа иргэдийн цөөнгүй хувийг бага насныхан эзэлдэг бөгөөд тэд өөртэйгөө ойролцоо насны хүний зар сурталчилгаанд автах, хандах магадлал өндөр. Мөн цахим платформын алгоритм хүүхдийн контентыг илүү олон хүнд хүргэдэг тохируулгатай. Богино, өнгөлөг, хурдан хэмнэлтэй, сэтгэл хөдлөлтэй зэрэг олон нийтийн төдийгүй мэдээллийн хэрэгслийг хүсэл, шаардлагад хүүхэд оролцсон бүтээлүүд яв цав нийцдэг аж.
Цахим орчин хүүхдүүдэд ч зөвхөн хэрэглэгч биш, маркетингийн идэвхтэй оролцогч, зар сурталчилгааны хэрэгсэл, брэндийн нүүр царай болох боломж олгож, алдар нэрд хүрч, амжилт олох гүүр нь болж буй. Гэхдээ шинэ төрлийн энэ зах зээлд эрсдэл, сүүдэртэй тал ч бий. Тодруулбал, нийгэм судлаачид kidfluencer үзэгдлийг “хүүхдийн дижитал хөдөлмөр” гэж тодорхойлж, зарим тохиолдолд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг анхааруулж эхлэв. Өнгөрсөн онд хэвлэгдсэн “Journal of Business Ethics”- ийн судалгаанд энэ агуулгыг онцолсон байх бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийн өхөөрдөм төрхийг ашиглаж, амьдрал, амьжиргаагаа залгуулан, багачуудыг бизнесийн хэрэгсэл болгож байгаа талаар өгүүлжээ. Хүүхдийн хөдөлмөр гэж үзэж байгаад учир бий. Контент бүтээгч хүүхдүүд маш олон цагаар зураг авалтад оролцож, амьдралынхаа хором, мөч бүрийг хүссэн, хүсээгүй камерын дуранд үлдээж, хамтрагч байгууллага, брэндийн шаардлагад нийцэхийн тулд цаг үргэлж хичээх шаардлагатай нүүр тулдаг байна. Түүнчлэн бага наснаасаа төгс гэх бодит бус хүлээлтэд нийцэж амьдрах хэрэгтэй болдог аж. Энэ нь насанд хүрэгчид бүтэн цагийн ажил хийхтэй адил хүнд ачаалал болохыг социологчид онцолсоор байгаа юм. Түүнчлэн тогтмол контент хийх дарамтаас гадна дагагч, үзэгчээ алдах айдас ч үргэлж тэднийг ээрдэг байна. Мөн кино уран бүтээлд оролцож байгаа жүжигчин хүүхдүүдийн хөдөлмөрийн эрх, үүргийн хуулиар зохицуулдаг ч контент бүтээгч багачуудын эрх, үүрэг ихэнх улсад ямар ч зохицуулалт, хяналтгүй байна. Хүүхдүүдийн суралцах, хөгжих, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зэрэг суурь эрх ч асар их зөрчигдсөөр байгаа юм. Нөлөөлөгч хүүхдүүдийг ийм сонголт хийхэд хүргэж, үүнийгээ орлогын эх үүсвэр болгож байгаа хүмүүс бол насанд хүрэгчид. Энэ төрлийн хэд, хэдэн судалгааг барууны орнуудад хийсэн бөгөөд ихэнх тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтээр хүүхэд ийм замыг сонгодог аж. Олонх нь эхийн хэвлийд байхдаа цахим хаягтай болж, хэлд, хөлд ормогцоо насанд хүрэгчдийн зааврын дагуу бичлэг, контент хийж эхэлсэн байдаг. Мөн контентын төлөвлөгөө, санааг ч насанд хүрэгчид гаргаж, хамтрагч байгууллагуудтай ажиллах хуваарийг төлөвлөж, орлогыг нь төвлөрүүлдэг байна. Хүсэл, сонирхлоос нь үл хамааран хүүхдээрээ ашиг, орлого олж байгаа энэ үзэгдлийн эсрэг зарим улс орон тодорхой арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал, Франц улс цахим орчинд ажиллаж буй хүүхдүүдийн эрхийн хамгаалах тусгай хууль баталсан байна. Тус хуулиар нөлөөлөгч хүүхдийн ажиллах цагийг хязгаарлаад зогсохгүй олсон орлогынх нь тодорхой хувийг 18 нас хүртэл нь тусгай банкны дансанд байршуулдаг болохыг хуульчилжээ. Мөн Европын хэд, хэдэн орон контент бүтээгч хүүхдүүдийн хөдөлмөрийг хуульчлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Нөлөөлөгч хүүхдүүдийг отож байгаа өөр аюул, эрсдэл ч бий. Хүүхдийн алхам бүрийг нийгмийн сүлжээнд нийтэлж, тухайн мэдээллээ олон нийтэд хүргэхийн мэрийх хэрээр багачууд гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй.
Нийгмийн сүлжээнд бичлэг, зураг байршуулж, олон нийтийн анхаарлын төвд орсон хүүхдүүд манай улсад ч цөөнгүй бий. Түүнчлэн Монголын хамгийн алдартай Youtuber-үүд ч хүүхэд байхдаа контентоо эхлүүлж, одоо ч багачуудад зориулсан бичлэг нийтэлдэг онцлогтой. Тиймээс Монгол Улсад контент бүтээгч хүүхдүүд нөлөөгөө улам тэлж, тоо, хүрээ нь ч илүү нэмэгдэхээр байна. Энэ хэрээр эрсдэл ч өснө. Тэгэхээр нөлөөлөгч хүүхдүүдийн эрхийг хамгаалах хэрэгцээ манайд ч тулгамдаад буй.