Хүүхдүүд сургуулийн орчинд гадуурхал, дарамтад өртөж бие, сэтгэл зүйгээрээ хохирдог явдал өнөө хэрнэ ховхроогүй байна. Энэ нь сурагчдын өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэгт сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүмүүжил, төлөвшилд нь ч халтай. Түүнчлэн сургууль орчмын хүчирхийллийн улмаас хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч бий. Тиймээс БШУ-ны яамнаас “Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сурагч, оюутнууд, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, боловсролын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос сургууль орчмын хүчирхийллийн талаар тодрууллаа. Тэрээр “Гэр бүл асран хамгаалагчид хүмүүжлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна. Гурав хоногийн өмнө бид оюутан, сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлгийн үеэр сургууль орчмын хүчирхийлэл буурахгүй байгаа нь харагдаж байсан. Судалгаагаар сургуулийн хүүхдүүдийн 30 орчим хувь нь хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдсон байдаг. Спортын уралдаан тэмцээн хүртэл ялгаварлан гадуурхалыг өдөөдөг. Тиймээс сууриар нь өөрчлөх хэрэгтэй байна. Түүнчлэн үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг гэмт хэрэгт тооцдоггүй. Тиймээс сургуулийн дүрэм, журмаасаа эхлээд өөрчилж, анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийн улмаас хүүхдүүд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирол эрсдэлтэй. Тиймээс цагдаагийн байгууллага анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Одоогоос жил гаруйн өмнө цагдаагийн байгууллагад энэ төрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн цөөн байсан. Харин энэ жилээ улсын хэмжээнд 103 хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнд ажиллаж эхэлсэн талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатар “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт байсаар байгаа. Улсын хэмжээнд 103 хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна. Өмнө нь хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан алба хаагч дүүрэгт нэг байсан. Одоо орон тоо нэмэгдсэн учир ажиллах нөхцөл, хүртээмж сайжирсан. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн цагдаа, сургууль анхаараад үр дүнд хүрэхгүй. Эцэг, эхийн оролцоо чухал. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцах шаардлагатай байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг сургуулийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээлсэн тохиолдол цагдаагийн байгууллага хамтарч ажиллана. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй” гэлээ.
Үе тэнгийнхний гадуурхал амиа хорлох шалтгаан болдог
Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравдугаар байранд жагсаж байна. Түүнчлэн манай улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа юм. Үүнд нөлөөлж буй чухал хүчин зүйлийн нэг нь сургууль орчмын хүчирхийлэл болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
Энэ талаар Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн, нийгмийн ажилтан В.Бэрцэцэг мэдээлэл өглөө. Тэрээр “Хүүхдүүдийн дунд тулгамдаж буй асуудлуудын нэг нь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт байдаг. Монгол Улсад өсвөр насны хүүхдийн амиа хорлолтоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Шалтгаан нь үе тэнгийнхний гадуурхал, хүчирхийлэл болох нь тогтоогдсон байдаг. Найз нөхөдгүй байх, багш болон эцэг, эхчүүдийн зүгээс ялгаварлах, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэх зэргийн улмаас хүүхэд суралцах сонирхолгүй болж, зан төлөв нь өөрчлөгддөг. Улмаар амьдрах хүсэлгүй болох, амиа хорлох тохиолдол ч байдаг. Сургуульд ажиллаж байгаа алба хаагчид болон хүүхдүүд дээрэлхэлтийг харсан бол мэдээлэх хэрэгтэй. Гадуурхал, дээлэрхэлтийг илрүүлэх нь чухал. Багш нарын зүгээс хүүхдүүдэд санаатай болон санаандгүйгээр хүүхдийг эвгүй байдалд оруулах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хүүхэд болон эцэг, эхчүүд мэдээлэхгүй байх нь бий. Уг нь шийдвэрлэх байгууллагад мэдэгдэж байх нь нэн чухал” гэлээ.
“Хүүхдүүд бие биеэ дээрэлхэхэд багш нарын хандлага нөлөө үзүүлдэг”
Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийн талаар сурагчид ямар бодолтой байгааг хүргэж байна.
52 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Анар
Дээрэлхэлт бий болгож буй суурь нь гэр бүлийн хүмүүжил гэж хардаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ найз нөхөдтэйгөө яаж харилцах талаар болон бусдыг ялгаварлахгүй байх зэргийг сургах хэрэгтэй. Түүнчлэн сургуулийн орчинд дээд ангийн ах, эгч нар нь дүү нартайгаа эелэг харилцаж, үлгэрлэдэг байвал зүйтэй. Уг нь сургууль орчмын гадуурхлыг арилгах боломжтой. Хүүхдүүдэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сургавал үе тэнгийн дээрэлхэлт үгүй болно гэж итгэдэг.
52 дугаар сургуулийн 12 дугээр ангийн сурагч Т.Тэлмэн
Нийгмийн тогтсон хандлага дээрэлхэлтийн суурь шалтгаан гэж би хардаг. Хов зөөж болдоггүй, эрэгтэй хүүхэд тэсвэртэй байх хэрэгтэй, хариутай бол бариутай зэрэг хандлага нь үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлдөг. Ямар нэг дарамтад өртсөн үедээ хэн нэгэнд хэлж, хандаж чадахгүй хүүхэд олон бий. Ялангуяа багш гадуурхаж, доромжилсон тохиолдолд сурагчид цааш хэнд ч хэлдэггүй. Мөн хүүхдүүд бие биеэ дээрэлхэхэд багш нарын хандлага нөлөө үзүүлдэг. Тухайлбал, нэг багш сурагчаа хүүхдүүдийн дэргэд “тэмээ” гэж хочиллоо гэж бодоход хүүхдүүд тухайн сурагчийн “тэмээ” гэж дуудах тохиолдол элбэг” гэв.
Дээрэлхэлтийн хэлбэрүүд
Үгээр дээрэлхэх, дарамтлах
Бие махбодын дээрэлхэлт
Харилцаанд үүсэх дээрэлхэлт