
Монголчууд бид өнөөдөр үнэн, худал нь үл мэдэгдэх, үнэн нь хаана байгаа нь тодорхойгүй талцал хуваагдал дүүрэн нийгэмд амьдарч байна.
Олон нийтийн анхаарлыг татсан бүх асуудлын үнэн нь хаана байгааг хэн ч мэдэхгүй. Ард иргэддээ буруу, зөвийг нь хэн ч ялгаж салгаж хэлж, асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгдөггүй. Бөөнөөрөө шуугиад л өнгөрч байгаагаас бус үнэн нь хаана байсныг хэн ч хэлдэггүй, иргэд ч буцааж нэхдэггүй. Ийм байдал үргэлжлэх тусам иргэд хэнд итгэхээ мэдэхгүй болж, төр засгийн нэр хүнд улам л унаж байна. Талцал хуваагдал дунд төөрсөн ард түмнээ чиглүүлэх, шударга үнэний талд бат зогсож түүнийгээ нотлон олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэж алга.
“Лидер хүн урдаа явдаг учраас биш, хүмүүс нь дагахыг хүсдэг учраас лидер болдог” гэсэн хэллэг бий. Өнөөдөр Монголд олон нийтийн итгэлийг хүлээж араасаа дагуулж яваа хүн алга. Тиймээс иргэд, олон нийт асуудал бүр дээр хэнд нь итгэхээ мэдэхгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж байна. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидергүй байгаагийн хамгийн ойрын нэг илрэл бол жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай нэг ч улстөрч байхгүй байгаа явдал. Нэр дэвшүүлэх хугацаа болоогүй ч өдийд олон нийтийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг авсан, нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон ядаж нэг лидер тодорчихсон байх учиртай. Гэтэл олон нийт байтугай нам дотроо ч хүлээн зөвшөөрөгдсөн лидер аль ч намд алга. Уг нь үнэний эрэлд хатаж, шударга ёсны хүсэмжлэлд автсан монголчуудад сайн лидер хэрэгтэй байна. Монголчуудын үнэт зүйлс, бодлого, зорилт, алсын хараа, хүрэх цэгийг тодорхойлж, оюун санаа, итгэл үнэмшлийг нэг зүгт чиглүүлэн удирдаж ирээдүйд хүчирхэг Монгол Улсыг бүтээх лидер үгүйлэгдэж байна. Үүний тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой юм шиг ойлгодог, ярьдаг хүмүүс бий. Гэтэл тийм биш. Хүчирхэг лидер нь заавал Ерөнхийлөгч байх албагүй. Ерөнхийлөгч Төрийн тэргүүн боловч ард түмний амьдралд хамгийн их нөлөөлөх эрх мэдэлтэй, гаргасан шийдвэрээрээ олон нийтийг байлдан дагуулах албан тушаал бол Засгийн тэргүүн буюу Ерөнхий сайд. Улс орны амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлэх бодлого, шийдвэрүүдийг Засгийн газар л гаргадаг. Харамсалтай нь, манай улсад хүчирхэг Ерөнхий сайд тодорч, хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар бүрдэхгүй удлаа. Тийм ч учраас Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа богинохон хэвээр байсаар байна. 1990 оноос хойш дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан Ерөнхий сайд хоёрхон бий.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тогтвортой байх бүх л хөшүүргийг суулгаж өгсөн. Гэвч тогтвортой байдал бий болсонгүй. Эсрэгээрээ тогтворгүй байдал тогтвортой хэвээрээ л байна. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2020 оноос мөрдөж эхлэхээс өмнө Засгийн газрын дундаж нас 1.8 жил байлаа. Түүнээс хойш ямар ч өөрчлөлт гараагүйг зургаан жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар ажиллаж байгаагаас харж болно. 2024 оны сонгуулиас хойших хоёрхон жилийн хугацаанд бүр гурван Засгийн газар ажиллаж байна. Энэ байдлаараа парламентын нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар (М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газар 1996-2000) ажилласан гашуун түүхийг давтахыг ч үгүйсгэхгүй.
