Энэ эринд амьдарч, аж төрж буй хүмүүсийн хэмнэлийг “хурд” гэх ганц үгээр тодорхойлж болмоор санагдана. Цөм цаг үргэлж хаа нэг тийш яарч, богино хугацаанд их зүйл амжуулахыг мэрийнэ.
Хором бүхэнд шинийг эрэлхийлж, суралцаж, хөгжихгүй л бол бусдаас, нийгмээсээ хоцорчих мэт сандчина. Энэ хэмнэл, тэр эрчийг дагаад бүх зүйл өөрчлөгдөж буй. Богино хугацаанд мэдрэмж хөгөлж, эргэцүүлэл хөвөрдөх уран бүтээлүүд төрж, бага цагт бэлтгэгдэх хоол, хүнсний эрэлт нэмэгдэн амьдралын бүхий л хэрэглэгдэхүүн илүү хялбаршиж, цаг хугацаа хэмнэх нь хамгийн чухал үзүүлэлтэд тооцогдох боллоо. Ийн цагийг үрж ч, зарж ч чадахаа больсон хүмүүс алхахдаа, автобусаар зорчихдоо ч мэдээлэл, мэдлэгээ тэлэхийг мэрийж байна. Энэ хэрэгцээнд тулгуурлан бий болж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа нэг шинэ хэрэглэгдэхүүн бол подкаст юм.
Өсөлт
Дүрс болон бичгэн хэлбэрээр бус дуу, авиагаар дамжуулан хүмүүст мэдээ, мэдээлэл хүргэдэг орчин үеийн үелзлийг подкаст гэж нэрийддэг. Бүтцийн хувьд радио нэвтрүүлэгтэй төстэй ч сонсогч хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн агуулгаараа мэдээлэл авах боломжтойгоороо онцлог. Түүнчлэн сүүлийн үед зөвхөн дуу хоолойгоор буюу аудио хэлбэрээр бус видео хэлбэрээр ч сонсогчдод хүрдэг болсон. Үүний улмаас “үздэг радио” гэж нэрийдэх нь ч бий. Подкаст гэх нэршлийн тухайд, “Apple” компанийн зөөврийн хөгжим тоглуулагч болох ipod болон радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэсэн утгатай broadcast гэх үгийн нийлмэл товчлол аж. Гэхдээ хэдийгээр телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэсэн утгатай broadcast гэх үг орсон ч уг үзэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэглэгдэхүүнд саяхныг хүртэл тооцдоггүй байв. Харин сүүлийн жилүүдэд хэвлэлийн салбарынхны анхаарлыг татаж, судлагдахууны хэмжээнд яригдах болсон байна.
Подкаст 2000-аад оноос эхлэн хэрэглэгчдэд хүрчээ. Түүнээс хойш хүмүүст танигдаж, хүрээгээ тэлсээр цар тахлын үеэр бүр ч олныг хамарсан аж. 2025 оны эхний улирлын байдлаар оноосон нэртэй, цуврал байдлаар мэдээллээ тасралтгүй хүргэдэг, олонд танигдсан 4.52 сая подкаст дэлхий даяар цацагдсан байна.
Мөн сүүлийн гурван сарын хугацаанд 487200 шинэ шоу нэвтрүүлжээ. Ийн бүтээгчид нэмэгдэж, бичлэг, аудио өсөж, агуулга чамбайрах хэрээр үзэгчид ч олширсон байна. Зөвхөн АНУ-д л гэхэд хүн амын 55 хувь нь тогтмол подкаст сонсдог бөгөөд дэлхий даяар 584.1 сая тогтмол сонсогч бий гэх статистик бий. Мөн сонсогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоос хоёр жилийн дараа сонсогчдын тоо 651.7 саяд хүрэх төлөвтэй гэдгийг сонсогчдын зан төлөв болон өсөлтийн чиг хандлагыг дүгнэдэг “Podcastatistics. com” сайтад онцолжээ.
Сонсогчид нэмэгдэж, олон нийт анхаарах хэрээр энэ зах зээл дээр эргэлдэж буй мөнгөний тоо ч нэмэгдэж таарна. Өнгөрсөн онд тус салбарт 30.72 тэрбум ам.доллар эргэлдэж байсан бол энэ жил 39.63 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг дээрх хуудсанд өгүүлжээ.
Хамрах хүрээ
Хүссэн цагтаа, хүссэн газраасаа, таалагдсан агуулгаа, өөрт байгаа төхөөрөмжөөрөө хүлээж авах боломжтой нь подкастын гол онцлог. Хэрэглэгчдэд ийм өргөн сонголт байгаа учир бүтээгчид илүү ажиллаж, тэдний хүсэлт, хүлээлтэд нийцсэн агуулга хөндөж, өрсөлдөөнөөс ялгарах учиртай. Тиймээс нийтлэлийн энэ хэсэгт хэн, хаанаас, ямар төрлийн мэдээллийг ихэвчлэн хүлээж авч байгаа талаарх агуулгыг хөндье.
