Урт цагааны ойролцоох жижигхэн мухлагийн гадна “Солонгос шилмэл комисс” гэх нүсэр хаяг хаджээ. Мөн хаалганых нь хажууд чанга яригч байршуулж, цонхон дээр нь зүйл бүрийн хувцас, хэрэгсэл тогтоосон байв. Харин тавцанг нь гутал, цүнхээр “чимсэн” байлаа.

Дэлгүүрийн үүдээр ороход үл ялиг эхүүн үнэр ханхлах бөгөөд эмх цэгцгүй орчин угтав. Өсгий нь элэгдсэн гутал, өнгөө алдсан цамц, өд, сөд нь цухуйсан куртик зэрэг эдэлж хэрэглэхэд бэрх элдэв хувцас энд тэндгүй эгнүүлжээ. Гэхдээ эдэлгээ багатай, шинэвтэр нь ч байв. Үнийн хувьд хувцасны чанар, үйлдвэр, эдэлгээнээс хамаараад харилцан адилгүй аж. Мөн килограммаар нь тооцож борлуулах зорилгоор шуудайлж зэхсэн хувцас ч хэд, хэд байсан юм. Ингэж багласан нь 80-100 мянган төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд борлуулалт хамгийн өндөр байдаг талаар худалдагч онцолж байлаа. Эдний ойролцоо энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн дэлгүүр бий. Ялгарах зүйлгүй эдгээр мухлагууд багагүй үйлчлүүлэгчтэй болох нь хагас өдөр саатахад анзаарагдаж байсан юм.

Хямд өртгөөр хувцас худалдаж авахаар зэхэж буй хүмүүст болон хуучин хувцас борлуулж ашиг олдог наймаачдад харилцан ашигтай талбар. Гэхдээ энд ямар ч хяналт, хязгаарлалт алга. Энэ нь иргэдийн эрүүл мэнд хийгээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна.

“Хувцас ариутгагч харшил үүсгэдэг”

Комиссын бараа арьсны өвчлөл үүсгэдэг талаарх мэдээлэл 5-6 жилийн өмнөөс л яригдаж ирсэн. Хуучин хувцас, цагаан хэрэглэл авч хэрэглэсний гороор харшилтай болсон хүн ч цөөнгүй байдаг. Гэхдээ энэ нь бохир хувцас, хэрэглэл хилээр нэвтрүүлж буйтай холбоогүй аж. Харин хил давахаас нь өмнө ариутгасан элдэв бодисоос үүдэлтэй байж болзошгүйг Гаалийн ерөнхий газрын Эрүүл ахуй халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч Н.Номин хэллээ. Тэрээр “Хилээр орж ирсэн хувцаснаас дээж авч шинжилдэг. Тиймээс хуучин хувцсаар ямар нэг өвчин дамжих боломжгүй. Хэрэв арьсны харшил, хачиг үүссэн бол энэ нь ариутгалын бодисоос үүдэлтэй байж болзошгүй. Гадаадаас орж ирж буй хуучин бараа, бүтээгдэхүүн тухайн улсдаа ариутгагдсан байдаг. Ийнхүү янз, янзын бодисоор халдваргүйжүүлсэн хувцаснуудыг багцалж ирүүлдэг” гэсэн юм. Харин энэ талаар Анагаах ухааны доктор, дархлаа судлаач Ч.Ишдорж “Комиссын хувцас харшил үүсгэх эрсдэлтэй. Тэр битгий хэл мөөгөнцөр, хачиг зэрэг арьсны элдэв өвчин тээсэн байхыг ч үгүйсгэх боломжгүй. Гадаадаас хуучин хувцас оруулж ирэхдээ элдэв төрлийн бодис цацаж, ариутгадаг юм билээ. Яг юу цацаж, яаж ариутгасан нь тодорхойгүй байдаг учир эмзэг арьстай, мэдрэмтгий хүмүүс аль болох л импортоор оруулж ирсэн хуучин хувцаснаас татгалзах хэрэгтэй” гэсэн мэдээлэл өгсөн юм.

“Гаалийн хяналтын бүсээр 845.7 тонн хуучин хувцас импортолсон”

Импортоор оруулж ирсэн хуучин хувцсанд саяхныг хүртэл МХЕГ хяналт тавьдаг байв. Ингэхдээ хувцаснаас дээж авч химийн, хөгц мөөгөнцрийн, шимэгч судлалын гэсэн гурван төрлийн шинжилгээ авдаг байжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн уг ажлыг Гаалийн ерөнхий газар хариуцдаг болсон байна. Энэ талаар МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Гадаадаас ирсэн хуучин хувцасны эрүүл ахуйг МХЕГ хянадаг байсан. Харин нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус ажлыг ГЕГ хариуцан ажиллаж байгаа. Одоо энэ асуудал манайтай хамааралгүй” гэсэн хариулт өгсөн юм. Харин ГЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч Н.Номин “Аль нэг улсаас хуучин хувцас оруулж ирэх хувь, хүн аж ахуйн нэгжүүд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ гадаадаас орж ирж буй хувцаснаас дээж аваад МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлдэг. Эдгээр сорилтын дүнг үндэслэж улсын байцаагч дүгнэлт үйлддэг. Улмаар шаардлага хангасан тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжид хүлээлгэж өгч байна. Харин шаардлага хангаагүй бол устгах, буцаах арга хэмжээ авна. Өнгөрсөн онд гүнийн гаалийн хяналтын бүсээр 136 аж ахуйн нэгж, 31 иргэний 845.7 тонн хуучин хувцсыг шинжилгээнд хамруулсан” гэв.

Хуучин хувцас хөрсөнд халтай

Манай улс ихэвчлэн БНСУ, АНУ, Герман зэрэг улсаас хуучин хувцас импортолдог. Гэхдээ ихэнх хувь нь БНСУ-аас орж ирдэг байна. Зөвхөн өнгөрөгч нэгдүгээр сард гэхэд л 131 мянган килограмм хуучин хувцас импортоор оруулж ирсэн талаар ГЕГ-аас мэдээлэв. Мөн энэ нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад хоёр дахин багассан үзүүлэлт аж. Ийнхүү их хэмжээний хуучин хувцас импортлох нь байгаль экологид асар халтай. Өдгөө дэлхийд секунд тутамд хогны нэг машин дүүрэн хувцсыг шатаах эсвэл ландфиллийн аргаар нүднээс далдалж байна. Манай улсад ч мөн нийт хог хаягдлын багагүй хувийг хуучин хувцас эзэлдэг. Хөгжингүй орнуудын тухайд эдэлгээ нь муудсан хувцас, хэрэгсэл буяны байгууллага болон хөгжил буурай орнууд руу их хэмжээгээр нь ачигдан тэндээ булагддаг байна. Зөвхөн АНУ жилд 453 сая тонн хуучин хувцсыг буурай орнууд руу ачуулдаг аж. Тэгэхээр бид хөгжингүй орны хаягдлыг худалдаж аваад, эх орондоо авчирч борлуулсаар байна. Хямд үнэтэй хувцас худалдах, авах хэрэгцээ байдаг байж болох ч чанар, эрүүл ахуйд өндөр хяналт тавих нь зүй.