
Аж үйлдвэрийн яамнаас санаачилсан Дэмпингийн хуулийн төсөл өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ. Үүнтэй холбогдуулан дэмпингийн талаар уншигчиддаа тодорхой ойлголт өгөхийг зорьж доорхи мэдээллийг бэлдлээ.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг “дэмпинг” гэж нэрлэдэг. Үүнийг “Чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн салшгүй нэг хэсэг” гэж үздэг нэг хэсэг байхад “Шударга өрсөлдөөнийг хязгаарладаг, монополь үүсгэх эрсдэлтэй” гэж үзэн хориглодог нь ч байна. Товчхондоо сайн муу, хоёр талтай бөгөөд аж ахуйн нэгж, улс орнууд хэд, хэдэн зорилгоор ашигладаг аж.
Нэгдүгээрт, шинэ зах зээл олж авах. Чанартай сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн улс орнууд тэрхүү бүтээгдэхүүнээ өөр улсад экспортлохын тулд эхлээд тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болж, барааныхаа чанарыг мэдрүүлэхийг эрмэлздэг. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс хямд үнээр нийлүүлэх болдог байна. Ингэхдээ компаниудын хүлээж буй алдагдлыг төрөөс татаас өгөх замаар барагдуулдаг учир үйлдвэрлэлээ дэмжсэн алхам болдог. Харин демпингтэй бүтээгдэхүүн худалдаж авч байгаад улсад тухайн бүтээгдэхүүний үнэ унаж, үйлдвэрлэгчид хаалгаа барих хүртэл хүндрэл үүсгэж болно.
Дотоодын зах зээлд энэ арга нь монополийг үүсгэх эрсэдэлтэй байдаг бол улс орнуудын төвшинд очихоороо ядуу, буурай эдийн засагтай, аж үйлдвэр хөгжөөгүй талд нь илүү хүнд тусдаг.
Хоёрдугаарт, өрсөлдөгчөө замаасаа зайлуулах. Тухайн аж ахуйн нэгж ашиггүй, бусад аж ахуйн нэгж алдагдалтай ажиллах нөхцөл үүссэн тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг. Тодруулбал, санхүүгийн хувьд чадамжтай том улс нь ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч дотоодын зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй улсуудад тодорхой хугацаанд үнээ өөрийн өртгөөс нь хямд борлуулж, зах зээлийг эзлэн, үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөх чадвар нь суларсны дараа үнээ огцом өсгөн ашгаа нэмэгдүүлдэг байна. Дотоодын зах зээлд энэ арга нь монополийг үүсгэх эрсэдэлтэй байдаг бол улс орнуудын төвшинд очихоороо ядуу, буурай эдийн засагтай, аж үйлдвэр хөгжөөгүй талд нь илүү хүнд тусдаг.
Гуравдугаарт, улс төрийн бодлого явуулах. Төрийн бодлогод дэмпингийг ашигласан хамгийн тод жишээ нь ипотек. Өөрөөр хэлбэл, төр ипотекийн зээлийн корпорац байгуулаад, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үр дүнд нь зээлийн хүү буурна. Арилжааны банкууд энэ чиг хандлагыг дагахаас өөр аргагүйд хүрдэг байна. Банкууд төрийн дэмжлэгтэйгээр зах зээлийн бус хүү тогтоох ч дэмпингэд ордог. МАН төрийн эрх барьж байх үедээ гаргасан “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, АН-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл, Төрийн банкаар дамжуулан олгож буй жилийн 10 хувийн хүүтэй малчдын зээл дэмпинг юм.
Ерөнхийдөө дэмпингийн зорилгыг хууль бус гэж үздэг. Олон улсын төвшинд дэмпингийн эсрэг Дэлхийн худалдааны байгууллага сөрөн зогсдог бол улс орнууд дотоодын зах зээлд шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, монополийн эсрэг алба зэрэг бүтцээр дамжуулан тэмцдэг аж.