Хүмүүсийн олонх нь “YouTube” платпормоор дамжуулан подкаст хүлээн авч сонсдог байна. Тухайлбал, АНУ-ын гурван хүн тутмын нэг нь “You Tube” дээр подкаст сонсдог бол “Spoti fy”, “Apple”-ийн подкастуудыг тодорхой хувь нь сондог аж. Сонсогчдын хүйсийн хувьд ойролцоо ч судалгаагаар эрчүүд арай олон цагийг “үздэг радио”-нд зарцуулдаг нь тогтоогдсон байна. Энэ нь автомашиндаа их цагийг өнгөрөөдөгтэй нь холбоотой байж болзошгүй аж. “Edison Research” байгууллагын судалснаар, АНУ-ын эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 52 хувь нь подкаст сонсдог нь тогтоогджээ. Хүлээж авдаг төхөөрөмжийн тухайд дэлхийн хүмүүсийн 86.1 хувь нь гар утсаараа подкаст сонсохыг илүүд үздэг бол 8.6 хувь нь компьютер дээр подкаст сонсохыг урьтал болгодог аж. Харин насны хувьд 12-34 насныханд түлхүү хүрдэг бөгөөд 35-54 насны иргэд ч тогтмол сонсогчдын эгнээнд багтана. Харин 55-аас дээш насны хүмүүс бусад үеийнхнээс харьцангүй бага хүлээж авдаг байна.
Аль улсын иргэд подкастад хамгийн их цаг зарцуулдаг нь сонирхолтой өнцөг. Зах зээлийн судалгааны “You-Gov” байгууллагын үзэж байгаагаар Өмнөд Африкийн хүмүүсийн 68 хувь нь долоо хоног бүр нэг цаг гаруй подкаст сонсдогоороо бусад улс орныг тэргүүлж байна. Саудын Араб, Индонези, Тайланд зэрэг орнууд дараагаар нь бичигдэж байна.
Өмнө өгүүлсэнчлэн подкастууд элбэгшиж, энэ салбар тренд болохын хэрээр хөтлөгчтэй, үздэг, сонсдог гэхчлэн төрөл бүрийн хэлбэрээр хүрдэг болсон. Эдгээрийн дотор харахад таатай орчинд хийсэн подкаст хүмүүсийг илүү татаж байгаа нь тогтоогдсон байна. Тоо сөхвөл, АНУ-ын подкаст сонсогчдын 46 хувь нь подкаст сонсонгоо таатай зүйл үзэхийг илүүд үздэг аж. Тиймээс бүтээгчид видео чиглэл рүү мэргэших, үзэх урлагийг нутагшуулах хэрэгцээтэй тулгараад байна. Өөр нэг сонирхолтой өнцөг нь, сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан ашигласан подкастууд тренд болж, бүтээгчид ч тэр чиглэл рүү хөрөнгө хаяж эхэлжээ.
Подкаст Монголд
Монгол Улсад хамгийн анхны подкаст 2014 онд цацагдсан гэж судлаачид үздэг. Улмаар 2019 оны байдлаар монгол автортай 31 орчим подкаст байсан аж. (“Интернэт орчны аудио контентын өнөөгийн байдал 2019” судлагаа) Харин одоо энэ тоо олон нугарсан нь лавтай. 2025 оны байдлаар Монголд энэ чиглэлийн хэчнээн бичлэг байгааг тоолж хэлэхэд бэрх ч контент бүтээгчид төдийгүй зарим өргөн нэвтрүүлгийн сувгууд ч энэ чиглэрээр идэвхтэй ажиллах болсон юм. Түүнчлэн төрийн байгууллагууд ч үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх зорилгоор подкаст хэлбэрээр мэдээ, мэдээллээ бэлтгэдэг болсон. Тухайлбал, УИХ “Парламентын подкаст” ажиллуулж буй. Монгол подкастууд ихэвчлэн ярилцлага хэлбэрээр цацагддаг аж. Мөн мэдээлэл, нийтлэлийн агуулгаар хүмүүст хүрэх нь ч бий. Агуулгын хувьд, зөвлөмж, сургамж, эрүүл мэнд, бизнес, эдийн засаг соёл, шашин, хичээл сургууль зэрэг зонхилж байгааг “Интернэт орчны аудио контентын өнөөгийн байдал 2019” судалгаанд онцолжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, зуршил, зан төлөв, олон улсын байдал зэрэг агуулгаар бэлтгэсэн ярилцлагууд ихээр нийтлэгдэх болсон байна. Манайд дэлхийн жишгээр сонсогчид ч нэмэгдсээр байна.