Амьдрал дээр үүсэж буй саад бэрхшээлүүдийг хуульчилсаар ирсэн ч хуульчлагдаагүй үлдсэн асуудлууд гарч ирсээр л байна. Цаашдаа ч хуульчлах шаардлагатай зүйлс гарч ирсээр л байх нь ойлгомжтой. Амьдрал баян гэдэг нь энэ. Засгийн газар саяхан нэг асуудлыг хуульчлахаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ бол тэнгэртээ дэвшиж буй иргэдээ ялгаварладаг тогтолцоог өөрчлөх явдал юм. Монголын төр нас барсан иргэдийнхээ оршуулгын зардалд нэг сая төгрөг олгодог. 2016 оноос өмнө 600 мянган төгрөг олгодог байлаа. Гэхдээ нас барсан иргэн бүрд нэг сая төгрөг олгодог юм биш. Дараах гурван шаардлагыг хангаж буй талийгаачийн ар гэрт оршуулгын зардал олгодог.

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол,
  2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр,
  3. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Цэргийн байгууллагад ажиллаж буй албан хаагчид ажлынхаа онцлогоос шалтгаалан Ахмад настны тухай хуульд заасан тэтгэврийн насанд хүрээгүй ч эрт тэтгэвэрт гардаг хуулийн зохицуулалттай. Тэтгэвэр тогтоолгосон хэдий ч тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд оршуулгын зардал олгодоггүй байна. Хуулийн төслийг өргөн барьсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай. Үүнтэй холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд оршуулгын зардал олгогддоггүй. Ийм хуулийн хийдэл байгааг засаж, цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс олгох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан” гэсэн юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг 1994 онд баталсан. Түүнээс хойш Монгол төр нас барсан иргэддээ ялгамжтай хандаж, цэргийн тэтгэвэр авагчдын ар гэрт оршуулгын зардал олгохгүй явсаар иржээ.

Төрөөс олгож буй оршуулгын зардал нь бага гэсэн шүүмжлэл байнга гардгаас гадна дээрх байдлаар зарим иргэддээ бүр олгодоггүй байж. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед оршуулгын зардлыг нас барсан хүн бүрд олгохоос гадна хэмжээг нь нэмэгдүүлэх ёстой гэсэн санал гарах нь тодорхой. Учир нь, энэ асуудлыг УИХ-ын гишүүд жил гаруйн өмнө дараах байдлаар хөндөж байлаа.

Оршуулгын зардалд өгч буй нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй

Ц.Сандаг-Очир: -Хамгийн эмзэг асуудал бол оршуулгын тэтгэмж. Улсад 20-30 жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн байхад оршуулгын зардалд нэг сая төгрөг өгдөг. Гурван жил ажиллаад эрх нь үүсээд мөн л адилхан нэг сая төгрөг. Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн байхад улсаас оршуулгын зардалд нэг сая төгрөг өгдөгт ар гэрийнхэн нь эмзэглэдэг. Өнөөдөр нэг сая төгрөг хайрцагны үнэд ч хүрэхгүй байна гэж гомдоллодог. Энэ бол Монголын төр хүнээ үнэлж байгаа бас нэг хэлбэр.

М.Оюунчимэг: -Нэг судалгаанд оршуулгын дундаж зардалд 20 сая төгрөг зарцуулж байна гэсэн байсан. Гэтэл 20 жил ажилласан хүний оршуулгын зардалд ганцхан сая төгрөг өгч байгаа нь шударга ёс мөн үү гэдэг асуулт иргэдээс ирдэг.