Эрдэмтдийн судалгаа шинжилгээг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа уртсаж тогтвортой засаглал тогтсонгүй. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнөх төсөөлөл, тооцооллоор бол улс төрийн байдал тогтворжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, томоохон төсөл хөтөлбөрүүд саадгүйгээр урагшлах зэргээр тогтвортой байдлыг дагаад улс орны эдийн засаг ч сэргэнэ гэсэн хүлээлттэй байсан юм. Гэтэл төр засаг ч тогтворжсонгүй, төсөл хөтөлбөрүүд ч амжилттай хэрэгжсэнгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг ойлголт бүр мартагдахад хүрлээ. Иргэд, олон нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн, амин хувийн болоод анд нөхдийн эрх ашгаа хойш нь тавьж улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэх хүчирхэг лидергүй тодроогүй нь ийм л сөрөг үр дагавартай байна. Дээрх бүхнээс үзвэл асуудал хуульдаа биш хүндээ байгаа нь харагдаж байна. Товчхондоо, дөрөвхөн жилийн хугацаанд бүхний итгэлийг хүлээж ажиллах лидер алга. Бүгд намаа сонгуульд удирдаж ялалт байгуулсныхаа үр дүнг дуустал үзэж чадахгүй байна. Тиймээс дараа дараагийн Ерөнхий сайд нь дандаа бусдын ялалт дээр тодорсоор ирлээ. Энэ тухайн саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, НИТХ-ын төлөөлөгч Х.Нямбаатар Ерөнхий сайд Н.Учралд хандан гашуун бөгөөд үнэн үг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, НИТХ-ын төлөөлөгч Х.Нямбаатар
Хүн бүрийн сонгуулийн ялалтыг хулгайлаад цаашаа сайн сайхан явна гэвэл бүтэхгүй. 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтыг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнээс хулгайлаад наанаа сууж байгаа. Одоо 2024 оны аравдугаар сард болсон НИТХ-ын сонгуульд ялсан манай багийнхны ялалтыг хулгайлах шийдвэр гаргаж байна.
2008 оноос хойш дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан нэг ч Ерөнхий сайд алга. С.Баярын ялалт дээр Сү.Батболд, Н.Алтанхуягийн ялалт дээр Ч.Сайханбилэг, М.Энхболдын ялалт дээр Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн ялалт дээр Л.Оюун-Эрдэнэ, Л.ОюунЭрдэнийн ялалт дээр Г.Занданшатар, Н.Учрал нар тодорч Ерөнхий сайдаар ажиллалаа. Намын даргаар сонгогдож, сонгуульд ялалт байгуулж, Ерөнхий сайдаар ажиллана гэдэг улстөрч болгонд олдохгүй хувь тохиол. Гэтэл бусдын авч ирсэн ялалт дээр тодорч “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэсэн зарчмаар Ерөнхий сайд нар тодордог боллоо. Зөвхөн Ерөнхий сайдаар тогтохгүй давхар намын дарга болдог. Лидер болох чадамжтай бол лидер болохоор их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг гэсэн үг. Гэтэл лидер болж иргэд, олон нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ахиж дэвшиж улс орноо өөдлөн дэвжээсэн хүн алга. Өөрөө ялалт байгуулж албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нь өөрийгөө батлан харуулж лидер болж чадсангүй, бусдын ялалт дээр тодорсон нь өөрийн хүчээ харуулж хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Ерөнхий сайдаар ажилласан бүхэн лидер бус лойдор болоод дуусдаг жишиг тогтлоо. Ийнхүү монголчууд нийтээрээ лидергүйн зовлонг амсаж, алдсан боломжийнхоо өртгийг тооцож гаслахаас өөрийг хийж чадахгүй сууна. Чингис хаан дахин төрнө гэдэг мухар сүсэг шиг Монгол Улсын удирдан чиглүүлэх ёстой албан тушаалтан нь “Монголын заяа их” хэмээн хувь заяанд найдаж сууна. Уг нь монголчууд түүнд өөрт нь итгэж байгаа юмсан.