
УИХ-аас даргагүй, даргынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан байгууллагуудын удирдлагыг томилох ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгооны сонсголыг хийж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй бөгөөд хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус гишүүнээр ажилладаг. Одоогоор тус хороо найман гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Учир нь, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Үлдсэн найман гишүүний зургаагийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Харин Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа ирэх наймдугаар сард дуусна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүн энэ онд буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ, ИТХ-ын сонгуулийн өмнө бүрэн шинэчлэгдэнэ гэсэн үг.
Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон нэр дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэн зургаан жилийн хугацаагаар томилуулдаг. Үүний дагуу энэ удаад Ерөнхийлөгчөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ариунболдыг, Улсын дээд шүүхээс Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн юм. Тэднийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран, бүрэн эрхийн хугацаа нь дууссан О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Т.Сүхболд нарын оронд томилохоор нэр дэвшүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийг 14 хоногийн өмнө УИХ-аас томилох байлаа. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авахдаа дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
Сонгуулийн ерөнхий хорооны томилгоотой холбоотой асуудлаар АН бүлэг дахиад ярилцах хэрэгцээ шаардлага байна. Өнгөрсөн сонгуулиудын дүнг хараад олон нийтийн дунд сонгууль ардчилсан Үндсэн хуульд заасан зарчмаараа явж байна уу, үгүй юү, хэлбэрийн төдий, сонгууль явагдлаа гэсэн нэр зүүгээд эрх мэдлээр шийдэгдээд байна уу гэх асуудал яригдаж байгаа. Энэ шүүмжүүдийн нэг гол эзэн нь Сонгуулийн ерөнхий хороо. Ирэх сонгуулиудыг нээлттэй, ил тод, ардчилсан зарчмаар явуулахын тулд Сонгуулийн ерөнхий хороонд томилогдож байгаа хүмүүсийн зан чанар, шударга байдал их чухал. Энэ асуудлаар АН дахиад ярилцах шаардлага байгаа учраас тав хоногийн завсарлага авч байна.
УИХ энэ долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна дараагийнх нь хоёр гишүүнийг томилохоор сонсголыг өнөөдөр хийнэ. АН-ын гишүүн Ц.Уртнасан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Мягмар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлээд байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг төрийн жинхэнэ албан хаагчдын дундаас сонгож нэр дэвшүүлэх хуультай учир ажилгүй байсан АН-ын гишүүн Ц.Уртнасанг энэ сарын 9-нд УИХ-ын Тамгын газрын Гүйцэтгэл, бүтээмжийн хяналтын хэлтсийн ахлах зөвлөхөөр томилжээ. Улмаар тэр өдрөө Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн байна. АН ядаж өөрийнхөө нэг хүнийг томилуулахаар лобби хийсэн бололтой. Томилгооны хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
УИХ-аар хэлэлцэж эхэлсэн дөрөв, сонсгол явуулахаар товлосон хоёр гээд нийт зургаан хүнийг ойрын хугацаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох нь. Гишүүдийг нь шинээр томилж дууссаны дараа хуулийн дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт хорооны гишүүд дундаас дарга, нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг тодруулж, УИХ-аар томилуулна. Сонгуулийн ерөнхий хороог хэн удирдах нь анхаарал татаж байна. Одоо нэр дэвшээд буй дараах хүмүүс томилогдсон тохиолдолд тэдний дундаас Сонгуулийн ерөнхий хорооны дарга тодорно.
- ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Ариунболд,
- Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг,
- ЦЕГ-ын дарга Ж.Болд,
- УБЕГ-ын дарга Д.Давааням,
- ЗГХЭГ-ын дэд дарга Н.Мягмар,
- УИХ-ын Тамгын газрын Гүйцэтгэл, бүтээмжийн хяналтын хэлтсийн ахлах зөвлөх Ц.Уртнасан.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргаар томилогдсон гишүүд нь орон тооны гишүүнээр ажиллаж бусад нь орон тооны бусаар ажилладаг. Орон тооны бус гишүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал олгодог байсныг Сангийн яамнаас зогсоожээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс дарга, нарийн бичгийн даргаас бусад нь энэ оноос цалингүй ажиллах нь.
УИХ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгоог хэлэлцэж эхэлснээс гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох сонсголыг товлож улмаар энэ долоо хоногт парламентаар хэлэлцэхээр төлөвлөж буй. Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2024 оны сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ дэмжиж чөлөөлсөн. Түүнээс хойш Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарын нэрийг дэвшүүлсэн. Э.Анар нь одоо Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажилладаг юм.
УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай бас нэг томилгоо байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн томилгоо. Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрч байгаа. Мөн УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдсон Л.Өлзийсайханы оронд Цэцийн гишүүнийг нөхөн томилоогүй байгаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ажлаа авсан даруйдаа “Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүний орон гарсан. Судалж байгаад ойрын үед Цэцийн гишүүний томилгоог УИХ-д оруулж ирэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Энэ бүхнээс харвал хаврын чуулган завсарлахаар өмнө Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц шинэ даргатай, Монголбанк тэргүүн дэд ерөнхийлөгчтэй болох нь.