Дотоодын үйлдвэрлэгчдийг сулруулж, өрсөлдөх чадварыг багасгадаг учир дэлхийн улс орнууд импортолж байгаа бараа бүтээгдэхүүнээ дэмпингтэй эсэхийг нарийн шалгадаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл, АНУ, Европын холбооны улсууд БНХАУ-ын эсрэг явуулсан мөрдөх ажиллагаанууд байна. АНУ-ын ган үйлдвэрлэгч “Insteel Wire Products Company”, “Davis Wire Corporation” гэдэг хоёр компани БНХАУ, Мексик, Тайландын нийлүүлэгчдээс болж дампуурлын ирмэгт тулж очсон байдаг. Ингээд Худалдааны яамандаа зарга мэдүүлж, яамнаас тэр дагуу шалгалт хийхэд Хятадын үйлдэрлэгчид дотоодынхоосоо хямд нийлүүлж байсан нь тогтоогджээ. Европын холбооны хувьд, БНХАУ-аас худалдаж авсан нарны зай нь Европын бусад оронд үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс хэт хямд, өөрөөр хэлбэл, дэмпингтэй байгааг тогтоосон байдаг.
Гаднаас демпингтэй бүтээгдэхүүн орж ирсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн улс орон демпингийн эсрэг татвар ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэгч, зах зээлээ ахмгаалдаг практик тогтжээ.
Монголд ашигтай юу
ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой.
Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элссэн байдаг. Гэвч элссэнийхээ хэргийг өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй гэхэд буруудахгүй. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүний импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй. Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар 20 хувь. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хувь хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй. Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувь хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна.
Импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч манайх ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг. “Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг манайх биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс. Тиймээс Демпингийн хууль батлаад, гаднын улс орнуудаас демпингтэй орж ирж байгаа бүтээгдэхүүнд демпингийн эсрэг татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдвэл дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах нэг нэмэлт зэвсэгтэй болж байгаагаас өөрцгүй.
Мөн Монголд элбэг байдаг түүхий эд чухал шаардлагатай байгаа улсыг олж, өөрсдөдөө хэрэгтэй бүтээгдэхүүнээр нь харилцан демпинг хийх нөхцлийг бүрдүүлбэл ашигтай байх боломж бий.
Демпингийн төрлүүд
-Үнийн дэмпинг. Бараа, үйлчилгээг экспортлохдоо дотоодын зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх.
-Өртгийн дэмпинг. Бараа, бүтээгдэхүүнийг экспортлохдоо тухайн бүтээгдэхүүний өөрийн өртгөөс доогуур үнээр нийлүүлэх.
Үүнээс худалдааны практикт хамгийн их ашиглагддаг нь.
-Байнгын бус дэмпинг. Тухайн бараа бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангаад, илүү гарсан бараа бүтээгдэхүүн нь устгагдах, үнэ нь унах эрсдэлд орсон үед энэ аргыг хэрэглэдэг. Жишээ нь, ОХУ-аас манайд улаанбуудай хямд орж ирдэг гэдэг. Энэ нь ОХУ улаанбуудайн үнэ унаж, газар тариалан эрхлэгч компаниуд нь эрсдэлд орохоос зайлсхийж буй хэрэг юм.
-Эсрэг дэмпинг. Тухайн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлийн ханшаас дээгүүр үнээр экспортлохыг хэлдэг.
-Харилцан дэмпинг. Нэг улсад элбэг түүхий эд, бүтээгдэхүүн нөгөө улсад ховор, бүр байхгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн улс чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн нь элбэг байдаг улсад бүтээгдэхүүнээ санал болгон харилцан демпинг хийдэг.
Жишээ нь, Монголд шатахууны үйлдвэр байхгүй, ОХУ-д мах хомсдолтой байлаа гэхэд энэ хоёр бүтээгдэхүүн дээрээ харилцан тохиролцож демпинг хийнэ гэсэн үг юм. Үр дүнд нь аль, аль бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг сайн талтай.